“Байгаль эх гэх ариун нандин шүтээн, өвөг дээдсийн агуу соёл түүх бид бүгдийн өлмий дор бус магнай дээр байх ёстой”

2022-01-21 Нийгэм 2

Өвөг дээдсээсээ шүтэж дээдлэн, хүндэлж ирсэн энэ сайхан уул усны хишиг буяныг эдлээд оюунаа тэтгэн хамгаалж буй нийт зон олныхоо амар амгаланг эрж мэндчилж байна. Бид нар нэн тэргүүнд сансар огторгуй, уул усаа хүндлэн дээдэлдэг өвөг дээдсийн аугаа их зан заншил, өгөгдөлтэй ард түмэн.

Одоо ч гэсэн томчууд гэлтгүй үр хүүхэд балчирууд маань хүртэл уул устайгаа ойрхон байж байгалиа хайрлан хамгаалж байгаа нь бахдам сайхан санагддаг. Түүний хэрээр байгаль эх маань биднийгээ ивээж амар амгалан тайван байлгаж байна.

Бусад улс гүрнүүдтэй харьцуулахад бид маш тайван газар амьдардаг шүү дээ. Тиймээс ийм сайхан газар нутагт амьдарч байж бид бие биедээ ухамсрын доройтлоор хандмааргүй байна. Нэг нэгнээ дээрэлхэж, муу үгсээр харааж доромжлохоо зогсоовол манай монголчууд илүү сайхан нийгмийг бүтээж чадна гэж хэлмээр байна.

Гүн төгс наран ТББ-ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлагыг хүргэж байна.

Энэ удаа би тантай уул ус, байгаль эхийн тухай ярилцья гэж бодлоо. Сүүлийн үед цахим орчинд галт уулын дэлбэрэлтээс үүдсэн цунами болж буй тухай их шуугиж байна. Энэхүү байгалийн гамшигт үзэгдлийг байгаль эхтэйгээ буруу харьцсаны үр дүн хэмээн үзэх хүмүүс ч олон байна. Энэ тухай та ямар бодолтой байна вэ?

Хүн төрөлхтний хөгжил хаашаа яваад байна вэ гэдгийг л энэ үйл явдлууд харуулж байна л даа. Ялангуяа сүүлийн жилүүдэд дэлхийн өнцөг булан бүрд олон байгалийн гамшигт үзэгдлүүд тохиож байна. Энэ нь угтаа хүн төрөлхтний л буруу шүү дээ. Магадгүй энэ байдал үргэлжилсээр байвал нэг л өдөр бид нарын яриад байгаа өнөө хөгжил гээч чинь дуусгавар болно гэдгийг итгэлтэйгээр хэлмээр байна. Манайхан өндөр хөгжилтэй орнуудын нүсэр бүтээн байгуулалт, сүүлийн үеийн техник технологийг сайхан гээд л байна.

Ухаанаараа баяж, улсаараа баярх гэсэн сургаал бий

Гэхдээ байгалийн шалгарлын өмнө тэр бүхэн юу ч биш гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хүн төрөлхтний хөгжил шат ахихын хэрээр эдэлж хэрэглэж байгаа материаллаг бүхэн нэмэгдэнэ.

Хүн гэдэг амьтан чинь ханаж цадахаа мэддэггүй амьтан шүү дээ. Тэгсэн хэрнээ ан амьтдыг өөрсдөөсөө дор хэмээн үзэж дур зоргоороо аашилдаг. Магадгүй тийм ч болохоор байгаль эх хүн төрөлхтнөөс хариугаа авч байж ч болох юм. Тиймээс бид энэ сайхан тайван нутагт монгол хүн болж төрсөндөө л баярлах хэрэгтэй.

Ухаанаараа баяж, улсаараа баярх гэсэн сургаал бий. Бид ухаанаараа баяжих цаг болсон. Бидний оюун ухаан үнэхээр доройтолд орчихсон байгаа гэдгийг бардам хэлмээр байна. Хүмүүс хоорондын харилцаа, хандлагыг ажиглавал бид эд материалд хэт донтсон байгааг харж болно. Хүн араатан амьтнаас юугаараа ялгаатай юм бэ? Оюун ухаан, ухамсар, хүн чанараараа ялгардаг шүү дээ. Гэтэл бид эдгээр сайхан чанаруудаа алдаж, оюун санааны доройтолд орж бараг адгууснаас долоон дор болчихоод байна.

Гадны улс оронд болж буй тэр гамшигт үзэгдлүүд манай оронд болохыг хэн ч үгүйсгэхгүй. Тэр чинь зөвхөн далайтай улсад л тохиолддог үзэгдэл биш шүү дээ. Газрын баялгаа ухаж төнхөөд, ой шугуйгаа тайрч тасдаад, эх орныхоо хэвлийг сэндийчээд байвал монголд ч тийм гамшиг тохиож болно. Хулгайч нохой шиг эх орныхоо баялгийг ухаж төнхөөд байгаа тэр хүмүүсийг юу гэж ч хэлэхээ мэдэхгүй байна. Тэдний тэр үнэтэй машин тэрэг, байшин сав байгалийн гамшгийн хажууд юу ч биш зүгээр л хумхын тоос шүү дээ. Үүнийг л бүгд ойлгож ухаармаар байна. Атаа жөтөөнд автаж, баян ядуугийн ялгаа бүү яриач ээ. Манай ард түмэн арай ч ийм байгаагүй. Одоо бүр хэрээс хэтэрлээ. Бусдыг өмсөж зүүснээр нь ялгаж байна, нэг нэгнийхээ амьдрал руу өнгийж орж байна, болж л өгвөл нэгнээ доош нь хийж, харлуулахыг оролдож байна. Мэдээж сайн сайхныг түгээдэг, зөв үзэл бодолтой олон хүмүүс байгаа. Тэднийгээ л дэмжиж урамшуулдаг баймаар байна. Бид чинь агуу өвөг дээдсийн үр удам шүү дээ. Гэтэл зарим хүмүүс үүнийг буруугаар ашиглаж өөрсдийгөө хаан хатан мэтээр өргөмжилж, нийгэмд буруу үлгэр дуурайл үзүүлж байна.

Таны бодлоор хүмүүсийн зан байдал, харилцаа, хандлага юунаас болж өөрчлөгдөөд байна вэ? Өөрөөр хэлбэл хүмүүс яагаад оюуны доройтолд ороод байна вэ?

Үүнд хурдтай хөгжил, эд материалд шунан автах, гадны соёл, үзэл баримтлалд автах гэх мэт зүйлс л хамгийн ихээр нөлөөлж байна даа.

Хүмүүс үүнийг даяаршиж байна гэж ярьдаг шүү дээ…

Тийм ээ даяаршчихсан байна. Оюуны доройтол нь даяаршил болчихсон явж байна л даа. Баян ч бай, ядуу ч бай хамаагүй хүн бүрд амьдрахын төлөөх зүтгэл байдаг. Гэтэл байгалийн баялгийг ухаж төнхөөд, түмэн олны хүртэх ёстой хөрөнгийг буруу замаар буруу аргаар олж аваад баяжсан нөхдүүд үр хүүхдээ үнэтэй сайн сургуульд сургаад, үнэтэй бүхнийг эдлүүлж, амттай шимтэй бүхнийг идүүлж уулгаж, элбэг хангалуун амьдруулж байгаагаа зөв гэдэгт итгээд байна.

Яг яс юман дээрээ тэгж өссөн хүүхэд ээж аав шигээ л хүн болж өснө. Тэд бусдыг ойлгохгүй, амьдралын мөн чанарыг мэдэхгүй, хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрэхгүй шуналд автсан, атаа жөтөө ихтэй л хүн болно. Үүнийг бид сануулж дугарч байх ёстой.

Үр хүүхдүүд маань буруу замаар яваад байна. Эцэг эхээ тоохоо болих, өвөг дээдсээ умартах гэх мэт олон сөрөг зүйлс гарсаар байна.

Бид монгол хүн ямар хоол идэх, ямар хувцас өмсөх дэг жаягтай гэдгээ мэддэг. Тэгвэл бид ямар оюуны ухамсрын дэг жаягтай ёс суртахуунтай ард түмэн юм бэ? Бие биенээ яаж хүндэлдэг, эв найр эрхэм журмыг хэрхэн бий болгодог байсан ард түмэн юм бэ? Тэр дундаа энэ байгалийнхаа агуу өгөгдөл оршлыг яаж өндөр дээд заяанд авч явдаг байсан юм бэ? Уул усаа яаж хүндэтгэдэг байсан юм бэ?

Энэ газар нутгийнхаа хөрс шороо уул усыг ялангуяа сансар огторгуйгаа яаж дээдлэн биширдэг байсан юм бэ? Гэтэл яагаад бид өнөөдөр ийм байдалд хүрчихвээ. Гадны болж бүтэхгүй бүхнийг дуурайж мунхаглаад байх юм. Гадны улс орнуудыг муу муухай гэж байгаа юм биш. Бид зүгээр л бусдаас зөв сайхныг нь суралцах хэрэгтэй л гэж хэлэх гэсэн юм.

Эх орныхоо нэрийг дэлхийн улсуудад гаргаж байгаа залуус олон байгаа нь бахархууштай ч тэр дундаа өвөг дээдсийнхээ ёс суртахууныг гаргах цаг нь болсон. Энэ нь гол зүйл нь юм.
Сайн муу хоёр тэнцэж явдагтай адил нийгмийн аль ч давхаргад нэг хэсэг нь муу хүмүүс байхад нөгөө хэсэгт нь сайн сайхны төлөө тэмцэж яваа хүмүүс байгаа. Үхэхдээ тэр олон машин тэрэг, хауснуудаа аваад үхэхгүйгээс хойш зөв амьдраач ээ гэж хэсэг бүлэг хүмүүст хэлмээр байна. Дараа дараагийн төрөлдөө үйлийн үрээ дааж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ насандаа л зөв сайхан амьдрах хэрэгтэй. Өмнөх төрөлт байхгүй гэж нэг хэсэг их үгүйсгэгдсэн. Гэхдээ одоо өмнөх төрөлт гэж байдгийг хүлээн зөвшөөрөх болсон. Хүний сүнс махан биеэ удирддаг болохыг шинжлэх ухаан нотолчихсон. Тэгэхээр бид махан биеэ үнэтэй зүйлсээр чимж гоёхоосоо илүүтэй оюун санааныхаа мэлмийг нээж, сайн сайхныг тунгаан бодож гэгээрэх цаг нь ирсэн. Ялангуяа манай монголчууд үнэхээр оюунлаг ард түмэн шүү дээ.

Гэгээрэнэ гэдэг маань нүдээ аниад зүгээр суух биш, аливаа зүйлийг үгүйсгэхдээ ч бас биш. Өөрийн алдаа эндэгдлээ олж таних, өрөөл бусдаас яаж сайн сайхныг олж таних арга ухааныг сурах хэрэгтэй. Тэр дундаа оюун ухамсарт биендээ зөв үзэл суртлыг суулгаж өгөх. Энэ ньсэтгэл оюундаа бодож байгаа бодол, амнаас гарч буй үг, үйлдэж буй үйл хэргээ танин олох нь гол юм шүү дээ.

Нийтээрээ оюун ухаандаа анхаарч ухамсартай болохын тулд хүмүүс юунд илүү анхаарах хэрэгтэй вэ?

Нэг юм хэлэхээр л өөдөөс дандаа үгүйсгэдэг хэсэг бүлэг хүмүүс байдаг. Тэд өөрсдийнх нь төлөө сайн сайхан зүйл хэлээд зөвлөөд байгааг ойлгохгүй үгүйсгэж муулахаа л урьтал болгодог. Тэгэхээр нийтэд нь хандаж юм хэлбэл тал нь хүлээн зөвшөөрнө, тал нь хүлээн зөвшөөрөхгүй. Манайхан угаасаа их талцдаг болчихсон шүү дээ.

Жилээс жилд бидний дундаж наслалт богиносож байна. Яагаад хүмүүс залуугаараа өвчлөөд байна вэ? Баян ядуу үл хамааран бүгд л махан биетэй амьтад. Тэгэхээр бидний оюунлаг оршихуй нь махан биетэй маань нягт холбоотой юм. Үүнийг өнгөцхөн ярихад хүмүүс хэзээ ч ойлгодоггүй, магадгүй ойлгохыг ч хүсдэггүй байх. Шулуухан хэлэхэд хүмүүс махан биеэ өвдөж, тарчлах үед л ойлгохыг хичээж эхэлдэг. Зарим нь ойлгож ч амжилгүй хорвоогоос хальдаг.

Хорвоогоос халихдаа сайн хүн байсан шүү гэж хэлүүлэх нь чухал биш л дээ. Гол нь амьдарч буй хугацаандаа л зөвийг эрхэмлэх хэрэгтэй. Хүн ер нь өөрийгөө таниад, яах гэж амьдарч байгаагаа ойлгоод ирэхээр аливаад эергээр хандаж дотоод мөн чанараа нээж эхэлдэг. Харин өөрийгөө таниагүй хүн гадна төрх, эдэлж хэрэглэж буй бүхэндээ анхаарч оюун бодол болон сэтгэл дэх ариун галаа хэзээ ч бадрааж чадахгүй. Амаараа хий ярихаас өөрөөр хэтрэхгүй л гэсэн үг. Манайханд ч гэсэн ярихаас хэтрэхгүй хүмүүс зөндөө байна шүү дээ. Нэг их сайхан зүйлс яриад л байна хэрэгжиж биелж байгаа нь байхгүй.

Яагаад хүмүүс ихээр өвчлөөд байна вэ, яагаад хүмүүс ухамсрын доройтолд ороод байна вэ? Үүн дээр зайлшгүй анхаарах шаардлагатай болчихоод байна. Бид нар үүнийг огт тоохгүй байна. Бүгд л албан тушаал, машин тэрэг, хаустай болохын төлөө зүтгэж байна. Ингэж л амьдралдаа өнгөцхөн хандмааргүй байгаа юм. Хувцасаа тайлаад хаячихвал бүгд л адилхан махан биетэй амьтад шүү дээ. Тэгэхээр бид эдэлж хэрэглэх, өмсөж зүүх, идэж уухаа зөв тааруулж чадах юм бол өөрийнхөө өгөгдөл оршихуйгаа ойлгож эхлэх болно.

Өөрийн өгөгдөл оршихуйгаа ойлгосон цагт бусдыгаа ойлгож, тэдэнд сайныг зааж зөвлөж, алдааг нь засаж залруулахыг хичээж эхэлнэ. Ингэснээрээ үр хүүхэд нь хүртэл зөв замаар алхаж, ухамсартай болж өснө. Бидний аугаа өвөг дээдсүүд дандаа өөрсдийн оюундаа анхаардаг байсан. Гэтэл бид тэдгээр хүмүүсийн сургаалыг манай эрдэмтэн судлаачид мэдсээр байж яагаад хав дараад умартаад байна вэ? Харин ч ил гаргаж, олон нийтийн хүртээл болгож, үр удамдаа цааш өвлүүлэн үлдээхэд анхаарах ёстой юм.

Мөн бид уул уснаасаа холдоод байна. Хүмүүс уул усаа шүтэн дээдэлнэ гэхээр сүртэй том ширээ засаад л, том ууц тавиад л, наана нь лам нар ном уншаад л, бөөн хүмүүс бужигнаад л, модонд хадаг уяад л, сүү өргөнө гэж ойлгоод байдаг. Энэ нь маш буруу ойлголт юм. Хамгийн гол нь хүний сэтгэлийн өргөл шүү дээ.

Хүмүүс оюун ухаанаа цэгцэлж, эрүүл мэнддээ анхаарч агаарт гарахыг илүүд үздэг болсон. Гэхдээ бид хотоос гараад хөдөө нутгийг л байгаль гэж хараад өөрсдийн амьдарч буй орчноо байгаль гэж харахгүй мэт санагддаг. Угтаа бол хот хөдөө ялгаагүй бидний өдөр тутамдаа алхаж гишгэж буй газар, мод ургамал маань байгаль эхийн л нэг хэсэг шүү дээ. Мөн зарим нь агаарт гарч байгаа нэртэй очсон газартаа хогоо үлдээж, бааж шээж, ихээхэн бохирдуулж байна…

Хүн байгаа газар дандаа бохирддог. Яагаад гэвэл хүний идэж уух өмсөж зүүх нь барагддаггүй маш их шунал тачаалтай амьтан. Зарим нь тэрхүү шунал тачаалдаа автаад янз бүрийн зүйлсийг бий болгож байна шүү дээ. Агаар салхинд гарч, уул уснаас энерги авч байгаа нэртэй баахан идэж уух юм аваад явдаг. Тэгээд идэж уусан зүйлсийнхээ хогийг байгальд хаяж, ил задгай бааж шээж уул усаа бузарлаад байдаг.

Би тэр шунал тачаалаа тэвчиж чаддаггүй, байгаль эхийн хэвлийг ухаж сэндийчээд байгаа хүмүүст өнөөдөр хийсэн үйлийн үр чинь маргааш гэхэд хаяанд чинь ирчихсэн, махан биеэр чинь оролдож эхэлнэ шүү гэдгийг хэлмээр байна. Энэ л насандаа болж л байвал гэсэн өрөөсгөл хандлагаасаа болих хэрэгтэй. Та нар аливаад өнгөцхөн хандалгүй цаад уршгийг нь бодооч ээ гэж дахин захимаар байна.

Жишээлбэл, үеийн үед бидний шүтэж дээдэлсээр ирсэн Монгол лусыг дааж авч явдаг мөнх цаст Отгонтэнгэр хайрхан бол маш их энергийн эх үүсвэртэй, уулсуудын оргил нь юм. Ер нь нутаг бүрд л шүтэн дээдэлдэг уул ус бий. Өмнөх ярилцлагууддаа би хэлж байсан. Та толгодуудаас хүртэл эрчим энерги авч болдог. Яагаад гэхээр толгодууд бол өндөр уулынхаа нэг хэсэг нь юм.

Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханыг тойрсон сумуудаас олон хутагт хувилгаад төрж байсан оюуны дээд, энергийн эрчим болсон сайхан нутаг юм. Гэтэл сүүлийн үед Завхан нутгийнхан яагаад шунал тачаалдаа автаад байна вэ? Уул ус маань яагаад зэвий даагаад байна вэ?

Тэгээд өнгөрсөн зун би Отгонтэнгэр хайрхан дээрээ очиж хүндэтгэл үзүүлж байхдаа ирж буцаж байгаа олон л хүмүүстэй таарлаа. Нэг талаасаа тэдгээр хүмүүсийн уул усаа дээдлээд, сүсэглээд явж байгаа нь сайхан боловч хог новшоо энгэр бэлд нь хаяж, бааж шээж байгаа нь үнэхээр сэтгэлийг маань өвтгөсөн. Хүн бол идэж уухдаа шунан тачаадаж, аливаа юмны өнгө сорыг нь харж иддэг. Тэгэж идсэнийхээ хэрээр ялгадас нь ч барагддаггүй. Үүндээр нэг зүйлийг хэлэхэд угтаа бол Отгонтэнгэр хайрханаа цэвэр ариун байлгах зорилготой хормой бэлд нь гурван модон жорлон баричихсан байна. Гэтэл тухайн гурван жорлонг “тойрсон” шүтлэгтэй ард түмний тэр их ялгадас, овоолсон хог, бохирдлыг дийлэхээ байсан байна. Ер нь шүтээд байдаг уулынхаа бэлд, тэр байтугай ойролцоо нь бохироо гадагшлуулдаг жорлон баридаг болсон сонин “заншил” манайханд их болсон байна.

Мэдээж тэр ялгадас нь дандаа эргэн тойрныг бохирдуулж байдаг. Хүмүүс уул ус хайрханаа бодлоо гэж байгаа ч яг яс юман дээрээ өөрийнхөө төлөө л явж байгаа шүү дээ. Тэр сайхан хайрхан дээр очиж өөрийгөө болон үр хүүхдээ даатгаж залбирдаг. Энэ нэг талаасаа мунхаглал буюу мухар сүсэг юм. Яагаад хүн тэр оюуны дээд хайрхан дээр очихдоо идэж уух шуналаа дараад ялгадсаа гаргахгүй ганцхан өдөр тэвчээд сэтгэлийн өргөлөө өргөөд сүслэн залбирч болдоггүй юм бэ? Хүний сэтгэлийн өргөл гэдэг бол юу юунаас илүү эрхэм дээд агуу нандин зүйл байдаг юм. Бурхан багш бусдын сайн сайхны төлөө өөрийн жаргалыг хойш нь тавьж амь биеэ золиосолж сэтгэл гэдэг бол юу юунаас илүү үнэ цэнэтэй юмаа гэдгийг нотолж чадсан. Үүнийг хүн бүр мэддэг хэрнээ яагаад хэрэгжүүлж чадахгүй, ойлгохгүй байгаа юм бэ? Энэ л бидний маш их өвчлөлд өртөөд байгаагийн шалтгаан юм.

Том албан тушаалтнууд очихоор цэвэр, цэмцгэр мэт цэвэрхэн байлгачаад энгийн иргэд ялгадас, бохирдолтойгоо хамт сүсэглээд, залбайраад шүтээд явж байгаа нэг тийм сонин гажуудал манайд бас бий болчихсон байна.

Дашрамд дахин нэг зүйлийг хэлэхэд, Отгонтэнгэр хайрхан уул маань жил ирэх тусам өнгө зүсээ алдаад, маш их гундчихсан харагддаг. Нутаг уул усныхан нь ч маш сайн мэдэж байгаа. Залгаа уулс, толгод ч түүнийгээ дагаад гундаж, байгалийн үзэгдэлт хур бороо нь ч орохоо байж ган гачиг тохиолдсон зэврүүн байдалтай болчихсон байна. Тиймээс сүүлд нь хэлэхэд шүтэж болно, дээдэлж болно, гэхдээ яг юуг нь шүтэж, хэрхэн дээдлэх ёстойгоо манай ард түмэн ухамсарламаар байна. Өргөл өгч байгаа нэрийдлээр элдэв идээ будаа цацахаа больчих, энд тэнд хадаг яндар уядагаа больчих, хад сүгэн дээр элдэв бичээс бичэхээ больчих хэрэгтэй. Энэ маш хялбар шүү дээ. Наад зах нь гэхэд та үнэхээр өргөл өргөмөөр байвал чихрээ цааснаас нь салгаад цаасаа өөрөө халааслаад, чихрээ өргөхөд болно шүү дээ.

Уул овоо тахилга дээр гарахдаа идээ будаа өргөх, ууц өвчүү тавих, хадаг уях заншил ер нь хаанаас үүдэлтэй юм бэ? Одоо үүнийгээ зогсоох цаг ирсэн гэдгийг хүмүүст хэрхэн ойлгуулбал зохилтой гэж та бодож байна вэ?

Отгонтэнгэр хайрханы бэл дээр нэг хийд шиг том барилга босгосон байна. Тэр дотор бурхны өмнө идээ будаа, цаастай чихэр, мөнгө төгрөгөөс эхлээд олон зүйлс байсан. Монголчууд овоо, хайрхан, тахилга дээр цаастай чихэр өргөдөггүй гэдгийг мэддэггүй. Тэгэхээр та байгаль эхдээ өргөл өргөх гэж байгаа бол цаасыг нь авчихдаг байх хэрэгтэй. Тэр цаас чинь үнэндээ хог хаягдал шүү дээ. Үүнийг яагаад ойлгохгүй байна вэ? Одоо ингэж муйхарлаж байгаль эхээ сүйтгэхээ зогсоох хэрэгтэй. Мөн өргөлийн утга учир нь их бага хэмжээндээ байдаггүй. Сүү өргөж байна гээд л хэдэн сав сүү цацаад хавь ойрын бүхнээ толбо болгоод байх нь утгагүй л дээ. Чин сэтгэлээсээ гурван удаа залбираад сүү өргөхөд л хангалттай. Хүн чин сэтгэлээсээ өргөл өргөхөд нэг ширхэг чихэр ч хангалттай байдаг. Заавал өчнөөн уутаар нь овоолоод байх шаардлагагүй. Манайхан маш туйлшрамтгай ард түмэн. Бурхны шашин бол оюуныг дээдэлсэн шашин юм. Гэтэл бид үүнийг оюуныг доройтуулж мунхруулсан шашин болгоод байна.

Шарын шашин яг үнэндээ бараг баян тансгийг шүтсэн шашин болчихсон байна. Хэдэн лам нар уул ус тахиж байгаа нэртэй баахан хоол унд хийж идэж, архи дарс ууж найр наадам зохиодог. Уул ус тахиж шүтэхэд тэгж идэж ууж байгалиа бохирдуулах ямар хэрэг байна вэ? Мацаг барьдаг бол ганц өдөр мацгаа бариад уул усныхаа энгэрт амарч сүсэглээд эрчим энергиэ авахад л хангалттай шүү дээ. Тэгж чадвал том буян хурааж, насныхаа энергийг хуримтлуулж чадна. Тэгэхээр манайхан хэт туйлширсан, өнгө үзэмжинд хууртдагаа зогсоох цаг нь болсон.

Нутаг нутгийн удирдлагууд ч гэсэн үүн дээр анхаарч хүмүүст зөв уриалгыг түгээмээр байна. Байгалийн ховор үзэсгэлэнт газруудаа хайрлан хамгаалж энгэр бэлд нь хүмүүсийг хоол унд хийж идүүлж, хог бохирдлоо хаяж, бааж шээхийг нь болиулмаар байна. Хажууд нь нүх ухаж жорлон хийнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Шүтэж дээдлэн хүндэлж байгаа юм бол шүтсэн шиг шүтмээр байна. Нэг л их том том машин унасан уул усаа бузарласан хүмүүс. Үүнээс чинь болоод жил ирэх тусам байгаль эх гундаж байна. Байгаль дэлхий бол бидний тааж тааварлаж чадахгүй гайхамшиг юм.

Нэг л өдөр бидний зогсож буй газар цөмрөөд нурж болно. Тийм болохоор бурхан багш өглөө сэрэхдээ амьд байгаадаа баярла гэж сургасан байдаг. Манай бясалгал ч гэсэн үүнийг авч үздэг.

Бид өвөг дээдсээс уламжлагдан ирсэн ахуйн соёл өндөр ард түмэн. Тэр дундаа бидний цусанд хүнлэг мөн чанар оршиж байдаг. Үүгээрээ ч бусад улс үндэстнүүдээс ялгарч байдаг. Гэтэл бид энэ байдлаасаа холдоод байна уу даа?

Холдож байна. Нэг сэргэж байгаа байгаа мэт боловч өнгөн хэсгийг л авч байна, ярьж чиг байна. Аливаа нэгэн хийж буй зүйл дээр, дооргүй өнгөний болсон. Итгэлцэл гэдэг зан чанар хүнээсээ маш холдсон. Амин хувиа хичээсэн чанар ихэссэн. Би л болж байвал гэсэн үзэл тодотгон бий болж байна. Ийм болохоор бид бүхэнд дэг жаяг, ёс суртахуун, эв найр гэдэг нь алдагдаж байна. Эв найр бүрэлдсэн газар бүх зүйл өлзий төгс байдаг. Аливаа хэрэглэж буй эд зүйлс, өмсгөл соёл нь утга учрыг илэрхийлж байдаг нь амьдралын философи билээ. Энд энгийн мэт нэгэн жишээг хэлэхэд бидний өвөг дэээдэс тэр хүнлэг чанар эрүүл мэндийг хослуулан ахуйн соёлдоо хэрэглэж байсан нь амьдралын гүн философыг харуулж байгаа юм.
Үүнд бие засах гээд гарахдаа уулсын толгодыг харан аль зүгрүү нь явах үгүйгээ хүртэл тооцоолно. Уул усны зүгрүү харж бие засдаггүй нэн эртний соёл дамжигдаж ирсэн. Нөгөө талдаа эмэгтэйчүүд дээлнийхээ хормойгоор салхи шороог хаан бие засдаг байсан нь зүгээр нэг далдалж буй хэрэг биш нэг талаараа савруугаа салхи оруулахгүй шинж байсан байгаа юм. Энэ нь эрүүл мэндэд их тустай. Нөгөө талаасаа хүндлэл болж өгдөгт агуу соёл оршиж байна. Ингээд үзэхэд аливаа нэг зүйл энгийнээс эхэлж байгаа юм даа.

Бид өвгөдийнхөө тавьсан суурийнд эрээ цээрээ алдан, арай дэндүү тарвалзаж байна. Хийсэн зүйлийг нь үгүйсгэж, муу ярин шүүмжлэн, цөөхөн монголчууд тэр дундаа оюунлаг гэж ярих дээр ярьсан зарим нөхөд эцэг өвгөдийнхөө сайхан суурь болгоныг үгүйсгэнэ. Больж үз дээ. Миний бодлоор төрийн албаны ажлыг хийж чадах нь бус, хийрхэж ярих идэж уух хүсэл шуналтай, хор найруулагч, хүн дүрст биетүүд арай дэндэж байна.

Хэвлэл мэдээллийнхэн соёлын өвийг мохоох хэмжээний хов жив их бичих болж, аливаа хүний хийсэн бүхнийг харлуулах тал дээр их гаршсан байна. Ийм орчин нөхцөлд өсч байгаа үр хүүхэд, үндэс угсаа минь яаж цаашаа үргэлжлэх вэ. Үүнтэй холбоотойгоор бидний идэж ууж буй хоол хүнс, өмсч буй хувцас, амьдарч буй орчин нөхцөл бүгд өнгөний хийсвэр зүйлүүд бий болоод байна.

Ковид цар тахал одоо ч буурахгүй хэвээр байна. Өдгөө манай монголд 4 дэх давалгаа явж, өдөрт 2000-аас дээш хүн өвчлөх боллоо. Энэ тал дээр та уншигчдадаа юу гэж хэлэх вэ, зөвлөгөө өгвөл?

“Дулаан дамжуулах багаж хэрэгслийн хамгийн чухал нь арьсан дахь цусны гүйдлийн судаснууд мөн” гэж И.П.Павлов хэлсэн байдаг. Дулааны гол үүргийг гүйцэтгэж байгаа судас амьдарч буй махан биений голч биет болж байна. Иймд махан биеэр торлогдсон судас түүн дотор гүйж буй цусанд анхаарах ёстой.

Ковидын цар тахлаас хамгаалах үүднээс өдгөө манайд 4-р тунгийн давалгаа яваад эхэллээ. Энэ тунгаа хийлгэхгүй бол зарим эрхийг нь /гадагшаа, дотогшоо гарах, зарим үйлчилгээний байгууллагууд/ хязгаарлах гэх мэт хүний эрхэнд халдсан зүйлийг хийгээд байна. Мөн хэвлэл мэдээллээр вакцин бол “сайн” гэж хэт их сурталчилж байна. Ер нь хүнийг элдэв зүйлээр нь хааж, боож хүчээр хийлгэх биш аливаа хүн хийлгэх эсэх нь тухайн хүний өөрийн эрхийн асуудал гэж бодож байна. Вакцин гэдэг маань өөрөө хүний цусыг өтгөрүүлж байж дархлаагаа тогтоодог. Тэгэхээр өтгөрсөн цустай хүнд таарах, таарахгүй шинж тэмдэг илэрч хорвоогоос хальсан нь ч байна.

Над дээр үйлчлүүлж байгаа зарим хүмүүсийг үзэхээр уушги нь үрэвсэлтэй гэж гардаг. Түүнийг нь хэлэхэд ковид туссан гэж өөдөөс хариулдаг. Дийлэнхдээ 3-р тунгаа хийлгээд туссан гэх тохиолдол байсан. Одоо 4-р тунгаа хийлгэх үү яах уу гэж ч бас их асууж байна. Үүнээс болж архаг хууч нь хөдлөөд байгаа хэдэн төгрөгөө бариад эмнэлгийн үүд сахиж суух болоод байна. Энэ юу гэсэн үг вэ. Тиймээс тэдгээрт /төрийн өндөр албан тушаалтнуудад/ хандаж хэлэхэд ард түмнийхээ биеийн онцлогыг сайтар судалдсны дараагаар бидэнд үнэхээр 3,4-р тун хэрэгтэй гэдгийг бодолцож, судалгаан дээр үндэслэж ажиллаачээ гэж хэлмээр байна.

Манай ард түмэн өөрсдөө дархлаа маш сайн хүмүүс. Идэж ууж байгаа хүнснээсээ ихээр авдаг. Бараг өөрсдөө ч ковидоо эдгээгээд авсан ч хүн олон байна.

Зөвлөгөө өгөхөд:

Идэж буй хоолоо анхаар, тархин дахь бодлоо цэгцэл, аль болох амгалан тайван байж шөлтэй хоолыг түлхүү хэрэглээрэй.

Ярилцлагынхаа төгсгөлд нэгэн сургаалийг хэлэхэд,

Хүний амьдрал их үнэ цэнээр олддогч
Хорвоогоос явахдаа үнэ цэнээ алддаг нь
Хүний махан биеийн хий хоосон чанар юм.

Өнөөдрийн цаг хугацаа аз жаргал, эд баялгын дээд гэж бодон үргэлж баяр баясал, гэрэл гэгээ, хайраар бялхаж амьдраарай.

Таны дээдийн шүтээн, үеийн үед орших байгаль эхээ харлан хүндэлж, хамгаалж яваарай.

Бид эхийн ариун хэвлийгээс мэндлээд байгалийн ариун хөрсөнд шингэдэг учир байгаль эхдээ зөөлөн сэтгэлээр хандаж бас дээдлэн хүндлээрэй.

Г.Ш.Н сургаалиас…

Холбоотой мэдээ

Шинийн нэгний өглөө мөрөө гаргахын учир

МҮ-ний ШУА-ийн академич, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Тэрбиш: Цагаан сарын шинийн

2022-02-01

Нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны гэр бүлд гурван өрөө байр бэлэглэхээр болжээ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны ар гэрийнхэнд хотын захиргаанаа

2022-02-01

Хөгжлийн Банкнаас зээл авсан бүх ЗЭЭЛДЭГЧ

Монгол Улсын Хөгжлийн Банкны 25 найдваргүй зээлдэгчийн мэдээллийг өмнө танилцуулсан. Өнөөдөр тус бан

2022-02-01

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...