Г.Эрдэнэбаатар: Уяачид бид айдас хүйдэсгүй наадмаар байна

2021-01-05 Ярилцлага 1

Ес эхэлж, хүйтний эрч чангарч байгаа энэ үед ч уяачид ирэх наадамд уралдуулах хүлэг морио сонгож, сойж, бэлтгэсээр байна.

Сонгож гэдгийн учир нь сүүлийн хэдэн жил Улсын наадамд эрлийз, үйлдвэрлэг гэх мэт олон шалтгаанаар тэдний уясан морьдыг хасдаг асуудал гарч байгаа.

Таарахгүй байна гээд хасах амархан ч цаана нь тухайн уяачийн олон сарын нөр их хөдөлмөр, зардал, цаг хугацааг үнэгүйдүүлэн, үгүй хийж байгааг ойлгох хэрэгтэй. Зохион байгуулалт тааруу, Үндэсний наадмын хууль, дүрэм, журам нь тодорхой бус байгаа нь ийм нэгэн шинэ цагийн хэлмэгдүүлэлтийг бий болгоод байгаа юм.

Бид энэ талаар орон нутгийн уяачдын санал бодлыг сонсож, уншигч олонд хүргэж байна. Энэ удаад Ховд аймгийн “Алтан Унага” уяачдын холбооны Төвийн бүсийн тэргүүлэгч, Аймгийн алдарт уяач Г.Эрдэнэбаатартай уулзаж ярилцлаа.

-Сайхан өвөлжиж байна уу? Та хэдэн морь уядаг вэ? Зардал хэр гарч байна?

-Сайхан өвөлжиж байна. Миний хувьд жилд 15 морь уяж, тэжээдэг. Нийт 1000-1300 боодол өвс авдаг. Энэ жил манай нутагт боодол өвс дээд тал нь 12000, доод тал нь 9000 төгрөгийн ханштай байна. Нэг моринд дунджаар өвлийн уналгаа, эдэлгээ гээд 11 сарын 20-ноос 5-р сарын 1 хүртэл 450-500 мянган төгрөг гаргадаг. За тэгээд би 15 морьтой хүн. Хоол ундны нөхцөл байдал гэхэд л энэ шүү дээ.

Хажуугаар нь бас морины ар талд байгаа ажилчдын амьдрал, унаач, уяачдын аж амьдрал, цалин хөлс гэхэд 11 сарын 20-ноос 5 сарын 1-ний хооронд 15 сая төгрөгийн зардал гарна. Бас нэмэлт тэжээл байна. Хивэг гэхэд орон нутагт нэг уут нь 25 мянган төгрөгийн үнэтэй, бидэнд хэцүү байдаг. Би жилд дунджаар 1 тонн 500 кг хивэг, 1 тонн овьёос авдаг. Нэмэлт тэжээлийн зардал гэхэд л 10 сая хол давдаг. Хил гааль хаагдсанаас гадна Засгийн газраас татвар буулгасан гэж байгаа ч тэр нь бидэнд харагдахгүй байгаа.

-Энэ их зардал, хүч хөдөлмөр гаргаад наадамд морио хасуулахаар гомдолтой байх нь аргагүй.

-Тиймээ, бүх зардлаа даагаад зорьсон наадамдаа яваад очдог, морио хасуулдаг. Ямар их зардал гарсан, ард нь хэдэн хүний хөдөлмөр байгаа, хэчнээн их цаг хугацаа гаргасан билээ дээ. Бодоход маш харамсалтай байдаг. Очихоор л таны морь ер нь бол эрлийз, үйлдвэрлэг байдлаараа хасагдаж байна гэдэг. Миний моринд эрлийз үйлдвэрлэг шинж байхгүй, ийм адуу гэхээр тамга нь цагаан байна гэж шалтаглаад л хасна.

Миний хувьд олон наадамд морио хасуулж байсан. 2019 оны ММСУХ-ны 7-р их хурлын шийдвэрээс өмнө юм даа. Тухайн үед яаж хасагдаж байсан бэ гэхээр таны морины үйлдвэрлэг байдал шингэн дэл сүүлтэй байна, цагаан тамгатай байна гээд хасаж байсан. Хэдий хурлын шийдвэр гараагүй байсан ч тэр үед бид чухам ямар стандартын морь уралдах талаар мэдээлэлтэй байлаа. Миний морь сэрвээний өндрөөр хэмжихэд багтахаар байсан.

-Яавал энэ бүх завхралыг арилгаж, элдэв маргаангүй наадах бол?

-ММСУХ-ны 7-р их хурлаар баталсан сэрвээний өндрөөр уралдъя гэдэг шийдвэрийг нийт уяачид 87,8 хувийн саналаар дэмжиж байсан. Улсын наадамд очиж уралдаж үзээгүй орон нутгийн уяач бидний хувьд одоо шинэ цагийн монгол адуугаар уралдах цаг нь болчихсон байна гэдэг ойлголттой байгаа.

Гэхдээ аймгийн наадамд уралдсан морио улсын наадамд аваад очвол хасагдана гэдгийг бид өнгөрсөн 99 жилийн ойн наадмаар хангалттай харлаа. Манай аймгийн хувьд ММСУХ-ны их хурлаас гаргасан шийдвэрийн дагуу сэрвээний өндрөөр уралдуулдаг болсноос хойш маргаан байхгүй болсон. Сэрвээ хэмжээд давсныг нь хасаад, тэнцсэнийг нь мордуулдаг.

Тэгэхээр ММСУХ-ны 7-р их хурлаар баталсан сэрвээний өндрөөрөө уралдаад явбал нэг талаасаа уяач бидэнд айдас хүйдэс байхгүй болох юм. Хоёрдугаарт хэчнээн өндөр зардал гаргасан ч зорьсон наадамдаа оролцоход бүрэн боломжтой.

-Наадам болгоноор л унаач хүүхдийн асуудал яригддаг.

-Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс ММСУХ-ноос унаач хүүхдийг хамгаалалтын бүрэн хувцас хэрэглэлтэй мордуулна гэж заасан. Каск, өвдгөвч гээд бүх зүйлийг зааж өгсөн байгаа. Одоо хаана ч очсон, сум, баг, аймаг, Улсын наадамд ч ялгаа байхгүй хүүхдүүд бүгд 100 хувь хамгаалалтын хувцастай уралдаж байна, жишиг тогтсон байна. Энэ бүхнийг харахаар холбооны бодлого зөв байжээ гэж үзэж байгаа.

  • Хэн хасаад байгаа юм бээ. ХаХаХа инээдтэй баагийнууд шүү. Өөршиг чинь морьчингууд л хасаж байгаа ш дээ тэнэг гарууд шүү морьчингуудаа гэж. Айгаад байвал уралдахаа л боль тэгээд л айхгүй болчино хэхэхэ

Холбоотой мэдээ

Монгол залуу коронавирусын халдвар тусч, түүнийгээ сармис идэж, унтаж амарснаар эдгээсэн байна

Франц Улсад амьдардаг Г.Хүрэл-Эрдэнэ коронавирусийн халдвар авч, эм уулгүйгээр эдгээсэн талаараа ERG

2021-01-18

Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ бол эрх мэдэлтнүүдийн шуналын нян цугларсан бохирын сав

Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа. -Монгол Улсын үндсэн хуульд нэм

2021-01-14

Л.Цагаандалай: Адууны үүлдэр угсааг сайжруулж ирсэн түүх эртнээс улбаатай

-Сайхан өвөлжиж байна уу. Та аль аймгийн хүн билээ. Танай нутагт хурдан буян олон шүү дээ? -Дорно

2021-01-14

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...