УОК, Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод тогтоосон хатуу хөл хориог тав хоног сунгасан билээ. Ингэхдээ энэ сарын 11-нээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж зарим үйлдвэр, үйлчилгээг нээхээр болсон юм.
Харин уг шийдвэр гарснаас хойш халдварын шинэ голомтууд бүртгэгдэж байгаа тул хатуу хөл хориог дахин 14 хоног сунгах санал гаргасан талаар мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатараас тодрууллаа.
-Хотод энэ сарын 11-нээс өндөржүүлсэн байдлын зэрэг тогтоож, зарим үйлдвэр үйлчилгээг нээх шийдвэр гарсан. Үүнээс хойш халдварын хоёр, гурван шинэ голомт бүртгэгдлээ. УОК хатуу хөл хориог сунгах эсэх асуудлаар дахин ярилцсан уу?
Халдварын тархалтын нөхцөл байдлыг эрүүл мэндийн салбарынхан тооцож үзэж байгаа. Шинэ тохиолдлын ойр, дам хавьтлын тоо, шинэ голомт гэж үзэхээр байна уу, эсвэл өмнөх голомтуудын илрээгүй тохиолдол байв уу гэж олон талаас нь тандан судалгаа хийж байж тархалтын зураглалыг бий болгодог. Одоогийн байдлаар Эрүүл мэндийн яамнаас энэ сарын 11-нээс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих шийдвэрийг эсэргүүцэж, болиулах санал хараахан ирээгүй байна.
-Хөл хориог сунгах эсэх асуудлаар иргэдээс санал авсан уу?
Санал асуулга явуулах байдлаар иргэдээс санал авч байгаа. Мэдээж УОК-ын шийдвэрийг судалгаа тооцоололд үндэслэдэг болохоос сошиал орчны уур амьсгал, социологийн судалгаагаар гаргадаггүй. Гэхдээ иргэдийн санал дүгнэлтийг харгалзаж үзэх ёстой. Судалгаанд оролцсон иргэдийн 70 гаруй хувь нь “Хөл хориог сунгах шаардлагагүй”, 30 орчим хувь нь “Сунгах хэрэгтэй” гэж үзсэн байна.
Хөл хориог сунгах шаардлагагүй гэж үзсэн иргэдийн ихэнх нь “Өдрийн орлогоор амьдарч байгаа иргэд, зах худалдааны төвд бизнес хийж байгаа хүмүүс, ЖДҮ эрхлэгчдэд хямрал, хүндрэл ихээр илэрч байна” гэсэн байна лээ. Үүнийг харгалзаж үзээд сая хатуу хөл хориог тав хоног сунгах шийдвэр гаргасан. Энэ сарын 11-нээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж ажиллаад үзье гэж шийдсэн.
-Өвчний тархалт нэмэгдвэл эргээд хатуу хөл хорио тогтоох уу?
Өвчний тархалт нэмэгдэж, олон голомт бүртгэгдэж эхэлбэл, хатуу хөл хорио тогтооно. Гэхдээ хэзээ хатуу хөл хорио тогтоох, хэзээ хязгаарлах шийдвэрийг гаргахдаа өвчний тархалтыг харгалзаж байгааг ойлгох хэрэгтэй. Түүнээс эргэж буцсан шийдвэр биш. Дэлхийн бүх улс орон өвчний тархалтыг харж, эрсдэлээ тооцож үзээд өнөөдөр гаргасан шийдвэрээ маргааш нь эсвэл долоо хоногийн дараа өөрчлөх тохиолдол олон гарч байгаа.
-Нийслэлийн өрх бүрээс шинжилгээ авна гэсэн мэдээлэл гарсан. Хэзээнээс өрх бүрээс шинжилгээ авч эхлэх вэ?
Нийслэлд “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээ авахаар төлөвлөж байгаа.
1 сэтгэгдэлтэй
тэнэг