Филомена шуурганы улмаас Испанийн зарим нутаг цасан бүрхүүлд хучигдлаа. Томоохон хотуудад авто, төмөр зам, агаарын тээврийн үйл ажиллагаа тасалдаад байна.
Дотоод хэргийн сайд Фернандо Гранде-Марласка тус улс сүүлийн 50 жилд хамгийн хүчтэй цасан шуургатай нүүр тулсаныг онцолж байна. Байгалийн гэнэтийн үзэгдэлд илүүтэй нэрвэгдсэн бүсүүдийн нэг болох Мадрид хотод 24 цагийн хугацаанд 20 см цас орж хунгарлажээ.
Одоогоор нийслэл хотын ойролцоох хурдны замууд хаагдаж олон зуун тээврийн хэрэгсэл зам дээр гацаад байна. Баражас нисэх онгоцны буудал хүрэх автозамууд мөн хаагдаж, Мадрид руу ирэх, буцах бүх галт тэрэгний хөдөлгөөнийг цуцалжээ.
Өмнө зүгээс ирсэн далайн цасан шуурга, гэнэтийн хүйтрэлээс шалгаалж 4 хүн амиа алдсан тухай мэдээлэл ирлээ. Амиа алдсан хүмүүсийн хоёр нь осгосон бол Малага хотын ойролцоо машинаар зорчиж явсан хоёр хүн хүчтэй цасан шуурганд өртжээ.
Харин зарим хүмүүсийн хувьд байгалийн гэнэтийн үзэгдэл цагийг зугаатай өнгөрүүлж, хөгжилдөх боломж олгожээ. Мадридын гудамжаар цана чаргаар гулсан, цасанд болзох хосууд ч олон байна.
Цаг уурчид ойрын өдрүүдэд агаарын хэм нэмэгдэхгүй -12 градустай байх тул осгож хөлдөхөөс сэргийлэхийг анхаарууллаа.
0 cэтгэгдэлтэй