Өмнөговийн Номгон суман дахь хар тугалгын ордыг хятадуудад өндөр үнээр зарсан хүн бол Х.Бадамсүрэн гэж ярьдаг

2017-09-14 Нийтлэл

Түүний тухай хэлэх сайн үг олддоггүй бололтой. Эрхүүд төгсөж ирээд уул уурхайн яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан он жилүүд л хамгийн “цагаахан үе” нь гэлтэй. Долоон жилийн дараа буюу 1988 оноос хамтарсан үйлдвэрийн хэлтсийн даргаар дэвшин ажиллах болсон нь Монгол Улсын зах зээлийн нийгэмд шилжих мөчтэй зэрэгцэж, Хоохорын хүүгийн баялагт эзэн суух зальжин чанарыг нь хөгжүүлж, “бэлтгэсэн” бололтой. Улмаар Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэрийн нэгдүгээр орлогч болж, 1994 оноос Орос Монголын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирлын албыг бүтэн 12 жилийн турш хашсан. Энэ хугацаанд түүний амжуулсан ажил гэвэл хууль шүүхийнхний л хараанд байхаар ноцтой зүйлүүд сонсогддог.

 

2005 онд “Монголросцветмет” нэгдлийн захирлын суудлыг ашиглаж жонш борлуулах гэрээг зах зээлийн үнээс хэт доогуур хийж өгсний шагналд 300 мянган долларын авилга авсан, мөн Шижир алт ХХК-тай хамтран гаалийн татвараас зайлсхийж, улсад 860 сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг хэргээрээ улсын яллагчаас 7 жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлэх ял сонсож байв. Гэвч шүүхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, замхаруулсан. Тэрээр хэрэг нь сөхөгдөх бүрт бие нь муудаж эмнэлэгт хэвтдэг байв. Анх цагдаагийнхан гэр болон албан тасалгаанд нь нэгжлэг хийж, түүнийг албадан саатуулах үед шоконд орж, бие нь муудан 2-р эмнэлэгт хэвтэж байсан. Энэ гэнэтийн баривчилгаа нь Бадмаад хүнд цохилт өгч, цус харвуулах дөхсөн аж. Мөн эрүүл мэндийн шалтгаан нь торны цаанаас мултрах гарц гэж харсан байх. Тиймдээ ч урд хөршид элгээ солиулсан гэх яриаг хүртэл гаргаж, эрүүл мэндийн хувьд “өнөө маргаашгүй” болсон гэж өрөвдүүлж байв. Өнөөдөр тэтгэврийн насандаа Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилогдож, төрийн мөнгөөр тансаглаж яваа түүнийг тухайн үед эрүүл мэндийн ноцтой шалтгаанаар нь өршөөсөн биз.

Түүний балаг үүгээр дуусаагүй. Хэнтийн Бэрхийн уурхайг хувьчилж авсан даруйдаа үйл ажиллагааг нь зогсоож, тосгоныг тэр чигээр нь хөлдөөж хаясан аж. Олон ч хүнийг ажилгүй болгож, Бэрхэд амьдрах аргагүй болсон өрхүүд хот руу нүүдэллэж байв. “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий геологич М.Ариунбаярын хамт “зохицуулсан” олон лицензийн асуудал Х.Бадамсүрэнгийн намтарт бий. Улсын хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон ордуудыг “хоосон” гэж хуурамч баримт үйлдэн авч үлдээд, өөрсдөө зарсан байдаг. Бор-Өндөрийн Баргилтын орд энэ хоёр хүний гараар орж, хэтэвчийг нь зузаалсан хэргийг тухайн үед хуулийнхан шалгаж байсан. Орос Монголын хамтарсан нэгдлийг 12 жил удирдахдаа хувьдаа завших, улсаа хохироох шилдэг аргуудыг суралцсан эрхэм. УИХ-ын гишүүн байхдаа ч Өмнөговийн Номгон суман дахь хар тугалгын ордыг хятадуудад өндөр үнээр зарсан хүн бол Х.Бадамсүрэн гэж ярьдаг. Тэрээр уг ордыг Алтайн бага уулсын дархан цаазат бүсэд багтдаг байсныг хасуулж, бүр тавиадхан км-ийн зайнд хилийн боомт нээж өгөхөөр хөөцөлдөж байсан. Түүнийг ийнхүү хичээл зүтгэл гаргах ганц түлхэц нь маш их хэмжээний мөнгөний асуудалтай холбогдох нь ойлгомжтой.

Ханаж цадахгүй хувьдаа завших хүсэл нь түүний явсан газар, очсон үйлдвэр болгоныг дампууруулж, хөлд нь жирийн иргэд олноороо хохирсоор ирсэн. Одоо Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь төрийн мэдэлд авсан нэрээр ямар ч хяналтгүй хийх халаа сэлгээнд нь өртөх ажилтан хэдэн зуугаар тоологдох нь. Харин түүний оронд “шахааны бригад” шургаж, үйлдвэрийн мөнгийг саахаар зэхэж байгаа нь нууц биш. Х.Бадамсүрэнгийн балгаар МАН тэр чигээрээ муухай харагддаг. Мэдсээр байж ийм хүнийг томилсон намын толгой өөрөө муухай гэдгээ илтгэдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ногоон зээлийн шалгуурыг бууруулъя

Ногоон гэсэн тодотгол байгаль орчинд ээлтэй байхаар илэрхийлэгддэг. Олон улсын банк санхүүгийн байгу

2020-05-29

Л.Оюун-Эрдэнэ ээ, цонхоо нээгээд хар даа, өнөөх мафи чинь өвдгөн дээрээ өндийх гэж байна

Хэнтийн хүү, Л.Оюун-Эрдэнэд хэлэх гэж хадгалсан хэдэн үг бий. Хан Хэнтий нутгийг би хар залуугаасаа

2020-05-29

Маш ноцтой: “Дуншиж” буй шашны хууль гадаадын захиалгатай гэв үү?!

Ардчилсан нийгэмтэй Монголд ирсэн шашин шүтэх эрх чөлөө маань сүүлийн жилүүдэд шүүмжлэлд өртөх болло

2020-05-26