2020 оны долоодугаар сарын 9-ний өдөр Истанбул-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцонд ихэр охид мэндэлсэн талаар бид мэдээлж байсан билээ.
Тэр нислэгт ХӨСҮТ-өөс томилогдсон эмч Б.Батсүхээс гадна гурван их эмч, нэг сэхээн амьдруулахын сувилагч, нэг эх баригч зорчиж таарсан.
Санаандгүй таарсан эмч, сувилагчид агаарын хөлөгт баг болон мэргэжлийн ур чадвар, сэтгэл гаргаж ажилласнаар долоон сартай дутуу төрсөн ихрүүдийг жирэмсний хожуу үеийн хүндрэлтэй ээжийнх нь хамтаар аварч, гайхалтай түүхийг бүтээсэн.
Хөх тэнгэрт мэндэлсэн охиддоо аав, ээж нь Б.Энхцэлмэг, Б.Энхжигүүр гэж нэр хайрлажээ. 10100 метрийн өндөрт газар нутгийн хувьд ОХУ-ын Сочи хот, Хар Тэнгис дээгүүр нисэж байхад ихрүүдийн анхных нь төрснийг нисэх багийнхан мэдээлсэн.
Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд онгоцонд төрсөн тохиолдол нэг гарч, хүүхдэдээ Мөнгөнхүлэг нэр хайрлаж байжээ.
Харин хоёр ихэр хүүхэд төрсөн тохиолдол Монголын төдийгүй дэлхийн түүхэнд анхных болсныг МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр онцлоод, энэ үйл явдлыг бэлгэшээн, талархаж буйгаа илэрхийлээд ихэр охид болон ээжид нь МИАТ-ын нисдэг бүх чиглэлд насан турш үнэгүй нисэх эрхийн бичиг гардуулсан билээ.
Сонирхолтой нь хаана төрсөн бэ? гэж асуувал “онгоцонд” гэж хариулах ховор заяатай, азтай охид. Тэд одоо зургаан сар хүрч, эрүүл саруул бойжиж байна. Монгол Улсын агаарын хөлгийн дотор тал нь Монгол Улсын газар нутаг, өмч гэж тооцогдох юм.
0 cэтгэгдэлтэй