Хуулж хийсэн сурталчилгаа чинь хүүхэд нохойн доог болоод байна

2021-01-25 Дэд онцлох 0

Алим барьсан могой Эва-д худалдаа хийдэг байсан үе 2000-аад жилийн өмнө дууссан байлтай. Дэлхийн хөгжлийг тодорхойлогч үндэстэн дамнасан корпорацууд сүүлийн арванд сурталчилгаа болоод Brand image-ийг шинэ түвшинд аваачин толгойд гацаж үлдэх чимэг үгс, содон өнгө дүрсийг бүрдүүлж эхэлсэн.

Гэтэл манайхан л олон улсын жишиг, стандартыг үл ойшоож нүдэн балай, чихэн дүлий хандсаар хэдэн брэнд нь өрсөлдөх өрсөлдөөнгүй олон жил царцанги байдалд оржээ. Сурталчилгааны дүр төрх хэдэн арвандаа нэг янзаараа гацаж, гадны амжилттай хийгдсэн ажлуудыг оруулж ирэх нэрийдлээр «өлөн» болгож байгааг харахад харамсалтай.

Шинэ үеийн “Бооёо”, дуучин “Жий” эсвэл сошиал дээрээ хэдэн лаяк цуглуулсан цахим од нэртэй хэн ч ойшоож үздэггүй улсуудад ундаа бариулж зогсоогоод маркетинг хийчихлээ гэж ярих…

Монголчууд яагаад сурталчилгаа хийж чадахгүй байна вэ?

1. Алдартай хүн л байвал асуудлыг нь шийдчихнэ гэж боддог. Гэтэл хэн ч “Өө энийг дуучин Болд хэрэглэдэг. Би ч гэсэн авна” гэдэг нь тунчиг ховор. Хааяа бүр олны дургүй хүнээр ч анхаарал татах гэж оролдоно. Гэвч бодмоор…

2. Өөрсдийн гэсэн дүр төрхгүй. Брэндийн логог бичихэд байгууллагын өнгө аяс үнэртэж байх ёстой гэдэг. Гэтэл Монголд тэр дүрэм хамаагүй, бүгд л нэг тийм “уйтгартай”.

3. Зургийн сонголт асар муу. Сурталчилгааны зураг гэхээсээ илүү сонирхогчийн хэмжээнд л дөхөж очих, брэндийн нэр “баастах” зураг элбэг харагддаг. Сурталчилгааны гол дүр байхгүй, headline байхгүй, дээр нь гол бүтээгдэхүүнтэй ямар ч холбогдолгүй зүйлс байх жишээтэй.

4. Санаа, санхүү олдохгүй бол гадны юм чирээд ирдэг. Монгол хэл дээр буухгүй үг, слоган орчуулж хүн амьтны доог тохуу, амны бай болох нь элбэг.

Тэгвэл ямар сурталчилгааг сайн гэж онцолдог болох, яагаад тийм чухал байдаг, ямар бүрдэл хэсэгтэйг нь танилцуулъя.

Brand image

Тухайн брэндийн итгэл үнэмшил, дүр төрх, уур амьсгал, зорилгыг сурталчлан таниулдаг хамгийн чухал хэсэг. Бараа худалдах гэсэн энгийн нэг “зар”-аас туйлын өөр бөгөөд зорилтот хэрэглэгчдэд чиглэсэн слоган, headline, зураг, үнэ цэнийн бүрдлээс тогтоно.

Гадаа байдаг хогийн савнууд дахин боловсруулах, боловсруулахгүй гэх хоёр ангилалтай байдаг мөртлөө нээгээд харвал нэг том саванд цутгаж байдаг. Тэгэхээр энэ хогийн савны гол зорилго алдагдсан мэт боловч ч яг үнэндээ байрлаж буй хотоо “эко” болгож харагдуулах нь л түүний гол үүрэг байсан юм. Үүнийг Brand image гэнэ.

Бүтээгдэхүүн болон байгууллагын олонд танигдах өнцөг, итгэл үнэмшлийг илэрхийлж сурталчилгааны ажлуудын чиглэл, зорилгыг тодорхойлогч луужин юм.

Зорилтот хэрэглэгч

Зорилго тодорхойлох хэсэгт “хэн манай барааг худалдаж авах вэ” гэдэг асуулттай тулгардаг. Үүний үр дүнд зорилтот хэрэглэгчээ мөн тодорхойлно. Ингэснээр ямар аргаар тэдэнд хүрэх вэ гэсэн дараагийн шатны асуудалд шилжих зам нээгдэх юм. Энэ хэсгийг алгасаад шууд ямар аргаар хүргэх талаар ярилцаж эхэлбэл бүх ажил салхинд хийсэх аюултай.

Жишээ нь танай компанийн зорилтот худалдан авагч нь машин сайн мэддэг дундаж насны жолооч ах нар гэж үзвэл мянга зардал гаргаж үнэтэй сурталчилгаа хийгээд, оргил цагийн нэвтрүүлгээр цацлаа гээд юм олж долоохгүй. Тэгсний оронд зүгээр л радиогоор өглөө, оройд нэг цацчихвал хамаагүй дээр.

Жолооч хүн машиндаа радиогоо сонсоод явж байдаг болохоос гэртээ нэвтрүүлэг үзээд сууж байхгүй. Ингээд харахад танай компани яг юуг хэнд өгөх гээд байгаагаа сайн мэдэрч ойлгох хэрэгтэй.

Зорилтот худалдан авагчийг олон янзаар ангилж болдог ч зөвхөн хүйс, нийгмийн байр сууриар нь ангилах нь өрөөсгөл. Үүнээс хамгийн оновчтой хувилбар нь худалдан авах чадваргүй, хүсвэл худалдан авч чадах, хүссэн ч худалдаж авч чадахгүй, шууд бус худалдан авагч гэсэн ангилал юм.

Сурталчилгааг бүх ангилалд зориулан хийх ч худалдан авах чадвартай хүмүүсийн анхаарлыг татах нь хамгийн чухал байдаг. Худалдан авах чадваргүй хүмүүсийг хүсвэл худалдаж авч чаддаг бүлэгт оруулах нь бодлогын төвшний асуудал болдог. Үүний хүрээнд лизинг олгох, хямдрал зарлах гэх мэт аргуудыг ашиглаж болдог.

Аливаа барааг шууд бус худалдан авагчийн шахалтаар авч буй хүмүүс их бий. Бүтээгдэхүүн бүрт шууд бус худалдан авагч их бага хэмжээгээр илэрч байдаг. Жишээ нь, тоглоомын дэлгүүрт төлбөр төлж байгаа нь эцэг эх хэдий ч гол шийд гаргах нь хүүхэд байдаг. Үүнд шууд бус худалдан авагч нь хүүхэд болж байна. Эсвэл хүнсний дэлгүүрт нөхрүүд эхнэрийнхээ хэлсэн угаалгын нунтгийг л авах жишээтэй.

Слоган

Нэлээд хэдэн жилийн өмнө. Алмаз эрдэнэ зах зээлд дөнгөж гарч ирээд байсан үе. Угтаа хэн ч тэр идэж, ууж болдоггүй тунгалаг “чулууг” сонирхохгүй байж л дээ. Худалдаалагдах үнэ нь одоогийнхоос хэд дахин бага байсан гэдэг.

Гэтэл 1947 онд Дэбийрс компани их хэмжээний алмаз бөөндөж аваад худалдаалах гэж элдэв арга сүвэгчилж эхлэв. Эцэст нь сурталчилгааны хэлтэс нь “A Diamond is Forever” гэх дөрвөн үг дээр тогтоод үнийг нь тэнгэрт тултал нэмжээ. Гайхалтай нь тэд бүх алмазаа зарж дуусгаад зогсохгүй уг дөрвөн үг нь зууны шилдэг “слоган”-аар тодров.

Ердөө дөрөвхөн үг л хүмүүсийн сэтгэл, мэдрэмжийг өөрчилж, нэг муу гялалзсан чулууны үнийг ч тэнгэрт тултал өсгөх хүчтэй ба слоганы гол хүч чадал үүнд оршино.

Өнөөдрийг хүртэл олборлож байгаа нийт алмазны 78 хувь нь зөвхөн сүйн бөгж хийхэд зориулагдаж байгаа нь ч үүнтэй холбоотой. Сайн слоган тухайн салбар, дээр нь хүмүүсийг яаж өөрчилж байгааг энэ жишээнээс харж болно.

Бүтээгдэхүүний үнэ цэнэ

Таны зарж борлуулж буй зүйлийн бодит үнэ цэнэ хүний амьдралд нэн шаардлагатай биш, бараг л хэрэгцээгүй шахуу байсан ч хэрэгтэй мэт болгож сурталчлах гэх үү дээ.

Амьдралд арай ойрхон жишээ гэвэл “Моя семья”, “Мерси” гэх мэт брэндүүдийг нэрлэж болно. Ердөө л амттан гэхэд сурталчилгаа нь үргэлж “Миний сэтгэлийн илэрхийлэл”, “Аз жаргалтай гэр бүлийн нууц” гэх мэт утгатай байдаг. Тэгэхээр бусад зах зээл дээр байгаа “цэвэр жимсний ундаа”, “Бельги аргаар хийсэн шоколад” гэдэг нөхдүүдээс нэг, хоёр шат дээгүүр үнэ цэнийг бүрдүүлчхэж байгаа юм.

Эцсийн эцэст бүгд л адилхан шоколад шүү дээ. Гэвч гэр бүлийн уур амьсгалтай холбоотой, хүмүүсийн дотно харилцааг хөхүүлэн дэмжсэн сурталчилгаа хэзээд хувь хүний ашиг сонирхлоос дээгүүрт тусаж, адилхан бүтээгдэхүүнийг өөр, өөр төвшинд аваачдаг аж.

Сурталчилгааны заль

Зарим сурталчилгаа зөвхөн бүтээгдэхүүн таниулах бус хэрхэн хэрэглэхийг нь заах маягтай байдаг. “Дирол” бохины сурталчилгаа дээр үргэлж хоёр бохь амандаа хийж байгаа танан цагаан шүдтэй Европ хүүхэн гардаг байсныг та бүхэн санаж байгаа байлгүй.

Энэ сурталчилгааны гол зорилго бохь сурталчлахаас илүү зажилж байгаа хүнийг нэг нэгээр нь биш хоёр хоёроор нь идүүлэх гэсэн л хөөрхөн заль байсан юм. Одоо ингээд харахад алба юм шиг бүгд л хоёр бохь амандаа хийж харагддаг.

Өрсөлдөгчөө “шантаачлах”

Тулаан ямар ч үед хүмүүсийн анхаарлыг татдаг. Нөхөрсөг маргааны хүчинд дэлхийд танигдсан брэндүүдийг дурдвал Сoca cola болон Pepsi, Adidas болон Nike гэх мэт сонгодог жишээнүүд бий.

Гал асаасан хэрүүлтэй сурталчилгааг зөв хийж чадвал ёстой л хоёр талдаа борлуулалтыг нь нэмдэг ёс бий. Одоо түүхэнд бичигдсэн сонгодог постерын жишээг ярья.

McDonalds дөнгөж л өөрийн шинэ хөвсгөр талх, ногоон сонгино, улаан лоольтой бургер ээ танилцуулчихаад Burger King-ийн хариу үйлдлийг хараад сууж байлаа.

Гэтэл гэнэтийн хачин зүйл болж McDonalds-ийн цоо шинэ бургерийн хариу тэс өөр хүнээс ирэв. Энэ бол Wendy-ийн “Мах нь хаана байна аа” нэртэй зурагт хуудас байсан юм. Олон жил хөндлөнгөөс бүр урд эгнээний суудлаас хоёр өрсөлдөгчийнхөө тулааныг харж суусан Wendy 1984 онд анх удаа өөрийн алхмыг хийсэн нь тэр.

Асар энгийн хирнээ тийм их алдарт хүрсэн сурталчилгаа гэвэл ганц Wendy-ын энэ сурталчилгааг л хэлнэ дээ. Бургерийн дайн энэ хүрээд дууссан ч энэ сурталчилгаа моодноос гарахгүй л байв.

Хэрвээ та тэр үед Америкийн аль нэг гудамжаар явах юм бол “Мах нь хаана байна аа” гэсэн бичгийг хаа сайгүй харах байсан даа. Ингэж л энэ сурталчилгаа 20 дугаар зууны хамгийн алдартай 10 уриа, лоозонгийн жагсаалтад багтсан юм даа.

Энэ зургаа нийлж, хоршиж байж сайн сурталчилгааны бие бүрэлдэхүүн босдог.

Харин Монголчууд минь асар олон төвшин хойно хоцорч үлдсэн байгааг ойлгож авлаа. Энэ хүрээд нийтлэлээ өндөрлье. Шинэ мэдлэг олж авсан гэдэгт тань итгэлтэй байна. Та бүхэн ч өөрсдийн брэндийн сурталчилгааг дахин нэг харна биз ээ.

Холбоотой мэдээ

Өнөөдөр юу болох бэ?/03.03/

Төрийн ордонд 08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан ЭМЯ-д 11:00 Коронавирусын халд

2021-03-03

Энэ сард нийт 10 тэмдэглэлт өдөр тохиож байна

Энэ сард буюу гуравдугаар сард хамгийн олон тэмдэглэлт өдрүүд тохиодог билээ. Өчигдөр Эх орончдын

2021-03-02

Хүүхдээ хогийн саванд хаясан эмэгтэйд 18 жилийн хорих ял оногдуулжээ

2020 оны аравдугаар сарын 1-ны 17:00 цагийн үед Ард кино театрын буудал дээр байрлах “Circle K” салб

2021-03-02

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...