Найрал хөгжмийг орлох төгөлдөр хуурийн ая “Boogie-woogie”

2021-03-01 Нийтлэл 0

Буги-вуги (англ. Boogie-woogie) нь афро-америкчууд 1870-аад оноос үүсгэн хөгжүүлж 1920-иод оны эцсээр нийтэд түгсэн хөгжмийн төрөл-жанр юм.

Нийтийн үдэшлэг, найр цэнгээн болдог хонки-тонк (honky-tonk) гэгддэг кафе маягийн газрууд, “barrelhouse” гэгддэг баар, уушийн газрууд оркестр буюу найрал хөгжмийн оронд ганц төгөлдөр хуурч хөлсөлдөг байсан нь буги-вуги үүсэх эхлэл байжээ.

Хожим нь хүн төрөлхтөн “Original Dixieland Jazz Band” хамтлагийн анхны пянзтай танилцсаны дараахнаас эрч хүчтэй “жаз” (jazz) хэмээх хөгжмийн урсгал үүслээ. Анх намуун, тайван өнгө аястай байсан салуны (saloon) хөгжимчдийн бүтээл чухам энэ үеэс хувирч эрч хүч, хэмнэл бүхий цоглог хөгжим болжээ.

Ганц төгөлдөр хуурч бүхэл бүтэн оркестр орлохын тулд хэм хэмнэл үүсгэх элдэв арга сэдэж эхэллээ. Жишээ нь энэ үед нийтэд хэдийн алдаршаад байсан рэгтайм стилиэр тоглодог хөгжимчид “страйд-пиано” гээч арга хэрэглэдэг байв. Страйд-пиано нь хөгжимчний зүүн гар нэг бол басс нот, нэг бол аккордонд тохируулан төгөлдөр хуурын товчлуурууд дээр байнга “харайлттай” тоглодог тоглолтын арга юм.

Энэхүү арга хэлбэртэй зэрэгцэн хөдөөгийн замын хажуугаарх хоолны газруудад “barrel-house”-пиано гээч стиль үүслээ. Гарлын хувьд ялгаатай энэхүү дэг нь страйдаас арай өөр чиглэлд хөгжиж байжээ. Barrel-house пиано стилийг төгөлдөр хууранд зориулсан анх үеийн жаз гэж тодорхойлж болохоор. Ийм хөгжим тоглодог хөгжимчид нь кабаре болгож зассан том саравч, амбаар дотор үдэш ажил тарсан хойно ууж, бүжиглэхийн төлөө ирдэг ядууст зориулан тоглодог хар арьст америкчууд байсан юм.

Үндсэн ажил мэргэжил нь хөгжмөөс хол, ур чадварын хувьд гайхуулах юмаар бага, ихэнх нь хоёроос гурван өнгөн дээр тоглодог ийм төгөлдөр хуурчид рэгтайм, страйд стилиэр “гялалзуулах”-д авьяас дутдаг. Гэхдээ сонсогчид нь ийм хөгжимчдөөс ганцхан юм – бүжиглэхэд таарсан яв цав хэмнэлтэй ая хүсээд байлаа. ХХ зууны эхэн үед энэхүү хүсэлд нийцэх нэг төрөл оршин тогтнож байсан нь хар арьстнуудын “ардын” хөгжим – блюз байв. Ингээд ардын төгөлдөр хуурчид блюз тоглодог болов.

Ийнхүү блюзийн анх үеийн төлөөлөгчдийн хөгжмийн зэмсэг болох гитар, банжог фортепиано орлож эхэллээ. Төгөлдөр хуурчид ч бүжиглэгчдийн хөлд нийцүүлэн блюз хөгжмийг илүү хурдтай, илүү ритмтэй тоглож сурав.

Энэхүү хурдтай тоглодог төгөлдөр хуурчид нэг нь аккорд, нөгөө нь ая, гурав дах нь басс хэсгийг тоглодог гурван өөр төрлийн гитарын дуугаралтыг дуурайхыг оролдох болсноор өнгө аяс нь блюзээс ялгаран ондоошиж эхэлжээ.

Шинэ чиглэл төгөлдөржин сайжрах хувьсал хөгжлийн дүнд, гарын доорх ганц хөгжим – төгөлдөр хуураар оркестр орлох хүнд даалгавартай виртуоз тоглоочид давтагдашгүй өнгө аяс бүхий хөгжмийн шинэ стиль үүсгэсэн нь буги-вуги байлаа.

Дан төгөлдөр хуурын тоглолт илэрхийлдэг байсан энэхүү жанр цар хүрээгээ тэлсээр төгөлдөр хуурын дуэт, трио, гитар, биг бэнд, кантри, госпел хөгжимд гүнзгий нэвтэрсэн юм. Афро-америкчуудаас үүдэлтэй блюз нь сэтгэлийн хөдөлгөөн-эмоц илэрхийлдэг бол буги-вуги нь бүжигтэй нягт холбоотой.
Гэхдээ буги-вуги заавал төгөлдөр хуурын гоцлол хэлбэртэй байх албагүй.

Оркестр буюу найрал хөгжмийн бүрэлдэхүүнтэй, дуучинтай, мөн жижиг хамтлаг хэлбэртэй тоглолт ч байж болдог.

Буги-вуги нь анхнаасаа л фортепиано тоглох сонгодог арга барилыг огт мэддэггүй хүмүүсийн бүтээл болон хөгжиж иржээ. Төгөлдөр хуурчид нь буги-вуги тоглох онгодоо уран бүтээлийн өөр салбараас олж авдаг байсан юм. Жишээ нь буги-вугигийн сонгодог төлөөлөгч Жимми Янси (Jimmy Yancy), Пайнтоп Смит (Pinetop Smith) нар энгийн болон степ “гишгидэг” бүжигчин байжээ.

Альберт Аммонс (Albert C. Ammons), Пит Жонсон (Pete Johnson) нар төгөлдөр хуурч болохоосоо өмнө бөмбөр зэрэг цохилтот хөгжим тоглодог байжээ. Буги-вугид анхдагчдуудын түүхийг судлах юм бол ихэнх нь төгөлдөр хуурыг хаа нэгтээх үдэшлэг дээр, фортепианогийн ард санаандгүй суусан үеэсээ бие даан тоглож сурагсад байдаг.

Буги-вуги бүтээлийн дийлэнх нь блюз хөгжмийн аккордын дараалалтай. Нэг тактанд найман цохилт багтаах нь буги-вуги хөгжмийн нэрийн хуудас юм. Буги-вуги тоглоход төгөлдөр хуурчийн зүүн гар товчлуурын бараг л нэг байрлал дээр тогтмол байрладаг бөгөөд нарийн чадвар хэрэг болохгүй, гол нь найм хуваалттай завсарлагагүй хэм хэмнэл, бие мах бодийн шавхагдашгүй хүч чадлаа алдаагүй яв цав мэдрэхийг шаардана.

Зүүн гар хэрхэн тоглож байгаагаас үл хамааран баруун гар ая аялгууны бүрэн эрх чөлөө эдлэж чөлөөтэй ажиллах боловч төгөлдөр хуурын сонгодог техникийн нарийн ажиллагаа мөн л шаардаад байдаггүй. Баруун гар энгийн мөртөө хэм хэмнэлийн тод илрэл, аккорд сайтай аялгууг зүүн гарын тогмол хэмнэлээс хамаарахгүйгээр чөлөөтэй тоглоно.

Төгөлдөр хуур тоглох европ сонгодог дүрмийг шууд зөрчсөн, тэс хөндлөн энэхүү өвөрмөц арга барилын ачаар цоо шинэ мөртөө өвөрмөц содон, тэгсэн хэрнээ виртуоз тоглолт үүсэн хөгжсөн юм.
Буги-вуги стилийн онцлог шинж – зүүн гарын өвөрмөц тоглолтын “эх ноорог” бүр XIX зууны эцсээр рэгтаймын анх үеийн төгөлдөр хуурчдын дундаас үүссэнийг хөгжим судлаачид онцлон тэмдэглэдэг.

эх сурвалж-wikipedia.org

Холбоотой мэдээ

ДАРХЛААЖУУЛАЛТЫГ 15 ХОНОГИЙН ХУГАЦААНД ТҮР ЗОГСООНО

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн улсын хэ

2021-04-10

Сошиал хуудсыг “зэвсэг”-ээ болгож ашиглах нь – Twitter

Ерөнхий тойм Мэдээлээ чухам хаанаас авдаг вэ гэсэн асуултад Twitter гэж хариулах хүн өдгөө тун ол

2021-04-07

С.Зоригтод Монгол Улсын баатар цолыг нөхөн олгох саналыг дэвшүүлжээ

АН-ын дарга О.Цогтгэрэл: Бид бүгд цул болохгүй бол Монголын ард түмний эрхэд аюул учрах цаг ү

2021-04-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...