Сошиал хуудсыг “зэвсэг”-ээ болгож ашиглах нь – Twitter

2021-04-07 Зөвлөгөө 0

Ерөнхий тойм

Мэдээлээ чухам хаанаас авдаг вэ гэсэн асуултад Twitter гэж хариулах хүн өдгөө тун олширлоо. Twitter бол шинэ сэргэг мэдээ, мэдээлэл хуваалцаж-шерлэхийн зэрэгцээ бусадтай харилцахад зориулсан сошиал платформ. Хэрэглэхэд хялбар, энгийн ажиллагаатайнхаа ачаар “хөх шувуу”-т айкон нийтэд алдартай эд боллоо.

Гэхдээ Facebook, Instagram-тай харьцуулахад Twitter нь функц цөөтэй сошиал мэдээллийн суваг. Гар дор бэлэн юу байна, түүнийгээ ашиглах нь чухал болсон өнөөгийн та бидний амьдралаас шалтгаалаад Twitter хэрэглэгчдийн дийлэнх нь гар утаснаасаа энэхүү платформд нэвтэрдэг.

Twitter-ийн энэхүү гарын доорх дөхөм байдлын ачаар хүмүүс өөрсдийг нь хүрээлэн буй хорвоо ертөнцийн сониныг хормын дотор товч хэлбэрээр хүлээн авч, хариу өгч байна.

Голлодог контентынх хэлбэр

Twitter хэрэглэгч нь “tweet” буюу “жиргээ” гэгддэг харилцаа холбооны ганц үндсэн сувгаар хоорондоо харилцдаг. Өнөөдөр дэлхий даяар өдөртөө л 500 сая орчим жиргээ хэрэглэгчдийн хооронд дамжиж байна.

Контентынх нь төрөл

Энэ платформ тоглоомгүй, маш энгийн эд. Ийм ч учраас Twitter-ийн контентын төрөл нь сонгож ядахааргүй хэдхэн.

Үүнд:

 

– Жиргээ (Tweets): Өмнө өгүүлсэнчлэн “жиргээ” нь Twitter-ын контентын хамгийн нийтлэг хэлбэр. Гол нь та ердөө 280 тэмдэгтийн хязгаарт бариулахын тулд үгээ ончтой сонгох ёстой. Дээр нь URL-ын уртаас шалтгаалахгүйгээр вэбсайт дахь контенттэй холбох линк-холбоосны урт 23 тэмдэгт ашигладаг. Харин жиргээндээ GIF юм уу гэрэл зураг оруулахад танаас бичвэрийн зай “хумслахгүй”. Мөн санал асуулга нэмж, гэрэл зурган дээрх хүмүүст tag буюу шошго тэмдэглэгээ тавьж, жиргээн дотроо бусдыг “дурдан оруулж”, жиргээнийхээ газар зүйн байршлыг шошголж болдог.

Энэхүү аппликэйшнд жиргээ үүсгэхийн тулд өөрийнхөө timeline дэлгэцний баруун дээд өнцөг дэх өдний дүрс бүхий айкон дээр товшино. “Жиргэсэн” бичлэг чинь таны профайл болон дагагчдын тань timeline-д тодорч байх болно. (Та өөрийнхөө timeline-д нэвтрэх гэвэл аппликэйшний интерфейсийн зүүн доод буланд байгаа шувууны үүрний дүрстэй айкон дээр товшино.)

– Direct message – Шууд мессеж: Жиргээчтэй “нүүр нүүрээ харалцаж” тусдаа ярилцмаар байвал энэхүү мессеж стриминг үйлчилгээ яг тохирно. Аппликэйшны дэлгэцийн баруун доод буланд байгаа дугтуйны дүрстэй айкон дээр товшоод “хувийн яриа” өрнүүлж болно.

Бас дотоод тохиргоог нь ашиглан дурын хэрэглэгч өөртэй чинь шууд мессеж бичилцэх юм уу зөвшөөрөл бүхий тодорхой хүмүүст л ийм эрх олгох уу гэдгийг шийдчихэж болно. Тухайн тохиолдолд бид бизнесээ бодоод энэхүү тохиргоог open to public буюу нийтэд нь зөвшөөрсөн байх ёстой.

– Хаштаг (Hashtags): Зарчмын хувьд Twitter-ийн хаштаг нь Instagram-ынхаас ялгаагүй боловч хавьгүй чухал үүрэгтэй.

Ялангуяа сониуч хэрэглэгчдийн хорхойг нь хүргэдэг сэдвээр өрнөж буй ярианд хаштаг хэрэглэх нь маш үр дүнтэй. Twitter нь жиргээнд хамгийн их ашиглагдаж буй хаштаганд үндэслэн, тухайн хэрэглэгчдийн байрлал, үйл ажиллагаатай хамаарал бүхий, тренд болсон сэдвийг сонгон ялгаж өгдөг юм. (Ямар сэдэв олны амнаас салахаа байсныг мобайл аппликэйшны search tab юм уу дэсктоп хувилбарын home буюу үндсэн дэлгэцний зүүн гар талаас мэдчихэж болно.)

Хаштаг, сурталчилгаа байдаггүй сэн бол таны жиргээг дагагчдаас чинь өөр хүмүүс маш ховор үзэж харна. Ердөө хаштаг нэмчихэд л таны жиргээ viral буюу олны дунд тахал шиг л тарж орхино.

Like, хариулт (reply), дам жиргээ (retweet): Энэ гурав нь Twitter-т таны ажиллах ажлын үндсэн арга чинь (бас нэг нь Direct Message). Аккаунтаа үүсгэчихсэн л бол бусад профайлуудыг дагаж, өөрийнхөө timeline-ийг гүйлгэж үзэх хэрэгтэй. Өөрийн чинь timeline дахь жиргээ бүрийн доод талд гурван сонголт байгаа.

-Эхнийх нь, quote айкон ашиглан “reply” буюу хариу өгөх. Энэ нь өөрийн тань профайл дээр харагддагүй л болохоос “commenting” буюу тайлбар бичих ажиллагаатай яг ижил.

-Хоёр дахь нь “retweet” буюу сумтай айкон ашиглан сонирхолтой жиргээг цааш дамжуулж бусадтай хуваалцах.

-Сүүлийнх нь, та сонирхолтой, зөв зүйтэй санагдсан жиргээнд “like” (урьд нь “favorite” гэж явдаг байсан) хайрлаж болно. Өөртэй чинь жиргэдэг (дэлгэцний баруун доод талын хонхны дүрстэй айкон дохио өгнө!), жиргэдэггүйгээс үл хамааран дагагчидтайгаа харилцаж байх нь чухал. Ердөө л гар сунгаад өөрөө эхлэн яриа өдөж сур.

Юу постлох вэ?

Компанийнхаа тухай шинэ мэдээ “жиргэж”, блогоосоо холбогдох бичвэрийг хуваалцан шерлэх юм уу шинээр үүсгэж, санал асуулга, эерэг өөдрөг эшлэл-quote, санаа оноо болохуйц зөвлөмж, GIF график дүрс хүртэл оруулж болно. Бусдын анхаарлыг татахын тулд товч богино байлгаж, холбогдох хэштег ашиглаарай.

Twitter-ийн өөрийнх нь судалгаанаас үзвэл хүмүүс визуал нэмэлт бүхий жиргээнд ердийн дан бичвэрээс гурав дахин илүү татагддаг ажээ. Ийм учраас гэрэл зураг, видео дүрс оруулж өгөх нь тун догь санаа болно. Twitter-ийн нэг жиргээнд дээд тал нь дөрвөн гэрэл зураг хавсаргаж болдог. Дагагчидтайгаа feedback буюу эргэх холбоо тогтоож, урам ормоор байгаа бол санал асуулга өрнүүлэх нь зүйтэй.

-Ямар давтамжтай “жиргэх” вэ: Twitter-т ямар давтамжтай постлох ёстой вэ гэсэн асуултад судлаач нар янз бүр хариулт өгдөг. Зарим нь өдөрт 15 удаа, нөгөө хэсэг нь 1-5 байхад болно гэдэг. Гол нь бизнес болгон ялгаатай учраас эхлээд блог пост, шинэ мэдээ, борлуулалт зэрэгтэй холбоотой ядаж ганц пост өдөртөө оруулж туршиж үз. Яваандаа Twitter-т гаршаад ирмэгц өдөрт хэчнээн жиргэх нь таны бизнест хэрэгтэй нь ойлгогдоод ирнэ.

Сурталчилгааг яаж, хэрхэн өрнүүлэх вэ?

Өөр бусад сошиал платформын адилаар Twitter ч өөрийн гэсэн алгоритмтай. Энэ нь төлбөрт сурталчилгаа ашиглахгүйгээр зүгээр л жиргээд явсан контент амархан олны хүртээл болохгүй гэсэн үг. Болзошгүй үйлчлүүлэгч нартаа ойртож холбогдох, дагагчдынхаа тоог өсгөх гэвэл Twitter-т төлбөрт сурталчилгаа байршуулах хэрэгтэй.

Энэ арга нь бүтээгдэхүүн, үйлчилгээг тань худалдан авч болзошгүй тийм хүмүүст таны жиргээг илүү харагддаг болгож өгнө. Төлбөрт сурталчилгааны бас нэг давуу тал нь контентынхоо нөлөө, үр дүнг шалгаж, юу нь амжилттай, юу нь болохгүй байгааг тодорхойлоход тустай. Төлбөрт сурталчилгаа ашиглах гэвэл Twitter ads хуудсыг сонирхоорой.

Холбоотой мэдээ

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.IV.19-25

Долоо хоногийн өрнийн зурхай /2021.IV.19-25/-г хүргэж байна. ХОНЬ Сэтгэл хөдлөл ихтэй байн

2021-04-19

Хатуу хөл хорионы үед гэртээ байх ёстой ГУРВАН шалтгаан

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлчүүд одоогоор дөрөв дэх удаагаа гамшгаас хамгаа

2021-04-14

Сошиал хуудсыг “зэвсэг”-ээ болгож ашиглах нь – Website

Бизнес эрхлэхэд website гэх мэт илүү дутуу хэсгийг алгасаад өөрийн замаар алхаж болно. Гэхдээ юу

2021-04-13

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...