Харүмафүжи аварга гэдгээ дахин харуулав

2017-09-26 Нийгэм 0

Японы мэргэжлийн сумогийн намрын тэмцээн буюу Аки башё эхний үед чансаа тааруу гэж шүүмжлэгдэж байсан ч тун сонирхолтойгоор өндөрлөв. Ямар нэг киноны үйл явдлын тайлал нь яг л дуусах үедээ мэдрэгддэг. Бас манайх, танайх буюу эерэг тал, дайсан хоёрын ялгаа нь мөн тийм эцэс төгсгөлдөө байдаг. Ийм жишээгээр бодоход сонирхолтой тэмцээн энэ удаагийн Аки башё байлаа гэж хэлэх гэсэн юм.

Тэмцээн эхлэхэд дөрвөн аваргын гурав нь барилдсангүй. Тэгээд бас түрүүлэх магадлалтай шинэхэн озеки Такиясү (Тэр Аки башё минийх гэж бодож байсан байх) дөрөв дэх өдрөөс гэмтлийн улмаас тэмцээнийг орхисон юм. Озеки Тэрүнофүжиг ч гайгүй барилдчих болов уу гэсэн горьдлого зарим үзэгчдэд байсан байх. Гэтэл тэр тэмцээний дундуур мөн л гэмтэлтэй гээд “яваад өглөө”. Ингэсээр хэн түрүүлэхийг хэлэхэд бэрх байлаа.

Харин тэмцээний 11 дэх өдөр гэхэд озеки Гоэйдо өрсөлдөгч нараасаа даруй гурван даваагаар илүү гарч түрүүлэхнээ энэ нөхөр гэсэн таамаг төрүүлсэн юм. Тэгсэн чинь мань нөхөр башёгийн 12, 13 дахь өдрийн барилдаанд дараалан унаж түрүүлэх боломжоо алдчихав. Даангүй 13 дахь өдөр залуу бөх Такакешид хүч бяр дутаж биш урьд өдөр нь унасан шок нь арилaагүйгээс өөрөө өөрийгөө унагаачих шиг болсон доо.

Ингээд сүүлчийн өдөр Харүмафүжи аварга, озеки Гоэйдо хоёр шийдвэрлэх барилдаан хийсэн. Гоэйдо уналаа. Тэр хоёр адил даваатай болсон учир нэмэлт барилдаан хийсэн. Мөн Гоэйдо дахиад уналаа. Ингэснээр сумогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж ес дэх түрүүгээ авч эзэн хааны цом тэврэв.
Аварга хэдийгээр башёгийн дунд үед бараг дараалаад гурав уначихсан байсан ч монгол хүний уужуу ухаанаар шантарсангүй барилдсаар түрүүлсэн юм.
Харүмафүжиг сэтгэлзүйн давуу тал нь ялалт даллаж түрүүлэх боломжийг олоход нь дөхөм боллоо. Аварга барилдах бүрдээ тайван байж чадлаа гэж Майноүми тайлбартаа хэлж байв. Бас аваргуудаа төлөөлж барилдаж байгаа болохоор түрүүлэхгүй бол болохгүй дээ гэсэн бодол ч түүнд байсан байх аа.

Аварга, арслан хоёрыг барилдах үед үзэгчид хоёр хуваагдан хөгжөөн дэмжиж байсан нь япончуудын нэг сайхан чанар харагдсан гэж болно. Үүнтэй зэрэгцээд монгол үндэсний бөхөд хэн нэг гадны бөх яаж хачин зан гаргах бол гэсэн бодол төрж байлаа. Энэ башёд дөнгөж хорь гарч яваа хоёр залуу сумоч Оношо, Такакеши нар тун сайхан барилдаж арав, есөн даваатай башёг дуусгав. Mөн Чиёокүни, кантошо шагналын эзэн болсон Дайшемарү, монгол сумоч Араваши гээд удахгүй “цахиур хагалж” мэдэх бөх тодорч харагдлаа.

Ичиножёо санаснаас гайгүй барилдаж 50 хувиа хийсэн бол комүсүби Тамаваши долоон даваатайгаар цол буурах болов. Таканоивагийн хувьд наймаас илүү давчих боломж байсан. Чадсангүй. Чиёошома ес давлаа.

Хэдийгээр барилдаан дундаа буюу найм дахь өдрийн дараа нэг ч бөх тавин хувиа хийгээгүй байсан бол тэмцээний төгсгөлд харьцангуй олон сумоч чансаа ахихаар болсон юм. Митаканоүми, Ёшиказе нар секиваке цолоо хамгаалсан бол комүсүби Точиазан цолгүй болох нөхцөлөө хангачхав. Харин шантаршгүй бөх хэмээн нэрлэгдэж озеки цолноос магиширагийн зиндаанд очсон Котоошогикү 10 давж саняку цолтны эгнээнд буцаж орохоор амжилт үзүүллээ.

Ер нь башё бүхэн л нэг онцлогтой болдог. Энэ удаагийн Аки башё ч ярих, дурсах барилдаанууд олонтой, сумочдын хувьд өгөө, аваатай л болж өндөрлөв дөө.

Холбоотой мэдээ

Д.Дагвадорж циркийн амьтадыг буудан хөнөөсөн үү?

Цирк үзсэн хүүхдүүд заавал тойрдог байв. Учир юу гэвээс циркийн амьтад юу идэж байгааг, яаж амьдрах

2021-10-24

50.000, 100.000-ын дэвсгэрт инфляци, мөнгөний ханшид нөлөөлөхгүй

Монголбанкнаас 50 000-ын дэвсгэрт гаргах талаар судалгаа хийж буй талаар бид мэдээлж байсан. Том дэв

2021-10-22

Хэнтий аймагт эхнэр, хүүхдээ гэртэй нь шатаахыг завджээ

Эхнэр, хүүхдээ унтаж байх хойгуур санаатайгаар гал тавьж, амь насыг нь хохироохыг завдсан хэрэг Хэнт

2021-10-22

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...