Хайртай залуугаа ордоор нь шинжье 2

2017-09-27 Нийгэм 0

Үхрийн ордны үнэнч, төгс эрд дурласан бол

Үнэнч шударга, тууштай үхрийн ордны эрд хайртай болсон бол танд юуны өмнө баяр хүргэе. Энэ ордны эрчүүд нэгэнт сонгосон эмэгтэйнхээ төлөө л амьдардаг. Ингэхдээ та түүнийг хайрласан бол тэр таныг таны өгсөн хайраас хэдэн арав дахин илүүтэйгээр хайрлах болно.

Энэ ордны эрчүүд хайр сэтгэлдээ бүхнийг зориулдаг. Магадгүй эхэндээ түүний энэхүү чин сэтгэл, насан туршийн хайраа танд л зориулъя гэсэн бодол нь худлаа мэт санагдах нь элбэг. Гэвч бүсгүй минь үхрийн ордны үнэнч эр танд хайраа өгсөн л бол тэр сонголтоосоо буцахгүй. Тийм болохоор түүнд итгэх хэрэгтэй. Насан туршдаа намайг л гэх юм чинь гээд түүний энэ хичээнгүй сэтгэл рүү ус цацсан үйлдэл бүү хийгээрэй. Түүнийг хуурч мэхлэхийг тэр хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Та түүнийг дорд үзэж, хайрыг нь салхинд хийсгэвэл тэр танд “Баяртай” гэж хэлнэ.

Үхрийн ордны эрчүүдийн хайр сэтгэл байгалийн өнгө төрхөө өөртөө шингээсэн байдаг. Тийм ч учраас маш мэдрэмжтэй, бас хөөрүү догдлуу шинжүүд ч бий. Тэрээр таныг болзоонд урих бол төгс үдшийг сэдсэн байж таарна. Ингэхдээ сайн хоол, сайн дарс, цаг үеэ олсон романтик хөгжим, болор хундага, тансаг ширээний хэрэгсэлгүйгээр түүний болзоог төсөөлшгүй. Ийм болзоог зохиосноороо тэрээр бахархах бөгөөд таны сэтгэлийг татаж чадаж байгаадаа илүү итгэлтэй байх болно. Мэдээж, ийм төгс болзоо нь уран зургийн үзэсгэлэн үзэж алхснаас хавьгүй өгөөжтэй, дурсамжтай байх болно.

Үхрийн ордны эрчүүд гэргий болох хүнээ төгс гоо үзэсгэлэнтэй байгаасай гэж тэр бүр хүсдэггүй. Харин гэрийн сайн эзэгтэй байхыг тэр шаарддаг. Та түүний энэ хүслийг биелүүлж гэртээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, гэрийн сайн эзэгтэй байж чадвал түүний зүрх сэтгэлийг урт удаан хугацаанд эзэмдсэн хэвээрээ байх болно.

Дээрх олон зүйлээс гадна үхрийн ордны эрчүүд эмэгтэй хүнийг илүү эмэгтэйлэг, зөөлөн, мэдрэмжтэй байгаасай гэж хүсдэг. Өөрөөр хэлбэл, түүний нүдэнд эмэгтэй шинжээ илүү товойлгосон, намбалаг, үнэнч, сайн гэрийн эзэгтэй болох тийм л нэгэн нь хайр сэтгэлийнх нь түлхүүрийг атгаж харагддаг. Учир нь түүний байгалийн шинж чанар нь эмэгтэй хүнээс эрхэмсэг, зөөлөн бүхнийг хүсдэг.

Эцэст нь хэлэхэд, үхрийн ордны эрчүүд бол бусад ордны эрчүүдийн хамгийн шилдэг хамтрагч байж чаддаг. Тэр үнэнч, гэр бүлдээ бүхнээ зориулдаг, байгалийн дүр төрхөөрөө бүхэнд хайртай. Тийм болохоор ийм эр танд дурласан бол бүү алдаарай.

Аз туршихаас айдаггүй ихрийн ордны эр

Ихрийн ордны эрчүүд адал явдалд дуртай, аз сорихоос буцдаггүй, жавхаалаг. Энэ чанар нь таныг түүнтэй эхлүүлсэн эхний хэдэн болзооноос л танигдана. Тэр олон талын авьяастай, олон зүйлд өөрийгөө сорих дуртай. Нэг газраа удаан тогтохгүй. Үргэлж шинийг эрэлхийлнэ. Тиймээс та ихрийн ордны эрийн сэтгэлийг эзэмдэхийг хүсч буй бол ерөнхий мэдлэгээ сэргээх хэрэгтэй. Ихрийн ордны эр яриа дэлгэсэн бол тэр нь дэмий чалчиж буй хэрэг огт биш.

Тэрээр яриагаараа дамжуулан хүмүүс болоод улс орнуудын талаар ихийг мэдэхийг чармайх болно. Тиймээс дотны хүмүүстэйгээ туршлагаа солилцох, шинэ мэдлэг, мэдээлэл олж авахад түүний яриа чиглэдэг. Гэвч зөвхөн сайн сонсогч байснаар ихрийн ордны хайртай хүн болчихгүй. Харилцан ярианд түүний эхлүүлсэн сэдвийг түүнээс дутахааргүй мэддэг нэгэн гэдгээ илэрхийлж ойлгуулах, шинэ мэдлэг мэдээллээр тархиа цэнэглэсэн гэдгээ мэдрүүл.
Энэ ордны эр зугаа цэнгэл, хөгжил баясал, дуу хөгжим гээд ер нь олон талын зүйлсэд дуртай. Энэ ордны эр таныг өнөөдөр нь гудамжны бүжгийн үдэшлэгт урьсан бол маргааш нь сонгодог хөгжмийн концертод дагуулж явах нь хэвийн үзэгдэл.

Уян зөөлөн мэлхийн ордны эр

Мэлхийн ордны эртэй болзож буй бүсгүй сэтгэл догдлуулсан харилцааг мэдэрдэг. Энэ ордны эрчүүд зөн билэгтэй. Тэд бусад хүмүүс болоод орчин тойрон нь өөрөөс нь юу хүсч, хүлээж буйг мэдрэхдээ амархан. Түүний орд сарны нөлөөнд байдаг учраас эмэгтэйлэг эрчим хүч нь хааяа мэдрэгддэг. Таныг хэцүүхэн үетэй тулгарахад тэр танд дэмжлэг хэрэгтэйг зөнгөөрөө мэдэрнэ. Эсвэл түүнд гараа гаргаж тансаг оройн хоол бэлдэж өгөхөд түүний нүдэнд баярын гэрэл гялалзаж, баярлаж догдолсондоо нулимс унагаж ч мэдэх юм шүү.

Түүнтэй хайр сэтгэлийн холбоотой болсон бол та хэлэх үгээ бодоорой. Амнаасаа үг унагаахаас өмнө түүнийг гомдоож мэдэх зүйл байх эсэхийг нягталж байх хэрэгтэй. Энэ ордны эрчүүд шүүмжлэлд эмзэг ханддаг бөгөөд сэтгэлийг нь зовоосон, шаналгасан зүйл гарч ирвэл ганцаараа байхыг илүүд үздэг. Тэрээр бусад эрчүүдийг бодвол илүү хартай, эмзэг. Тиймээс түүнд хүчтэй сэтгэл зүй хэрэгтэй бөгөөд та түүний хайртын хувьд үргэлж дэмжиж, сэтгэлийг нь засахыг хичээж байгаарай.
Энэ ордныхон маш хариуцлагатай, хариуцсан зүйлдээ эзэн байхыг хичээдэг нь амьдрал дээр нь ч илэрдэг. Тиймээс хэрэв та мэлхийн ордны хайрт залуугаа гэр бүлтэйгээ танилцуулахаар шийдсэн бол тэр маш хариуцлагатайгаар хүндэтгэлтэйгээр танай гэр бүлтэй танилцана гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Тэд гэр бүлдээ цаг заваа зориулах дуртай эрчүүд. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд яарч, ажлаа ч хурдан амжуулна. Тэрээр гэр бүл, үр хүүхэд, хань ижлээрээ бахархана.

Төгс төгөлдрийн хайгуулч охины ордны эр

Охины ордны эрчүүд төгс төгөлдөрт тэмүүлдэг хүмүүс. Тиймээс ч тэрээр зүрх сэтгэлээ ч төгс төгөлдөр байлгахыг хичээдэг. Тиймээс түүний хайр сэтгэлийн шалгуур ч өндөр байдаг. Ийм учраас түүний сонголт нь ч энэ тал руу хэлбийдэг. Та энэ ордны залуутай болзож байгаа бол түүнийг гэрийн даалгавраа хийсэн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Өөрөөр хэлбэл, тэр болзоогоо хамгийн сайн ресторанд, хамгийн сайхан үйлчилгээгээр эхлүүлж, сайн дарсаар илэрхийлэх болно.

Төгс төгөлдөрт тэмүүлдэг тэрээр танаас ч бас төгс төгөлдрийг л хайх болно. Таны төрсөн өдрийг хамгийн сайхнаар тэмдэглэх төлөвлөгөөг тэр л зохиож чадна. Тэр таныг аз жаргалтай байлгахын тулд юу хэрэгтэйг мэднэ. Тэр бүхнийгээ ч зохион байгуулахдаа гаргууд. Ийм харилцааг бий болгож буй охины ордны найз залуутай болсон бол та азтай юм. Харин хөнгөмсөг зан гаргаж түүнийг хуурах, худлаа хэлэхийг тэвчээрэй.

Энэ ордны эрчүүд юмыг байгаагаар нь хүлээж авч чаддаг цорын ганц хүмүүс. Танд гайхамшигтай шүлэг зохиож таныг уярааж чадахгүй ч танд юу хэрэгтэйг бүхнээс илүү мэднэ. Охины ордны эрийг өөртөө дурлуулахыг та хүсч буй бол өөртөө анхаараарай. Гадаад үзэмж, сэтгэл санаа гээд бүх л зүйлээ өөгүй байлгах хэрэгтэй. Яагаад гэвэл тэд маш сайн ажиглагч, бас төгс төгөлдрийн хайгуулч. Түүний хайрт бүх талаараа төгс байх ёстой. Гэрийн сайн эзэгтэй, гоо үзэсгэлэнтэй ээж гээд тэрээр эмэгтэй хүнийг хамгийн сайхан нь байгаасай гэж хүсдэг. Өөрөө ч гэртээ хамгийн сайн аав, сайн хань нь байхыг чармайдаг.

Арслангийн ордны хаанчлагч эр

Арслангийн ордны эрчүүд бүхний анхаарлын төвд байхыг хүсдэг. Тэрээр хаана ч манлайлагч нь байхыг бас эрмэлздэг. Хэрэв та энэ ордны эрд дурласан бол асар их гэрлийн дор амьдрахдаа бэлтгээрэй. Яагаад гэвэл тэр хүссэн ч хүсээгүй ч хүмүүсийн анхаарлын төвд байдаг. Түүний хаанчлал эмэгтэйчүүдийг өөртөө татаж байдаг. Энэ ордны эрчүүд халуухан хүмүүс. Тэрээр хайр сэтгэлдээ материаллаг байдлыг ч ас эрхэмлэдэг.

Түүний удирдан зохион байгуулах авьяас, хөгжилтэй зан нь хаана ч явсан олны анхаарал өртүүлдэг. Бас түүний өмчирхүү занг энд дурдахгүй байж болохгүй. Тэр таныг өөр хэн нэгний хувцсыг өмсөөд явж байхыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг тэрээр өөртөө доромжлол хэмээн хүлээн авдаг. Бас түүний уян хатан бус зан занар нь танд нэг бус удаа цухалдахаас аргагүй байдал үүсгэж мэдэх юм.

Түүнийг захирагч арслангийн ордны нөлөөгөөр тэрээр болзоогоо ч хааных шиг байлгахыг хүснэ. Та хоёрын болзоо үнэт эдлэлийн дэлгүүр, алдарт зураачдын галерей, далайн зоогны ресторан мэтээр үргэлжилж болох юм.
Арслангийн ордны эрчүүд олон зүйлд хүчээ сорих дуртай. Гэхдээ үр дүн багатай олон зүйлсээс илүүтэй томоохон хэмжээний хэд хэдэн төсөл барьж авах нь элбэг. Энэ бол түүнд заяагдсан байгалийн манлайлах чадварынх нь илрэл юм.

Тэрээр гэрээ хамгийн тохилог, сонгодог хэлбэрээр тохижуулахыг илүүд үзнэ. Өөрөө ч бүтээлч шинж чанартай учраас таныг ч бас идэвхтэй, бүтээлч байгаасай гэж хүсэх болно. Бүтээлч байна гээд тэрээр гэрийн ойр зуурын ажилд гараа хөдөлгөхгүй. Гэрт томоохон үдэшлэг тохиосны дараа аяга таваг угаахад тэр танд тусална гэж бодвол эндүүрэл. Тэр шаардлагатай, том зүйлд л санаа тавих болно.
Арслангийн ордны эртэй хайр сэтгэлийн холбоотой болсон бол та түүнийг хуурч мэхлэх, түүнээс урвахаас үргэлж зайлсхийгээрэй.
Яагаад гэвэл тэр таныг өөрийг нь хуурсныг мэдэх л юм бол бүхнийг дуусгахыг хүснэ.
Энэ ордны эрчүүд эмэгтэйчүүдийг гоёмсог бас өнгөлөг байгаасай гэж хүсдэг. Нарны ивээлд байдаг учраас энэ ордныхон танаас ч бас нар шиг өнгөлөг сайхныг хүлээнэ гэдгийг битгий мартаарай.

Жинлүүрийн ордны дур булаам эр

Жинлүүрийн ордны эрчүүд гоо сайхан, эв нэгдэл, нийтэч байдалд дурладаг. Энэ ордны эрчүүдийн хувьд хайр сэтгэл нь тэнцвэртэй, бас гоо үзэсгэлэнтэй байх ёстой. Тэрээр Венус гаригийн нөлөөнд амьдардаг учраас дур булаам, уян зөөлөн, тачаангуй байдаг. Хэрэв та жинлүүрийн ордны эрийн хайр сэтгэлийг булаахыг хүсч буй бол танд өөрийгөө танилцуулах, тантай дотносох сэдэл үүстэл нь хүлээ.

Бас хэтэрхий их чимэг зүүлтээр гангарч, хэт задгай хувцаслаж, түүнийг өөртөө татахын тулд яахаас ч буцахгүй мэт аашлавал түүнийг үргээхээс өөр ид шидгүй. Жинлүүрийн ордны эрчүүд соёлтой, ёс суртахуунтай, бас гоо үзэсгэлэнд дуртай. Гэхдээ байгалийн төрхөө хадгалсан, энгийн хэр нь эрхэмсэг сайханд тэд дурладаг. Тиймээс түүнтэй болзох гэж буй бол та цэвэрхэн хэр нь эмэгтэйлэг загварыг сонгож, классик өнгө, гоёмсог стилийг өөртөө шингээгээрэй.

Яагаад гэвэл жинлүүрийн ордныхон нийгмийн байр сууриа ихэд үнэлдэг. Тэд өөдрөг үзэлтэй, нөхөрсөг, бас бусдад туслахдаа хэзээд бэлхэн байдаг. Энэ ордны эрчүүд сайн сайхны талаар ярихдаа үргэлж дуртай бөгөөд бусдыг ая тухтай байлгахад үргэлж анхаарч суудаг. Та магадгүй жинлүүрийн ордны хайрттайгаа үдэшлэгт уригдахад түүнийг гайхаж биширсэн, хүндэлсэн олон сайхан найз нөхөдтэй нь таарах болно. Түүний энэхүү давуу тал нь таны найз нөхөд болоод гэр бүлд өөрийгөө танилцуулахад нь ч маш том дэмжлэг болно.

Жинлүүрийн ордны эртэй хайр сэтгэлийн холбоотой болсон бүсгүй өөрийгөө яг л гүнж шиг мэдрэх болно. Яагаад гэвэл тэр бүсгүйнхээ төлөө бүхнийг хийж, түүнийг ая тухтай байлгахын төлөө төрсөн шүү дээ.

Тэнцвэртэй байдлыг эрхэмлэдэг энэ ордны эрчүүд ил тод, шударга байдалд дуртай. Тиймээс та түүний хайрыг татахыг хүсч байгаа бол түүнд хэзээ ч шударга бусаар хандахгүй, бас түүнийг хуурахгүй гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал тэр танд итгэх болно. Жинлүүрийн ордны эртэй хайр сэтгэлийн холбоотой байна гэдэг өөрөө ер бусын юм. Түүнтэй өнгөрөөсөн эхний хэдхэн болзоонд л та түүнийг хэчнээн дур булаам, хурц ухаантай гэдгийг нь мэдрэх болно.

Холбоотой мэдээ

Төв талбай дээрх жагсагчид дундаас COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрлээ

Д.Сүхбаатарын талбайд жагсаж байгаа иргэдээс коронавирус илрүүлэх шинжилгээ авахад нэг сэжигтэй тохи

2021-01-25

Хөвсгөл аймгийн Мөрөн сум дахь Өрхийн эрүүл мэндийн төвийн хоёр эмч зуурдаар таалал төгсжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сум дахь "Далайн Элбэрэл" өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Тойвын Агваанжамб

2021-01-25

Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч БНХАУ-ын 503 иргэнийг нутаг буцаажээ

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас эх орондоо буцах боломжгүй байсан

2021-01-25

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...