З.НАРАНБААТАР: ШАЛГАЛТ ӨГСӨН ЭМЧ НАРЫН 60 ХУВЬ НЬ ТЭНЦЭЭГҮЙ

2017-10-02 Нийгэм 0

Энэ хичээлийн жилд үндсэн мэргэжлийн буюу резидентийн сургалтад элсэхээр шалгалт өгсөн эмч нарын ихэнх нь тэнцээгүй аж. Улмаар дахин шалгалт явуулж магадгүй нөхцөл байдал үүссэн талаарх мэдээлэл манай сонинд ирсэн юм. Энэ дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төөийн Эрүүл мэндийн ажилтны хөгжлийн албаны дарга З.Наранбаатараас тодрууллаа.

-Үндсэн мэргэжлийн буюу резидентийн сургалтад эмч нарын ихэнх нь элсэлтийн шалгалтдаа унасан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулах гэсэн юм. Үнэхээр ихэнх нь тэнцээгүй хэрэг үү?

-Манай Эрүүл мэндийн ажилтны хөгжлийн алба төгсөлтийн дараах үндсэн мэргэжлийн болон төрөлжсөн, дээшлүүлэх сургалтыг хариуцдаг. Оны эхэнд ямар чиглэлийн сургалтад хэчнээн элсэгч сургах вэ гэдгийг тодорхой тусгасан тушаал гардаг. Үүнээс өмнө бэлтгэл ажлын хүрээнд цусны төв, нэгдүгээр эмнэлэг гэх мэт сургалт эрхлэх байгууллагаас хэдэн хүн сургах боломжтой ю гэсэн тоог нь авна. Мөн иргэдэд хүрч үйлчилдэг хөдөө орон нутаг, бүх дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас хэчнээн эмч хэрэгтэй вэ гэсэн тоог нь авдаг.

Ингээд сургалт эрхлэх баййгууллага болон захиалагч байгууллагынхаа өгсөн тоог хооронд нь уялдуулж, тушаалыг нь бэлдэж, яамандаа танилцуулан баталгаажуулдаг. Тэгэхээр энэ жил хэдэн мэргэжлээр хэчнээн хүн сурах нь захиалагч болон сургалт эрхлэх байгууллагаас гаргасан тоонд уялдуулан жилийн өмнө тодорхой болсон байдаг гэсэн үг.

Харин хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор тушаалын хэрэгжилтийг хангах үүднээс элсэлтийнх нь шалгалтыг манайх зохион байгуулсан байгаа. Шалгалтыг хувь хүмүүс ч өгч болох учир нийтэд зарласан. Элсэлтийн шалгалтын бүртгэлийг есдүгээр сарын 4-14-ний хооронд явуулж, шалгалтаа мөн сарын 23-нд зохион байгуулсан. Харамсалтай нь, энэ удаагийн шалгалтын дүн доогуур гарсан нь үнэн. Элсэгчид 70 оноо авч тэнцэх ёстой. Гэвч 40 хувь нь тэнцсэн үзүүлэлттэй гарсан. Үүний улмаас сургалтад хамруулахаар заасан тоонд тэнцсэн элсэгчдийн тоо хүрэхгүй болчихлоо.

Яах вэ, хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн байх. Нэгдүгээрт хувь хүмүүс шалгалтдаа хангалтгүй бэлтгэжээ. Хоёрдугаарт, эмч ажилчдаа шалгалтад бэлдүүлэх нөхцлийг байгууллага нь хангаж өгөх шаардлагатай юм байна. Манайхаас ч ийм чиглэлээр сорил ирнэ, ийм чиглэлээр шалгалтдаа бэлтгээрэй гэсэн мэдээллийг урьдчилсан байдлаар өгөх шаардлагатай нь ажиглагдлаа. Зохион байгуулалтад дараа дараагийн удаа засч сайжруулах зүйл их байна.

-Шалгалт өгсөн элсэгчдийн 60 хувь нь шалгалтдаа тэнцээгүй. Энэ хичээлийн жилд резидентийн сургалтад хамрагдах ёстой элсэгчдийн тоонд хүрэхгүй байгаа юм байна. Тэгэхээр цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Резидент буюу үндсэн мэргэжлийн 26 чиглэлийн сургалт бий. Одоогоор сургалтын чиглэлүүдийн тоог гаргаж, чиглэл тус бүрт хэдэн хүн, хэн хэн тэнцсэн бэ гэдгийг гаргана. Мөн байгууллагын болон хувийн зардлаар хэн тэнцсэн бэ гэдгийг тус тусад нь гаргах юм. Ерөнхийдөө элсэлтийн шалгалтыг 800 гаруй хүн өгсөн. Аль болох шударга, төөрөгдөл үүсгэхгүй байх үүднээс урьдчилсан байдлаар оноог зарласан байгаа. Бүх үйл ажиллагаа шударга, ил тод байх учраас санаа зовох шаардлагагүй.

Харин гагцхүү сургалт эрхлэх байгууллагаас өгсөн тоонд тэнцсэн элсэгчдийн тоо хүрэхгүй байгаа асуудлыг л шийдэх шаардлага тулгарч байна. Бүх тоо баримт, асуудлаа салбар яаманд танилцуулсныхаа дараа удирдлага, яамтайгаа ярилцаж шийдвэрлэнэ. Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Эхний ээлжинд ямар нэг зохицуулалт хийх шаардлагагүй мэргэжлийн чиглэлийн бүртгэлийг хуваарь гаргаж эхлүүлнэ.

-Бүртгэлийг ямар байдлаар явуулах вэ?

-Мэргэжлийнх нь чиглэлээр ялгаж, бүрдүүлэх материалынх нь жагсаалтыг бичиж хуваарь гаргана. Зараа өнөөдрөөс /2017.09.28/ тавьж, хуваарийн дагуу бүртгэл эхэлнэ. Олон хүн байгаа учраас нэг дор зохион байгуулах боломжгүй.

-Шалгалтдаа тэнцээгүй элсэгчдээс дахин шалгалт авч магадгүй гэж ярьж байна билээ. Та үүнд тайлбар өгнө үү?

-Шийдэл ямар ч байж болно. Яамнаас бидэнд ямар чиглэл өгнө, тэр дагуу дараагийн арга хэмжээг зохион байгуулна. Дахин шалгалт бол шийдлүүдийн нэг хэлбэр байж болох юм. Гэхдээ заавал дахин шалгалт явуулна гэсэн зүйл байхгүй. Янз бүрийн л шийдэл яригдаж байгаа. Тэр дундаас бүгдэд ойлгомжтой, шударга байдлаар салбар яам, холбогдох удирддагын төвшинд нэгдсэн шийдлээ гаргаад асуудлаа шийдвэрлэнэ.

-Шалгалтдаа тэнцсэн элсэгчид юу анхаарах хэрэгтэй вэ. Шалгалт өгсөн чиглэлээрээ суралцах эрхтэй болсон гэж ойлгож болох уу?

-Шалгаруулалт нь дуусаагүй байгаа. Сая элсэлтийн шалгалтаа л авсан. Энэ шалгалтыг өгсөн бол тэнцлээ гэсэн үг биш. Сургалтад бүртгүүлэхийн тулд бүрдүүлэх материалын жагсаалтыг бид гаргаад цахим хуудастаа байршуулчихсан байгаа. Тэдгээр материалуудыг элсэгч бүрэн бүрдүүлсэн эсэхийг шалгана. Улмаар бүх шалгуурыг хангасан тохиолдолд сургалт эрхлэх байгууллага руу суралцагчийг илгээх тушаал төлөвлөгдөх юм. Тэгэхээр элсэгчдийг материалаа сайтар бэлтгээрэй гэдгийг захих байна. Шалгалтдаа тэнцсэн, бүрдүүлсэн материал нь шалгуур хангасан тохиолдолд тухайн элсэгчийн сурах эрх нь нээгдэнэ.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Холбоотой мэдээ

Эрээний боомт хаагдаж, эдийн засаг элгээрээ хэвтлээ

Улсын хэмжээнд байнгын ажиллагаатай нийт 24 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 нь л ажиллаж байгаа

2021-10-19

Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд за

2021-10-19

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...