Японы прокурор 70 настай цуврал алуурчин эмэгтэйд цаазын ял төлөвлөжээ

2017-10-12 Нийгэм 0

Прокурорууд Японы “хар бэлэвсэн эхнэр” гэгддэг, 70 настай цуврал алуурчин эмэгтэйд цаазын ял оноох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Тэрээр 2007­-2013 оны хооронд нөхөр болон хамтран амьдрагч хоёр эрэгтэйн амийг хөнөөж, танилцсан нэг эрийг алахыг завдсан юм.

Чисако Какехи гэгч энэ эмэгтэйн үйлдсэн хэргийг прокурор “жигшмээр, ховор тохиолддог” гэмт хэрэг гэж тодорхойлжээ.

Эмэгтэй нь дотно харилцаатай эрчүүдийнхээ хөрөнгийг өвлөж авахын тулд цианид уулгаж хорлодог байсан гэнэ. Какехигийн хэрэг Япончуудын анхаарлын төвд орж, түүнийг хээлтүүлгийн дараа эрэгчнээ алдаг нэгэн төрлийн аалзтай зүйрлэсэн яриа хүртэл гарч байжээ.

Түүний ялыг Киотогийн тойргийн шүүх арваннэгдүгээр сарын 7-нд зарлах гэнэ. Прокурорууд түүнийг сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг үйлдэхдээ хэвийн ухаантай байсан гэж дүгнэжээ. Харин Какехи өөрийгөө буруугүйд тооцож байгаа юм. Мөн өмгөөлөгч нь түүнийг сэтгэцийн өвчтэй тул хэрэг хүлээх чадваргүй гэж мэдэгдэж байжээ.

Прокурорын олж тогтоосноор Какехи 2007-2013 оны хооронд өөрийн нөхөр 75 настай Исао, хамтран амьдарч байсан 71 настай Масанори Хонда, 75 настай Минору Хиоки нарт цианид уулган алж, танилцаад удаагүй байсан 79 настай Тошиаки Суэхирод мөн цианид өгөх гэж оролдсон гэнэ.

Какехиг 2014 оны арваннэгдүгээр сард анх нөхөр Исаогийнх нь үхлийн хэрэгт сэжиглэн баривчилжээ. Удалгүй тэр өөр хоёр хүний үхэлтэй холбоотой нь батлагдсан байна.

Фүкүока мужийн уугуул Какехи 24 насандаа анх гэрлэж, нөхөртэйгээ хамт Осакад нэхмэлийн үйлдвэр байгуулж байжээ. Гэвч анхны нөхөр нь 1994 онд нас барсны дараа үйлдвэр нь дампуурч, өрөнд орсон байна. Мөнгөгүй болсон Какехи танилцах үйлчилгээнд бүртгүүлж, жилд 10 сая иенээс дээш орлоготой эрчүүдийг хайж эхэлсэн гэнэ.

Үүнийхээ үр дүнд тэр 10 гаруй эрчүүдтэй харилцаа тогтоож, тэднээс нийтдээ 1 тэрбум иен ($8.8 сая) өвлөж авсан байна. Гэвч энэ мөнгөө өсгөхөөр хөрөнгийн бирж дээр арилжаа хийж байгаад алдсан тул алуурчны замд орсон түүхтэй ажээ.

Эх сурвалж: Kyodo News

Холбоотой мэдээ

Хөл хориог урт хугацаанд биш богино, олон дахин тогтоох нь үр дүнтэй

Судлаачдын бүлгээс цар тахлын үед хөл хориог ямар хугацаанд тогтоох нь тархалтыг бууруулахад илүү үр

2021-01-15

2021 он коронавирусийн халдварын тархалт ихтэй, хүнд үе байхыг ДЭМБ-аас анхааруулжээ

Мутацид орсон шинэ хувилбарыг Норвегийн эрдэмтэд судалжээ. Тус судалгааны үр дүнг ЭМЯ-ны ахлах шинжэ

2021-01-15

Монгол эрдэмтдийн бүтээсэн коронавирусын оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авчээ

Монголын эрдэмтэд шинэ төрлийн коронавируст халдвар авсан хүнд вирусний эсрэг биет үүсэж дархлаа тог

2021-01-15

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...