Хуурнин шуугигчид

2017-10-17 Нийтлэл 0

 

Бидэнд шинэ сэдэв гарч ирлээ. Шуугилдаж гарав. Таван настай охиныг хойт эцэг нь хүчиндчихэж гэнэ. Нийгмийн сүлжээнд хаягтай болгон нэр нүүрээ нуусан, нуугаагүй байр сууриа илэрхийлжээ. Бидний дийлэнх хойт эцгийг, ер нь хүүхэд хүчиндэгчийг, нэг мөр бүх хүчирхийлэгчийг цаазлан хороохыг шаардаж байна. Цаазлах ч багадна гэж үзсэн зарим хүний бодож олсон шийтгэлийг төсөөлөөд өөрийг нь ч бас цаазлагдах хүмүүсийн жагсаалтад оруулмаар санагдав. Ингээд цаазлах ялын сэдэв биеэ даалаа. Үүнийг хуурниулан шуугиулсан субьект нь “Цаазгүй Монгол Улс”-ын Ерөнхийлөгч Х.Баттулга. Түүнийг эсэргүүцэгчид ч хар зөнгөөрөө хуурнин шуугилдлаа. Энэ фронтын авангардаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн кампанийг хошуучилсан Ц.Оюунгэрэл тодров. Ихэд боловсорсон зарим иргэн цус үзэх гэж улангассан олонхоо “Шударга ёс нэхэж байна” хэмээн хуурниулан шуугиулахаа мартсангүй. Харин өнөөдөр “хүчирхийллийг эсэргүүцэгчид” Сүхийн талбайд ямар нэг цаазын хэрэгсэлгүй хуурнин шуугилдацгаах сураг бий. Ардчилсан Монгол Улсын иргэд эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлж хуурнин шуугилдах эрхтэй юм хойно түүгээрээ болох биз.

Ерөөс цаазын ялыг Эрүүгийн хуульд эргүүлж оруулснаар жигшүүрт гэмт хэрэг зогсох уу, ядаж буурах уу? Хуурнин шуугилдахаасаа өмнө бодох асуулт энэ. Ялангуяа гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг бага насны хүүхдийн хүчирхийлэл. Энэ хэргийн хохирогч, сэжигтэн хоёул нэг гэр бүлд, байг гэхэд нэг ураг төрөлд багтдаг. Тиймээс барагтаа “илэрдэггүй”. Илэрсэн ч мөрдөн байцаах шатанд “гомдолгүй” болж хувирдаг. Хохирогч насанд хүрсэн, хэрэгтэн харь элгийн хүн байлаа ч “гомдолгүй” болоод явчих тохиолдол маш элбэг. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль хэрэгждэг эсэх нь мэдэгдэхгүй; гэрч, хохирогчийг хамгаалах байсан Тахрын албыг татан буулгачихсан нөхцөлд ийм хэргийн хохирогч ил гарахыг тэрийн болгон хүсэхгүй.

Хуулиараа шийдэгддэг юмаа гэхэд гэр бүлийн хүрээний хэрэг учраас нэг нь хохирогч, нөгөө нь ялтан болж шувтарна. Хэн хэнийх нь ирээдүй болоод нэр төрд сэв сууна. Чухам ийм ацан шалаан дээрээс олон хэрэг гэр бүл дотроо дарагдаж үлддэг. Хохирогч юм ойлгох насанд хүрсэн байх тусмаа гэр бүлийн зүгээс, тэр дундаа төрүүлсэн эх, өсгөсөн эмээ, хүмүүжүүлсэн эгчээс нь ирдэг дарамтыг тамтай зүйрлэхэд ч багадна. Бие, сэтгэлээрээ хохирчихоод учраа мэдэхгүй, нөмөр эрэн бүлтэлзэж суугаа нялх амьтны ясыг ээж, эмээ, эгчийнх нь уйлан хайлж ятгах үгс янгинуулж, турхин биеийг нь тэдний урсгах нулимс мөндөртэй азарган бороо шиг өршөөлгүй балбана. Хуурнин шуугигчдын чамлаж буй “хэдхэн” жилийн ялаас нэгнээ мултлах гэж хохирогчийн талынхан хохирогчийг нэрмэдэг ийм хохирлыг хэн ч тоохгүй. “Хэдхэн жил суугаад” амьд мэнд гараад ирэх хэрэгтнийг ингэж өмгөөлдөг ураг садангууд нь ийм төрлийн хэрэгт цаазын ял оноодог болчихвол хохирогч нарт яаж хандах бол? Тэд төсөөлөхөд ч бэрх зовлонд наждаа эдэлнэ. Нэг нь шороонд, нөгөө нь насаараа “хүний толгой залгисан” ялд давхар унана. Тэгэхээр энэ төрлийн жигшүүрт гэмт хэрэг цаашдаа илрэх болов уу? Үнэн худал нь ялгагдаагүй явдлаас цус нэхэж хуурнин шуугилдахаасаа өмнө эрүүл ухаанаар бодож үзэцгээе. Эрүүл ухааныг “Монгол ялсан” ч гэлээ өөрсөд дээрээ тусгаад нэгэнтээ эргэцүүлцгээе, хуурнин шуугилдагчид минь. Энэ удаа манай ерөнхийлөгч хурдан шаламгай хуурнин шуугиулсан шигээ ирэх дөрвөн жилд ажиллах болтугай хэмээх ерөөлөөр энэ хар бичвэрийг төгсгөх нь бэлгэдэл талаасаа зөв биз. Ум сайн амгалан болтугай!

Холбоотой мэдээ

Амьдрал дундах хийсвэрлэл AR гэж юу вэ?

Анх 1922 онд Лос Анжелес хотод анхны 3д кино нээлтээ хийж байлаа. Монголд нэлээн сүүлд орж ирсэн сан

2021-05-14

Хэрхэн НЭГ вирусийг ХОЁР янзаар шийдэв?

Коронавирус дэлхийд дэгдсэнээс хойш улс орон бүр өөр, өөрийн зарчмаар ард иргэдээ хамгаалах гэж орол

2021-05-14

Сошиал хуудсыг “зэвсэг”-ээ болгож ашиглах нь – LinkedIn

Ерөнхий тойм Дэлхийн хамгийн аварга, мэргэжлийн сошиал сүлжээ болдгийн хувьд LinkedIn-ийн гишүүди

2021-05-13

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль