Б.Лхагвасүрэн: Цаг нь ирвэл амьдрал гэдэг тийм ч хоргодоод байх зүйл биш

2017-10-18 Ярилцлага 0

 

Аравдугаар ангид байхдаа “Уянгын тойрог” номыг уншчихаад хүнээс ямар уянга гарч болдогийг гайхан биширч билээ. Урьд нь ном уншдаг байсан ч тэр жижигхэн яруу найргийн түүвэр намайг жинхэнэ “номын цагаан солиотон” болгосон билээ.

Автобусаар таван буудал явж сургуульдаа хүрдэг байлаа. Автобусанд ороод гайгүй шиг завсар зай олдвол өнөөх л “Уянгын тойрог”-оо харж явдаг байлаа. Номонд, үгийн шидэнд тийм их хүч чадал байдгийг мэдрүүлж өгсөн ачтан минь өдгөөгийн Ардын уран зохиолч, төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн гуай юм.

Ангиараа гайхан алмайрч уншдаг байлаа, тэр л номыг. Одоо УИХ-д сууж байгаа эрхэм гишүүн Ц.Дашдорж, яруу найрагч, багш Д.Бадамханд нар маань булаацалдан уншдаг байлаа. Төрсөн ахтайгаа хамт Цагаан сараар буурал найрагчтай золгож, Баасан эгчийн хийсэн хачин амттай буузыг идэж л явлаа.

Он жилүүд нисэн өнгөрсөн ч гэгээн сайхан дурсамжууд минь халуунаараа байна санж. Аав шиг минь дүнхийсэн ноён оргил Б.Лхагвасүрэн гуай Монголын оюун санааны ноён хөх оргилуудын нэгэн билээ. Буурал их гэзэг үсээ илбэсэн энэ цагийн суутантай амар мэндийн цэнхэр хадаг барин учралдан хөөрөлдсөн нь ийм бөлгөө.

 

-Урин хаврын найртай улирал дор таны сэтгэлд юу бодогддог вэ?

-Хаврын улирал надад аз жаргал мэдрүүлдэггүй юм. Хамгийн уймраа улирал. Сайхан зун болох нь мэдэгдэхгүй. Хэзээ түрүүчийн ногоо цухуйхыг мэдэхгүй хамгийн ааштай улирал. Сэтгэл хамгийн их урагддаг улирал шүү дээ.

Намар бол сэтгэл налайдаг улирал.

Намар бол сэтгэл налайдаг улирал. Одоо өнөөдөр хариад зурагт үзэхээр булхайтай хэдэн гишүүн харагдана, суваг солихоор энд, тэнд хэдэн хүний жагсаал харагдана. Эднийг харж байснаас түрүүчийн цэцэг дэлбээлэхийг харсан нь жаргал. Маргааш яах бол гэсэн л улирал байдаг юм даа.

-Намар цаг аргагүй л дурсамж цуглуулдаг. Таны хувьд өнгөрсөн намар ямар дурсамж үлдээсэн бол?

-Ер нь намар би их зав муутай байдаг. Жүжиг энэ тэр оролдоно. Бас телевизийн нэвтрүүлэг байна. Тэгээд үлдсэн цагт нь үр хүүхдүүдтэйгээ налайгаад л өнгөрөөдөг.

Хэдэн сайхан хүүхэд өсгөж тэд минь хүний дайтай л амьдарч явааг мэдэрч суух нь жаргал юм. Дээх нь жаахан өвдсөн. Өвдөж ядрахын цагт хүн улам ихийг боддог юм байна. Хэдийгээр би өвдөж зовсон ч намрын улирал гэдэг цаагуураа дэвсгэр нь зөөлөн юм даа. Хотын хүн буцаж яваа шувуудыг харах биш дээ. Дурсамж, дуртгатал л их болох юм . Өчигдөр инээгээд уулзаж байсан сайхан нөхөр минь өнөөдөр байхгүй болсон гашуун мэдээг сонсож л суулаа. Малгай хийсээд ойчих салхигүй тэр цагаар “Байж байгаад байхгүй болсон хүмүүсээ л их бодох юм” даа.

Улс Монгол орондоо гэхээсээ илүү үр хүүхэд, ач зээ нартаа үгүйлэгдэх орон зайг нь боддог доо би. Аливаа юм үнэтэй газраа л үнэтэй байдаг.Үр хүүхдүүдийн минь сэтгэлд орших миний орон зайг юугаар ч хэмжишгүй. Би эх орондоо үгүйлэгдэж явах юм сан гэж зүтгэсээр ирлээ. Хэзээ нэгэн цагт ертөнцийн хуулийг дагана. Тэр цагт Бавуугийн хүү байсан юм гэдгийг шүлэг зохиол минь л харуулах байх даа. Эх орон гэдэг “үгүйлэхийн, эс үгүйлэгдэхийн “ хуультай байдаг.

Эх орон гэдэг агуу том юм аа. Миний тухай сайнаар ч, муугаар ч дурсах эрх нь ард түмэнд минь бий.Олон жил жижигхэн дарга хийсэн. Гэхдээ энэ бол ард түмний минь буян юм. Газрын татах хүч намайг чангааж л байх шиг байна, хүн улам л жаахан болж байж дэлхийдээ уусдаг юм шиг байна.
Гэхдээ ах нь өдөр болгон амьд байх юм сан гэж, өглөө болгоны алтан нарыг харахсан гэж зүтгэж явна.Амьдралд хорогдож л явна. Харин яг цаг ирвэл амьдрал гэдэг тийм ч хорогдоод байх зүйл биш.Үхлийг хамгийн амар амгалан тосох ёстой гэж боддог.

-Одоо удахгүй оюутан залуусын сургууль төгсөх их ажил ундарна. Хүссэн ч эс хүссэн ч ууж иддэг цаг нь л даа?

-Сургууль төгссөн, амьдралын зах зухаас шүүрсэн гэсэн баяр баясгалан юм даа. Яах аргагүй дотроос нь огшоож өгдөг том баяр.Баяраа яаж эдлэх вэ гэдэг нь насанд хүрсэн хувь хүний асуудал юм даа. Бид залуу байж үзсэн. Уусан, идсэн. Одоо харж байхад харамсах нь бага юм.

Гэхдээ Монголын залуу насыг ямар нэгэн баяр тэмдэглээд “элийрч, балайрч” явахаа болиосой гэж боддог. Хайран сайхан үр хүүхэд минь. Баярлах зовох хоёртоо л ноён нуруугаа алдахгүй явбал хорвоод хүн болсоны чинь утга учир шүү дээ. Хүн гэдэг амьтан нэг нь баярлахад дагаад баясч байдаг.

Хашгирахад уул талын цуурай шиг адилхан л цуурайтаж байдаг. Бие биенийгээ дагаад дарвиж, хөөрцөглөж байна гэдэг хувь хүн өөрийгөө олоогүй байна л гэсэн үг. Өөрийгөө олно гэдэг энэ ертөнцөд хамгийн хэцүү. Зөв л баярла. Инээд баяр бахдалдаа хахаж цадсан өдрүүд урд минь байгаасай л гэж боддог юм даа.

-Урсаад өнгөрсөн он жилүүдийн өндөрлөгөөс эргээд дурсахад алдсан өдрүүд нь олон байж үү, оносон нь их үү?

-Алдаагүй хүн гэж байхгүй. Би ч алдаж л явсан. Цаг хугацааг бол харамсмаар их алдсан. Харин амьдралаа бол алдаагүй. Би 1962 онд анхныхаа шүлгийг хэвлүүлсэн хүн. Тэр үед гайхмаар авьяастай хүүхэд гарч ирлээ гээд шуугиж л байсан юм. Түүнээс хойш 20 жил номоо гаргаж чадаагүй. Үзэл суртлын хувьд болохгүй л гэдэг байсан.

Аргаа бараад “ Наран тэнгэр Ленин” гэдэг ном бичиж байлаа. Хуурч Жанцанчой гуай хуурдаж тэр шүлэг минь тэргүүн байранд орж байлаа.

Хүн гэдэг амьтан нэг нь баярлахад дагаад баясч байдаг.

Би тэр үед хэнээс ч айж хулчийж явсангүй. Найз нөхдөө худалдаж идсэнгүй. Гэхдээ тэр цаг үеэ би “алдас” гэж боддог юм.

Хайран сайхан цаг үе минь байсан юм аа. Тэнэг залуу насандаа бичсэн шүлгүүд минь их бадрангуй, гэгээн гэрэлтэй байж. Одоо гэхдээ муу юм хийгээд байгаа юм алга. Харин “Амьддаа үхэх шиг муухай юм алга” гэж боддог. Амьд ахуйдаа муу уран бүтээл хийгээд эхэлбэл тэр хүн “ зуурдаар өнгөрчээ” л гэсэн үг.

Тэнэгхэн, иртэй цагтаа бичсэн шүлгүүд минь одоо үзэхэд сайхан байдаг юм аа. Тэр л үедээ ахиухан шүлэг бичихгүй яав даа гэж одоо боддог л юм.

-“Уянгын тойрог” номыг тань булаацалдан уншдаг байлаа. Яагаад тэгтлээ их сэтгэлд хүрсэн юм бол?

-Миний ухаарсан, хатуужсан сэтгэл хамт бичилцсэн юм аа. Тэр үед миний бичсэн болгоныг хэвлүүлдэггүй, хянаж цагддаг байлаа шүү дээ. “Уянгын тойрог” бол жинхэнэ миний халуун цус булгилж байхад бичсэн шүлгүүд.

Тэр үед хавчигдаж, гадуурхагдаж явсан юм бол байгаа. 20 жил номоо хэвлүүлж чадахгүй явж байлаа. Эхнэр минь миний төлөө найдвартай зогсож байсан тулдаа энэ бүхнийг давсан юм. Би хүнд хэрэгтэй ганц үг хэлж чадахгүй болтлоо бичнэ. Энэ миний үүрэг.
Өнөөдөр надад өгсөн алдар гавьяа гэдэг миний насан туршдаа “ичиж явах хүндэтгэл” юм даа. Чадаж байгаа цагт нь урам юм. Шагналдаа тэнцэхгүй амьдарвал уйтгар юм.

 

-“Бодол үсэндээ дарагдсан найрагч” гээд Болор цом дээр уншигдаж байсан даа?

-Би хэзээнээсээ л үсээ ургуулсан хүн. Энэ чинь миний эрх чөлөө юм даа. Монголчуудын “Тархиан ширгэтэл үс ургаж, чөмгөөн ширгэтэл хумс ургана” гэж үг бий. Бурхан болооч болсон хүнийх ургадаг л юм байна билээ. Тэгэхээр энэ бол миний эрх чөлөө юм.

Үсээ бол чамайг төрөөгүй байхаас ургуулсан юм аа.Тэр социализмын хатуу бэрх цагт би үр хүүхэд хань ижлээ өлсгөж зовоогоогүй, өөрөө ч бас өлөн гундуу явж үзсэнгүй. Унших номтой, дандаа дээд зэргийн үзэг барьсаар өнөөдрийг хүрлээ шүү. Харин надтай хамт нэг цаг дор явсан зарим хүмүүсийг одоо би өрөвддөг юм. Ерөөсөө аль нэг тал руу туйлширдаг хүмүүс гэдэг эмгэнэлтэй, бас хортой байдаг. Эргэцүүлэн бодохгүйгээр хүн дагаж дарвих шиг ёс бус , гажиг юм гэж байхгүй.

-Хүүхдүүд тань хаана юу хийцгээж байна?

-Би найман хүүхэдтэй. Бүгдээрээ л уран бүтээл хийгээд явж байгаа даа. Хүнээс яаж байгаад ахиухан юм авчих вэ гэсэн, хэдэн төгрөгийн наад цаадахыг харсан хүн надаас гараагүй юм байна. Их муугаар ярьвал жаахан арчаа муутай, гэгээн сайхан сэтгэлтэй хүмүүс юм даа миний хүүхдүүд.

Манайхаар орж гарч байсан хүмүүс тийм л болохоор “за өнөөдөр болж л байвал болоо доо” гэсэн хүмүүс байх юм байна шүү. Би өнөөдөр хүүхдүүд минь хоол авч ирж өгөөд жаргаж байна гэж байхгүй. Би өөрийнхөө залуу насыг уучилж байгаа шиг хүүхдүүдээ уучилдаг. Эрүүл байцгаах юм даа миний хүүхдүүд. Бас хэл ам тарьж хэрүүл шуугиан тарьж байгаагүй юм. Ач гуч минь хорь дөхлөө. Эд нар минь миний нүдэнд алаглаад харагдаж байх шиг жаргал хаана байна вэ.

-Баасан эгч та хоёр өнөөдөр жаргаж байна уу?

-Бурхан үзэг. Ач, зээ нараа тойруулаад жаргаж суунаа ах эгч хоёр нь. Улам л урт амьдармаар санагдах юм даа.

-Таныг тамхиа татаад, бодлогоширч суугаа төрхөөр тань л төсөөлөх юм. Таны хувьд тамхи чухам юу вэ?

-Тамхи юм бодоход их нэмэртэй юм. Сэтгэлийн завсарлага юм даа. Ганц янжуур асаагаад ,бодоод суухад хүний нэг насны амьдрал багтдаг юм шүү дээ. Хүний амьдрал богинохон юм. Тамхи бол миний хувьд их ойрын хэрэглээ.

Архи, тамхины эсрэг нийтээрээ тэмцэж байгаа энэ үед миний үг болохгүй, муу үг байх л даа. Гэхдээ би тамхинаасаа гарч чадахгүй байх аа. Миний өвөг эцэг “Эр хүн хэрэглэж байгаа юм аа хэрэглэж байгаад л дуусдаг юм” гэж хэлж байсан юм. Би тамхинаасаа урвахгүй ээ. Гэхдээ энэ минь “Хүүхдүүд минь та нар над шиг тамхи татаад бай” гэсэн үг биш.

-П.Бадарч гуай нэгэнтээ “Манай Лхагвасүрэн хамгийн үнэтэй тамхи татдаг” гэсэн байсан. Танд тамхийг үнэлэх өөрийн үнэлэмж байдаг уу?

-Байна. Хямдхан тамхи ядаж л өмхий байдаг. Гэр орон, хувцсанд хүртэл шингэчихсэн байдаг. Би хар залуугаасаа тамхи татсан. Харин хэзээ ч хямдхан, муу тамхи татаж байгаагүй. Би ямар архи уух биш. Гоёж гоодоод гүйх биш. Гэр амьтай хүн.

Айлд очоод, наргиж цэнгээд явж ерөөсөө сураагүй хүн. Хамгийн эхлээд “Луна” гэдэг Болгарын тамхи татсан. Тэгээд ”ВТ” татсаар байгаад сүүлдээ “Мarlboro” гээд татсан. Өнөөдөр “Kamel”-тай зууралдаж сууна. Нэг насны минь дагуул болж дээ энэ тамхи.

-Таныхаар шагнал гэдэг юу вэ?

-Чадаж байгаа үед минь урам юм, нөгөө талаар “айдас ичвэр” юм даа.

-“Миний муусайн найз нар” гэдэг нэвтрүүлэг байдаг. Танд тэр нэвтрүүлэгт орох таалагддаг уу, гэртээ үзээд сууж байх сайхан уу?

-За даа гэртээ үзэхийг нь сонгоно доо. Тэр нэвтрүүлэгт орсон хүмүүсийг гэв гэнэтхэн аваачдаг юм билээ. Тэнд жинхэнэ хар багийн миний найз орхигдоно шүү дээ. Би нэг удаа тэр нэвтрүүлэгт орсон. Харин хар нялхын ганц хоёр найз минь гомдсон байна лээ.

-Та ер нь хэзээ нэгэн цагт найз нөхдийнхөө өмнө гэм, зэмтэй явж байв уу.Найз нөхөд гэдэг таны хувьд юу вэ?

-Би нөхдийнхөө өмнө хэзээ ч буруутай явж үзээгүй. Найз нөхдийнхөө өмнө хэзээ ч нүүр бардам байж чадна. Цөөхөн ч гэсэн чансаатай найзтай хүн.

Яг уран бүтээл хийж суухдаа өөрөөсөө бусдыг тоож үзээгүй.

Хар багын хэдхэн найз бий дээ надад. Би өөрөө их сонин хүн. Зожиг, нэг их нийтэч биш. Өглөө юм иддэггүй, өдөр бас сүйдтэй юм идэхгүй. Орой хариад л муу хөгшнийхөө гарын хоолыг иддэг хүн. Хүний ганц хүү болоод нэг жаахан жожиг өсчээ.

-Хүнд хайрлуулах, хүнийг хайрлах гэдэг таныхаар ямар ойлголт вэ?

-Би худлаа маяг сураагүй хүн. Хэзээ ч хүнээр хайрлуулах гэж гоё ганган явж үзсэнгүй. Хар аяндаа байгаагаар минь намайг ойлгож, хүлээж авбал тэр жинхэнэ сэтгэл. Намайг ил далд хаана ч ярилаа гэсэн адилхан байвал тэр хамгийн чухал ойлголт. Хэн хаана ч байсан баггүй л байх хэрэгтэй. Тэгвэл та хүн. Хэн хүнд тоогдохын тулд биш, байгаагаар минь хүлээж аваасай гэж явбал буян тэр. Яг уран бүтээл хийж суухдаа өөрөөсөө бусдыг тоож үзээгүй. Би үнэхээр том юм аа гэж л бодож бичдэг.

-А.Пушкин “Хүний гараар бүтээшгүй хөшөө дурсгалаа босголоо би” гэж амьд сэрүүндээ бичсэн байдаг. Та тэгж хэлэх үү?

-Үгүй. Би болоогүй байгаа. Хөшөөг үлдсэн хүмүүс нь босгодог л доо.Тэр бол сайхан омог бардам шүлэг. Яруу найрагч хүн омог бардам хэлэх ёстой юм. Гэхдээ уруул давахгүй үг, хэлж болохгүй цаг гэж байна.

-Сэтгэлийн амар амгалан гэж юу вэ?

-Би өөртэй чинь яриад сууж байгаа минь л амар амгалан юм. Ойрдоо ингэж сайхан яриа өрнүүлж сууснаа санахгүй юм. Чиний ах миний шавь “Паанан” Энхболдыг бодохоор миний залуу нас санагддаг юм. Омголон, хамгийн гол нь хэтийдсэн авьяастай.

Одоо Аюурзана,Галсансүх,Мягмаржав энэ хэд л байна даа. Хайрламаар авьяастай хүмүүс. Ах чинь чамайг дагуулаад Цагаан сараар манайд ирж золгож байлаа. Чи хариугүй жаахан юм байсан. Өнөөдөр би ахыг чинь үгүйлж л суудаг.

Тэр Америкаасаа ирсэн л гэсэн. Тэгж байгаад гүйгээд ирэх байлгүй дээ. Би залуу зохиолчдын ном болгоныг заавал уншдаг. Огт танихгүй хүнтэй бол хэзээ ч ингэж ярьдаггүй. Өнөөдөр өөртэй чинь ярихад сэтгэл их амар байнаа. Лхагвасүрэн гэдэг хүн чинь ийм л хүн.

Холбоотой мэдээ

Ж.ШИЖИР: Одоогоор манай системийг 100 хувь ашиглаж байгаа нэг ч сургууль алга байна

IT салбарт тасралтгүй түүчээлж амжилтаараа ялгарч байгаа “ТОМ АМЖИЛТ” ХХК-ийн ерөнхий захиралтай Амж

2021-05-07

“ODOSURY платформ сургалтын сан асар их, хамгийн хямд, ашиглахад ч хялбар”

Цар тахалтай байгаа онцгой нөхцөлд сургалтын систем онлайн хэлбэрт эрчимтэй шилжиж байна. Үүнтэй хол

2021-05-07

“Асарч хамгаалж чадахгүй бол ядаж хүүхдийнх нь мөнгийг хүүхдэдээ өгчих”

Сар бүр олгодог хүүхдийн 100 мянган төгрөг, Засгийн газрын дэмжлэг болох 300 мянган төгрөгийн ал

2021-04-30

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль