П.Алтангэрэл: Жилийн хугацаанд идэвхтэй бэлгийн харьцаанд ороод жирэмслэхгүй бол үргүйдлийн шалтгаан байна гэсэн үг…

2017-10-23 Ярилцлага 0

 

Эрүүл мэндийн салбарт 21 дэх жилдээ ажиллаж буй, Клиникийн профессор, ЭХТА, их эмч П.Алтангэрэлтэй үргүйдлийн асуудлаар товч ярилцлаа.
Тэрбээр 17 дахь жилдээ үргүйдлийн оношилгоо, эмчилгээ хийж буй манай улсын туршлагатай, чадварлаг эмч юм.
П.Алтангэрэл ОХУ-ын Москва хотын Эх нялхсын эрдэм Эрдэм шинжилгээний төвийн “Клиник үр хөврөлийн төвд”, Герман улсын Гёттенген хотын хүний генетикийн судалгааны төвийн “Тоблер” үргүйлдлийн клиник, Солонгос улсын Бусан хотын “Сехва” үргүйдлийн эмнэлэгт, Бусан хотын Гүүд мүүнхва эмнэлгийн үргүйдлийн төвд тус тус мэргэжил дээшлүүлсэн. П.Алтангэрэл эмч Монгол улсад 2003 онд IUI буюу зохиомол үр тогтоолтоор анхны хүүхдийг төрүүлсэн бөгөөд 2004 онд өөрийн “Амин маргад” эмнэлгээ байгуулсан.
Мөн тэрбээр саяханаас Монгол-Солонгосын эмч нарын холбоог байгуулан тэргүүнээр нь ажиллаж байна.

-Монгол-Солонгос улсын эмч нарын холбоо байгуулагдлаа. Ач холбогдол, зорилго чиглэл, алсын харааг танилцуулаач?

-Ашгийн бус, төрийн бус байгууллага бөгөөд Монгол улсад эмчлэгдэх боломжгүй 20 гаруй төрлийн өвчлөлийг Солонгос улсад эмчлүүлэхэд иргэн, эмнэлэг хоёрыг үр дүнтэй, найдвартай холбож өгөх зорилготой. Бидний давуу тал бол мэргэжлийн эмч нарын баг зөвлөгөө өгч, Солонгос улсын шилдэг сайн эмнэлэгийг сонгох, эмч нартай харилцаа хийж найдвартай эмчилгээ үйлчилгээ авахад нь тусална. Эмчлүүлээд эргээд ирэхэд нь хяналт хийж буцаж эмнэлэг эмчтэй нь холбогдож ажиллана. Өнөөдрийн нөхцөлд Солонгос улс руу эмчлүүлэхэд хэд хэдэн асуудал бий. Эмчилгээнд явсан иргэд харлаж үлддэг, эмчлүүлээд ирсэн иргэд эргээд хянуулах боломжгүй байдаг гэх мэт олон асуудал бий. Тэр ч утгаараа ийм холбоо байгуулагдах шаардлага үүсч Солонгосын төрийн өмчит Аялал жуулчлалын корпораци санал тавьсан. Бид зөвхөн иргэдээ эмчлүүлээд зогсохгүй эмч нараа мэргэжил дээшлүүлнэ, мэргэжилтэн солилцох аялал хийнэ. Солонгосын тал маш их талархан хүлээж авсан. Тэд монгол улсаас өвчтөн авах мөн монгол эмч нартай хамтран ажиллах өндөр сонирхолтой байгаа. Манай эмч нар ч гэсэн их идэвхтэй байна. Анх байгуулагдсан өдөр 30 эмч элссэн. Солонгосын олон эмнэлэг энэ богино хугацаанд бидэнд хандлаа.

-Та үргүйдлийн эмчилгээг олон жил тасралтгүй хийж яваа туршлагатай эмч. Монгол улсад өнөөдөр үргүйдлийн асуудал нэлээд түгээмэл байна уу?

-Би үргүйдлийн эмчилгээг 17 жил хийж байна. Эмчилгээний чанар, стандарт улам л сайжирч эмнэлгүүд ч олширч байна. Ер нь бол хүн амынхаа тоонд харьцуулахад хангалттай хэдэн сайн лаборатори байна. Үргүйдлийн тохиолдол бусад улс орнуудтай төстэй, бүх гэр бүлийн 15-20 хувь нь үргүйдэлтэй, эмэгтэйчүүдээс шалтгаалсан үргүйдэл 60 хувь, эрчүүдээс 40 хувь, эсвэл аль алинаас нь хамааралтай 20 хувь гэсэн судалгаа бий. Үргүйдлийн эмчилгээг сүүлийн жилүүдэд орчин үеийн аргаар буюу үр шилжүүлэн суулгалтаар шийдэхийг хичээдэг болж. Гэвч би үүнийг бага зэрэг туйлшрал гэж хардаг. Учир нь үүнээс наагуур үргүйдлийг шийдэж болох энгийн эмчилгээнүүд бий. Ер нь бол тухайн гэр бүлд санхүүгийн болон сэтгэл санааны дарамтгүй үр дүнтэй хялбар аргыг сонгох нь зүйтэй юм.

-Ямар тохиолдолд үр шилжүүлэн суулгах вэ?

-Үр шилжүүлэн суулгах заалт байдаг. Эмэгтэй талаас үрийн хоолой битүүрсэн, дааврын шалтгаантай. Эрэгтэй хүний талаас эр бэлгийн эс чанаргүй эсвэл гадагшлахгүй, тоо цөөн байх үед энэ аргыг сонгодог. Үргүйдэлд хүргэдэг өөр олон шалтгаан бий. Үрэвсэлт өвчнүүд, амьдралын хэвшил, дадлаас үүсэлтэй шалтгаанууд гээл л. Энэ бүхнийг оношлоод шинжлээд үнэхээр үр шилжүүлэн суулгах шаардлага байна уу гэдгийг тооцох ёстой. Миний хувьд бол олон жил үргүйдлийн эмчилгээ хийж судалж байгаа хүнийхээ хувьд аль болох хялбар арга сонгохыг хичээдэг.

-Танайд хандсан эмчлүүлсэн гэр бүлүүдийн судалгаа байдаг уу?

-2007 онд нэг судалгаа хийсэн. Түүнээс хойш нарийвчилсан тоо гаргаагүй л байна. Гэхдээ надад жилд 3500 орчим эмэгтэйчүүд ханддагийн 70 орчим хувь нь, манай өдрийн эмчилгээнд жилд 500-600 эмэгтэйчүүд явдгийн 50 орчим хувь нь үргүйдлийн асуудалтай байна. Үргүйдлийн эмчилгээг үр дүнг хянах нь зүйтэй ч манайхан эргэх холбоо муутай. Зарим нь эргэж ирнэ, зарим нь сураг тасарна. Тэгсэн хэрнээ өөр нэг үйлчлүүлэгч ирэхээрээ манай найз, хамаатан тань дээр эмчилгээнд яваад хүүхэдтэй болсон, тэгээд би ирлээ гэнэ. Эсвэл хаа нэг газар тааралдаад эмчээ баярлалаа, манайх хүүхэдтэй болсон гэх жишээний. Тэр болгоныг бүртгэх хэцүү. Ер нь бол маш олон гэр бүл хүүхэдтэй болсон, хүүхэдтэй болох ч боломжтой юм. Манай “Амин маргад” эмнэлэгт ихэвчлэн танил тал, эмчлүүлэгч, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжаас гарсан үгээр сурталчлагдаж амнаас ам дамжин олон мэддэг болсон газар. Тийм учраас олон гэр бүл манайхыг зорьж ирдэг.

-Үргүйдэлтэй гэр бүлүүд их байна. Та цаашид хэрхэн яаж ажиллах вэ?

-Миний бие үр шилжүүлэн суулгах ажлыг монголд анх хийсэн хүнийхээ хувьд цаашид ч хийнэ л гэж боддог. Одоо гэр бүлд зориулсан сувилал барьж байна. Эндээ үргүйдлийн эмчилгээгээ хийнэ. Улаанбаатарын хотын агаарын чанарын асуудал бүх зүйлд нөлөөлдөг. Үргүйдэлд ч гэсэн. Цэвэр агаарт, эрүүл орчинд эмчилгээ хийвэл илүү үр дүнтэй байна. Манай агаарын бохирдол үргүйдлийн нэг хүчин зүйл болчихоод байгаа учраас би сувилал нээхээр шийдсэн юм.

-Гэр бүлүүд ямар тохиолдолд үргүйдлийн асуудал байна гэж үзэх вэ?

-Жилийн хугацаанд идэвхтэй бэлгийн харилцаанд ороод жирэмслэхгүй бол үргүйдлийн шалтгаан байна гэж үздэг. ДЭМБ-ын тодорхойлолт л доо. Жирэмслэхийн хүссэн ч жирэмслэхгүй нэг жил болчихвол шалтгаан тодруулахаас өөр арга байхгүй.

-Үргүйдэлд хүргээд байгаа хамгийн том шалтгаан нь юу байна?

-Үрэвслээс үүдсэн шалтгаан зонхилдог. Үрэвсэл архагшсанаас үрийн хоолой битүүрдэг. Эрэгтэйчүүдийн хувьд үрэвсэлт өвчин мөн БЗХӨ, гэмтэл бэртэл байна.

-Яаралтай ууж жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эмийн үргүйдэлд хүргэх нэгэн шалтгаан гэж сонссон. Энэ талаар…?

-Яалт ч үгүй тохиолдолд хэрэглэдэг болохоос биш жирэмснээс хамгаалах эм биш шүү дээ. Энэ бол маш хүчтэй гармоны бэлдмэл учраас дааварт шууд нөлөөлж хямрал бий болгодог. Жилд нэг удаа л хэрэглэдэг эм. Гэтэл манай эмэгтэйчүүд хамаагүй хэрэглэж сарын тэмдэг хямарсан, умайн хүзүүний салстад өөрчлөлт орсон байдаг. Сөрөг үр дагавар ихтэй учраас замбараагүй хэрэглэж болохгүй л дээ.

-Хосууд маань жирэмслэхгүй жил болчихлоо. Хамгийн түрүүн ямар шинжилгээ өгөх вэ?

-Эмэгтэйчүүдийн тусгайлсан үзлэг, үтрээний эход үзүүлэх хэрэгтэй. Тэгээд эргэлзээ байвал үрийн хоолой шалгана. Дараа нь өндгөвчинд өндгөн эс боловсорч байгаа эсэхийг үзнэ. Дааврын шинжилгээ давхар хийнэ. Нөхрийн талаас үрийн шинжилгээ хийнэ.

-Хүүхэдтэй болж чадахгүй яваа гэр бүлүүдэд хандаад юуг хэлэх вэ?

-Бүтэн жилийн хугацаанд идэвхтэй бэлгийн харьцаанд ороод жирэмслэхийг хүсээд болохгүй байвал эмчид хандах хэрэгтэй. Нөхрийн талаас эсвэл эхнэрийн талаас байна уу гэдгийг эмнэлэг тогтооно. Үргүйдлээс урьдчилан сэргийлэхийн тулд үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаагаа сайн байлгах, БЗХӨ авахгүй байх, хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Мөн хүйтний улиралд дулаан зөв хувцаслах ёстой. Аав ээжүүдэд хандаж хэлэхэд эрэгтэй хүүхэд тань гахайн хавдар өвчнөөр өвчлөх юмбол маш хурдан эмчлүүлэх хэрэгтэй. Хэрвээ бага зэрэг хүндэрвэл төмсгөнд нөлөөлдөг.

-Огт хүүхэдтэй болохгүй тохиолдол бий юу?

-Эмэгтэй хүн хоёр өндгөвчгүй, эрэгтэй хүн эр бэлгийн эсгүй болчихоогүй л бол найдвар тасарч болохгүй. Өөр бусад шалтгааныг бол эмчилж хүүхэдтэй болох боломжтой.

П.Алтангэрэл эмчтэй болон “Аминмаргад” эмнэлэгтэй холбогдохыг хүсвэл 8811-8388, 9927-4509 дугаарт холбогдоорой.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ

Ж.ШИЖИР: Одоогоор манай системийг 100 хувь ашиглаж байгаа нэг ч сургууль алга байна

IT салбарт тасралтгүй түүчээлж амжилтаараа ялгарч байгаа “ТОМ АМЖИЛТ” ХХК-ийн ерөнхий захиралтай Амж

2021-05-07

“ODOSURY платформ сургалтын сан асар их, хамгийн хямд, ашиглахад ч хялбар”

Цар тахалтай байгаа онцгой нөхцөлд сургалтын систем онлайн хэлбэрт эрчимтэй шилжиж байна. Үүнтэй хол

2021-05-07

“Асарч хамгаалж чадахгүй бол ядаж хүүхдийнх нь мөнгийг хүүхдэдээ өгчих”

Сар бүр олгодог хүүхдийн 100 мянган төгрөг, Засгийн газрын дэмжлэг болох 300 мянган төгрөгийн ал

2021-04-30

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль