Т.Лхагвасүрэн: Аавдаа үнсүүлээд ээж рүүгээ явсан нялх охин минь зочид буудалд тарчилж, зовсоор амиа алдчихсан байсан даа

2017-10-23 Нийгэм 0

 

Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амь насаа алдсан хэрэг өнгөрсөн наймдугаар сарын 23-нд гарсан. Баянзүрх дүүргийн XVI хороонд оршин суух 13 настай М гэх охин учир битүүлэг байдлаар амь насаа алдсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа.

Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач охин ээжтэйгээ уулзахаар өнгөрсөн сарын 22-нд гэрээсээ гарсан байдаг. Ингээд ор сураггүй болж, маргааш нь зочид буудлын өрөөнд амь насаа алдсан байдалтай олдсон юм. Талийгаач охин ээж дээрээ очихоор гэрээсээ гараад явж байхад нь хөрш айлынх нь Д.Жавхлан, Э.Амарболд нар гар утсыг нь шүүрч аван зугтаасаар Дарь-Эх, Ганцхудагийн ойролцоо “Очир” төв гэх зочид буудал руу дагуулан орж амь насыг нь хөнөөсөн нь мөрдөн байцаалтын шатанд тодорхой болж байгаа. Шүүх шинжилгээний хүрээлэнгээс талийгаач охин ямар шалтгаанаар амь насаа алдсан талаар дүгнэлт гаргасан нь нийгэм даяар шуугиан тариад байгаа. Шинжээчийн дүгнэлтээр талийгаач охин их хэмжээний согтууруулах ундаа уусны улмаас хордлогод орсон, хоолойн гүйлсэн булчирхайн хордлого зэргээс үүдэн амь насаа алдсан байна гэх дүгнэлт гаргажээ. Мөн талийгаач охин бэлгийн харьцаанд орсон болох нь тогтоогдсон гэнэ. Гэмт хэрэгтнүүд талийгаач охиныг хуурч мэхлэн архи хүчээр уулгаж, өөрийгөө удирдах чадваргүй болсон үед нь хүчирхийлсэн хэмээн буруутгаж байгаа.

ГЭМТ ХЭРЭГТНИЙ ЭЭЖ “100 МЯНГАН ТӨГРӨГ ӨГЬЕ ГЭЖ ДОРОМЖИЛСОН”

Харамсалтайгаар амь насаа алдсан охины ар гэрийнхэнтэй уулзахаар энэ сарын 21-нд Сүхбаатарын талбайд жагсаал хийхээр төлөвлөж байгаа хэдэн залуусын хамт гэрт нь очсон юм. Талийгаач охины аав Т.Лхагвасүрэн “Миний нялх охин чинь эмээ, өвөөгийнхөө гараас, ээжийнхээ өврөөс гараагүй, хоёр настай дүүтэйгээ мөөмөө булаацалддаг байсан юм шүү дээ” хэмээн хэлээд талийгаач охиныхоо зургийг бидэнд үзүүлэв. Тэрбээр хэргийн талаар “Hаймдугаар сарын 22-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд миний охин “Ээж дээрээ очоод ирье. Ээж хичээлийн бэлтгэл хангаж өгнө гэсэн” гээд аавдаа үнсүүлээд гарсан юм. Охиныг автобусны буудал дээр такси барих гээд зогсож байхад хажуу айлынх нь залуу А ирж утсыг нь булаагаад зугтжээ. А утсыг нь өгөлгүй зугтсаар ойролцоох дэлгүүрийн гадна бас нэг залуутай таарч, улмаар буудал руу дагуулан орсон байдаг. Хэдийгээр охин маань буудал руу дагаж орохдоо утсаа буцаагаад авсан, гартаа барьсан харагдаж байгаа ч чухам юу хэлж хуурч авч орсныг бүү мэд. Өрөөнд орсон цагаасаа хүний эрхэнд орж аав, ээж рүүгээ холбогдох боломжгүй болсон болов уу. Охинд минь архи хүчээр уулгаж хүчирхийлсэн явдал тодорхой. Шөнө охиныхоо утас руу залгахад дуудаж байгаад л тасраад байсан юм. Тэд охины минь утсаар олон хүн рүү залгаж ярьсан байсныг хожим мэдсэн. Охиноо гэртээ ирэхгүй удаад байхаар нь бид зөндөө хайж, Нийслэлийн шуурхай удирдлагын төв 102-т мэдэгдэж, цагдаагийн хэлтэс орж бүртгүүлсэн юм. Маргааш өдөр гэрт хажуу айлын залууг цагдаа дагуулж орж ирээд “Танай охин М-ыг ямартай ч олсон. Аав, ээжтэй нь холбогдмоор байна” гэж хэлээд явсан байсан. Би цагдаагийн хэлтэс дээр яваад очсон. Тэгтэл “Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир төвд” хүн сэрэхгүй, босохгүй ухаан алдсан байдалтай байна гэсэн дуудлага наймдугаар 23-ны 13:00 цагт ирсэн. Цагдаагийн хоёр ажилтан очиж шалгахад охин хүүхэд нас барсан байдалтай байсан. Нас барсан шалтгааныг тогтоолгохын тулд цогцсыг шүүх эмнэлэг рүү явуулсан байгаа. Тэнд очоод цогцсыг таних ажлыг хий. Охин чинь мөн үү үгүй юу гэдгийг мэдэх гэсэн юм” гэж цагдаа нар хэлсэн. Тэгээд Шүүхийн шинжилгээний хүрээлэн дээр очиход цогцсыг үзүүлээгүй. “Задланд орж байгаа хэргийн газар авсан зургийг үз” гээд хэдэн зураг харуулсан. Тэгтэл охин минь байсан. Хөөрхийг минь хүн танихын аргагүй болтол зодсоноос нүүр нь хавдаж, хамар нь мурийгаад нил цус болсон байдалтай зураг байсан даа. Үнэхээр хэцүү юм байна лээ, нялх охин үрээ бусдын гарт зэрлэгээр амь насыг нь хөнөөлгөх. Миний охиныг буудалд дагуулаад орж байгаа, автобусны буудлаас утсыг нь булаагаад зугтаж байгаа бичлэгийг олж авч хадгалсан. Надад таниулахаар харуулсан хэргийн газрын анхны зурагнууд хавтаст хэрэгт бий. Задлан шинжилгээний талаарх дүгнэлт өөрийн бодлоо нэгэн сайтад дэлгэрэнгүй өгсөн байгаа. Охиныг минь бараг задарсан замбараагүй хүүхэд байсан мэтээр нийгэмд цуу үг тарааж байгаа хүн бол “Очир” төв буудлын эзэн О гэгч хүүхэн юм. Монгол эмэгтэй, эх хүний нинжин сэтгэл дутсан төдийгүй, хэрэгт холбогдохгүйн тулд бусдыг гүтгэн доромжилсон энэ хүнийг би Зөрчлийн тухай хуулинд заасан хүнийг гүтгэн доромжилсон гэх зүйл ангиар шийтгэл оногдуулах өргөдөл гаргаад өгчихсөн. Одоо энэ хэрэг дээр гурван өмгөөлөгч ажиллаж байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг үндэслэлгүй хэмээн үзэж буй мэргэжлийн олон эмч нар ч байгаа. Хэрэг явдлыг үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. А-г миний охинд ийм хэрэг хийнэ гэж би зүүдэлсэн ч үгүй явсан. Айл саахалтынханд байх л харилцаатай байсан. Цаг зав муу үедээ “Манайх руу ус дөхүүлээд өгөөч миний дүү. Миний дүү, дүүгээ цэцэрлэгээс, сургуулиас нь аваад өгөөрэй” гээд л ярьдаг байсан. Хөрш айлын маань хүүхэд шүү дээ. Гэмт хэрэг гарснаас хэд хоногийн дараа А-ын ээж утсаар яриад “100 мянган төгрөг өгөх гэсэн юм. Буяны ажилд нь нэмэрлэнэ биз” гэсэн. Гэхдээ уулзаж байж өгье гэдэг юм. Энэ бол дэндүү доромжилсон хэрэг биз дээ. Дараахан нь А-ынд хулгай орж байгааг манай аав мэдээд цагдаад дуудлага өгсөн юм. Цагдаа нарт цаг алдалгүй амжиж дуудлага өгсний ачаар хулгайч орсон гэр шаталгүй үлдлээ гэж цагдаа нар хэлсэн байна лээ. Юу хийснийг нь бодвол аав маань дуугүй л “Хохино” гээд орхиж болох л байсан. Гэхдээ хүний жудаг гэж юм байх ёстойн дээр цэргийн байгууллагаар хүмүүжсэн хүн мэдэгдэх, мэдээлэх үүрэгтэй гэсэн ёс зүйгээ л өмнөө тавьсан хэрэг” хэмээн ярьсан юм. Талийгаач охины ар гэрийнхэн хүнд байна лээ. 13 настай охиныг нь архичин байсан гэж мэдүүлж, шүүх шинжилгээний хүрээлэнгийнхэн архинд хордож амиа алдсан гэж нийгэмд худал мэдээлэл цацсанд харамсч байгаагаа илэрхийлж байсан.

ТАЛИЙГААЧ ОХИНД ХУУЛЬ БУСААР ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН ҮҮ

Охины аавын хэлж байгаагаар хүүхэд нь үүрийн 04.00 цагийн орчимд амь насаа алджээ. Юутай ч цагдаа ирээд цогцсыг аваад явж. Ингэхдээ ар гэрт мэдэгдэлгүй шууд шүүх эмнэлэг рүү авч явсан байна. Бүр гэр бүлийнхний зөвшөөрөлгүйгээр задлан шинжилгээнд оруулжээ. Ар гэрийнхэн нь ирэхэд аль хэдийнэ задлан эхэлсэн тул орох боломжгүй байдал угтжээ. Буудалд орж байгаа бичлэг бий боловч өрөөнд хэн хэн хэдэн цагт орж гарсан бичлэг байхгүй. Эндээс харахад буудал үүдэндээ ганц камертай, харин давхар бүрт хяналтын камер байхгүй, эсвэл эвдэрхий. Нэг бол давхрын хяналтын камерынхаа бичлэгийг устгаад, камераа эвдсэн, эсвэл хураасан ч байж болох. Ямартай ч “Очир төв” буудлын эзэд талийгаач охиныг хэдийд амиа алдсан гэдгийг мэдээд хэзээд нь цагдаа нарт дуудлага өгсөн нь тодорхойгүй байна. Гэхдээ өдөрт нь задлан шинжилгээнд оруулаад шууд хариуг нь гаргачихдаг шүүх эмнэлэгтэй, хоёр сар гаруй хугацаанд мөрдөөд хэргийг бүрэн тогтоож чаддаггүй цагдаатай гэдэг нь 13 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргээс шууд харагдаж байна.

ЖАГСААЛ БОЛНО ГЭВ

13 настай охин бусдын гарт онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд хэсэг залуус нэгдэж байгаа аж. Тэд энэ сарын 21-ны бямба гаригт Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс эхлэн жагсаал хийхээр болжээ. Жагсаал зохион байгуулж байгаа залуус “Хүн бүр өөрсдөө барих уриалга, санал санаачилгаа бичсэн самбар барьж ирж болно. Самбарын агуулга нь цаазын ял сэргээх тухай үг үсэг байж болохгүй. Масктай тайван, чимээгүй жагсаал явагдана. Жагсагчид Цаашид Шүүх эмнэлгийн алдаатай дүгнэлтээс үүдэн гэмт хэрэгтнүүд ял завших боломжийг олгуулахгүйн тулд хэд хэдэн асуултын хариултыг олмоор байгаагаа хэлж байв. Тэд “Ямар учраас ар гэрийнхний зөвшөөрөлгүй задлан хийсэн. Тухайн хэрэг гарсан “Очир төв” зочид буудалд хуулийн дагуу ямар торгууль, шийтгэл хүлээлгэснийг нийтэд ил мэдээлэх, шаардах хуудсыг хэргийг шалгаж байгаа Баянзүрх дүүргийг Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүргэх, Хүчирхийллийн гэмт хэрэг дахин гаргуулахгүй байх нөхцөл боломжийг сайжруулах, шаардлага тавих, санал, мэдээлэл хүргэх институц хэлбэрийн иргэдийн оролцоотой хяналтын нэгж үүсгэхээр болжээ. Мөн зочид буудлын бизнес эрхлэгчдэд тавих хяналт, шаардлагыг чангатгаж, нэг хүний бичиг баримтаар оруулдаг бус үйлчлүүлэгч тус бүрийн бичиг баримтыг шалган бүртгэлжүүлдэг байхыг шаардах аж. Зочид буудлын үйлчилгээний журамд хүүхэдтэй холбоотой заалт оруулах санал хүргэх зэрэг ажлыг шат дараалан явуулахаар болжээ. Дээрх асуудлыг шийдвэрлэх хүртэл жагсаал цуглаан зохион байгуулна гэдгээ онцолж байв.

13 НАСТАЙ ОХИНЫ АМИНД ХҮРСЭН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ХЭН БЭ

“Очир” төв зочид буудлын өрөөнд 13 настай охиыг хүчээр архи уулган зодож амь насыг хөнөөсөн хэрэгт шалгагдаж байгаа Д.Жавхлан, Э.Амарболд нарыг шалгаж байна. Онц ноцтой хэрэгт холбогдон шалгагдаж буй Д.Жавхлан, Э.Амарболд нарын талаар сурвалжиллаа. Д.Жавхлан нь 2011 онд хоёр найзын хамт дээрмийн хэрэгт холбогдон шалгагдаж, шүүхээс хорих ялаар шийтгүүлж байжээ. Хэргийн талаар сануулахад Д. Жавхлан нар нь иргэн Ш.Энхбаярыг дээрэмдсэн хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 2.9 жилийн хорих ял сонссон байна. Ингэхдээ Б.Жавхланг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн дөрвөн сарын баривчлах ялыг нэмэгдүүлж, 3.3 жилийн хорих ял сонсгож байжээ. Өөрөөр хэлбэл түүнтэй хамт хэрэгт буруутгагдсан хоёр залууд зөвхөн дээрмийн хэргээр ял оноосон бол Д.Жавхланг дээрмийн хэрэг үйлдсэн, танхайрсан гэдэг хоёр зүйл ангиар ял оноосон байна. Шүүхээс Д.Жавхланг гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан тул шүүхээс оногдуулсан ял эдлэх, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1. 6 жилийн хугацаагаар хойшлуулсан байна. Гэмт хэрэгт холбогдоод буй Э.Амарболдтой нийлж байнга архи дарс уудаг, зодоон хийдэг байсныг ойр тойрны хүмүүс цагдаа нарт мэдүүлжээ. Мөн Д.Жавхлангийн аав Даваа нь шоронд олон жил ял эдэлж, хорих ангид нас барсан гэх мэдээлэл ч байгаа юм. Д.Жавхлан Монтел төв дээр гар утас засдаг байжээ. Харин Э.Амарболдын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй. Мэргэжил, боловсролгүй нэгэн гэнэ. Өнгөрсөн жил гэртээ хүн хутгалж гэмтээсэн байна. Э.Амарболд нь Дарь-Эхэд амьдардаг байжээ. Э.Амарболд аав, ээжийн хамт амьдардаг.

Харин Д.Жавхлан нь өвөөгийндөө ирж очин амьдардаг байжээ.

Холбоотой мэдээ

Монгол залуус PUBG Mobile-ын дэлхийн аваргад гуравдугаар байр эзэлж 284 сая төгрөгөөр шагнууллаа

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 1.3 сая ам.долларын шагналын сантай "PUBG Mobile Global Cha

2021-01-27

Наркологийн эмнэлэг, Ховд чиглэлийн автобусны зорчигчид, батлагдсан тохиолдлын хавьтал гээд нийт 11 хүнээс халдвар илэрчээ /01.27/

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өө

2021-01-27

0-3 настай хүүхдээ асарч буй эхэд сар бүр ₮50,000 олгож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн цэцийн дүгнэлтийг гишүүд дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэц

2021-01-27

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...