“ХОЛЛИВУД” ХЯТАДАД БУУЖ ӨГЛӨӨ

2017-10-24 Нийгэм 0

“Pacific Rim”, “Independence Day”, “Transformers: Age of Extinction”, “Now You See Me 2” зэрэг кинонд нийтлэг зүйл юу байна вэ? Эдгээр Холливудын уран бүтээлд туслах дүрүүддээ хятад бүсгүйчүүдийг тоглуулж, үйл явдлыг нь урд хөршид өрнүүлсэн байдаг. Яагаад тэр вэ? Дэлхийн хамгийн их буюу тэрбум гаруй хүн амтай Хятад оронд таалагдаж, их орлого олохын тулд л тэр. 2017 онд Хятад улс дэлхийн кино урлагийн хамгийн том зах зээл болно гэж эдийн засагчид үзэж байна. Тиймээс ойрын хэдэн жилдээ хятад үзэгчдийн төлөө Европ, Азийн кино салбарынхан ч, Холливуд ч шуурах нь тодорхой болов. Тэнд л борлогдож гэмээнэ ашиг орлогоороо тэргүүлж, шагнал хүртэх нь.

Энэ хандлага өнгөрсөн зууны ерөөд оны үед, “Титаник”-аас эхэлжээ. 1997 он хүртэл Холливудын хувьд Хятад гуравдугаар зэргийн зах зээл байв. Ашиг орлого ч барагтаа өгдөггүй, Засгийн газраас хатуу хяналттай тул тэнд гарах эрхийг хэдхэн кино л олж авдаг байж. Харин Ж.Камероны “Титаник” Хятадад нээлтээ хийснээсээ хойш тэр дороо 43 сая доллар олсон нь Хятадад гадаад кино үзүүлсэн хамгийн том амжилт болсон юм. 320 сая хүнтэй Америкт л толгой эргэм их мөнгө олдог кино 1.3 тэрбум хүнтэй Хятадын дэлгэцэнд гарахаар юу болох нь ойлгомжтой. Энэ их хүн амтай газарт л киногоо өгөөд мөнгөнд умбаж шумбаад байх боломж Холливудад байгаа мэт. Гэхдээ хэд хэдэн асуудалтай тулгарна.

Нэгдүгээрт, Хятадын Засгийн газар жилд гадаадын 34 кинонд л эрх өгдөг. Энэ 34 эрхийн төлөө Холливудын студи хоорондоо ширүүн өрсөлдөж, хятад үзэгчдэд өөрсдийн өндөр үнээр бүтсэн кинонуудаа үзүүлэх гэж чармайдаг.
Хоёрдугаарт, Хятадад гаргасан киноны орлогын дөнгөж 25 хувийг нь л Америкийн студи хармаалдаг. Тэгвэл дэлхийн бусад оронд Холливуд ашгийн 40-50 хувийг авдаг хуультай.
Гуравдугаарт, Засгийн газраас гадаад кино гаргахыг дэмждэггүй, үндэсний кино гаргаж байгаа кино театруудад янз бүрийн хөнгөлөлт үзүүлдэг байна. Тиймээс кино театрууд өндөр үнэтэй америк кино гаргаад байвал ашиггүй байх үе бий.
Үүнээс гадна Хятадын Засгийн газар зуны улиралд 60 хоног гадаад кино гаргахыг хориглодог. Энэ үеэр урд хөршийн кино театруудад түүхэн, эх орны сэдэвт кино л зонхилон гаргадаг. Ингэж Хятад нь гадаадын кинонуудад саад тавьж, бартаат замын гүйлтийн тэмцээн шиг болгожээ. Хятадад гарах эрх авах амаргүй. Хамаа намаагүй, хүчирхийллийн шинжтэй киног эрс хориглоно. Хятадад томоохон амжилт олно гэгдэж байсан “Deadpool” эрх авч чадаагүй юм.

Тэрбум гаруй үзэгчтэй зах зээлийн төлөө Холливуд ямар ч буулт хийхэд бэлэн байна. Жишээ нь, тэд туслах дүрүүдэд хятад эмэгтэйчүүдийг тоглуулж эхэлсэн. Ингэснээр Хятадын зах зээлд нэвтрэх эрх авахад хялбар болж, нутгийн хүмүүс ч ихээр үздэг гэнэ. Энэ зорилгоор ч Ли Бин Бинийг “Трансформер”-д, Янь Линийг “Тусгаар тогтнолын өдөр”-т тоглуулсан. Зарим үед туслах дүрээ хятадуудаар дүүргээд ч амжилт олохгүй тохиолдол бий. Ийм үед киноныхоо үйл явдлыг шууд Хятадад болж байгаа мэтээр өөрчилдөг. “Трансформер”-ийн сүүлчийн анги Хонконгод болдог бол “Now You See Me 2” бараг тэр чигээрээ Макаод үйл явдал нь өрнөсөн. Гадаад кино гаргадаггүй 60 хоногт тохируулан, Холливуд “Batman vs Superman: Dawn of Justice”, “Captain America: Civil War” киноныхоо нээлтийг 2016 оны гурав, дөрөвдүгээр саруудад болгон өөрчилж байлаа. Эдгээр киног бүтээгчид киноныхоо нээлтэнд Хятадыг багтаах тун хүсэлтэй байсан нь харагдаж байна. Хэрэв төлөвлөгөө ёсоор зун, гадаад кино хориотой үеэр нээлтээ хийсэн бол Хятадын хууль бус хувилагчид зах зээлээ өөрсдөө хуурамч бичлэгээр дүүргээд Холливуд сохор зоос ч олохгүй байж болох байв. Холливудын зарим студи Хятадын хоригийг өөр янзаар ашигладаг. Тэд зун 60 хоног гадаад кино үзээгүй “цангасан” хятад үзэгч хорионы дараа ямар ч кино байсан үзэх болно гэж тооцоолоод киноны нээлтээ есдүгээр сард хийдэг болов. Энэ аргыг “Терминатор, Генезис” киноны багийнхан ашигласан юм. Арнольд Шварценеггерийн кино Америкт бүтэлгүйтсэн ч Хятадад 108 сая доллар олсон нь эх орондоо олсон орлогоос нь даруй 20 саяар их байгаа юм. Хятадад их хэмжээний мөнгө олж эхэлсэн нь Холливудын зарим компанийг дампуурлаас аварч, робот-хүний дайны сэдэвтэй олон ангит киног дахин хийж эхлэх талаар ярилцах болсон.

Холливуд улам бүр Хятадын эрхэнд орж байгааг батлах зүйл их байна. Нэг жишээ дурдахад Холливуд “Red Dawn” киног 2012 онд шинэчлэн бүтээж, төрөлх хотоо Хятадын Ардын армийн булаан эзлэгчдээс баатарлагаар хамгаалж байгаа сурагчдын талаар зураг авалтаа хийж байлаа. Гэтэл зураг авалтын дундуур тус киног Хятадад гаргах боломж олдсон юм. Хятадуудыг алж хядаж байгаа киног Хятадад гаргана гэж байхгүй тул студийн боссууд тусгай эффект ашиглан, хятад цэргүүдийг Хойд Солонгосын армийн цэрэг болгон өөрчилж байлаа.
Хятадын кино зах зээлийн нэгэн хачирхалтай тал нь тэнд Холливудын кино үйл явдлаасаа илүү америк маягийн амьдрал, барууны соёлыг харуулж байгаагаараа илүү таалагддаг. Америк маягийн зүйл үзэх дуртай хятад үзэгчдийн ачаар “Галзуу хурд 7” БНХАУ-ын зах зээлийн хамгийн орлоготой киноны жагсаалтыг удаан хугацаанд тэргүүлсэн.
Хятад үзэгчид өөрсдөө америк кино үзэхийг хүсэж байхад заавал хятад жүжигчнээр даллан дуудах хэрэг байгаа юм уу гэж асууж болох. Гэвч Хятадад киногоо гаргах эрхийн төлөө найруулагчид “Оддын дайн”-ы үйл явдлыг ч Бээжинд болж байгаагаар хийхэд бэлэн байна. Жилд Хятадад нэвтрэх эрх авдаг 34 кинонд багтах нь тэдний туйлын зорилго болж. Эрх авч чадсанууд нь бүгд өндөр зардлаар бүтсэн нүсэр кинонууд. Америк, Европт орлого олоогүй кино Хятадад гарч, шархаа нөхсөн тохиолдол олон. Жишээ дурдвал “Warcraft”, “Need for Speed”, “Independence Day: Resurgence”, “The Last Witch Hunter” зэрэг байна. 160 саяар бүтсэн “Warcraft” кино АНУ-д 47 сая доллар олсон. Харин Хятадын зах зээлд гараад 220 сая доллар “өвөртөлж”, ашигтай ажилласан. Холливудын студиудад энэ кино хэрэггүй бол Хятадад ашиг орлогоороо 8-д жагссан, энэ киноны үргэлжлэлийг хийгээч гэсэн хүсэлт их байгаа гэнэ. Ийнхүү Хятадад амжилт олсон Холливудын ашиггүй, муу кинонууд эрт орой нэгэн цагт Хятадын студийн мэдэлд шилжиж, хятад хэл дээр, хятад жүжигчидтэйгээр дахин төрдөг болох шинжтэй. “Need for Speed” киноны үргэлжлэлийг хятадууд хийхээр болсон нь үүнийг батлан харуулна.
Хойд хөрш ч Хятадын зах зээлийг онилоод байгаа. Жилд зөвшөөрөл авдаг 34 гадаад киноноос 1-2 нь орос кинонд оногддог. Фёдор Бондарчукын “Сталинград” Хятадад 13 сая долларын ашиг олсон нь том амжилт. Ирэх жил оросууд “Хамгаалагчид” супер боевик, харь гаригийнхан Москва руу дайрч байгаа “Татах хүч”, Хятадад аялсан нь” адал явдалт гурван киног 34-т багтаахаар “сойж” байгаа гэнэ.
Дэлхийн томоохон шинжээчдийн үзэж буйгаар энэ жил Хятадын кино зах зээл Холливудтай зэрэгцэнэ гэж дүгнэжээ. Харин 2017 оноос Хятадын зах зээл хэмжээгээрээ Америкийг давж гарах аж. Давж гараад зогсохгүй, улам хөгжсөөр байх болно. Одоо л Хятадад өдөрт 13 кинотеатр шинээр нээгддэг гэхээр энэ зах зээлийн цар хэмжээ төсөөлшгүй. Хятадын Засгийн газар жилд гаргадаг гадаад киноны зөвшөөрлөө 34-өөс 44 болгон өөрчлөх гэж байгаа гэсэн мэдээ хэвлэлээр үе үе гардаг болсон. Ингэснээр Хятадын гадаад киноноос авах татвар, орлого нь улам нэмэгдэх бол Холливудын хувьд энэ нь бараг бүх кинондоо хятад жүжигчдийг тоглуулж, ихэнх киноныхоо зураг авалтыг Бээжин, Шанхайд хийж эхлэнэ гэсэн үг. Хятадын кино ч ихэд сайжирч байгаа тул муу киногоор хуурах аргагүй болно. Хятад студиуд мөнгөтэй болсон учир америк жүжигчдийг кинондоо урин тоглуулж эхлүүлсэн.

Forbes-ийн хамгийн баян жүжигчдийн жагсаалтын 3-т бичигдсэн Мэтт Дэймон найруулагч Чжана Имоугийн “The Great Wall” кинонд тоглож байгаа. Тэгэхээр кино урлагийн зах зээлийн “тоглолт” хятад дүрмээр явах нь. Холливудын том студи, продакшнууд хэдийнэ буун өгч, шинэ дүрмэнд зохицох гэж хичээж байна. Удалгүй Холливуд хятад хэлээр кино хийх цаг ирэх болов уу?

Эх сурвалж: ub.life

Холбоотой мэдээ

Есөн настай дагавар охиноо хөнөөсөн этгээдэд 20 жилийн ял оноожээ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд амьдардаг есөн настай охин гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2020

2021-01-22

Сүүлийн 24 цагийн хугацаанд 15546 хүнд PCR шинжилгээ хийхэд НАЙМАН хүнээс коронавирус илэрлээ

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа

2021-01-22

Нэгдүгээр төрөхийн дарга Г.Баясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй гэжээ

Нийслэлийн Өргөө амаржих газарт энэ сарын 19-ний өглөө амаржсан эхийг тухайн өдрийн орой ХӨСҮТ-д хүр

2021-01-21

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...