Би бол зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн бүтээлүүдийг шимтэн уншдаг залуусын нэг. Тиймдээ ч хайртай зохиолчийнхоо хоёр ч ярилцлагыг олж уншаад өөрийн эрхгүй баясаж, түүний бүтээлд шимтэгчидтэй хуваалцъя гэж бодлоо. Та бүхэн бүтэн ярилцлагыг дор буй хоёр холбоосоор орж унших боломжтой шүү.
Үг бүрийг нь нэхэн уншмаар, нөхөн санамаар ЭШЛЭЛҮҮД:
Хэн нэг нь надаас илүү бичиж чадах л байх. Гэхдээ минийх шиг түүх түүнд байхгүй. Хэн нэг нь надаас хамаагүй илүү намтар түүхтэй л байх. Гэхдээ яг минийх шигээр илэрхийлж чадахгүй
Гоо зүйтэй, ёс суртахуунтай, хүн чанартай зүйлд биш шуугиантай, бохир үнэнтэй юмыг л бид анхаардаг, бусдаас тийм зүйлийг шаарддаг болчихож
Зарим маань том, зарим маань жижиг байдаг шиг бидний сэтгэл зүрх бас размертай. Хязгааргүй уужуу сэтгэл ч байна, хумсын толионоос жижигхэн сэтгэл ч байна. Жижиг размерын сэтгэл рүү хичнээн ч сайхан том зүйлийг цутгаад чихээд орохгүй, хүлээж авмаар байвч хэмжээ нь хүрэлцэхгүй
Тэр хайрын шарх марх бол дэндүү жижиг асуудал. Хүүхэн бүрийн ярьж чадах тийм зүйлийг биш хүүхэн бүрийн олж харж чадахгүй зүйлийг л би бичнэ
Уран бүтээл ямар нэг зорилгоос л төрнө. Өөрийгөө олох зорилгоос, ертөнцийг ойлгох хүсэл тэмүүллийн зорилгоос, үзэл бодлоо илэрхийлэх зорилгоос, бас зүгээр л аймаар чанга хашгирах хүсэл зорилгоос төрж болно
Эзэнгүй яриа бол яриа биш. “Биш” юм бол юу ч биш
Манай монголчууд “Би” гэдэг үгэнд дургүй юм. “Юм л бол би, би гээд энэ муу яасан биеэ тоосон онгироо амьтан бэ” гээд бүгд дургүйцдэг. Тэгсэн мөртлөө даруухан царай гаргасан биеэ тоосон нөхөр зурагтаар “Би хэн ч биш ээ, яагаа ч үгүй байгаа, өвөг дээдсийнхээ дэргэд бол өчүүхэн муу шоргоолж” гэж ярихад нь хүүхэд шиг итгэдэг. Гэтэл уран бүтээлийн мөн чанар “Би”-гээс л төрөн гардаг юм шүү дээ. “Би” болгон давтагдашгүй. Тиймгүйсэн бол хэдэн зуун жил биччихсэн яруу найргаас хүн төрөлхтөн одоо юу хүлээх вэ
Өөрийн гэсэн зан чанар бол хүний маш том хөрөнгө юм
Хүн ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн хуурамч тиг бүтээчихээд бид хүн болгоныг хэвийн боов шиг нэг жигд болгохыг хүсээд байна
Нэг гоё үг байдаг юм аа. “Олон ч найз нөхөртэй бол, олон ч дайсантай бол!” гэж. Энэ хоёр зүйл чамайг хүчирхэг болгоно
Хэн нэг хүн надад жижиг зан гаргасны төлөө би адилхан жижигрэх албагүй
Хүнийг нөхөрлөж байхдаа таньдаг гэдэг бол худлаа. Нөхөрлөж байгаад холдсоныхоо дараа хүний жинхэнэ чанарыг таньдаг юм
Хүн бүрийн уншдаг зохиогч болчихгүй юмсан гэсэн далд бодол бий
Бусдын дарга байхаас өөртөө эзэн байхыг илүүд үзнэ. Үнэн шүү, өөрөө хэнд ч захирагдахыг хүсдэггүй болохоороо хэнийг ч захирахыг хүсдэггүй юм аа
Бичих нь л миний ажил, бусад нь буянаараа болог!
Зохиогч, зохиолч хоёр тэс өөр. Зохиолчид бол хоосон газар нүцгэн гараараа үр тариа суулгагчид юм
Орчуулагч хүнийг хэл найруулгаас илүүтэй сонголт нь тодорхойлдог
Жаргалтай үедээ бусдын зовлонгийн өмнө буруутай мэт мэдрэмж төрөхийг бас гуниг гэдэг шүү дээ. Мэдэрдэг хүнд бол энэ амьдралд гунигтай зүйл дэндүү их
“Хэн нэгний тухай юу ч сонссон битгий итгэ!” гэж гүтгүүлдэг хүний хувьд хэлье дээ. Би лав бусдын тухай муу юм уншвал огтхон ч итгэдэггүй
Нөхөрлөл гэдэг их ярихдаа биш их сонсохдоо л байдаг гэж боддог доо
Бүтээгч хүний хувьд бол алдаа гэж үгүй. Урагшлахын тулд эрэл хийх л хэрэгтэй. Эрэл ямагт алдаа дагуулдаг
Хүнийг шүүвэл чи өөрөө л шүүлтээр орно
Мэдлэг боловсрол дутуу бол сайхан сэтгэл, эерэг хандлагыг зүг чигээ болгох нь зөв юм
Хэрэглэгч цөөтэй тусмаа л “тусгай” гэж ойлгох хэрэгтэй. Утга зохиолын олон төрөл дотроос яруу найраг бол тансаг хэрэглээний бараа л гэсэн үг
Яруу найрагч байхын тулд өөрөөсөө өөр байх шаардлагагүй л дээ. Харин ээж байна гэдэг бол нэгэн дор 10 мэргэжлийн эзэн байна гэсэн үг
0 cэтгэгдэлтэй