Найруулагч Ч.Түвшин: Хөшиг нээвэл нууц задарна…

2017-03-12 Ярилцлага 0

УДЭТ жил бүрийн гуравдугаар сард сонгодог жүжгийн сар болгон дэлхийн сонгодог оргил бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгодог уламжлалтай. Энэ жилийн сонгодог өдрүүд найруулагч Ч.Түвшины “Эдип” жүжгээр эхэллээ.  Найруулагчтай ярилцсанаа хүргэе.

-Эмгэнэлт жүжгийн сор гэгддэг “Эдип хаан” жүжгийг наяад онд Оросын найруулагч Монголын тайзнаа анх тавьсан. Харин таных хоёр дахь нь. Үзэгчиддээ хэд дэх удаагаа хүрч байна вэ?

– Тоолж үзээгүй юм байна шүү.  Ер нь бол гуравдугаар сар бол үзэгчид, уран бүтээлчдийн баярын сар байдаг. Олон улсын театрын өдөр бол зөвхөн монголд бус дэлхий нийтээрээ тэмдэглэдэг оюунлаг баяр. Энэ баярыг тохиолдуулж УДЭТ сонгодог жүжгүүдийн өдрүүдийг тоглуулж “Ромео Жульетта”,  “Кихот ноён”, “Нора”,  “Парисийн дарь эхийн сүм”, “Гамлет”, “Эдип” жүжгүүдийг тавьж байна.” Эдип” анх 2008 онд тоглогдож тухайн оныхоо театр урлагийн их наадам Гэгээн музагийн гранпри шагналыг авсан. Үзэгчидтэйгээ ес дэх жилдээ уулзаж байгаа нь энэ.  Манай театр чинь аравдугаар сарыг түүхэн жүжгийн өдрүүд, зуны эхэн сарыг хүүхдийн жүжгийн өдрүүд, хоёрдугаар сарыг хайрын жүжгийн өдрүүд гэх мэтээр урын сангаасаа  болж өгвөл сорчлон үзэгчиддээ хүргэдэг уламжлалтай.

-Уран бүтээлчдийн тухайд өөрчлөлт орсон  уу?

-Үгүй ээ. Эдипд  СТА Ц.Цэрэнболд, Иокастад МУАЖ С.Сарантуяа, Креонтад СТА Д.Баттөмөр, Креонтийн эхнэрт СТА, Тиресийд МУАЖ П.Цэрэндагва, Мэдээчинд МУГЖ С.Дамдин, Хоньчин СТА Ж.Пүрэвдорж, Түшмэл МУГЖ Б.Жаргалсайхан СТА М.Түвшинхүү, шивэгчинд СТА Б.Наранмандах, МУСТА Ц.Баясгалан гээд л манай театрын гурван үеийн жүжигчид ажиллаж байна. Жүжгийн хамгийн том онцлог нь  Софоклийн энэ гайхамшигт зохиолыг монгол хөг, зан үйл, хөрсөн  дээр буулгаж авчирсан. Тэр үед хил хязгаар гааль байсан үгүйг нотлохдоо гол биш хүн төрөлхтний оюуны сэтгэлгээ энэ хөгөн дээр байсан гэдгийг ойртуулах.  Хамгийн сайшаалтай нь  энэ жүжгүүдийг үзэх эрэлт байна.  Эерүү зөөлөн салхи театр тийш эргэсэн сайхан үе бидэнд ирээд байна.

-Эдип таныг хэр зовоож төрөв, эсвэл бүр омогшиж аархав уу?

-Уран бүтээл бүр биднээс  шаналал эрэл хайгуул шаарддаг. Өдрөөс өдөрт эрчимтэй хөгжиж буй энэ мэдээлэл технологийн хурдтай эрин үед  бид үзэгчдийнхээ оюуны хөтөч нь болж явах учиртай. Үүндээ  хүрэхийн тулд,  юуны төлөө мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид билээ сайн л бүтээл хийхийн төлөө  үзнэ шүү дээ.

-Гол анхаарч ажилласан нь юу байв?

-Хуучны уламжлалт заяа тавилангийн асуудлыг би ойшоогоогүй гэж хэлэхэд бол хэцүү. Ямартай ч энэ жүжиг тавигдах хоёр үндсэн шугам надад харагдсан. Ард түмнээсээ сонгогдсон, талархлыг нь хүлээсэн тэр хаан ард түмнээсээ урвах учиргүй. Тиймийн тулд өөрийнхөө хувийн аз жаргал, эрх ашиг, албан тушаал, таашаалыг умартаж өгсөн тангарагаа биелүүлэхийн төлөө явж байгаа төрт ёсны зүтгэлтэн. Нөгөө талаас хүн удам судраа маш сайн мэддэг  байх хэрэгтэй. Удам судараа таньж мэдээгүй өөрийгөө байгалийн бүтээгдэхүүн гэдгээ таниагүй  учраас  л ийм том эрсдэлд орж байна. Тэр хаан, эсвэл эдэмтэн байх нь гол бус хэний  бүтээл вэ гэдгээ мэдэх нь чухал.

-2017 он таны теарт ажилласан хэд дэх жил вэ?

-1986 оны намар “Гургалдайн дуучин” жүжиг анх тоглоход  ажилд орж байлаа. Найман сарын 22-ны өдөр байсан юм.

-Та чинь тэгэхээр хэдэн настай хүн бэ?

-/инээв/ 1986 оноос тайзны ажилтан хийж байгаад 1996 онд найруулагчаар төгсөж ирсэн.

– Таны тамгатай ямар бүтээл шинээр төрөх гэж байна вэ?

-Би өөрийгөө УДЭТ-ын бүтээгдэхүүн, баялаг нь гэж боддог. Тэгэхээр энэ театрын урын сангийн асуудал бидэнтэй л холбоотой. Хүүхдийн жүжгийн төсөл хэрэгжүүлээд “Норовын намтар” тоглосон. Одоо дөрвөн жүжиг хүлээгдэж байна. “Хаан инээсэн өдөр” жүжгийн зохиолоо бичиж байна. Дараа нь “Хөхөө намжил” , ингээд цаашаа явна даа. Үндэсний хэлбэртэй бүтээлийг нь олшруулж театрын үзэгчдийг багаас нь бэлтгэх зорилго маань энэ.  Сонгодог талаасаа Бернард Шоугийн “Пигмалион” дуншиж байна.

-Кинон дээр ажилласан уу?

-Оюутан байхдаа дипломын ажил гээд 12 минутын үггүй кино хийсэн.  Дахиж камертай  зууралдаагүй.

-Драмын мэргэжлийн жүжигчдийн төвийн үйл ажиллагаа бол УДЭТ-ын нэрийн хуудас болсон. Дахиад нэг төсөл эхлүүлсэн байсан ямархуу явж байна?

– Би  драмын театрын энэ бие даасан төслийг маш их сайшаадаг. Бид нарын цаг үеийн том ололт юм. Өөрсдийн цусаа, оюунаа, авьяасаа чанаржуулах үүднээс хүсэлт тавьж захиргаа уран сайханы зөвлөл удаан хөөцөлдсөний үр дүнд шинэ студи ангид элсэлт авдаг болсон. Ингэснээр уран бүтээлчийг чанаржуулж чадваржуулж байна. Их дээд сургууль төгссөн хүүхдүүдийг бид муу гэж хэлээд байгаа юм биш. Энэ олон сургуулийн төгсөгчөөс  сорчлон авч практик тайзны сургалтыг өгдөг.

-Гэгээн муза наадам дөхөж байна. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Сайхан наадам даа.

-Таны ямар ямар бүтээл шагнагдав, эндээс?

-Хүүхдийн жүжгээр хоёр удаа авсан. Эдип авсан. Хамгийн гол нь гэгээн муза наадамд оролцоно  гэдэг бахдам юм. Би хаана байна, би хэнтэй байна, миний өрсөлдөгч хэн байна гээд л.

-Таны багш хэн бэ?

-Найруулагчийн уран чадварын багш МУГЖ Л.Лхасүрэн  агсан. Жүжигчний уран чадварын багш МУАЖ Ж.Лхамхүү, тайзны ярианы багш маань МУГЖ Н.Мягмар.

-Үзэгчиддээ хандаад юуг хэлэх вэ?

-Хөшиг нээвэл нууц задарна гэдэг. Би хөшигний ар талд зөвхөн уран бүтээлчид бий гэж хардаггүй. Тэр хөшиг нээгдэхэд үзэгч уран бүтээлч хоёр нэг сэтгэхүйд, нэг орчинд,  нэг үзэл санааны зөрчлийн тухай асуудал дээр зэрэг амьдардаг. Тэгэхээр жүжиг эхэлнэ гэдэг зөвхөн бидний бус бас үзэгчдийн асуудал. Бидний бүтээлд хамтран оролцож байгаа үзэгчиддээ баярлалаа. Яагаад гэвэл Монголын теартын үзэгчид олширч байгаа. Сонгодог жүжгийн өдрүүд үзэгчдээр дүүрэн байна.  Баяртай байна.

аярлалаа.

Холбоотой мэдээ

Х.Ганхуяг: Би бизнесийн орчныг эрүүл болгох гэж улс төрд орсон

-УИХ-ын сонгуульд та нийслэлийн Баянгол дүүргээс нэр дэвшиж, сонгогдлоо. Энэ удаагийн парламентад за

2020-08-05

О.Цогтгэрэл: Tөр иргэдийн орлогыг дэмжих хөшүүрэг бий болгож чадахгүй байна

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлтэй ярилцлаа. -Таны хувьд Увс аймгийн сонгогчдын саналыг авч, Монгол

2020-08-05

“Хөзрийн хатан”, хар домын шидтэн Н.Доржмаа: Халуун хоолтой ч хүйтэн сэтгэлээр сүлүүлсэн амьдралд цөхөрч болохгүй

Өдгөө Монголд хөзрийн мэргэ төлөг, заслын аргаар цор ганцаархнаа олонд танигдсан эмэгтэй бол Наранжа

2020-08-04

Санал асуулга

Есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...