О.Чулуунбилэг: Хөгжлийн төлөө гурван парадоксыг нэн тэргүүнд эмчлэх шаардлагатай

2017-10-30 Нийгэм 0

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор улс төрийн менежер О.Чулуунбилэгийг урилаа.
Монгол Улсын хөгжилд гарч буй гурван парадоксыг нэн тэргүүнд эмчлэх шаардлагатай. Тодруулбал, улс төрийн буюу түгээлтийн, соёлын, ногоон хөгжлийн парадокстой өнөө үеийнхэн тулгарч байна. Тиймээс шийдлийг олж эмчлэх ёстой.

ТӨРИЙН ТҮГЭЭЛТИЙН ПАРАДОКС

Эдийн засгийн хөгжлөө улс төр нь гүйцэхгүйгээс сонгогчдын хүлээлтэд хүрэхгүй байгаа нь улс төрийн менежмэнтээ өөрчлөх цаг ирснийг харуулж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн гаргасан шийдвэр сонгогчдын хүлээлт хоёр зөрүүтэй байснаар зөрчил үүсдэг. Энэ нь Монгол Улс шиг байгалийн баялгийн үнээс хамаардаг савлагаатай эдийн засагтай, тогтворгүй улс төрийн төлөвтэй орнуудад ажиглагддаг парадокс гэж болно. Үүнийг “тахианы нислэг” гэж тодорхойлдог. Тахиа огцом хурдтай нисэх гэж оролдоод тун удалгүй газарддагтай адилтгаж болох юм. Жишээлбэл, Бразилийн эдийн засаг 1990-ээд оноос гараагаа эрчтэй авч 2000 оны эхээр хөгжлийнх нь алтан үе байсан гэдэг.
Тахиа огцом хурдтай нисэх гэж оролдоод тун удалгүй газарддагтай адилтгаж болох юм.
Түүхий эдийн үнэ өссөн, нефтийн экспортоо нэмэгдүүлсэн нь эдийн засаг нь тогтмол өсөх нөхцөл болсон. Энэ хугацаанд 30 гаруй сая хүнийг нийгмийн дундаж давхарга руугаа татаж оруулсан нь асар том дэвшил байв. Гэтэл өнөөдөр гудамжинд нь өдөр бүр жагсаалтай, үе үеийн ерөнхийлөгчдөө шүүхэд дуудсан, төр нь тогтворгүй байгаа тухай мэдээ гарсаар. Шалтгаан нь шинээр бий болсон дундаж давхаргынхан баялагийн шударга бус хуваарилалт, авилгал, улстөрчдийн хууран мэхлэлт, арьс өнгөний үзэл, тэгш бус байдлыг нь хүлээн зөвшөөрөөгүйд байна хэмээн судлаачид хэлдэг. Байгалийн баялгаас үүссэн эдийн засгийн өсөлтийн өгөөж нь тэр орны нийгэм-эдийн засгийн өсөлтийг улстөрчдийн урагшгүй менежментээс үүдэн хамт хөгжиж чадахгүй байгаагаас үүсдэг зөрчлийг энэ парадокс агуулдаг.
Манай улсын хувьд эдийн засаг асар хурдтайгаар “нисч” 17 хувиар өссөн он жилүүдийг эрх баригчид бахархан дурсах дуртай. Тэгвэл эдийн засаг өсөхийн хэрээр нийгмийн дундаж давхаргын тоо өсч, хэрэглээ чанаржиж, жижиг бизнес нэмэгдсэн.
Гэвч дараагийн сонгуульд тухайн үеийн эрх баригчдын унасан шалтгаан нь намын дотоод зөрчлөөс илүүтэй Бразилийнхтай ижил санагддаг. Өөрөөр хэлбэл, дундаж давхаргад шинээр орсон иргэдийн хүсэл тэмүүлэлтэй холбоотой гэдгийг улс төрийн намууд мэдэрч ойлгох ёстой. Энэ нь өдөр тутмын эдийн засаг-санхүүгийн хэрэгцээ гэхээсээ илүү өргөн утгатай бөгөөд хүний үнэлэмж, ажлын байр, үйлдвэрлэл, нийгмийн харилцаан дахь шударга ёс, хуулийн тэгш үйлчлэл зэрэг арай дээд төвшний шаардлага юм.
Харамсалтай нь монголын улстөрчид үүнийг огт мэдрэхгүй өнөөх л түгээлтийн улс төрийн менежментээ ашиглаж, өдөр тутмын бэлэн мөнгөний жаахан дусаалтаар сонгогчдын дэмжлэгээ авна хэмээн найдаж байгаа нь шинэ Засгийн газрын муйхар бодлого, түүнийг эсэргүүцсэн дундаж ангийн хандлагаас харагдаж байна. Гэхдээ Ерөнхий сайд түгээлт буруу гэдгийг маш сайн мэдэж байгаа. Гэвч Засгийн газраа тогтвортой байлгахын тулд парламентийн гишүүдийг, гишүүд нь төрийн албан хаагчдыг бэлэн мөнгөний дусаалтаар аргадаж буй хуучирсан менежмент энэ парадоксыг үргэлжүүлж байна.

СОЁЛЫН ПАРАДОКС

Даяаршлын энэ үед бид үндэстнийхээ хувьд уусах вий, үндэсний соёл маань устаж мартагдах вий гэсэн далд айдас, болгоомжлол монголчуудад бий. Энэ нь хэтрэхээрээ жижиг үндэстний парной болж илэрдэг гэмтэй. Үүний илрэл нь бусад бүх соёлыг үгүйсгэж мөнх тэнгэрийн үзэл, монгол суу ухаан, монголын онцгой ген, дэлхийг захирах үндэстэн гэх мэтийг ярьдаг нийгмийн давхарга бий болсон. Соёлын сэтгэлгээний ийм хэлбэрүүд нь бидэнд бусадтай харилцах, хамтран ажиллах, нэгдэж ажиллахад ихээхэн саад үүсгэдэг юм. Цаашилбал, хөрш орнуудтайгаа харилцах өдөр тутмын харилцаанд хүртэл нөлөөлөөд эхэллээ. Соёлын ийм парадокс манай түүхэнд бүр дундад зуунаас хүчтэй илэрсэн байдаг.
Соёлын ийм парадокс манай түүхэнд бүр дундад зуунаас хүчтэй илэрсэн байдаг.
Бид дэлхийн бусад соёлтой хамтарч ямар нэгэн интеграцчилалд орохгүйгээр оршин тогтнох боловч хөгжих боломжгүй. Хэрэв бие даана гэвэл алив нэгэн соёлын дарангуйлал, түрэлтэнд өртөхгүй байж чадах ч бие дааж хөгжих чадваргүй. Ийм соёлын парадокс манай нийгмийн дотоод харилцаанд ч бий. Хотод нүүж ирж амьдрахгүй, ямар нэгэн суурьшлын бүсэд очихгүйгээр хөдөө орон нутагтаа нүүдэллэн амьдарч болох ч хөгжихөд тун хүнд. Харин хотынхон хөгжиж байгаа мэт боловч үндэсний соёл, зан заншлаасаа улам холдон соёлын хувьд алсрахыг хөгжил гэх бас л хэцүү. Манай уламжлалт соёлын парадоксыг бид илүү сайн судалж зөв гарц олох хэрэгтэй. Миний хувьд “Хувилайн парадокс” гэж жүжгийн зохиол эхлүүлчсэн.
Соёлын парадоксын сул тал нь улсын хөгжлийн сул тал болж байгааг судлаачид хэлдэг. Тухайлбал, төмөр зам барих, барихгүй тухай маргааныг өнгөц харвал эдийн засагтай холбоотой мэт боловч цаад утгаараа соёлын маргаан ч бас явж байна. Хурдан хөгжихийн тулд байгалийн баялгаа борлуулж мөнгө олсон ч том хөршийн эдийн засаг, соёлын цөмөөс хамааралтай болохоос айж байгаа. Тэгээд эдийн засагийн итеграцид орохгүй, соёлын түрэлтийг халхалж холдоно гэвэл хөгжихгүй, хөрөнгөжихгүй амьд музей болж үлдэнэ. Энэ зөрчлийн илрэл нь бүхий л зүйлийг зогсонги байдалд оруулж байгаа нь цаг хугацаа л алдана. Тэгэхээр өөрт ашигтай хувилбарыг оновчтойгоор сонгож ажиллах хэрэгтэй.

НОГООН ХӨГЖЛИЙН ПАРАДОКС

Монгол орон хөрс нь атар онгон, агаар нь цэвэр, ус нь тунгалаг гэж үнэлэгддэг ч хүн амынх нь тал нь амьдардаг нийслэлийнх нь агаар, хөрс, усны бохирдол дэлхийн хамгийн бохирдолттой хотуудын эгнээнд жагсдаг. Уур амьсгалын өөрчлөлтөөр жилд хоёр хэм дулаарч буй Монголд ирээдүйд амьдрах орчны өөрчлөлт орж, өртөг нэмэгдэх нь гарцаагүй.
Тээр жилийн бичин жилийн зуднаар гэж ярьдаг байсан яриа мартагдаж жил бүр ган гачиг, түймэр, үер, зуд гарч байна. Үүн дээр Улаанбаатарын орчны бохирдлыг нэмбэл ойрын хорин жилдээ Монгол хүн амьдрах орчны хамгийн өндөр өртөгтэй улс болох эрсдэл бодитой гэж хардаг. Нэг талаас нь харвал, нүүдэлчдийн сүүлчийн атар онгон хээр тал, говь нутаг, нөгөө талаас нь харахаар амьдрах орчны өндөр эрсдэлтэй газар болох пародокс руу бид явж байна. Үүнийг дагаад бидний амьдрах соёл, эдийн засгийн бүтэц, эрүүл мэнд өөрчлөгдөнө шүү дээ.

ГАРЦ

Улс төр – Төрийн түгээлтийн парадоксыг өөрчлөхөд магадгүй бүтэн үе солигдох эсвэл хувьсгал хэрэгтэй байх. Өнөөдрийн улс төрд байгаа боломж буюу “тамга хөзөр” бол Засгийн газрууд богино хугацааанд өөрчлөгддөг, парламентаасс хэтэрхий хараат байдаг гажигийг үндсэн хуулийн өөрчлөлтөөр засах учиртай.
Одоогийн энэ үнэмлэхүй олонхитой парламент үндсэн хуулийг өөрчлөх бүрэн нөөцтэй ч хэтэрхий олон өөрчлөлт хийх гэж зүтгэвэл гацах болно. Тиймээс ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн, хууль тогтоох байгууллага нь өөрөө “жирэмсэлж” гүйцэтгэх засаглалаа төрүүлдэг энэ гажиг тогтолцоог зассан ганцхан өөрчлөлт хийхэд л бараг хувьсгал болох юм. Урт хугацаанд тогтвортой ажиллах, харьцангуй бие даасан Засгийн газар түгээлтийн улс төрөөс татгалзаж илүү бодлогын улс төрд анхаарлаа хандуулах сөхөөтэй болно.
Соёл – Соёлын парадоксын хувьд бид аль болох нээлттэй байх хэрэгтэй. Тиймээс өөрийн соёлын эзлэх ёстой тэр байр суурийг даяаршлын тавцанд олж авахын тулд давшингуй байдлаар ажиллах учиртай. Хятад улсын эдийн засгийн коридорыг хөгжүүлэхийн тулд Торгоны замын бүтцийг үүсгэж байна. Энэ хүрээнд соёлын торгоны замыг хөгжүүлэхэд манай улс манлайлагч болж оролцох хэрэгтэй. Торгоны замын маршрутыг ажиглахад Их Монгол Улсын байлдан дагуулалтын түүхтэй үндсэндээ давхцдаг.
Энэ нь дундад зууны дэлхийн эдийн засаг болоод соёлын хэлхээг манай улс торгоны замаар холбож байсныг гэрчилдэг. Тиймээс торгоны зам дагуу үүсэх худалдаа эдийн засаг, соёл аялал жуулчлаын харилцаа манай улсыг заавал дайрч өнгөрч болохын төлөө ажиллмаар байна. Чухам ийм худалдаа соёлын аялал жуулчлал манай эдийн засгийг тогтвортой тэтгэж уул уурхайгаас өөр том баялгийн эх үүсвэр болно. Хамгийн гол нь соёлын хувьд бид хүлээн зөвшөөрөгдөж парной байх шаардлагаггүй болно.
Хамгийн гол нь соёлын хувьд бид хүлээн зөвшөөрөгдөж парной байх шаардлагаггүй болно.
Ногоон хөгжил – Хүйтэн дайны нөлөө одоо болтол хадгалагдсан хоорондоо газар нутгийн болон түүхийн маргаантай Зүүн Хойд Азийн бүс нутагт манай хамаардаг. Улс төрийн харилцаа хүйтэн байгаа учраас эдийн засгийн хөшүүргээ ашиглаж бүс нутгийн интеграци үүсгэж чадахгүй байна. Гэвч ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн асуудлаар Монгол Улс манлайлж бүс нутгийн хэмжээний төсөл хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
Жишээлбэл, Монголын говиос хийсч байгаа шороон шуурга Бээжингээр дамжаад Солонгос, Японыг дайрч өнгөрдөг юм байна. Зөвхөн энэ шороон шуурганаас болоод эдгээр улсууд жилдээ гурван тэрбум ам.долларын хохирол амсдаг юм билээ.
Технологийн нарийн дэвшлийг ашиглаж бас үйлдвэрлэдэг учраас манайхаас эхэлсэн шороон шуурга тэдгээрийн чипийг гэмтээх эх үүсвэр болдог тухай Солонгосын улстөрч ярьж байсан. Тэгэхээр манай цөлжилт, элсний асуудал нь зөвхөн бидэнд хамааралтай биш гэдгийг харуулж байна. Тиймээс цөлжилттэй тэмцэх, ойжуулах бүс нутгийн бүтцийг Монголд төвтэй байгуулах санаачлагийг бид идэвхитэй тавибал дэмжигдэх боломж өндөр. Угаасаа Монгол шиг жижиг, эдийн засгийн чадавхи муутай орон дангаараа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чадвар байхгүй. Энэ сул талаа өөрийн давуу тал болгон хөгжүүлж, олон улсын хэмжээнд ногоон хөгжлийн их гүрэн болох боломж байна. Үүний эхлэл нь Монголын говийг ногооруулах асар том төслийг бид бүс нутгийнхаа улсуудтай ярих ёстой.

Д.Оюунчимэг

Холбоотой мэдээ

Хөл хориог урт хугацаанд биш богино, олон дахин тогтоох нь үр дүнтэй

Судлаачдын бүлгээс цар тахлын үед хөл хориог ямар хугацаанд тогтоох нь тархалтыг бууруулахад илүү үр

2021-01-15

2021 он коронавирусийн халдварын тархалт ихтэй, хүнд үе байхыг ДЭМБ-аас анхааруулжээ

Мутацид орсон шинэ хувилбарыг Норвегийн эрдэмтэд судалжээ. Тус судалгааны үр дүнг ЭМЯ-ны ахлах шинжэ

2021-01-15

Монгол эрдэмтдийн бүтээсэн коронавирусын оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авчээ

Монголын эрдэмтэд шинэ төрлийн коронавируст халдвар авсан хүнд вирусний эсрэг биет үүсэж дархлаа тог

2021-01-15

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...