С.Төмөрбаатар: Монгол үндэсний хэв шинж агуулсан гэрэл үйлдвэрлэнэ…

2017-03-19 Ярилцлага 0

Амьдралын тав тух, амар тайван байдлыг бий болгогч тодруулбал нийслэл хотын их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг гэрлээр бичиж яваа  “ЛХАТОНОМ” ХХК-ийн захирал ноён С.Төмөрбаатартай уулзаж ярилцлаа.  Бизнесийн хязгааргүй орон зайд бат бэх суурьтайгаар оршин тогтнож од мэт гялалзах нь энэ эрхмийн зорилго бас мөрөөдөл. Тэр зорилгоо компанийхаа логоноос ийнхүү уншиж өгсөн юм.  Өөрийн эзэмшсэн мэргэжлээ хариуцлага, нэр төртэйгээр авч явж улс орныхоо бүтээн байгуулалтг, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа “ЛХАТОНОМ” бол Монголын баялаг бүтээгчдийн нэг юм.

Jarden хотхон манай нийслэлийн нэгэн бахархал болсон бүтээн байгуулалт. Ийм зэрэглэлд хүргэхэд таны хүчин зүтгэл бий. Энэ мэт төгс жишиг гүйцэтгэлтэй ажил олныг хийж байна уу?

– Jarden бол миний мэдэхээр Монгол улсыг дэлхийд таниулж буй Азийн шилдэг бүтээн байгуулалт 5 одтой хотхон. Бид  энд хотхоны чиглэл заасан самбарууд, талбайн гэрэлтүүлэг, гадна кабелийн ажил, 40 машины граш, тоглоомын талбайн гэрэлтүүлэг зэрэг ажлуудыг хийсэн. Хэн ч харсан ийм орчинд амьдарвал сайхан даа л гэж бодохоор үнэхээр төгс гүйцэтгэлтэй тансаг хотхон. За тэгээд River garden хотхоны нэг барилгыг бүрэн хийлээ. River stone хотхоны цахилгаан холболт, угсралт, гадна талбайн гэрэлтүүлэг хийсэн. “Гофро” ХХК-ийн  цаасан хайрцагны үйлдвэрийн цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт, галын дохиолол, гадна гэрэлтүүлэг дээр ажилласан. Чиглэлээрээ бол монголын хамгийн том үйлдвэр. Сүрлэг, бас чанартай бүтээн байгуулалт болсон. MTи Эс агро компанийн үйлдвэрийн байр дээр ажиллаж улсын комисст өгсөн.

-М.Даваажаргал аваргын “Мөнххада” тоёотогийн төвийн нээлт дээр танай нэр дурьдагдаж байсан. Бас л сайхан бүтээн байгуулалт бий болсон доо, тийм ээ?

-“Мөнххада” хотын өнгө үзэмжийг чимж буй өндөр стандартаар баригдсан барилга. Ер нь Тоёотогийн дэлхийн аль ч салбар яг нэг стандарт мөрддөг юм байна. Тэр зарчмаар ажилласан, Япончуудаас багагүй суралцсан. Галын аюулгүй байдлыг дээд зэргээр хангагдсан, автомат тоног төхөөрөмжтэй, кабелууд нь галд тэсвэртэй. Чанар л үнэртэнэ дээ, тэндээс. /инээв/  Мөнххадагийн өмнө бид нар  Хэнтий аймгийн Чингис хотын Зүүн бүсийн худалдааны төвийн цахилгааны ажлыг хийсэн. Одоо Маршал таун хотхоны Кинг тауэрийн ниржэн шатны угсралтын ажил дуусч байна. Ер нь бол 80 орчим ажил хийчихсэн байна шүү, бид.

-Ямар хүч, ямар бүрэлдэхүүнээр эдгээр бүтээн байгуулалтыг бий болгов?

арилгын найдвартай чанартай байдал нь  цахилгааны сайн монтаж, сантехникийн сайн угсралтаас шалтгаалдаг гэж боддог. Агааржуулалт, цахилгаан, сантехникийг мэргэжлийн өндөр түвшинд хийх ёстой. Би хэзээ ч гаднаас бригад авдаггүй. Бүх ажлыг өөрсдийн хүчээр хийдэг. Манай инженерүүд доод тал нь гурван жил ажилласан чадварлаг залуус бий.  Ажилчдын 80 хувь нь дадлага хийж байгаад үргэлжлүүлж манай хүн болсон хүүхдүүд байна. Би компанидаа бараг хамгийн ахмад нь шүү. Миний үеийн гурван хүн бий, бусад нь залуус. Дөч шахуу ажилтантай. Цахилгааны чиглэлийн компанид бол хангалттай хүч юм.  Есөн давхар нэг орцтой барилгад дөрвөн цахилгаанчин, нэг инженер, хоёр туслахтайгаа л ордог.

-Та өөрөө аль салбарын хүн бэ?

-Яг энэ салбарынх. Цахилгаан системийн автоматжуулалтын инженер мэргэжилтэй. Хамгийн анх АПУ, дараа нь САПУ, сүүлд “Номин”-д  ажиллаж байсан. Мэргэжлээрээ 23 дахь жилдээ ажиллаж байна.

-Хувийн компани байгуулж салбартаа гол тоглогч болох ажлаа хэдийнээс эхлэв?

-2007 онд САПУ үйлдвэрт-д ажиллаж байхдаа компани байгуулж үзье гэж бодсон. Тэгээд бичиг баримт, тусгай зөвшөөрөл энэ тэр нь дорхноо бүтчихлээ. Үнэхээр байгуулагдах цаг нь болсон байжээ гэж бэлэгшээж явдаг. Зөвшөөрлөө ашиглахгүй жил гаруй болсоны дараа анхны ажлаа хийсэн. Хоёр цахилгаанчин, хоёр туслахтай, өөрөө инженерээр ажиллаад л.  Одооны энэ “Талын сондор” жуулчны бааз чинь манай анхны бүтээн байгуулалт юм.

-Манайхан чинь нэг хэсэг 100 айл дээр зогсдог хүмүүсээр л цахилгаанаа хийлгэдэг байсан. Одоо байдал өөрчлөгдсөн үү?

– Мэр сэр байгаа л даа. Мэргэжлийн байгууллагад хандахгүйгээр би чадна гэсэн хүмүүс оруулчихдаг. Энэ бол том алдаа. Саяхан нэг танил маань ярилаа. “Та надад хоёр цахилгаанчин өгчих. Би цалинжуулаад монтажаа хийлгэе” гэнэ. Чи инженергүй яаж хийх вэ “Өө яахав Youtube ороод бичлэг энэ тэр үзээд хийчихье” гэж байна. Тэгэхээр нь би, хийлгэхдээ хүрвэл манай компанитай гэрээ хий. Танилууд юм чинь үнэ мөнгийг нь ярья гээд жишээ татлаа.  “Чиний олгой өвдлөө гэж бодьё. Чи таньдаг эмчээсээ хоёр сувилагч өгчих. Би мөнгийг нь өгөөд Youtube энэ тэрээс бичлэг харж, сайн эмч рүү утасдаж байгаад олгойгоо авахуулчихья. Чи ийм алхам хийх үү. Цахилгаан гэдэг чинь үүнтэй яг адилхан. Үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгө барьчихаад тэрнийхээ судас шөрмөс болсон чухал хэсэгт ийм хайнга хандаж болохгүй шүү дээ. Танилын маань бодол нь өөрчлөгдсөн байх. “BОС”компанийн захирлын найз тэдний барилгыг нь үзээд надтай  ирж уулзсан. Тэгсэн сая гадагшаа яваад ирэхдээ “Би сэтгэл амар явлаа. Цахилгааны сайн монтажтай юм чинь, Муу монтажтай бол нойр хүрэхээргүй юм байна шүү” гэж. Ийм л чухал ажил даа.

-Ихэнх гал түймрийн ослын шалтгааныг цахилгаанаас үүдэлтэй гэж дүгнэдэг. Шалтгаан нь юу байна?

-Чанаргүй материал, мэргэжлийн бус хүмүүсийн угсралт. Хүмүүс цахилгаанчин гэхээр мэргэжлийн хүн гэж ойлгодог. Тэгвэл цахилгааны инженер хүнийг яагаад бэлддэг юм бэ?. Бид хэзээ ч сувилагчаар оношлуулдаггүй, тэр хүн эмчийн зааврын дагуу эмчилгээ хийдэг. Цахилгаанчин бол инженерийн онош зөвлөмжийн дагуу гүйцэтгэл хийдэг.

-Улаанбаатар хотын эрчим хүчний хангамж ачааллаа дийлэхгүйд хүрсэн. Ийм нөхцөлд бүтээн байгуулалт хийгээд явахад хэцүү юу?

-Бид улсын нийслэлээ 600 мянган хүн амтай байхад төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу амьдарч байна гэдэг. Би хүнд хэцүү гэж ярихаасаа өмнө ирээдүйн Улаанбаатар хотын талаар гоё мөрөөдөлтэй явдаг. Улаанбаатар хот түүх соёлоо хадгалсан эртний байдлаараа үлдэнэ. Харин боломжтой талууд руугаа уул даваад явчихгүйгээр тэлэлт хийж шинэ суурьшилууд бий болно. Инженерийн сүлжээ хийгдэх газруудаа хувийн хэвшлүүдэд жаахан үнэтэй зарчих. Тэд сургууль, цэцэрлэгээ, байшингаа барьж хүмүүст зарж бизнесээ хийнэ. Энэ бол миний мөрөөдөл.  Бидний хувьд орчин үеийн цахилгаан төхөөрөмжүүдийн чадал нь багассан болохоор гайгүй байна. Цагт хэрэглэгдэх эрчим хүчний зарцуулалт буурч байна. Хамгийн гол нь сонголтоо зөв хийх хэрэгтэй. Манай компани хятад утсаар монтаж хийж үзээгүй. Чанартай материалаар барилгын зургийн дагуу ажлаа хийхэд асуудал гарахгүй л гэж боддог.

-Техник технологийн хөгжил дэвшилийн ач тус их байна.  Ер нь бол дандаа дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж ашигладаг уу?

-Мэдээж, тэгэлгүй яахав. Бүр анхнаасаа ийм зорилготой эхэлсэн. Манай хамгийн анхны томоохон бүтээн байгуулалт болох “Саранхөхөө” театр. Гэрэлтүүлэг тайзны дуу шум, үзэгчдийн сандал нийлүүлэх энэ ажлыг 2009 онд тендерээр хийсэн. Тухайн үедээ монголд нэвтрээгүй удирдлагын фульт, тайзны гэрэл оруулж ирсэн. Давуу тал нь гэвэл бичлэг хийнэ, интернэтэд холбочихвол гэрэлтүүлгээ Бээжингээс удирдаж болно. Бид сургалтыг нь явуулаад хүлээлгэн өгч байсан.  Одоо бол хоцрогдсон л доо.

-Та харилцагч нартаа юуг амлаж чадах вэ?

-Чанар. Манайх гурван жилийн баталгаа өгдөг. Дээрээс нь сервисээ тасралтгүй өгнө. Бидэнд гомдол санал ирж байсангүй. Хэрэглэгчийн буруугаас мэдлэггүйгээс заримдаа  асуудал гарна. Ер нь бол цахилгааны угсралтыг хийсэн компани өөрөө сервисээ хариуцаад явах нь зүйтэй юм. Тэрний дундуур хэн нэгэн орохоор нөгөө баталгаа маань утгаа алддаг.

-Танайх сервисийн чиглэлээр охин компани байгуулсан. Хэр ажиллаж байна вэ?  

– 2016 онд “ЛХАТОНОМ Сервис” компаниа байгууллаа. Орон сууцны контор дулаан ус цахилгааны оператор компани. Одоогийн байдлаар өөрсдийн бүтээн байгуулалт River stone хотхон дээр ажиллаж байна. Цаашдаа хэрэгтэй хэнд ч гэсэн цаг хугацаанд нь очоод чанартай үйлчилнэ. Манайх 24 цагаар ажилладаг.

-Танай компанийн нэрний учир?

– Улсын Хүүхэлдэйн театрын гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж бэлтгэл ажил дээр манайх тендерт шалгарч орсон. Нэг өдөр  Хүүхэлдэйн театрын  дарга Ц.Хулан “Лха гэдэг бол сахиусан тэнгэр, тоном гэдэг нь байшин барилга гэсэн утгатай юмуу” гэж асууж байсан. Энэ бол миний эхнэр Лхагважаргал, Төмөрбаатар, бага охин Оюунбилэг, том охин Номин-Эрдэнэ нарын нэрийн үе, үсгээс бүрдсэн үг. Би анх зургаан нэр бичээд очсон бүгд давхцаад тэгээд сууж байгаад зохиосон. Дараа нь би ямар сонин нэр өгчихвөө гээд ичээд ч байх шиг санагдсан. Одоо бол ямар ч нэрийг брэнд болгох нь чухал гэдгийг ойлгосон.

-Та  ажил амьдралд дөнгөж хөл тавьж байгаа хүүхдүүдээр багаа бүрдүүлжээ. Та тэдэнд ямар шаардлага тавьдаг вэ?

-Хувь хүн хариуцлагатай байх нь амжилт бүтээлийн үндэс суурь гэж ойлгодог. Хариуцлага жаахан юмнаас эхэлдэг. Манай залуус утасдаад байхад утсаа авдаггүй. Би хэлдэг. Хариуцлага гэдэг утсаа аваад би унтчихаж гэж хэлэхээс эхэлдэг юм. Би өөрөө ямар ч үед утсаа авдаг. Шөнийн 2, 3 цагт ч ялгаагүй. 20 шахуу жил үйлдвэр, ашиглалт хариуцаж ирсэн учраас дуудлага алдахаас айдаг. Би хэзээд бэлэн байсаар ирсэн. Тоног төхөөрөмжийн нүргээн дунд ажилладаг болохоор утасныхаа дууг хамгийн чанга дээр нь тавьдаг.  Ажилчидаа ч гэсэн ингэж сургахаар хичээж байна. Дээрээс нь сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах нь чухал гэж сургадаг. Мөн хөдөлмөр хамгааллын хувцсаа байнга өмс гэж хэлнэ.  Чанартай, биед нь эвтэйхэн сайн хувцас сонгодог. За тэгээд, ажлаар хангах нь миний үүрэг,  ажлаа сайн хийх нь та нарын үүрэг гээд л үглээд байна даа. /инээв/ Манайх 2010 оноос хойш нэг ч өвөл амраагүй.  Миний зарчим бол надад хувь заяагаа даатгаад явж байгаа хүмүүсийг өвөл нь орхиж үнэхээр чаддаггүй. Багажаа засаад, хашаагаа цэвэрлээд, угсралтын бэлтгэл хийгээд цагийг үр дүнтэй ашигла, би хоол, унааны мөнгийг чинь таслахгүй, цалинг чинь цагт нь өгнө гэдэг.  Иймэрхүү маягаар тохиролцоод өвөл ажилладаг юм.

-Таны мөрөөдөл зорилго?

-100 хүнтэй компанитай болно. Аливаа юм тэлж хөгждөг. Цаашид үйл ажиллагааны чиглэлээ нэмнэ. Хүнсний жижиг үйлдвэр,  төмөр хийцийн үйлдвэрээ нээнэ. Талбайн гэрэл хийнэ. Монгол үндэсний хэв шинжийг агуулсан гэрэл үйлдвэрлэнэ.  Үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн судалгаа, эдийн засгийн тооцоо бэлэн байна. Хямрал дуусахыг хүлээж байна.

-Та аль нутгийн хүн бэ? Гэр бүлээ танилцуулаач?

-Би Улаанбаатарын унаган хүүхэд.Ээж  аавынхаа нутгаар яривал Сүхбаатар аймгийн Уулбаян сумынх. Эхнэр маань Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Манай хадам аав, хадам ээж, хадам дүү, эхнэр бүгдээрээ хүнсний инженерүүд. Харин одоо миний том охин аавынхаа мэргэжлээр Бээжин хотод Умард Хятадын эрчим хүчний их сургуульд сурдаг. Ирэх жил төгсөнө.

-Өө тийм үү?

-Би загасчны хүүхэд загасчин байх ёстой гэж боддог. Энэ бол хамгийн зөв философи. Надад загас барих цөөрөм, завь, уурга дэгээ, арга дадал байна. Загасыг маань авдаг хүмүүс байна. Тэгэхээр миний хүүхэд аавынхаа уурга дэгээг аваад завинд нь суугаад явах хэрэгтэй.

-Та тулгасан уу, зөвлөсөн үү?

-Нэг удаа охинтойгоо ярьсан. Эхлээд загасчны хүүхэд загасчин байх философийг хэллээ. Дараа нь цахилгааны мэргэжлийн үнэ цэнэ ач холбогдлыг ярилаа. Мөн эмэгтэй цахилгааны инженер хаана ажиллаж болохыг ойлгууллаа. Багш, байцаагч, борлуултын инженер, мэргэжилтэн, барилга, уурхай, ХАА, захирал бизнесмэн гээд л асар их сонголттой. Гэх мэтээр яриад буруу мэргэжил сонговол дипломтой гэрийн эзэгтэй болно шүү гэж хэлсэн. Миний охин өнгөрсөн зун компани дээрээ дадлага хийсэн. Бага охиноо эдийн засагч болгоно. Том үйлдвэрийг эдийн засагч, тухайн салбарын мэргэжлийн хүн удирдаж байж баялагийг бий болгодог.

-Та анагаах ухааны салбараас жишээ их татах юм. Дүйцэхүйц чухал салбар юм байна гэж ойлголоо?

-Би сантехник бол судас, мэдээлэл дамжуулж байгаа суваг нь цахилгаан, шийд сервер нь тархи гэж ойлгодог. Би тэгэхээр тархины эмч юм. /инээв/

-Та хэр чадвартай эмч вэ?

-Аавын минь үрчлээ амьдралын нугачаа гэдэг шиг миний амьдрал тэр чигээрээ мэдлэг,туршлага юм. Хүн амьдралаас бүр өөрийн мэдэлгүй суралцаж байдаг. Цаг үргэлж мэдээлэл хуримтлуулна. Жил болгон дадлагаар хүүхдүүд ирэхэд би өөрийгөө хаана байснаа, хаана явснаа, одоо хаана ирснээ мэдэрдэг.  Миний энэ дайтай яваагийн нууц хариуцлага.  Ажил эхэлсэн үед би бараг унтдаггүй.  Тэр ч утгаараа ажилчидаа жилийн дөрвөн улирал ажилтай байлгаж байна. Тэр хүмүүсийн итгэлийг улам бэхжүүлэхийг хичээдэг. Манайхан  хямрал боллоо гээд хүнээ цөөлөөд байгаа нь өөрсдийгөө автоматаар хямруулаад байх шиг санагддаг. Бүсээ жаахан чангал, орлого багатай амьдарья гэхийн оронд цалингаасаа хэмнэлт гаргаад дампуурах шат руугаа яваад байна. Би нэг ч хүн цомхотгоогүй, бүгдээрээ цаг ашиглалтаа сайжруулья, илүү цаг ажиллахаа больё, үргүй зардал битгий гарга, тэгж байж энэ цаг хугацааг туулна гэж хэлсэн. Цалингаа цагт нь тавьж байна. Миний хүмүүс тоогоороо байгаа болохоор бид тэгтлээ хямраагүй байна.

Холбоотой мэдээ

Ж.ШИЖИР: Одоогоор манай системийг 100 хувь ашиглаж байгаа нэг ч сургууль алга байна

IT салбарт тасралтгүй түүчээлж амжилтаараа ялгарч байгаа “ТОМ АМЖИЛТ” ХХК-ийн ерөнхий захиралтай Амж

2021-05-07

“ODOSURY платформ сургалтын сан асар их, хамгийн хямд, ашиглахад ч хялбар”

Цар тахалтай байгаа онцгой нөхцөлд сургалтын систем онлайн хэлбэрт эрчимтэй шилжиж байна. Үүнтэй хол

2021-05-07

“Асарч хамгаалж чадахгүй бол ядаж хүүхдийнх нь мөнгийг хүүхдэдээ өгчих”

Сар бүр олгодог хүүхдийн 100 мянган төгрөг, Засгийн газрын дэмжлэг болох 300 мянган төгрөгийн ал

2021-04-30

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль