Монгол хүний таны заавал мэдэх ёстой зүйл…

2017-11-18 Нийгэм 0

 

“Ах дүүгийн холбоотой, алаг бөөрийн сүлбээтэй”, “алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий”, “халуун махны тасархай, хавтгай ясны хэлтэрхий” гэж ураг удам, овог төрлөө хэзээнээс нааш мэдэж, хэлэлцсээр ирсэн. Монголчууд эртнээс нааш улс, аймаг, яс овгоо дуудалцан танилцаж ирсэн. Монгол улсын хүн ам 20-иод ястан болохын дээр 2000 гаруй овог ясны нэр тэмдэглэгдсэн байдаг. Жишээлбэл: “халх” гэхэд дотроо 12 том яс, 400 овог болдог. Үүнд нийт овгоор яс овог гэж байхад баруун монголд “элхэн”, баргад “хал” гэлцдэг. Энэхүү овог нь дотроо овог, тээхэн, миен болдог. Хүний эш удмын олон нэр томьёо монгол хэлэнд байхаас гадна ураг төрлөө авгайлж дууддаг авгайлах үг бас байдаг.

• ааваа (аав, ажаа, баавай)
• ахыгаа (амбаа, анидаа, бандихай)
• ээжээ (ээж, мөөм, аажий, ижий)
• эгчээ (адиа, аниа, ажаа)
• өвөг аавыгаа (өвөө, буурал аав, абудай)
• эмэг эхийгээ (эмээ, эмээ ээж, эмгээ, буурал ээж) гэдэг

Мөн нэрийг нь цээрлэн “Лу авгай” гэх буюу нэрээр нь хэлэх бол нэрэн дээр нь “гуай” нэмж “Дорж гуай” гэнэ. Нэрийг мэдэхгүй бол “хүн гуай, ах гуай. эгч гуай, ах минь, эгч минь” гэж авгайлна. Дүү хүнд бол “дүү минь”, “миний хүү” гэж хэлдэг. Харин “дүү хүү”, “ах хүү”, “өвгөн гуай” гэдэг нь тийм ч хүндтэй бус үг юм.
Аав – Үр хүүхэд нь эцгээ энхрийлэн дуудах нэр юм. Эцэг гэдэг нь албаны зүйл мэтэд ихэвчлэн хэрэглэдэг нэр.
Өвөг аав – (өвөг эцэг, өвөө) авгайлах үг (буурал аав) аавын аав.

Нагац аав – Нагац эцэг. Эхийн эцгийг энхрийлэн хүндэтгэж ярианд нагац аав гэж хэрэглэдэг.
Өндөр өвөг – өвөг аавын эцэг.
Элэнц эцэг – өндөр өвгийн эцэг.
Хуланц эцэг – элэнц эцгийн эцэг.
Элэн – хуланц эцгийн эцэг.
Хулан – элэнгийн эцэг.
Ээж ижий – Үр хүүхэд нь эхээ энхрийлэн дуудах нэр. Ярианы хэлэнд дотночлон хэлэхдээ ижий гэнэ.
Эмэг ээж – ээжийн ээж (эмэг эх, эмээ) авгайлах үг (буурал эмээ).
Өндөр эмээ – эмэг ээжийн эх.
Элэнц эх – өндөр эмээгийн эх.
Хуланц эх – элэнц эхийн эх.
Төрөл – нэг овгийг төрөл гэнэ.
Хүй – даруй төрөл хэмээх үг. Төрөл хүй гэж холбон хэлэлцдэг.
Удам – нэг овгийн хүмүүсийг удам гэдэг.
Угсаа – нэг салаагаас төрсөн хүүхэд ачинцрыг нэг угсаа гэнэ.
Аглаг – төрлийн үе сунжирч холдсоныг аглаг гэдэг.
Аглаг салбар – үе сунжирсан төрлийн салаа салбар, төрлийн үе сунжирч холдсон салаа.
Аглаг төрөл – үе сунжирсан төрөл, үе холдсон төрөл.
Ууган (ахмад, том) хүү, охин – анхны хүү, охин, хамгийн том хүү, охин.
Отгон (бага) хүү, охин – хамгийн бага хүү, охин.
Ач – хүүгээс төрсөн хүү, охин.
Ач дүү – ах, эрэгтэй дүүгийн хүүхэд.
Зээ – охиноос төрсөн хүү, охин.
Зээ дүү – эгч буюу охин дүүгийн хүүхэд.
Зээнцэр – зээгийн хүүхэд.
Ачинцэр – ач дүүгийн хүүхэд.
Жичинцэр – ачинцрын хүүхэд.
Жич – ач хүүгийн хүүхэд.
Гуч – жичийн хүүхэд.
Дөч – гучийн хүүхэд.
Тач – дөчийн хүүхэд.
Жилийх – тачийн хүүхэд.
Талийх – жилийхийн хүүхэд.
Нагац (ах, эгч, дүү) – ээжийн ах, эгч, дүү.
Авга (ах, эгч, дүү) – аавын ах,эгч дүү.
Хадам аав, ээж – нөхөр (эхнэрийн)-ийн аав, ээж.
Хадам ах,эгч, дүү – нөхөр (эхнэрийн)-ийн ах,эгч, дүү.
Хүргэн – охин буюу дүүгийн нөхрийг хүргэн гэдэг.
Хүр ах – эгчийн нөхөр.
Хүр дүү – дүүгийн нөхөр.
Бэр (бэргэн) – хүү, дүүгийн эхнэрийг бэр гэдэг.
Бэргэн (бэр эгч) – ахын эхнэрийг бэргэн гэдэг.
Баз – эгч, дүү хоёрын нөхөр бие биеэ баз хэмээн дууддаг.
Авьсан – нэг айлын ахмад бэрийг дүүмэд нь авьсан гэдэг.
Ажин – дүүмэд бэр нь ахмад бэрийг ажин гэдэг.
Бөл – эгч, охин дүү хоёрын хүүхдүүд хоорондоо бөл болно.
Бөлөнцэр – хоёр бөлөөс төрсөн хүүхдүүд бөлөнцөр болдог.
Үеэл (үеэлэд) – ах, дүүгийн хүүхэд хоорондоо үеэл болдог.
Хаяал (хаяалад) – үеэлийн хүүхэд.
Үенцэр – хаяалын хүүхдийг үенцэр гэдэг.
Худ ураг (худ худгай) – хоёр талын хадмууд бие биеэ ингэж дууддаг.

Холбоотой мэдээ

Нэгдүгээр төрөхийн дарга Г.Баясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй гэжээ

Нийслэлийн Өргөө амаржих газарт энэ сарын 19-ний өглөө амаржсан эхийг тухайн өдрийн орой ХӨСҮТ-д хүр

2021-01-21

Нэгдүгээр сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг танилцуулж байна. Өнөөдрийн цаг агаарын төлөв Ихэнх н

2021-01-21

Сүүлийн 24 цаг 16 хүнээс коронавирус илэрлээ /01.21/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа

2021-01-21

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...