Н.Батсүмбэрэл: Засгийн газар байгаа байдлаа үнэнээр нь иргэддээ мэдээллэх хэрэгтэй…

2017-05-06 Ярилцлага 0

Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл 

–          Монгол наадам цогцолборын үйл ажиллагаа ямар түвшинд явагдаж байна вэ?

Монгол наадам цогцолбор байгууллагын өдөр тутмын ажил хэвийн явагдаж байна. Харин Хүй долоон худагт хийгдэх Монгол наадам үндэсний спортын цогцолбор бүтээн байгуулалтын тухайд нэлээд ажлуудынх нь зураг төслүүд хийгдсэн. Ялангуяа инженерийн байгууламжийн судалгаа хийгдэж дууссан. Тулгамдаад байсан том асуудал болох газар чөлөөлөлтийн асуудлыг шийдвэрлэж байгаа. Эдийн засгийн нөхцөл сайжрах үед бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө. Үүний бэлтгэлийг л хангаж байна даа.

–       Уламжлалт соёл, аялал жуулчлалын томоохон төв болгохоор төлөвлөсөн газар. Хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэж байна вэ?

Үндэсний спорт, соёл урлаг, аялал жуулчлалын төв болно гэдэг зорилтыг дэвшүүлсэн. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө маань ч, байгууллагын болон хот, төр засгийн бодлого ч үүнд чиглэж байгаа. Бүтээн байгуулалтын ажлуудад маш их хөрөнгө шаардлагатай. Хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх арга замыг бүх байдлаар эрэлхийлж байна. Шийдэл хараахан гараагүй байна. Төрийн байгууллагууд өөрөөс хамаарах ажлуудаа хийж байгаа.

–          Дан ганц Нийслэлээс гаргасан төсвөөс бүтээн байгуулалт хийгдэх үү?

Ийм том бүтээн байгуулалтыг төр дангаараа хийхгүй. Энэ бол үндэсний, олон түмний нэг үгээр хэлбэл Монголчуудын бахархал, үндэсний соёлын бүтээл. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэл болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын санаачлага, олон нийтийн оролцоог бүтээн байгуулалтад шингээхийг эрмэлзэж байгаа.

–          Хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллах юмуу?

Ажиллана. Ирж байгаа санаачлагуудыг бүрэн дэмжиж байгаа. Зарим нь ажил болоод эхэлсэн.

–          Хүй долоон худагт хавар, зуны улиралд ямар, ямар үйл явдал болох вэ ?

Одоогийн баримталж байгаа бодлого бол Хүй долоон худгийг зөвхөн хурдан морь уралдааны газар бус үндэсний баяр наадмын төв хэлбэрээр нь хөгжүүлэх юм. 1778-1922 оныг хүртэл энд монголчууд наадмаа хийж байсан түүхтэй. Тиймээс орчин цагийн хөгжил, хүмүүсийн хандлагад нийцүүлэн жилийн дөрвөн улиралд байнгын үйл ажиллагаатай болгохыг хичээж байгаа. Өнгөрсөн өвөл бид цанын бааз ажиллуулж үзлээ. Одоо морь уналга, сургалтын ажил явуулахаар бэлтгэж байна. Иргэн, байгууллага, аж ахуй нэгж хэн ч санаачлага гаргасан түүнийг бид талархан дэмжиж байгаа. Гол нь тухайн санаачлага нь бидний зорилго, үндсэн бодлого, суурь төлөвлөгөөтэй нийцэж байх учиртай.

–          Жижиглэн худалдаа эрхэлдэг иргэд баяр наадмаар Хүй 7 худгаа зорьдог. Тэдэнд бараагаа тав тухтай нөхцөлд зарж борлуулж болох ямар боломж олгож байна вэ?

Өмнө хэлсэнчлэн байнгын үйл ажиллагаатай болчихвол иргэдэд зориулсан худалдаа үйлчилгээний чанар, хүртээмжид анхаарч, тав тухтай, тогтмол ажиллах нөхцөлийг бүрдүүлж таарна. Үүний тулд цөөнгүй асуудлыг урьдчилан зохион байгуулах шаардлагатай. Энэ чиглэлд анхаарч ажиллаж байгаа. Ийм нөхцөл удахгүй бий болно.

–          Түрээсээ төлсөн иргэд байхад хүчээр дайрч орж ирээд зөвшөөрөлгүй бараагаа зардаг нэг хэсэг хүмүүс байдаг. Тэдэнтэй хэрхэн учраа олох вэ? Энэ байдлаас үүдэж өнгөрсөн жил танай байгууллага хэл аманд өртсөн шүү дээ?

Манай байгууллагын өнөөгийн орон тоо бидний чиг үүрэг, хариуцдаг өмч хөрөнгийн хаана ч хүрэлцдэггүй. Хүй долоон худгийн ажил жилээс жилд өргөжиж байгаа. Дээр нь зохион байгуулалт маш чухал. Өнгөрсөн онд болсон Даншиг наадмын үеэрх хэл ам бол эдгээр алдааны бодит үр дүн. Үүнд анхаарч байгаа.

–          НИТХ -д та ямар үүрэгтэй гишүүн вэ? Аль хороонд хамрагддаг вэ?

НИТХ бол байнгын бус үйл ажиллагаатай, орон нутгийн өөрөө удирдах байгууллага. Дотроо хурлын хороодын зохион байгуулалтаар ажилладаг. Миний тухайд Аз жаргалтай хот, Нийгмийн бодлого, Төсөв санхүүгийн хороонд хуваарилагдан ажиллаж байна.

–          Нийслэл хот өргөжин тэлж олон хүн амтай болж байна. НИТХ-ын сонгуульд иргэд ч өндөр ач холбогдол өгөх болсон. Та тойрогтоо амлалтаа хэрхэн биелүүлж байна вэ?

Хот жилээс жилд өргөжиж байна. Бүтэн улсын хүн амын тал нь энд байна. Тулгамдсан асуудал маш их байгаа. Үүнийг шийдэхээр НИТХ ажиллаж байна. Сонгуульд хүн биш нам мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг. Нийслэлийн МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, түүн дотроо өөрийн тойргийн иргэдтэй хамааралтай асуудлуудыг хугацаа алдалгүй шийдэх, хариуцсан албан тушаалтнаар богино хугацаанд, үр дүнтэй шийдвэр гаргуулахын төлөө ажиллаж байгаа.

–          Таны сонгогдсон тойргийн онцлог, тулгамдсан асуудал нь юу вэ?

Чингэлтэй дүүргийн 6, 7, 8 дугаар хороодоос сонгогдсон. Хүн амын дийлэнх нь гэр хороололд амьдардаг. Хотын иргэдийн өмнө тулгамддаг бүх асуудал манай тойрогт бий. Үүн дотроос онцлог нь 7, 8 дугаар хороонд 20-иод мянган иргэн амьдардаг хирнээ ганц ч сургууль байхгүй. Энэ бол маш том асуудал. Үүнд нэн тэргүүний анхаарал хандуулж байгаа.

–          Тухайн тойргоос сонгогдсон УИХ, НИТХ-ын гишүүд хамтран ажиллах боломж жишиг байна уу?

Миний сонгогдсон 6 дугаар хорооноос Т.Аюурсайхан, 7 ба 8 дугаар хорооноос М.Оюунчимэг гишүүн нар УИХ-д сонгогдсон. УИХ-ын гишүүдтэйгээ болон дүүргийн ИТХ, удирдлагуудтайгаа байнга мэдээлэл солилцож ажилладаг.

–          НИТХ дээр та ямар асуудал дээр илүү анхааран ажиллаж байна вэ?

НИТХ-ын төлөөлөгчийн нэн тэргүүний үүрэг бол иргэдээ төлөөлсөн хүний хувьд хуралдаа суух үүрэгтэй. Хуралдаа сууж хэлэлцэж байгаа асуудал бүрт байр сууриа илэрхийлэн оролцдог.

–          Та МАН-ын шат бүрт ажилласан залуу боловсон хүчин. МАН эрх барьж буй энэ 4 жилд манай улс орон хэрхэн дээшилж шинэчлэглэж өөрчлөгдөх вэ? Та хэрхэн харж байна вэ?

Хэдхэн жилийн өмнө найзууд уулзахдаа хэрхэн шинэ машин авах, хэзээ байраа томсгох тухай л ярьцгаадаг байсан. Харин одоо бол яаж, хаанаас зээл авч өрөө дарах вэ л гэдэг болчихсон. Энэ бол дөрөвхөн жилийн дотор өөрчлөгдсөн доройтлын тод жишээ шүү. Тиймээс нийгэмд алга болоод байгаа итгэлийг эргүүлэн авчрахын төлөө ажиллах нь өнөөгийн төр, засгийн үүрэг болоод байна. Үүнийг МАН хийж чадна. 1992, 2000 оны сонгуулийн дараа ч ийм байдалтай нүүр тулсан байдаг. Түүнийг зөв бодлогоор даваад л гарсан.

–          Иргэдийн ерөнхий байдал амлалт нэхсэн хүлээлтийн байдалтай байна. Та энэ тал дээр юуг хэлэх вэ?

Эдийн засгийн байдал маш амаргүй байна. Сонгуулийн амлалт нэхсэн хүлээлт ч байна. Бухимдал зарим байдлаар илэрч байгаа. Мэдээлэлтэй ойр байгаа бид асуудлыг ойлгож байна. Харин жирийн иргэд, олон нийт төдийлөн сайн ойлголтгүй байна. Төр, засаг ялангуяа засгийн газар байгаа байдлаа үнэнээр нь иргэддээ мэдээллэх хэрэгтэй болов уу гэж боддог. Тэгсний дараа нийгэмд байгаа олон төөрөгдөл, буруу ойлголт, зэрэгцсэн мэдээллүүдийн үнэн зөв ялгарах байх. Ил тод байдлаас олон түмэн ч төр, засгаа ойлгож, дэмжинэ.

Холбоотой мэдээ

Б.Бямбадорж: Улаанбаатараас эрүүл бүс рүү халдвар зөөх эрсдэл өндөр байна

Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй шинжилгээ авах цэгүүдийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын

2021-03-02

Ж.Одонцэцэг: Сүнслэг бие нь муудсан хүний ажил амьдрал нь цаанаасаа бүтдэггүй

Аливаа юмс бүхэн байгаль эхтэй хүйн холбоотой байдаг гэж ярилцдаг. Нэгэнтээ анагаах ухааны эцэг хэмэ

2021-02-19

“Биеийн дархлаа, оюуны дархлаа цогцолсон үед ямар ч вирус халдахгүй”

“ГҮН ТӨГС НАРАН” ТББ-ын тэргүүн Ж.Одонцэцэгийн цар тахал буюу ковид-19 –ын талаар өгсөн зөвлөгөө, яр

2021-02-03

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...