М.Тулгат:  Нийслэлд ядуусын хар гудамж бий болох аюул ойрхон байна…

2017-05-29 Ярилцлага 0

НИТХ-ын төлөөлөгч, “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн дэд захирал М.Тулгаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.  

-НИТХ –ын төлөөлөгчид  тойрогтоо амалсан амлалт, хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртэйгөөр сонгуульд оролцсон. Таны тухайд…?

-Миний бие БЗД-ийн 1, 3, 4, 7 дугаар хороог төлөөлөл болж НИТХ-д сонгогдсон. Энэ тойргийн онцлог нь хуучны орон сууц ихтэй, барилгууд нь муудсан,  дээвэрүүд нь асуудалтай, 7 дугаар хорооны хувьд орчны тохижилт муутай. 4 дүгээр хороон дээр гэр хороолол доторх зам, худаг, чөлөөт цаг өнгөрүүлэх талбай гээд асуудлууд бий. Жуков хавьд хуучны оросын эзэмшлийн байшингууд байдаг. Үүнийг  хувьчлах асуудлыг судлаад явж байна. Хил хамгаалах албаны  урд местный оросууд амьдарч байсан үеийн хөлбөмбөгийн том талбай эзэнгүйдээд барилгууд хогоо хаяадаг, архичид цугладаг болсон. Үүнийг засч янзлаад нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгочих юмсан.  Сургуулийн хүүхдүүдийн ирж очих замд байдаг учраас нэн тэргүүнд анхаарахгүй бол болохгүй.  За тэгээд Сансар, Баянцээлийн орчим баар цэнгээний газрууд  ихтэй, сургууль, цэцэрлэг, оршин суугчдын дунд үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг энэ гурван жилийн хугацаанд ямар нэг байдлаар шийдэх ёстой. Би энэ асуудлыг хурал болгон дээр засаг даргад хэлдэг. Ер нь бол иргэдийн бусад санал хүсэлтийг  аль болох боломжит хувилбараар нь шийдээд явж байна. Хааяа нэг түр ажлын хэсэг байгуулахад оролцдог.

-Төсөв мөнгөний хувьд ямархуу байна?

-Сая төсвийн тодотголоор тойрог дээрээ 10- 15 сая төгрөгийн төсөвтэй долоон ажил орууллаа. Нийслэл төсөв мөнгө муутай гэж байсан ч бодож байсан жижиг ажлуудаа бол оруулсан. Тойрог дээр хийх аж,  зураг төсөл, газар чөлөөлөх асуудлаас эхэлдэг. Эхлээд ийм ажлуудыг оруулахгүй бол зураг төсөлгүй гээд буцаагддаг.

-Тойргоос гадна санаа чилээж буй асуудал юу байна?

-НИХТ дээрх АН-ын бүлэг “Хотын шийдэл” нэртэй ажил тогтмол явуулж, Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг сэдэв сэдвээр нь барьж авч, судлах, хэлэлцүүлэг хийх, гарц хайн шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Жишээ нь саяхан манай Батцогт төлөөлөгч хөрсний бохирдлын асуудлаар хэлэлцүүлэг хийсэн. Хөрсний өдөртэй боллоо. Миний хувьд яг одоо СӨХ, орон сууцны төлбөртэй холбоотой хууль эрхзүйн орчны асуудал дээр ажиллаж байна. Иргэд СӨХ ажлаа сайн хийхгүй байна, дулаан цахилгааны мөнгө өндөр гарч байна, төлбөрийг яаж тооцдог нь тодорхой биш байна гэсэн асуудлаар их ханддаг.  Энд эрхзүйн орчныг нь сайжруулах шаардлагатай.  Тийм учраас зургадугаар сард “Хотын шийдэл”  арга хэмжээ зохион байгуулж  холбогдох хүмүүс, СӨХ-ийн зөвлөл, иргэдийн төлөөллөөс оруулаад хэлэлцүүлэг хийж шийдэл, гарцыг тодорхойлно.   Хуучин орон сууцны ашиглалт,  засвар үйлчилгээг одооноос анхаарахгүй бол жил өнгөрөх тусам үнэ цэнээ алдаж оршин суугчид нь дайжина. Тэгээд бага орлоготой хүмүүс амьдарч энэ цикл цааш явахаараа ядуусын хар гудамж бий болох аюул ойрхон байна.  Одоохондоо гайгүй байгаа ч бид үүнийг тооцоолж ажиллах ёстой. Бас бид нийтийн тээврийн асуудлыг ажиглаж, судалж байна.

-Намчирхах, эрх мэдлээр  эрэмбэлэх байдал хэр байна?

– Гайгүй дээ, хотынхоо төлөө гэсэн нэг л зорилгоор ажиллаж байна. Зарим үед хурал дээр МАН-ы төлөөлөгчид өмнөх 4 жил, Бат-Үүлийн баг руу хэтэрхий дайрах хандлага ажиглагддаг. Нэгэнтээ сөрөг хүчин учир тэр бүр голлох шийдвэрт оролцож чадахгүй ч, гарч буй асуудлууд дээр байр сууриа илэрхийлээд л явж байна. Хааяа нэг түр ажлын хэсэгт орж ажиллах нь бий.

-Нийслэлийн өмнөх багийн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрөөс уламжлагдаж яваа ажил хэр байна?

-Өмнөх төслүүд ерөнхийдөө явж байгаа. Ихэнх нь нэр нь  солигдоод, ерөнхий санаа зорилго нь үргэлжлээд явж байна гэж харж байна.  Жишээ нь, “Найрсаг Улаанбаатар” гэхэд Урлагийн хот Улаанбаатар, Зүүн хойд Азийн бизнес аялал жуулчлалын соёлын төв гэсэн хоёр хөтөлбөрт шингэсэн байх шиг байна. Шинэ хуучин нийлсэн маш олон төсөл хөтөлбөр батлагдсан. Явц нь одоогоор тодорхойгүй. Засаг дарга 7 сард эдгээрийн явцыг албан ёсоор тайлагнана гэж байна лээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц, цаашид баримтлах бодлогын талаар би сая засаг даргаас асуулаа. Ерөнхийдөө энэ ажлыг 2016 оны 7 дугаар сараас эхлэн  МАН-ынхан хянаж, шалгаж, бодож төлөвлөж байна гээд хаячихсан асуудал. Уг нь төсвийн багахан дэмжлэг үзүүлээд шийдэж болох асуудал дээр цаг алдаад улс төржүүлээд байгаа юм. Өнөөдөр АН бол сөрөг хүчин, гэтэл АН-ын байрны гадаа жагсаал зохион байгуулсан. Дотор нь төрийн албан хаагчид явж байсан гэдэг. Сөрөг хүчний гадаа эрх баригчид нь ирж жагсаал хийх бол хаана ч байхгүй хошин гараа юм л даа.

-Дөрвөн жил үр дүнгүй өнгөрөх нь гэж харамсдаг уу?

-Үгүй ээ. Бидэнд эрх мэдэл байхгүй гээд хараад суухгүй. Хурал болгон дээр бид эрх баригчдыг шахаж, шаардаж байна. Өнөөдрийн энэ МАН-ын нийслэл дэх баг үнэхээр удаан, үлбэгэр, сул дорой байна. Өнгөрсөнтэйгөө, өмнөх баг их мөнгөөр туйлсан, муу ажилласан гээд л явахын оронд менежментээ сайжруулаад хурдтай бүтээмжтэй ажиллах ёстой. Санал хүсэлтээ бичгээр болон янз бүрийн байдлаар өгөөд л явж байгаа, түүнээс зарим нь хэрэгжээд явж байна. Манай олонхи бол цөөнхдөө харьцангуй хүндэтгэлтэй ханддаг. Юм хийе гэвэл арга чарга нь байлгүй яахав. Нээлттэй. Бид чинь ардчилсан орны иргэд шүү дээ.

-Сунгаа явуулж байгаа нь дэвшил гэхдээ аргачлалаа өөрчлөх хэрэгтэй-

-Ардчилсан нам шинэчлэл хийж байна. Намын залуу боловсон хүчний хувьд сэтгэгдэл хэр байна?

-АН  reset хийж байна гэсэн үг. Хамгийн тод жишээ нь дүрэм бүрэн өөрчлөгдсөн. Намын дотоод бүх шатны удирдах сонгуульт албан тушаалтнууд дахин сонгуулиар гарсан. Энэ бол шинэчлэл явагдсан гэдгийг батлах том илэрхийлэл юм.  Шинэ эхлэл бүхэн алдаа, оноотой байдаг. Тэгэхээр шинэчлэл бол миний бодож байснаас 70-80 хувьтай байна. Нэг амьсгаагаар нэг жилийн дотор хийдэг ажил биш. Магадгүй, тав, зургаан жил орохыг ч  үгүйсгэхгүй.

-Харагдаж буй асуудал юу юу байна?

-АН-д залуучуудын “Нээлттэй ардчилсан шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн” гэж бий. Бид намын дүрмийн болон зохион байгуулалтын шинэчлэл дээр саналуудаа өгсөн. Бодсон санасан бүхэн 100 хувь биелэлээ олоогүй байна. Залуус бид  одоо ч гэсэн уулзаж, санал бодлоо солилцдог, намынхаа төв удирдлагад саналуудаа хүргүүлдэг. Сунгааны тухайд бол нийт гишүүдийнхээ саналыг авдаг болсон нь том дэвшил. Гэхдээ цаашдаа ямар ч сунгааг хоёр шатлалтай болгох хэрэгтэй. Нэг шатлалтай сунгааны сул тал бол 5-6 хүн нэр дэвшихэд, 20-25 хувийн хатуу дэмжлэгтэй, үлдсэн 70 орчим хувиас хүчтэй эсэргүүцэлтэй хүн сунгааны үр дүнд ялаад гараад ирэх магадлалтай. Тэгэхээр цаашид энэ хамгийн өндөр саналтай 2 нэр дэвшигч дээр дахин санал хураалт явуулж байж үнэхээр нийт гишүүдийн эв нэгдлийг хангах үр дүн гарна. Хоёр шатлалтай сунгаа явуулахад асуудал нь зардалдаа байдаг. Тиймээс эхлээд 2 нэр дэвшигчээ Үндэсний бодлогын хорооны хурлаар тодруулаад, тэр хоёр дээрээ нийт гишүүдийн саналыг авах сунгаа явуулж болно.

-АН ардчилсан ерөнхийлөгчийн буухиаг үргэлжлүүлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Миний зүгээс хариуцсан тойрог дээрээ ажиллана. Ер нь сонгуулийн амжилтын  70 хувь зохион байгуулалт, 30 хувь нь тухайн нам, улс төрчийн имиж гэж үздэг.

-2016 оны сонгуульд зохион байгуулалт муу байжээ гэж харж болох уу?

-Өнгөрсөн сонгуульд 30 хувь  маш их нөлөөлсөн. Монголын ард түмэн яг дотор сэтгэлдээ бол АН-ыг дэмждэг, итгэлээ өгдөг. Тэгтэл өнгөрсөн жилүүдэд АН ард түмний итгэж хүлээсэн шиг байж чадаагүй. Даанч муухай гомдоолоо доо гэдэг шиг л. АН өөрөө муухай харагдсан учраас ард түмэн дүнгээ тавьсан. Та нар бидний дэмждэг, итгэдэг АН биш байна, шинэчлэгд, өөрсдийнхөө үнэн нүүр царайг энэ толиор хар тэгээд засар гэж дохиог Монголчууд өгсөн.

-2020 оны сонгуулийг хэрхэн харж байгаа вэ? Фракцигүй нам боллоо гээд байна. Үнэн чанартаа байдал ямар байна?

-АН хэр шинэчлэгдэхээс хамаарна. Фракцигүй нам гэдэгтээ биш. Фракц бол байх ёстой зүйл. Харин ямар байх вэ гэдэг асуудал. Зарим нэг лидер хүнийг тойрсон тойрон хүрээлэгчид аялдан дагалдагчдын фракц уу, үнэхээр бодлогын чанартай улс төрийн багуудын өрсөлдөөн үү гэдэг асуудал. Улс төр гэдэг бол өрсөлдөөн. Харин эрүүл, зөв өрсөлдөөн явж байх ёстой. Тоглоомын дүрэм нь зөв бөгөөд, түүнийг оролцогчид мөрдөөд явбал хамгийн сайн нь ялгарч, нийгэм хөгжөөд явна. Өрсөлдөөнгүй газар өмхийрдөг, ялзардаг.  Өрсөлдөөн нийгмийг  эрүүл байлгадаг, дэвшил авчирдаг гол хүчин зүйл учраас би фракцийг байх ёстой гэж боддог. АН  7 дугаар их хурлын өмнө Нээлттэй ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс намын бүх гишүүддээ хандаж хэвлэлийн бага хурлаар уриалга гаргасан. Тэр үед бол “шинэчлэлийн процесс явж байгаа энэ чухал үед фракц, хүрээллээсээ татгалзаач” гэж уриалсан. Сонгуульд навсайтал ялагдчихаад байхад дов жалганы үзэл бүү гаргаач. Харин цаашдаа бол багуудын эрүүл өрсөлдөөн, фракцийн зохион байгуулалт байх ёстой.

 

– Хууль тогтоох засаглал, ард түмний эрхийг хэрэгжүүлэх засаглал хоёрыг салгачихвал Монголчууд огт өөр замаар явах болно-

 

-Та Ардын их хурал хөдөлгөөний идэвхтэй гишүүний нэг. Энэ хөдөлгөөний гол зорилго…?

– Монголын улс төр дүн нуруугаараа болоод л байна.  Гэхдээ яах аргагүй маш том засвар оруулах шаардлага бий. Одооны энэ нөхцөл байдал дээр АН, МАН муу сайндаа биш. Ямар ч нэртэй нам, улс төрч  гарч ирсэн ялгаа байхгүй. Жишээ нь ХҮН нам гэж байгуулагдлаа, ямар ч үр дүн гараагүй.  Манайд цөөнхийн засаглал буюу цөөн хүний эрх мэдэл рүү бүгд хошууран дайрдаг. Энэ байдлаас гарах хэрэгтэй. Ардын их хурал хөдөлгөөний гол зорилго нь энэ бодит байдлыг, эндээс гарах гарцыг ард түмэнд ойлгуулах.

-Яаж…?

– Хоёр шатлалтай параламентийг бий болгох. 1990-1992 оны Ардын их хурал, Улсын бага хурал шиг. Ардын их хурал бол байнгын парламент биш. Жилдээ нэг хоёр удаа л хуралдаж голлох томилгоонуудыг хийнэ. Бага хурлын гишүүдээ сонгоно. Ингэснээр хууль тогтоох засаглал буюу Улсын бага хуралд хууль эрхзүй, улс төрийн мэргэжилтэй, туршлагатай хүмүүс орно. Жишээ нь Самандын Жавхлан шиг хүн бол Ардын их хуралд байх ёстой. Эдийн засаг, нийгмийн нарийн ширийн асуудал дээр энэ хүн хууль боловсруулаад, батлаад явна гэхэд хэцүү. Харин АИХ дотор орж, ард түмний жинхэнэ төлөөлөл болоод “муу олигархууд та нар аятайхан байгаарай” гээд сууж байх ёстой юм.  Одоо бид нар 76 гишүүнд бүх эрх мэдлийг өгчихсөн. Нөгөө хэд нь Ерөнхий сайдыг ч юмуу, аль нэг сайдыг миний тендер, миний  хүнийг авахгүй бол суудалтай чинь ярина шүү гэж гарын үсэг цуглуулаад явж байдаг. Ийм заваан байдалд орчихсон. Дээрээс нь ерөнхийлөгчийн үүрэг роль ойлгомжгүй, эрх мэдэл нь холилдоонтой. Бид нэн түрүүн засаглалын  хуваарилалт, тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Хууль тогтоох засаглал, ард түмний эрхийг хэрэгжүүлэх засаглал хоёрыг салгачихвал Монголчууд огт өөр замаар явах болно.

-Боломж нь хэр юм бэ?

-Боломж бий.  Үүнийг сонгуулийн зарчмаар  өөрчилнө. Хамгийн эхлээд энэ  ойлголтыг ард түмэнд түгээн дэлгэрүүлэх ёстой. Ингээд монголчууд гарцаагүй  энэ замаар явах ёстой юм байна гээд дэмжвэл болно. Жишээ нь, УИХ-ын сонгуулийн үеэр энэ асуудлыг  ярьсан нэр дэвшигчид ялдаг байх хэрэгтэй. Манайх үнэхээр л ардчилсан сонгуулиар асуудлаа шийддэг орон мөн юм бол тийм үзэл бодол, зорилготой хүмүүсийг ард түмний олонхи дэмжвэл тэд гараад ирнэ. Би Монголчууд ухаалаг мэргэн ард түмэн гэж боддог. Масс тэнэг гэдэг бол дарга өвчтэй хүмүүсийн яриа. АИХ хөдөлгөөнийхөн хороо хороогоор явж, иргэдтэй олон уулзалт хийсэн. Сонин ч гаргасан. Залуучуудын холбоон дээр нэгдсэн байдлаар зөвлөлдөх уулзалт хийж, Соёлын төв өргөөнд “Нийслэлийн зөвлөлдөх уулзалт” зохион байгуулсан. Хүмүүс маш их дэмжиж байгаа. Орон нутгаас холбогдоод салбаруудаа байгуулж байна.

-Ардын их хурал хөдөлгөөний зорилго биелэхийг ерөөе. Эцэст нь та “Хишиг арвин индустриал” компанийхаа талаар товчхон танилцуулаач?

-Уул уурхай, зам барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Уурхай эзэмшдэггүй, харин уурхайн эзэн компанид машин техник, боловсон хүчин, мэргэжилтнүүдээрээ ажлыг нь хийж өгдөг компани юм. Гэрээт оператор гэж хэлдэг. Одоогийн байдлаар төсөл дээр 1000 шахуу хүн ажиллаж байна. Энэ оноос уул уурхай сэргэж эдийн засаг тэлэхээр харагдаж байна. Дахиад жаахан улс төржихөд манай эдийн засаг уул уурхайгаас хамааралтай, гэтэл тэр нь дэлхийн зах зээлээс хамааралтай. Өнгөрсөн 4 жилд дэлхий дахинд уул уурхай хямарсан. Энэ хүнд үеийг АН амжилттай авч гарсан. Өнгөрсөн жилийн яг өдийд нэг тонн түүхий нүүрс аман дээрээ 24 доллар байсан, өнөөдөр 50-70 долларт хүрч байна. Ийм сайхан боломжийг одоогийн эрх баригчид зөв ашиглах хэрэгтэй. Уул уурхай сэргээд ирвэл, түүгээр тэжээгддэг бусад салбарууд босоод л ирнэ. Харин яваандаа, урт хугацаандаа ийм савалгаатай, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн бүтцээсээ салах  шаардлагатай.

-Ярилцсанд баярлалаа. 

 

 

Холбоотой мэдээ

Б.Бямбадорж: Улаанбаатараас эрүүл бүс рүү халдвар зөөх эрсдэл өндөр байна

Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй шинжилгээ авах цэгүүдийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын

2021-03-02

Ж.Одонцэцэг: Сүнслэг бие нь муудсан хүний ажил амьдрал нь цаанаасаа бүтдэггүй

Аливаа юмс бүхэн байгаль эхтэй хүйн холбоотой байдаг гэж ярилцдаг. Нэгэнтээ анагаах ухааны эцэг хэмэ

2021-02-19

“Биеийн дархлаа, оюуны дархлаа цогцолсон үед ямар ч вирус халдахгүй”

“ГҮН ТӨГС НАРАН” ТББ-ын тэргүүн Ж.Одонцэцэгийн цар тахал буюу ковид-19 –ын талаар өгсөн зөвлөгөө, яр

2021-02-03

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...