Б.Отгонсүх: 21 дүгээр зуунд хотын айлууд гэрэл цахилгаангүй байна гэдэг эмгэнэл юм…

2017-05-30 Ярилцлага 0

НИТХ-ын хурлын төлөөлөгч Б.Отгонсүхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр СХД 21, 22, 23 дугаар хорооны иргэдийн сонголтоор НИТХ-д сонгогдсон. НИТХ-ын нийгмийн хөгжлийн хороо, гэр хорооллыг хөгжүүлэх ажлын хэсгийн гишүүн. Нийслэл хотын хүн ам хамгийн ихээр оршин суудаг, дэд бүтэц сайн хөгжөөгүй, суурьшил шигүү, сургууль цэцэрлэгээс алслагдсан гээд түүний  сонгогдсон тойрог маш их асуудалтай. Төрийн албыг анхан шатаас нь эхлэн ажиллаж яваа улс төрийн залуу боловсон хүчний хувьд Б.Отгонсүх амалсан хийгээд шаардлагатай байгаа бүхнийг амжуулахаар, бүтээхээр зүтгэж явна.

-Танай тойргийг тулгамдсан асуудлаар дүүрэн газар гэж хэлдэг. Тодруулбал?

-Сонгинохайрхай бол захын дүүрэг, яг миний сонгогдсон тойрог бол алслагдсан хороод учраас дэд бүтэц муутай, хүн амын нягтаршил ихтэй, ажлын байр хомс,  амьжиргааны түвшин доогуур гээд олон асуудал бий. Үнэхээр л бүгд тулгамдчихсан. Тийм учраас сонгуулийн үеэр иргэдтэйгээ ярилцаад асуудлуудаа эрэмбэлж, ээлж дараагийн нь  шийдээд явья гэж төлөвлөсөн. Хамгийн эхний асуудал гэрэл цахилгаан. Нийслэлийн хэмжээнд 8000 гаруй гэрэл цахилгаангүй өрх байдгийн 6000 гаруй нь СХД-т, үүний 50-60 хувь нь манай тойрогт амьдардаг. 21 дүгээр зуунд хотын айлууд гэрэл цахилгаангүй байна гэдэг эмгэнэл юм. Тэр ч утгаараа МАН-ын намын мөрийн хөтөлбөрт бүх айлуудыг гэрэл цахилгаантай болгохоор тусгасан. Амалсандаа хүрэхээр улсын төсөвт энэ жил долоон  тэрбум төгрөг суулгалаа. Энэ жилдээ багтаагаад сонгогдсон тойргийн айлуудын гэрэл цахилгааны асуудал 100 хувь шийдэгдэнэ. Тендер зарлагдсан. Удахгүй ажлууд  нь эхэлнэ. Дараа нь  ажлын байр. НИТХ-аас НЗДТГ руу чиглэл өгч Нэг өрх-Нэг ажлын байр гэсэн хөтөлбөрийг эхлүүлсэн.  Хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, гэрээрээ гар урлал хийдэг иргэдийг дэмжих,  худалдан авагчтай нь холбох зэргээр олон ажлууд хийж ийшээ цаг зав гарган түлхүү ажиллаж байна. Ажлын байр бол ганц хөтөлбөрөөр шийдэгдэх асуудал биш. Тиймээс сонгогчдоо хувийн хөдөлмөрийн биржтэй холбож ажилд зуучлах тал дээр бас нэлээн анхааран ажиллаж байна. Үүний дараа сургууль цэцэрлэгийн асуудал яваа. Олон хүчин зүйлээс хамаарч шийдэхэд удаашралтай ажил хэдий  ч манай 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт  600 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орохоор ажил 80-90 хувьтай явж байна. 2017  оны есдүгээр сарын 1-нд алслагдсан хороодын бяцхан үрс маань шинэхэн цэцэрлэгтэй болно.

-Тойргийн иргэд ярьж байна. УИХ, НИТХ-ын сонгууль болгоноор тогийг чинь сайжруулна гэж хэлдэг гэнэ. Бодит байдал дээр юу ч хийгдэлгүй хэд хэдэн сонгууль өнгөрчээ…? 

-Нэр дэвшээд иргэдтэйгээ уулзаад явж байхад үнэхээр бодит байдлыг харж мэдэрсэн. Бараг айл болгонд тогны чанараас шалтгаалж “шатсан” хөргөгч, хөлдөөгч, зурагт байсан. Тийм учраас УИХ-ын гишүүд, хотын удирдлага, нийслэл, дүүргийн төлөөлөгч нар хамтарсан шийдвэр гаргаад хамгийн эхний ээлжинд тогны асуудлыг шийдэхээр санал нэгдсэн. Сонгууль болгоноор худлаа ярьж, хошгируулдаг гэдгийг  ч иргэд хэлж байсан. Энэ удаа бол тийм асуудал байхгүй. Итгэж болно. /инээв/

-Газрын асуудал бас л хүнд. Өмнө нь эрх баригчид та бүхэн эдгээр газрынхаа эзэн биш эзэмшигч учраас асуудлууд чинь шийдвэрлэгдэхгүй байнаа гэж хэлж?

-2016 оны сонгуулийн дараахан иргэдийн эзэмших гэрчилгээг өмчлөх эрх рүү шилжүүлэх шийдвэрийг хотын удирдлага гаргасан. Ер нь бол хэн хаана амьдарч байгаагаасаа үл шалтгаалан дэд бүтэц, нийгэм соёлын бүх үйлчилгээнд хамрагдах эрхтэй. Тэгэхээр эзэмшигч, өмчлөгчөөс үл хамааран асуудлыг нь шийдэх л ёстой.

-Өөр таны бүтээж зорьж яваа ажил юу байна?

-Уламжлалгүй шинэчлэл гэж байдаггүй. Тийм учраас өмнөх хотын удирдлагуудын сайн талыг авч хэрэгжүүлнэ, саар зүйлүүдийг сайжруулаад явна. Ер нь бол өрхийн амьдрал хашаанаасаа, орцноосоо эхэлдэг. Хүмүүсийн аз жаргалтай байх хамгийн гол үндэс бол ажилтай орлоготой өрх гэр байхад оршдог. Цаашдаа Нэг ажлын байр-Нэг өрх хөтөлбөрийг улам өргөжүүлж үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ. Төр хувийн хэвшлийн ажлыг маш дээд цэгт нь хүртэл дэмжиж ажиллана.  Ингэснээр ажлын байр нэмэгдэх учиртай.

-Уламжилж явах асуудлаас нэн түрүүнд юуг авав?

-Эрэмбийн асуудал байна. Хамгийн түрүүн юу хийх хэрэгтэйг ард түмэн өөрсдөө шийддэг болно. Үүнийг уламжлан явах нь зүйтэй юм. Ер нь бол төсвийн зардлыг үр ашигтай зарцуулах нь хамгийн чухал зүйл. Иргэн бүр төрийн албан хаагч болгон татварын хэдэн төгрөгөө зөв зохистой зарцуулаад эрэмбээ зөв тогтоогоод зөв цагт нь зөв зарцуулаад явах нь чухал.

-Иргэдтэйгээ хэр холбоотой ажилладаг вэ?

-Байнгын холбоотой. Өдөрт тойргоос 10-15 хүн тогтмол ярьж асууж зөвлөж хүсэлтээ хэлдэг.

-Танай тойрог дээр 26 мянган иргэнд үйлчилдэг өрхийн эмнэлэг 10 жил машингүй явж ирсэн гээд яригдаж байсан даа?

-Нийслэлийн бараг хамгийн том хороо  шүү дээ, манай 22 чинь. 26 мянган хүн амтай. Гэтэл өрхийн эмнэлэг нь машин тэрэг байхгүй арваад жил ажилласан байсан. Төлөөлөгчийн хувьд миний үүрэг учраас хувиасаа шийдэж өглөө. Цаашдаа орон нутгийн сонгуулиар амлаж байсан бүх ажлаа эрэмбээр нь хийх болно. Манай тойрог дээр газрын асуудал бас их хүнд. Нэг хашаанд 12 айл амьдарч байна гээд бод доо.

-Бодит байдал дээрээ бол тэр орчим хятад, солонгос компаниуд газрыг их том хэмжээгээр авчихсан байна. Гэтэл иргэд нь  яах вэ?

-Би одоо энэ талаар ажиллаж байна. Нийслэлийн газрын алба, дүүргийн газрын алба, НЗА, дүүрэг нийслэлийн төлөөлөгчөө бүгдийг нь оролцуулаад нээлттэй өдрүүдийг зохион байгуулна. Нэг биш долоо хоног ажиллах шаардлага бий. Хүмүүсийн санал гомдол маш их ирдэг. Иргэн Доржийн 2-3 жил хөөцөлдөөд авч чадаагүй газрыг хятад солонгос иргэн хэдэн га-гаар нь авсан асуудал яригддаг. Эдгээрийг хуулийнх нь хүрээнд цэгцэлнэ.

-Тодруулбал…?

-Үерийн далан, уулын энгэр дээр амьдарч буй иргэн, хэдэн га эзэмшиж буй гадаад иргэдийн балансыг тэнцвэржүүлэх төлөвлөгөөтэй байна. Газар зохион байгуулалт төлөвлөгөөг таницуулж мэдээлэл өгнө. Ингээд нэг шийдээд цэгцлээд цаашдын газар зохион байгуулалтад иргэдийн хүсэлтийг аваад явбао энэ асуудал нэг гольдролд орно гэж харж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ

Ж.Одонцэцэг: Сүнслэг бие нь муудсан хүний ажил амьдрал нь цаанаасаа бүтдэггүй

Аливаа юмс бүхэн байгаль эхтэй хүйн холбоотой байдаг гэж ярилцдаг. Нэгэнтээ анагаах ухааны эцэг хэмэ

2021-02-19

“Биеийн дархлаа, оюуны дархлаа цогцолсон үед ямар ч вирус халдахгүй”

“ГҮН ТӨГС НАРАН” ТББ-ын тэргүүн Ж.Одонцэцэгийн цар тахал буюу ковид-19 –ын талаар өгсөн зөвлөгөө, яр

2021-02-03

Г.Амартүвшин: “Намайг харлуулж мөнгөө үрэхийн оронд зээлийн хүүгээ бууруул” гэж хэлмээр байна

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа. Тэрбээр банкны тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын

2021-01-25

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...