Б.Ариунаа: Залуучууд орчин үеийн гоёмсог гар урлалтай хуримын чимэглэлийг илүүд үздэг болсон

2017-02-21 Ярилцлага 0

Сүүлийн үед Монголчууд бид гар урлалын бүтээлүүдийг ихэд сонирхож тэдгээр бүтээлүүдэд дурладаг болсон. Уншигч авхай танд энэ удаад гар урлалын төлөөлөл болгож “Цаасан урлал” хийдэг нэгэн бүсгүйг танилцуулж байна. Дизайнер мэргэжилтэй тэрээр жирэмсэн болоод гэртээ амрах хугацаандаа өөрийн мөрөөдөж явсан цаасан урлалаар бүтээл туурвиж өдгөө “Уран хүч” хэмээх компанийг байгуулж энэ төрлийг сонирхдог залуучуудыг сургаж ажлын байраар хангаад явж байна. Ингээд ажилч хичээнгүй бүтээлийн эзэн бүсгүйн “Амжилттай бизнес”ээр аялцгаая.

Цаасан урлалаар бүтээл хийж эхлээд хэдэн жил болж байна вэ?

Би өөрөө дизайнер мэргэжилтэй. Мэргэжлээрээ нилээд олон жил ажилласан. 2011 онд бие давхар болж гэртээ суудаг байхдаа өөрийн сонирхдог зүйлсээ хийж эхэлсэн. Оюутан байхаасаа цаасан хуймал урлалыг сонирхдог байсан учраас хамгийн түрүүнд цаасан урлал хийх тухай бодол толгойд орж ирсэн. Тэгээд өөрт хэрэгтэй багаж хэрэглэлээ япон улсаас авчирч ирээд бүтээлүүдээ хийж эхэлсэн.

Цаасан урлал өөрөө ямар улсаас үүсэлтэй юм болоо?

Европын улсуудаас үүсэлтэй юм билээ. Гар урлалыг дэмждэг сонирхдог улс орнуудад илүү түлхүү хөгжсөн байдаг. Үүнийг нь дагаад аялал жуулчлалын салбар их хөгждөг байх гэж харагдсан. Манай нөхөр гадагшаа ажлаар явж ирэхдээ цаасан урлалаар хийсэн “ил захидал” “сүвинер” зэргийг авчирч өгдөг. Эдгээр бүтээлүүдийг жуулчид маш их сонирхож худалдан авалт хийдэг гэсэн.

Манайд цаасан урлалын түүхий эд зарагддаг уу?

Одоо гадуур бэлэн бэлдцүүд зарагддаг болсон байна лээ. Манай Улсад арай хөгжиж эхлээгүй байх үед нь сонирхож хийж байсан учраас өөрийн мэдсэнээ бусадтай хуваалцах үүднээс “цаасан хуймал урлалын” сургалтыг хичээллүүлж байсан. Англиас болон Хятад улсаас цаасан урлалд хэрэглэгдэх багаж, зүссэн цааснуудаа авчирдаг.

Цаасан урлалын багаж хэрэгсэл гэхээр ямархуу эд зүйл байх уу?

Цаас зүсэж нугална гэхээр айхтар том төмөр биш л дээ. Ерөнхийдөө жижиг хэмжээний төмөр багажууд байдаг.Одоо цаасан урлалын төрөл арван жилийн хүүхдүүдийн сургалтын программд орсон байна лээ. Тэгэхээр энэ цаасан урлал манай улсад бас хурдацтай хөгжиж буй нь шинж.

Таны хийж одоо хийж буйг харахаар энэ их тэвчээр шаардсан ажил юм шиг?

Тийм л дээ. Энэ ажил хүнээс их тэвчээр шаарддаг юм. Босож суугаад хийвэл бүтээл гарч ирэхгүй. Тиймээс би сургалт хичээллүүлэхдээ бүсгүйчүүддээ хэлдэг юмаа. Ажлын завсар зайгаар хийж болохгүй ээ. Яг төвлөрч суугаад хийвэл иүү үр дүнтэй байна шүү гэж. Ийм учраас л нилээд хэдэн хүүхдийг сургаж авч ажиллуулаад компани гээд явж байна. Түүнээс биш хэн дуртай нь ажлынхаа завсар зайгаар хийдэг байсан бол надад захиалагч гэж байхгүй шүү дээ.

Загварын бэлэн зураг байдаг юм уу эсвэл бүтээл хийж буй хүн өөрийнхөө сэтгэлгээгээр зургаа гаргах уу?

Хүний зураг болон амьтны дүрсийг бэлэн зураг ашиглаад хийж болно. Миний хувьд гэвэл ихэнхдээ бэлдцээ бэлдээд өөрөө сэдвээ гаргаад зохиомжлоод хийх дуртай. Байгууллагын логог бол эхлээд зургаа гаргаад тэгээд зохиомжлоод хийдэг. Сүүлийн үед байгууллагууд оффисынхоо үүдэн дээр эсвэл хурлын зааланыхаа ханан дээр өөрсдийн логогоо урлуулдаг болсон.

Сүүлийн үед залуучууд чамин брэнд хөөхөөс илүүтэй гар урлалын бэлэг дурсгалыг бие биедээ бэлэглэдэг болж. Танайд энэ төрлийн захиалга хэр их ирж байна?

Залуучууд ер нь гар урлалыг дэмжих хандлагатай болсон. Бэлэг өгөх гэж буй хүнийхээ хөрөг зургийг их хийлгэдэг болсон. Энэ нь ажиллагаа ихтэй ч маш хүндэтгэлтэй сайхан бэлэг юм. Хуримын үйл ажиллагааныхаа гоёлыг бас хийлгэдэг. Би сүүлд сумогийн зодог тайлах ёслол дээр сакура цэцгээр зохиомж хийж чимэглэсэн. Мөн одонгын найр болон багш нарт бэлэглэх бэлэг дурсгалын зүйлүүдийг хийж байна даа.

Гараар урлаж буй болохоор цаг хугацааны хувьд удаан гардаг байх. Захиалагч нар ер нь хэд хоногийн өмнө захиалгаа өгвөл зохистой?

Ганцаараа хийдэг байхдаа бараг долоо хонодог байсан. Одоо бол залуучуудтайгаа нийлээд 2-3 хоногийн дотор ажлаа гүйцэтгэдэг. Сүүлийн үед эзэгтэй нар гэрийнхээ хана, таазыг цаасан урлалаар чимдэг мода дэлгэрээд байгаа. Угаасаа гэрийн дотор талын орчин чамин тансаг, дотно уур амьсгал төрүүлэхүйц байвал айл гэр ч мөн адил аз жаргалтай байдаг шүү дээ. Хана, тааз болон гэрийнхээ тавилгынхаа зургийг явуулаад хэрхэн чимэглэх талаар ярилцаж санаагаа хуваалцаад ажилдаа ордог. Тухайн айл гэрийг маш гоёмсог болгож засаж янзалсныхаа дараа энэ ажлаараа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг шүү.

Гар урлал чинь цаг хугацаа их шаардана. Гар урлалыг үнэлэх тал дээр манайхан ямар сэтгэхүйтэй байна вэ?

Үйлчлүүлэгчид маань хийлгэж авсан зүйлдээ сэтгэл их өндөр байдаг. Бид нар чинь өдөр бүр л урмын үг сонсож нэг бодлын эрхэлсэн байдалтай ажилладаг хүмүүс. Заримдаа ганц нэг үйлчлүүлэгчид захиалгаа аваад ийм хурдан болчихдог юм уу гэхэд сэтгэлд нээх эмзэг тусдаг. Аль болох захиалгыг нь хурдан гаргаж өгөх гээд хичээж байхад “ингээд болоо юу” гэж хэлэхээр гомдоод байдаг ш дээ/инээв/ Угаас гар урлалын зүйлийг дэлгүүрийн лангуунаас худалдаж авч чадахгүй учраас хүний хөдөлмөрийг хүндлэх тал дээр манайхан их зөв бодолтой явдаг шиг санагддаг.

Бидний ажил чинь өдөр бүр шинэ санаа, шинэ ажил байдаг учраас уйтгартай санагддаггүй. Нэг загвар нэг л хүнд хэрэглэгдээд ахиад өөр хүнд сонгогдож байгаагүй. Өдөр бүр шинэ загвар, шинэ зохиомжийн эрэлд гардаг.

Хуримын чимэглэл хийдэг гэсэн. Одоогоор хичнээн хуримын чимэглэлийг хийж гүйцэтгэсэн бэ?

Залуучууд уламжлалт чимэглэлтэй хуримын хэв маягаас татгалзаж орчин үеийн гоёмсог гар урлалын чимэглэлтэй хуримыг илүүд үздэг болсон байна. Гадны оронд сурч, амьдарч байгаад ирсэн залуус эх орондоо хуримаа хийхдээ гоёмсог зүйлийг хүсэж түүнийгээ хайдаг. Гадны улсад бол бэлэн материал ашиглаад түүнийгээ угсардаг бол манай залуучууд бүх зүйлээ гараараа хийдэг. Тухайлбал: Скай ресорт, Корпрет зочид буудал зэргийн сандал ширээ, хана, таазыг цэцгийн төгөл хэлбэрээр засаж янзалж байсан. Хуримын зураг авалтын ханыг чимэглэх их гоё байдаг. Тэрхүү хана хүн бүхний дурсгалын зурагт багтах учраас зохиомжийг нь их бодож гаргадаг.

Мянган зочинтой хуримын мянган сандлыг цэцгээр чимэглэх их хэцүү байсан. Сандал бүрийн чимэглэлийг бэлэн материал ашиглахгүйгээр бүх зүйлийг нь гар урлалаар чимэглэж байсан.

Танай цаасан бүтээлүүдээс худалдаж авах эсвэл үзэж сонирхох хүмүүст зориулсан үзэсгэлэнгийн танхим бий юу?

Хамгийн эхэнд төлөвлөж байгаа ажил бол “үзэсгэлэнгийн танхим” бий болгох ажил байна даа. Өөрийн бүтээлүүдээ дэлгэх мөн худалдаанд зориулсан хуримын урилганы загвар, ил захидал, тэмдэглэлийн дэвтэр гээд цаасаар чимэглэж болох бүхий л зүйлыг чимэглэсэн үзэсгэлэн нээх бодолтой байгаа.

Шинэ жилээр яам тамгын газрууд болон албан байгууллагуудын “ил захидлын” захиалга их орж ирдэг. Харилцагч болон ажилтнууддаа дахин давтагдашгүй зүйлийг бэлэглэхийг эрхэмлэдэг болсныг хархад их сайхан санагддаг.

Цөөн тоогоор чамин загвартай бэлэгний уут хэвлүүлэх гэхээр Монголд их үнэтэй байдаг. Бараг Солонгос, Хятад улс руу явж хэвлүүлэхтэй адил тусдаг. Танайх ийм захиалгыг хийдэг үү?

Бид хэвлэх машин дээрээ түшиглээд яг ийм төрлийн захиалгыг авдаг. Угаасаа хэдэн саяар хэвлэх машин оруулж ирчхээд 100 ширхэг уутыг хямд үнээр хэвлэнэ гэдэг хэвлэлийн байгууллагад хүндрэлтэй л дээ. Цаасан хэвлэл чинь тоо нь өсөх тусмаа үнэ нь буудаг юм чинь. Тиймээс л манайх бэлэгний уут, ил захидлын захиалга их авдаг.

Холбоотой мэдээ

Ж.ШИЖИР: Одоогоор манай системийг 100 хувь ашиглаж байгаа нэг ч сургууль алга байна

IT салбарт тасралтгүй түүчээлж амжилтаараа ялгарч байгаа “ТОМ АМЖИЛТ” ХХК-ийн ерөнхий захиралтай Амж

2021-05-07

“ODOSURY платформ сургалтын сан асар их, хамгийн хямд, ашиглахад ч хялбар”

Цар тахалтай байгаа онцгой нөхцөлд сургалтын систем онлайн хэлбэрт эрчимтэй шилжиж байна. Үүнтэй хол

2021-05-07

“Асарч хамгаалж чадахгүй бол ядаж хүүхдийнх нь мөнгийг хүүхдэдээ өгчих”

Сар бүр олгодог хүүхдийн 100 мянган төгрөг, Засгийн газрын дэмжлэг болох 300 мянган төгрөгийн ал

2021-04-30

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль