Ч.Ганхөлөг: Та гэртээ байхгүй ч хаалгаа тайлах боломжтой

2017-02-21 Ярилцлага 0

Технологийн салбарын гайхамшиг үргэлжилсээр. Өнөөгийн нийгэмд хүн төрөлхтөн амьдарч буй орон гэрээ тав тухтай аюулгүй байлгахыг илүүд үздэг болсон. Тэгвэл яг энэ зүйл дээр Ametros solutions компани ажиллаж өөрсдийн гаргасан бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэлсэн байна. Амьдарч буй гэрийнхээ бүхий л зүйлийг ганцхан зүйлээр удирдаж хөшиг, хаалга, гэрэл, хөргөгч гэх мэт зүйлсээ автоматаар удирдаж байхыг бид кинон дээрээс л хардаг байсан цаг саяхан. Тэгвэл энэхүү төсөөллийн орчныг бодит ертөнц дээр Монгол залуус буулгасан байна.

2013 онд хоёр Монгол залуучууд утасгүй цэнэглэгч зохион бүтээлээ гээд сенсаци тарьж байсан. Тэгвэл өнөөдөр танай компани ямар ажлыг эхлүүлээд явж байна вэ?

– Анх бид Америкийн зах зээл дээрээс ажлын гараагаа эхлүүлж байсан. Утасгүй цэнэглэгч хийж түүгээрээ 700 орчим мянган ам.доллар босгоно гэсэн таамаглал маань талаар өнгөрч зах зээлээ нарийн судалж байж хийх нь зөв юм байна гэсэн бодолд хөтлөгдсөн. Нэг ёсондоо алдаанаасаа дахин суралцсан юм. Тэгээд 2014 онд Монголд америк дахь компанийнхаа охин компани болох Ametros solutions компанийг байгуулж гэрийн ухаалаг автоматжуулалт хамгаалалтын системийг хийж байна. Бид энэ ажлыг эхлүүлэхээс өмнө бараг зургаан сарын туршид судалгаа хийсэн. Энэхүү судалгааныхаа үр дүнд ер нь энэ гэрийн ухаалаг автоматжуулалтын системийг хийх нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Аль болох төгс зүйл хийнэ тэр чинээгээрээ энэ салбараас олохыг хүссэн ашиг орлогоо олох болно гэж зорьсон.

  – Энэхүү систем хэрхэн ажиллах вэ. Дохиолол хамгаалалтын системээс юугаараа онцлог юм?

  – Гэрийн автоматжуулалтын систем маань  чийдэн, хөшиг, амьсгалж байгаа агаарын чанарын мэдрэгч, гэнэтийн аюулын мэдрэгчүүд, гражын хаалга, хашааны хаалга,  зэрэг зүйлсийг сүлжээнд холбож, хэрэглэгчийн тав тухтай амьдралыг тал бүрээр хангах юм. Гэрт буй электрон төхөөрөмж бүрийг удирдах боломжтой. Аюулын мэдрэгч гэхэд нэг зайгаараа гурван жил ажиллах боломжтой. Дээрээс нь энэ төхөөрөмж маань хүний үйлдлээс өдөр бүр суралцаж явдаг. Одоогийн байдлаар эдгээр программууд англи хэл ажиллаж байна. Монгол хэлээр удирдах ажил дээр яг одоогоор ажиллаад явж байна. Энэ бүтээгдэхүүний хөгжүүлэлт бол цаашид тасралтгүй хийгдэх юм. Мэдээллийн технологийн салбарын гол онцлог нь өөрөө хэрэглэгчид байнга шинэлэг зүйлийг мэдрүүлэхэд оршиж байдаг. Тэгэхээр үндсэн ажиллах зарчим нь ухаалаг утсаар дамжуулан та интернеттэй л бол гэрийнхээ ихэнх зүйлсийг удирдах боломжтой гэсэн үг юм.

Энэ үйлчилгээгээрээ зах зээлийн хэдэн хувийг хангаж байна вэ?

– Монголд үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байгаа учраас автоматжуулалтын системээ ихээр нь үүсгэж чадаагүй байна. Өнөөдрийн байдлаар эхний ээлжид 100 бүтээгдэхүүн гаргаж түүнийгээ айл өрх, албан байгууллагуудад нийлүүлсэн байгаа. Одоо хоёрдугаар ээлжийн захиалгаа аваад явж байна.

Зах зээлийн эрэлт хэрэгцээгээ гүйцэж чадахгүй байсан гэсэн үг үү?

– Нэг талаар тийм ч нөгөө талаар манай байгууллагын санхүүгийн нөхцөл байдал нэг дор их хэмжээгээр нь олон бүтээгдэхүүн гаргаж зах зээлд нийлүүлэх чадамжгүй байна л даа.

Энэ бүтээгдэхүүнийг гаргахад ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай юу?

– Судалгаа болон хөгжүүлэлтийн зардалд багагүй хэмжээний мөнгө ордог. Бид сүүлийн хоёр жилийн туршид хөгжүүлэлтийн тал дээр анхаарч ажиллаж байна. Хамгийн сүүлд тайлангаа харахад судалгаа, хөгжүүлэлтийн зардалд найман зуу орчим сая төгрөг зарцуулсан байсан. Гэхдээ энэ маань анхнаасаа Америкийн зах зээлд оруулах зорилготойгоор хийсэн ажил. Монголынхоо иргэдэд энэ үйлчилгээг таниулах үүднээс борлуулалтын ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар бид нар Америкт хоёр айлд энэхүү автоматжуулалтын системээ борлуулсан байгаа. Эдгээр айлуудтайгаа холбоотой байж төхөөрөмжийнхөө давуу болон сул талыг мэдэж авч байна. Энэ нь хөгжүүлэлтийн ажилд маш том тус болдог.

Саяхан манай компани Казахстан улсруу бүтээгдэхүүнээ экспортлохоор гэрээнд гарын үсэг зурсан. Казахстан улс нь манайхаас зургаа дахин их хүн амтай, зах зээл том, хүмүүсийн худалдан авах чадвар сайн учраас энэ гэрээнээс ашигтай ажиллах боломж бий гэж харж байгаа.

Автоматжуулалтын системийн үнэ хэд вэ. Айл бүрт хэрэгтэй ч үнэ их чухал шүү?

–  Одоогийн байдлаар бид олноор үйлдвэрлэж чадахгүй байгаа учраас үнэ нь бага зэрэг өндөр байгаа. Тухайлбал, 80 орчим мкв байранд суурилуулахад 4,5 орчим сая төгрөг болно. Үүн дээр хэрэглэгч өөрөө нэмж үйлчилгээ авах, бүтээгдэхүүнээ нэмэх бол үнэ нь тодорхой хэмжээгээр нэмэгдээд явна.

Энгийн хэрэглэгчид худалдан авахад арай өндөр үнэтэй юм. Бүтээгдэхүүнийг тань барилгын салбарынхан хэр их сонирхож байна вэ?

– Орон сууцны хороолол болоод хаус хотхон барьж буй компаниудтай хамтран ажиллахаар гэрээ хийгдсэн байгаа. Орон сууц баригдсаны дараа галын дохиолол, камер, домофон систем гээд олон зүйлийг суурилуулж их мөнгө үрдэг. Тал талд тараах энэ зардлаа манай компани руу төвлөрүүлээд бүх үйлчилгээг манайхаас авбал тухайн барилгын компанид хямд тусч байгаа юм. Одоо айл бүр домофон системтэй болсон байна. Манай автоматжуулалтыг суурилуулсны бас нэг давуу тал нь гэрийн эзэн гэртээ байхгүй гадагшаа гарсан эсвэл бүр гадаадад байгаа үед нь тухайн айлд зочин ирээд хонхыг нь дархад гэрийн эзэнд давхар дуудлага ирж домофоны камераар утсанд царай нь харагдах юм. Тэгэхээр оруулах ёстой хүн байвал утсаараа хаалгаа тайлж өгч болон гэсэн үг.

Боловсон хүчнийхээ талаар яриач?

– Америк, Солонгос зэрэг улсад энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс бий. Ерөнхийдөө манай байгууллагын 80-иас илүү хувийг 20-25 насны залуучууд эзэлдэг. Сургуулиа төгсөөд ирж буй хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй залуус манайд ажиллахаар ирэхэд нь бид найрсаг хүлээн авч хамтран ажилладаг. Манай хамт олон их чадварлаг залуучууд.

Та салбарынхаа ирээдүйг хэрхэн харж байна вэ?

– Манай салбар цаг ямагт хөгжиж байдаг. Харин  хамгийн түрүүнд Монголчуудын аливаа зүйлийг хүлээж авах хандлагыг өөрчилмөөр санагддаг. Яагаад гэхээр Apple компани гэхэд гэрийн автоматжуулалтийн системийн бэлэн патентыг авчихсан хэдий ч одоогоор бүтээгдэхүүн хийгээгүй байна. Фээсбүүк ч мөн адил энэ систем дээр ажиллана гэдгээ ч зарласан гэхдээ хийгээгүй. Google өнгөрсөн жилээс хийж эхэлсэн. Гэхдээ эдгээр газруудын хийх гэж буй зүйлтэй бидний хийж байгаа зүйл адилхан. Тиймээс Монголчууд бид нэгнийгээ жаахан дэмжээд нэгнийхээ хийж буй зүйлээр бахархаж өгвөл дээрх том компаниудын өмнө гишгэх боломж байгаа. Бид нар ямар гаднаас бараа оруулж ирээд үнэ нэмж зараад ашиг олоод алга болох гэж буй хүмүүс биш. Энэ технологийн салбарыг цааш нь хөгжүүлээд нуруун дээрээ үүрч явах залуу үеийнхэн.

Америк, Монгол хоёр улсад үйл ажиллагаа явуулахын зөрүүтэй тал нь юу вэ? Ялангуяа манайд технологийн салбарт оюуны өмчийн асуудал дээр хууль эрх зүйн орчин хэр бүрдсэн байдаг юм?

– Оюуны өмчийн асуудлаас болоод бид патентаа Америкд Монголоос авснаас 20 дахин илүү зардалтайгаар авсан. Нөгөө талаар ирээдүйн нэр хүндээ бодсон хэрэг. Бидний зорилго гадаад зах зээл дээр гарах явдал. Тиймээс бүтээгдэхүүнийхээ патентын асуудлыг гадны хуулийн фирмд хянуулж тэдэнд даалгасан байхад ямар нэгэн асуудал үүсэхэд тухайн хуулийн фирм бид нарыг хамгаалах ёстой. Манай Улсад нэг үеэ бодвол оюуны өмчийн асуудлыг чухалчлан авч үздэг болсон байна. Энэ бол сайшаалтай хэрэг. Үүнийгээ дагаад залуучуудын хийж бүтээх хүсэл эрмэлзэл ч нэмэгдэх юм.

Холбоотой мэдээ

Ж.Одонцэцэг: Сүнслэг бие нь муудсан хүний ажил амьдрал нь цаанаасаа бүтдэггүй

Аливаа юмс бүхэн байгаль эхтэй хүйн холбоотой байдаг гэж ярилцдаг. Нэгэнтээ анагаах ухааны эцэг хэмэ

2021-02-19

“Биеийн дархлаа, оюуны дархлаа цогцолсон үед ямар ч вирус халдахгүй”

“ГҮН ТӨГС НАРАН” ТББ-ын тэргүүн Ж.Одонцэцэгийн цар тахал буюу ковид-19 –ын талаар өгсөн зөвлөгөө, яр

2021-02-03

Г.Амартүвшин: “Намайг харлуулж мөнгөө үрэхийн оронд зээлийн хүүгээ бууруул” гэж хэлмээр байна

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа. Тэрбээр банкны тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын

2021-01-25

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...