Х.Ариунболд: Сэтгэл хангалуун буцах жуулчдаа үдэж өгөх хамгийн сайхан нь

2017-02-21 Ярилцлага 0

Зуны налгар өдрүүд үргэлжилж байна. Ил гал дээр мах шарж, элсэн дээр бөмбөг тогломоор эрээн зуны өнгөлөг өдрүүд үргэлжилсээр. Ийм сайхан цаг агаартай өдрүүдэд уншигч та бүхэн агаар салхинд амарч зугаалахаар төлөвлөж байна уу. Тэгвэл бидний санал болгож буй аялал жуучлалын сард зориулан бэлтгэж буй буланд зочлоорой. Энэ удаагийн зочноор “МONREVE” ХХК-ийн захирал Х.Ариунболд оролцож, үйл ажиллагааныхаа  тухай ярилцлаа. 

-Танд нарлаг зуны мэнд хүргэе. Та “МONREVE” ХХК талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Манай компани анх 2006 онд байгуулагдсан. Европын зах зээлээс жуулчин авдаг байж байгаад 2010 оноос дотоодын аяллаар дагнасан. Монгол орныхоо бүхий л бүс нутаг төрөл бүрийнявган, авто, морь, уулын, загасчлах, гэрэл зургийн зэрэг тусгай аяллуудыг зохион байгуулж ирсэн. 2009 онд анх гэрэл зургийн аялал зохион байгуулаад зарлахад хүмүүс маш их сонирхож оролцож байж билээ. Тэр үед дижитал гэрэл зургийн аппараттай /DSLR/ хүмүүсийн тоо ч нэмэгдэж эхэлж байсан үе. Зарим залуусын хувьд аялалд оролцсоноор аппаратаа бүрэн эзэмших, байгалийн гэрэл зураг авах зэрэгт давхар суралцчихдаг давуу талтай.

-Бусад ижил төрлийн бизнес эрхлэгчдээс үйл ажиллагааны хувьд ялгагдах онцлог нь юу вэ? Аялалын хэдэн маршруттай вэ?

-Мэдээж бусдаас ялгагдах онцлогтой байж хүний нүдэнд тусдаг. Дотоодын аяллын хувьд багийн гишүүд аяллын зохион байгуулалтанд оролцож өөрсдөө нэг нэгнээсээ суралцаад явчихдаг.  Өөрөөр хэлбэл ээлжилж өглөө эрт босож өглөөний цайгаа бэлдэнэ, ус, түлээндээ явна, майхнаа босгох гэх мэт ажлуудаа. Ингэхээр манайхаас хөтөч, унаа, майхан сав, гал тогооны хэрэглэл, хоол хүнсний материал зэргээ нэгдсэн байдлаар авна гэсэн үг. Ийм зохион байгуулалтанд орсноор зардал төдий хэмжээгээр багасаж аялагчдад таатай байдаг.

Аяллын маршрутын хувьд 20 гаруй бэлэн маршрут, хөтөлбөр байна. Гэхдээ сүүлийн үед tailor made буюу аялагч нь өөрсдөө маршрут, хөтөлбөрөө санал болгох нь ихэссэн. Иймд тэдгээрийн хүслээр мөн адил хөтөлбөр, маршрут боловсруулж тусгайлан гаргаж өгдөг.

-Хамгийн их аялдаг бүс нь аль вэ?

-Богино хугацааны авто аяллууд голчлон хотын ойр орчимд болон төвийн хэдэн аймгаар. Холын зарим нэг аяллуудаа орон нутгийн мэргэшсэн аяллын компанид даатгадаг. Ер нь манайх ч ганц биш бусад компаниудын хувьд аяллын бүс нутаг нь Тусгай хамгаалалттай газар нутгаа /National Park/ түшиглэсэн байдаг.

-Нэг дор хэдэн хүн аялалд авч явдаг вэ?

-Янз бүр. Мэдээж хамгийн бага нь гэвэл ганцаарчилсан жуулчин. Хамгийн ихдээ манайх 250 хүний аялал зохион байгуулж байлаа. Хугацаа нь богино аяллыг голчлон олон хүнтэй байгууллага хамт олны хүрээнд зохион байгуулдаг. Явган, морин, усан аяллын хувьд тэр болгон олон хүнтэй групп гаргахад төвөгтэй. Учир нь зохион байгуулалтаас авхуулаад цаг хугацааны хувьд нэг нэгнээ хүлээж цаг алдах тохиолдол гардаг. Иймд ямар төрлийн аяллаар аль чиглэлд, ямар зохион байгуулалттай вэ гэдгээсээ шалтгаалан хүний тоо өөр өөр. Гэхдээ мэдээж ганцаараа аялах бол тэр хэмжээгээр зардал мөнгө нь нэг хүндээ ноогдох тул өндөр үнэтэй тусдаг.

-Дотоодын аялагчид тоо өсч байна уу, буурч байна уу, яагаад?

-Аялал жуулчлалын компаниар үйлчлүүлж байгаа болон хувиараа аялагчид гэж ангилж харах нь зүйтэй байх. Компаниар үйлчлүүлж буй дотоодын жуулчдаас илүү өөрсдөө найз нөхдөөрөө нийлээд явах нь мэдээж их. Ер нь сүүлийн 5 жилд өвөл зунгүй Богд уулын хэдэн амаар тасралтгүй аялаж ирлээ. Олон аяллын клубууд нээгдэж тэд ч туршлагжин улмаар уртын аяллуудыг ч хийж байна. Эндээс дүгнэхэд зугаалахаас илүүтэй аялах сонирхолтой хүмүүсийн тоо эрс өссөн. Явж ч байна. Компаниар үйлчлүүлж буй жуулчдын хувьд нэг их биш болов уу. Учир нь манайхны аялал жуулчлалын үйлчилгээ худалдан авах сэтгэл зүйн бэлтгэл бүрэн хангагдаагүйтэй холбоотой. Гадаадын жуулчдад өндөр үнэтэй үйлчилдэг тул бидэнд ч гэсэн өндөр үнэтэй үйлчлэх байх гэсэн нийтлэг бодол байх шиг байгаан. Бодит байдал дээр бол тийм биш. Хэдий хувиараа аялах нь бага зардал гаргаж байгаа мэт санагдавч аяллын эцэст зардал нь бараг дүндээ дүн болдог.

-Аялал жуучлалын салбарт ажиллахад хүндрэлтэй зүйл юу байдаг вэ?

-Бараа зараад буцаахгүй гэж байгаа биш бүхэл бүтэн 10 хоногийн турш таниж мэдэхгүй хүнийг асарч явна гэдэг тийм амаргүй. Янз бүрийн ааш араншин үзэл бодолтой хүмүүсийг зохицуулаад хөтөлбөрийн дагуу аяллаа амжилттай дуусгаад сэтгэл хангалуун буцах жуулчдаа үдэж өгөхөд хамгийн сайхан нь. Хувь хүнийхээ хувьд энэ ажилдаа дуртай хоббитой болхоор бэлтгэлээ сайн базаачихвал аяллын үед асуудал хүндрэл нэг их байдаггүй.

Бизнесийн хувьд мэдээж хүндрэл бий. Ялангуяа гадаадын жуулчид авдаг компаниудын хувьд бэрхшээл ихтэй. Гадаадаас жуулчин авна гэдгийг их хялбар аргаар мөнгө олох бизнес хэмээн андуурагсад бас нилээдгүй харагддаг. Тухайлбал жуулчнаа олоод авна гэдэг асуудал их хугацаа, тэсвэр тэвчээр, хөрөнгө мөнгө шаарддаг. Урт хугацааны ажлын үр дүнд түншийн итгэлийг олсноор сая тогтмол жуулчин авч эхэлнэ. Гэтэл ганц вебсайт хийчихээд и-мэйл ирэхийг хүлээгээд сууж болохгүй. Вебээ амьд байлгаж мэдээллээр тордож, жуулчнаас ирүүлсэн 10-аас доошгүй удаагийн асуултанд тогтмол хариу бичиж анхаарлаа хандуулдгаа сэдрүүлэх ёстой.

-Таны бодлоор манай улсын аялал жуулчлалын салбар хэр хөгжиж байгаа вэ?

-Хөгжлийн хувьд хурдац нь удаан байна гэж боддог. Хурдлуулах олон хүчин зүйл бий. Ерөнхийлөгч, их хурал, засгийн газар, ЭСЯ-дуудаас нь эхлээд шат шатны орон нутгийн удирдлагууд, бизнесийнхэн, төрийн бус байгууллагууд, багш судлаачид нь бүгд нэг ойлголттой болж аваад хийх эрэмбээр нь жагсаан бодитоор хийж эхэлвэл сая хурдсах болов уу.

-Дээд доодгүй уул уурхайгаас илүүтэй төсөв бүрдүүлэх салбар бол аялал жуулчлал гэж жил бүр ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Мэдээж нийлнэ. Аялал жуулчлалын бизнес бол үзүүлж харуулж, үйлчилж мөнгө олдог салбар. Иймээс жуулчин хилээр буцаад гарахдаа үзэж харсан газар орныхоо сэтгэгдэл тээгээд л буцдаг

-Жуулчдын татахын тулд бид юу хийх ёстой вэ?

-Мэдээлэл. Жуулчдад мэдээлэл сайн хүргэвэл бидэн руу аялах сонирхол нэмэгдэнэ. Мэдээллийн технологийн орчин үеийн дэвшилтэт хувилбаруудыг ашиглан зөв мэдээллээ хурдан хүргэх нь чухал. Улсын төсөвт Монголыг сурталчлах мөнгө хангалттай тусгаж сурталчлаад байвал бизнесийнхэн улсаа сурталчлахаасаа илүүтэй бүтээгдэхүүн үйлчилгээндээ анхаарч эхэлнэ. Жуулчдын эрэлт нэмэгдэхээр бүтээгдэхүүний нэр төрөл олширч, чанар сайжирдаг зарчмаар л явна.

-Аялал жуулчлалын хөгжилд эрхзүйн ямар орчин бидэнд дутагдаж байна?

-Үйлчилгээний даац, чанараа дээшлүүлэх боломжыг бий болгох нь зүйтэй болов уу. Тэгэхээр бага хүүтэй, урт хугацааны буюу 5-10 жилийн бизнесийн зээл олгох нөхцлийг хангаад өгөх хэрэгтэй.

-Жуулчны баазуудаа хөгжүүлэхийн тулд төрөөс юуг анхаарах ёстой вэ?

-Жуулчны баазуудын хувьд хүн ихээр төвлөрсөн хот суурин газраасаа хэр алслагдан байршдагаас шалтгаалж ажиллах хугацаа нь янз бүр. Хотын ойр орчимд байгаа баазуудын хувьд жилийн 4 улиралд ажлаад амралтын өдрүүдэд амрагч аваад байх боломжтой бол алслагдсан баазад тийм боломж хомс. Хааяа нэг эвентийн үеэр цөөн хоногоор түр хугацаагаар ажилладаг.

Ингэхээр бизнесийн идэвхитэй хугацаа нь жилийн НЭГ улирал байдаг. Тэгэхээр баазад оруулсан хөрөнгөө эргүүлж олно гэхэд нилээдгүй хугацаа шаардах магадлалтай. Дундаж ирдэг группын жуулчид нь цөөн, давхардсан группын нийт жуулчид нь 70-80 орчимд байдаг гэж үзвэл байр сууцны хүчин чадал нь энэ тоондоо л байна. Гэтэл 200-300 хүнтэй том групп жуулчид авна гэхэд асуудал үүснэ. Ийм тооны жуулчныг хүлээн авч үйлчилдэг жуулчны бааз цөөхөн.

Тэгэхээр мөн л урт хугацааны маш бага хүүтэй зээл хэрэгтэй. Зээлийн барьцаанд ядаж гэрүүдийг нь үнэлж тооцдог болчихвол баазууд зээл аваад хүчин чадлаа нэмэгдүүлээд явчихна.

200-300 хүнтэй групп аялагчид төвөггүй авчихдаг хүчин чадалтай баазууд нэмэгдчихвэл аяллын тур оператор компаниудын хувьд олон хүнтэй том групп авчираад байх боломж харагддаг.

Холбоотой мэдээ

“Бидний өнөөдрийн нийгэмд адгуус амьтнаас ялгарах зүйлс улам цөөрсөөр байна”

"Гүн төгс нар" ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн болло

2021-05-28

Ж.ШИЖИР: Одоогоор манай системийг 100 хувь ашиглаж байгаа нэг ч сургууль алга байна

IT салбарт тасралтгүй түүчээлж амжилтаараа ялгарч байгаа “ТОМ АМЖИЛТ” ХХК-ийн ерөнхий захиралтай Амж

2021-05-07

“ODOSURY платформ сургалтын сан асар их, хамгийн хямд, ашиглахад ч хялбар”

Цар тахалтай байгаа онцгой нөхцөлд сургалтын систем онлайн хэлбэрт эрчимтэй шилжиж байна. Үүнтэй хол

2021-05-07

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль