Т.Алтантуяа: “Хөөрхөн Шулам” кино шиг ийм их санал хүсэлт авч байсангүй

2017-02-21 Ярилцлага 0

“Домогт Ану хатан”романыг Ану хатан кино зохиол болгох гэж бүтэн долоон сарын хугацаанд ажиллаж байж Ану хатан киног бүтээл болгож байсан найруулагч Т.Алтантуяа энэ удаад “Хөөрхөн шулам” нэртэй уран сайхны киног  үзэгчдийн хүртээл болгоод байна. Монголд анх удаа эмэгтэй найруулагч түүхэн кинон дээр ажилласан хэмээн магтаал, шүүмжлэлийн дундуур гүйж байсан найруулагч маань энэ удаад эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх  байр суурийг өөрийн бичсэн зохиолоор, өөрөө найруулж гаргажээ. Тэрбээр өмнө нь Америкийн алдарт зохиолч Эв Энслерийн “Үтрээний хүүрнэл” жүжгийг ч найруулж байсан юм.

–  Та өөрөө “Хөөрхөн шулам” киноныхоо зохиолч, найруулагч мөн гол дүрийн жүжигчнээр  ажиллажээ. Киноны  сэдвийн хувьд их онцгой санагдсан..

Энэхүү киноны үндсэн санаа  бодит үйл явдалаас сэдэвлэгдсэн. Хөөрхөн Шулам кинонд үзэгчдийн дунд ч сууж байгаа, танил  мэт  дүр төрхүүд байна гэдгийг олон хүн хэлж байгаа нь зохиолын дүрийн судалгааны ажил сайн хийгдсэнтэй холбоотой. Тэгээд ч бусад кинонуудаас их өөр байлгах гэж хичээсэн.

–  Чухам яг юугаараа өөр байлгахыг зорисон бэ?

 “Хүний амьдралын түүх бол гагцхүү хайрын түүх юм” гэсэн үгнээс гол утга урган гарч байгаа.  Гэхдээ чин үнэнч  хайр сэтгэлд хүрэхийн тулд  түүний өмнө ямар олон саад бэрхшээл, сорилтууд байдаг билээ?  Хүмүүс киноны нэрэнд их ач холбогдол өгч байгаа яагаад  “Хөөрхөн шулам” гэж гээд л… Гэхдээ яг амьдрал дээр эмэгтэй хүн шулам байхаас өөрөөр байх арга зам хэр их байгааг эрэгцүүлж бодох хэрэгтэй л дээ. Кино үзсэн хүмүүс утсаар болон пэйж хуудсаар дамжуулж өөрсдийн сэтгэгдэлээ ихээр илэрхийлж байна. Яг үнэнийг хэлэхэд “Ану Хатан “ киноны дараа ихэвчлэн сайшаалын үг, заримдаа доромжлол гүтгэлгийн шинжтэй дайралтууд  ирж байсан. Харин  “Хөөрхөн Шулам” кино шиг ийм их санал хүсэлт авч байсангүй. Хөдөөнөөс ирсэн үзэгчид, гадаадад сурдаг оюутнууд, найзуудаараа үзсэн хүмүүс энэ киног үзэж гараад гэрийн зүг явахгүй киноны төгсгөл болон  дүрүүдийн талаар ярилцан бодогдсоор байсан дахиж үзмээр санагдсан гэдэг нь үнэхээр л миний хүслийг биелүүлж байгаа.  Би болон манай А-Артист продакшны уран бүтээлчид яг ийм кино л хийхийг хүссэн! Манай кинонд онцлог зүйлс их байгаа. Үзэгчид үзээд л мэдэг!

–  Гэхдээ таныг  ганц хоёрыг нь тайлаасай л  гэж хүсэж байна?

Манай кинонд эсрэг дүр бараг байхгүй! Өнөөдрийн нийгэмд өөрт нь  сөрөг тал байдаг. Бас кино болгонд шахуу гардаг их мөнгөнөөс болоод бие биенээ араар нь залилах хоорондоо алалцах, хүний дурсамж гэхээр л багадаа хамт өссөн жаахан хүүхдүүдийн дүрс гарах…эсвэл киног хурц үйл явдалтай болгож байна гээд энд тэндхийн киноноос тасалж аваад нийлүүлсэн мэт хачин зохиомол үйл явдал гардаггүй ээ! Бас дүрс болгонд шахуу хэрэгтэй хэрэггүй хөгжим ч тавиагүй…Үзэгчдийг инээлгэхийн тулд албаар тависан марзан яриа,  үйлдлүүд  байхгүй..За за магтаж байгаа юм биш шүү! Зөвөөр ойлгоорой. Үнэнээ л хэлсэн шүү!

–  Таны киноны дүр сонголтууд их содон байлаа? Та ер нь  дүр сонголтод их ач холбогдол өгдөг найруулагч шиг санагддаг?

Миний найруулах эрдэмийн багш УГЗ С.Сугар агсаны сургаснаар найруулагчийн ажлын 50 хувийг дүр сонголт эзэлдэг. Би энэ зарчмийг хатуу барихийг хичээдэг! Болсон болоогүй зохиол шиг юм бичээд чадах чадахгүй хүнд мөнгө өгөөд тоглуулчихдаг ажил биш  шүү дээ!  Киноны гол дүрд Азийн шилдэг жүжигчин Б.Цэцэг, СТА жүжигчин Ц.Алдармаа нарыг тоглуулахын өмнө их бодож эргэцүүлсэн. Мөн  Б.Цэцэг болон Ц.Алдармаагийн хамтран тоглох жүжигчдийг  зөвлөлдсөн. Жүжигчин О.Амгаланбаатар дүүдээ талархсанаа хэлмээр байна. Уран бүтээлч хүнд байх  ёстой олон шинж чанарыг харуулж чадсан. Т.Билэгжаргал, П.Баттөр, П.Хишигдэлгэр,СТА Ц.Төмөрхуяг, АЖ Г.Жигжидсүрэн…гээд шилдгүүд тоглосон кино боллоо.  Ер нь байнга үзэгдээд байдаггүй ховор жүжигчид сонгосон нь маш оновчтой шийдвэр байлаа.Хөөрхөн шуламууд маань үзэгчид болон мэргэжлийн хүмүүсээс урмын үг сонсоод алга ташилт нижигнэхээр огшоод..гоё  л байна.

–  Кино хэр хугацаанд хийгдсэн бэ?  Богино хугацаанд хийгдсэн кино чанаргүй гэх ойлголт хүмүүсийн дунд байдаг?

Киног яг тийм хугацаанд тэгэж хийх ёстой гэсэн тусгай жор байдаггүй. Хамгийн сүүлд гэхэд Франц киноны өдрүүдээр Монголд үзсэн “Улаан хивс” киноны найруулагчтай ярилцаж байхад зураг авалтаа 16 хоногийн дотор хийсэн гэсэн. Энэ кино сайн кино болсон байна лээ..олон кино наадамд оролцсоор л яваа…Ажлаа мэддэг мэргэжлийн баг кинон дээр ажиллахад удаад байх шаардлага  байхгүй. Ямар удаан хийгдсэн кино чанартай байдаг гээд ажлаа удаан хийлтэй  биш..

–  Арилжааны кино, кино бүтээл гэсэн хоёр ойлголт байгаад байна. Арилжааны кино шаталтгүй учраас  уран бүтээлчид энэ тал руу түлхүү хөгжөөд байна уу?

Зөвхөн кино сонирхогчид мэргэжилтэнүүд, кино наадмуудад мөн найруулагчийн өөрийн  хийгдсэн  уран бүтээлүүд он цагийг элээн  мөнхөд  оршиж чаддаг ч ашиг орлогын хувьд их биш. Манай продакшны хувьд Ану хатан, Эх орон дуудаж байна зэрэг түүхэн бүтээлүүдийг хийсэн. Домогт Ану хатан романыг Ану хатан кино зохиол болгохын тулд долоон сарын туршид ажилласан.  Ану хатан кинонд бид  2 жил ажилласан . Энэ хугацаанд жилийн дөрвөн улиралд зураг авалт үргэлжилж, томоохон павилон, тайзуудыг засаж нөр  их хөдөлмөр сэтгэлээр  бүтсэн.  Дэлхийн киноны зах зээлд албан ёсны эрхтэйгээр  ЛИОНСГЭЙТЭД зарагдаж чадсан түүхэн кино бол Ану Хатан юм шүү! Энэ бол Монгол уран бүтээлчид хийж чадахын баталгаа Монгол киноны нэрийн хуудас!

–  Киноны хамгийн гол зүйл нь юу байдаг юм бэ. Зохиол, найруулагч, жүжигчин гээд л өөр өөр ойлголт байдаг?

 Цэцэг тарихад үр суулгах, хөрслүүлэх гээд бүх зүйл чухал байдаг. Үүнтэй адилаар зохиол, найруулагч, жүжигчин, зураг авалт гээд бүгд  чухал. Хэрвээ зохиол байгаад л болдог бол Зүрхний хилэн,Элс цас, Энэрэлгүй хорвоо.. зэрэг гайхалтай зохиолууд яагаад кино болоогүй юм бэ? Тунгалаг тамир киноноос  Итгэлт баяны дүрийг хасчихвал  ямар байх уу? Төмөр,Дулмаа,Эрдэнэ,Долгор  бүгд мэргэжлийн жүжигчид биш ингэж сонгож  тоглуулж зааж удирдсан, мөнхрүүлж чадсан  найруулагч агуу! Тэгэхээр кино  бол хамтын уран бүтээл юм. Бас хамгийн хэцүү нь хөрөнгө мөнгөнөөс их хамааралтай.

–  Кино урлаг бол соён гэгээрүүлэх зүйл. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ нь алдагдаад байх шиг. Кино хийгчид яагаад энэ талыг орхигдуулаад байна вэ?

За уг нь шүүмжлээд байх дургүй Монголд ажил хийх хэцүү шүү дээ! Ер нь киног ч тэр тогоон дотроосоо болон кино хийж үзээгүй хүмүүс л ихэвчлэн муулж өөлдөг. Бүр үзээгүй киногоо муулаад явдаг хүмүүс ч байдаг. Социализм гэдэг тэр үед  хүн нь хүн шиг төр нь төр шиг байжээ. Гэтэл зах зээлийн үед эзэнгүйдсэн энэ салбар олигтой боловсон хүчин сэлбэж чадахгүй өдий хүрч байна даа! Манайд улсын нэг ч кино театр алга. Байсан театрууд нь хувьчлагдаад хоол иддэг, бүжиглэдэг газар болсон. Ямар замаар яаж хувчлагдсан нь мэдэгдэхгүй. Харин хувийн хэвшлийнхэн энэ орон зайг өөрсдийнхөө чадлаар нөхөж байна. Ялалт гээд балгас болцон гар утас зардаг байсан газрыг ямар мундаг залуучууд авч Тэнгис  кино театрыг өнөөдөр хүүхэд залуусын хамгийн их очдог газар болтол нь  хичээн зүтгэсээр ирсэн билээ.Тэр үеийн кино театр авагсдаас Өргөөг кино театр хэвээр нь хадгалж үлдээд Өргөө 2 г нээж одоо  дэлхийн хэмжээний IMAX –г нээж байгаа Ц.Анандбазар гэдэг хүнд бид баярлаад баршгүй! Гэгээнтэн Хүннү Соёмбо… Талархахаас аргагүй! Энэ бол хувийн хэвшлийнхэний хийх ёстой ажил мөн ч юмуу. Эдгээр газрууд киноноос ашиг олдог гэдэгт би хувьдаа эргэлздэг.

–  Төрөөс ямарч дэмжлэг байдаггүй гэж үү?

Ё.Отгонбаяр, Ц. Оюунгэрэл сайдын үед бол киночдод тодорхой хэмжээнд дэмжлэг туслалцаа байсан. Ё.Отгонбаяр сайдын үед хуучны хальс нь муудсан Цогттайж киног сэргээсэн. Ц.Оюунгэрэл сайдын үед Франц улстай  киноны харилцаа сэргэсэн. Франц бол өөрөө дэлхийн киноны төв шүү дээ.Миний санаачилсан Элч  кино төслийн хүрээнд гадаад хэргийн яамны сайд Л.Пүрэвсүрэн, гадаад сурталчилгаа хамтын ажиллагааны газрын захирал Х.Мандахцэцэг нар   соёлын яамнаас ч илүү Монгол киноны ирээдүйн төлөө сэтгэл зүтгэлтэйгээр ажилласан.Элч кино төсөл Монгол Франц улсын хооронд соёлын салбарт хамтран ажиллах гүүр болж чадсан.Элч төсөлд гадаад харилцааг минь дэмжиж Монгол киног дэлхийн түвшинд гаргахыг хүсэж ажилласаар байгаа Л.Долгорлхам, Г.Алзахгүй, Х,Жигжидсүрэн  нартаа үнэхээр талархадаг! Хэрвээ төр түмэн нүдтэй бол ийм чадварлаг залуусаа  хэрэгтэй газар нь тавиасай! Шинээр бүрдэж байгаа засгийн газарт соёлын  салбарт  кино урлагийн чухлыг ойлгож дэмждэг  хүн ирээсэй  гэж хүсч байна. Америк, Энэтхэг, Солонгос, Хятад,Орос …зэрэг улс орнуудын бусдад нөлөөлөх том хүчин зүйл зөөлөн хүчний бодлого нь  кино байдаг ш дээ. Агуу түүхтэй гүрэн байсан гээд кино шиг дэлхийн хаана ч ойлгодог ийм агуу нийлмэл урлагаар эх орон үндэс угсаагаа  сурталчилж чадахгүй бол хөөрхийлөлтэй!

–  Дэлхийн тавцанд Монголын кино  урлаг ямар төрөл жанраар гарч ирвэл зохистой байх болоо. Таны бодлоор?

Энэ тухайд найруулагч зохиолч бүрт өөр бодол байгаа  байх! Би бол Монгол эх орноо зөвөөр үнэнээр сайн сайхнаар л таниулахыг зорисоор явдаг. Дэлхийн түүхэнд Монголчуудын үлдээсэн үнэт зүйлсээс эхлэх хэрэгтэй гэж боддог. Сайн Түүхэн кино бол үеийн үед үнэт байж чаддаг. За адал явдалт,аймшгийн, инээдмийн,эротик…жанраар Монгол кино дэлхийн кино ертөнцөд өрсөлдөнө гэж би л хувьдаа бодохгүй байна. Одоо засаг төр нь анхаараад жилийн жилд бөөн хэл ам дагуулдагч  нэг ч түүхэн уран бүтээлд одоог хүртэл ирдэггүй тэр киноны тендэрээ цэгцлээсэй…Их л мөнгө сонсогддог ч хэзээ ч хэнд ч хүртдэггүй  төсвийн мөнгө…Хаачсан нь тодорхойгүй… Хөөрхий киночид нь өөрсдийн мөнгө, зээл, гуйлгаар хийсэн киногоо өөрсдийн зардлаар Канн Оскар хүргэж явахад эрх мэдэлтэнүүд нь төсвийн зардлаар зугаалж явахаа болиосой. Монголдоо ганц кино  павилион бариад сайн уран бүтээлчдээ авилгал авахгүй дэмжээд киноны боловсон хүчнээ анхаараасай!

Холбоотой мэдээ

Б.Бямбадорж: Улаанбаатараас эрүүл бүс рүү халдвар зөөх эрсдэл өндөр байна

Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй шинжилгээ авах цэгүүдийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын

2021-03-02

Ж.Одонцэцэг: Сүнслэг бие нь муудсан хүний ажил амьдрал нь цаанаасаа бүтдэггүй

Аливаа юмс бүхэн байгаль эхтэй хүйн холбоотой байдаг гэж ярилцдаг. Нэгэнтээ анагаах ухааны эцэг хэмэ

2021-02-19

“Биеийн дархлаа, оюуны дархлаа цогцолсон үед ямар ч вирус халдахгүй”

“ГҮН ТӨГС НАРАН” ТББ-ын тэргүүн Ж.Одонцэцэгийн цар тахал буюу ковид-19 –ын талаар өгсөн зөвлөгөө, яр

2021-02-03

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...