О.Мөнхнасан: 2015 онд Хөвсгөлд 40000 дотоодын жуулчин ирж Монгол зангаараа орчноо бохирдуулаад буцсан

2017-02-21 Ярилцлага 0

Жилийн дөрвөн улиралтай манай орны аялал жуулчлалын сар ид дундаа явж байна. Зуны дэлгэр өдрүүдэд жуулчид Монгол орныг зорих нь элбэг. Иймээс ч аялал жуулчлалын салбарыг дан ганц нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшлийн байгууллагуудыг дэмжих үүднээс Amjilt.com сайт энэ төрлийн бизнес эрхлэгчдийг үнэ төлбөргүй сурталчлан таниулж байгаа билээ. Энэ удаагын ярилцлагын зочноор “Хөвсгөл Эко тур” жуулчны баазын захирал О.Мөнхнасан уригдан орж өөрийн эрхэлж буй бизнесийн талаар болон салбарынхаа цаашдын хөгжлийг хэрхэн харж буй талаараа илэн далангүй ярилцлаа.

 

– Та амралтын газрынхаа талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?

“Хөвсгөл эко тур” жуулчны бааз нь 2002 онд Хатгал тосгоноос 6 км Хөвсгөл нуурын байгалийн үзэсгэлэнт газар байгуулагдаж аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Манай жуулчны бааз нь нэгдсэн эрчим хүчинд холбогдсон, 24 цагаар ажиллах боловсон 00, халуун шүршүүртэй, ази европ болон олон үндэстний зоогоор үйлчлэх ресторантай, 14 жилийн арвин их дадлага туршлагатай хамт олон угтан авч үйлчилгээ үзүүлдэг давуу талтай ба сүүлийн 10 жил зохиогдож буй Хөвсгөл аймгийн мөсний баярыг хамтран зохион байгуулдаг өвлийн улиралд ажилладаг цөөхөн баазын нэг нь юм.

Бусад ижил төрлийн бизнес эрхлэгчдээс үйл ажиллагааны хувьд ялгагдах онцлог нь юу вэ? Аялалын хэдэн маршруттай вэ?

Мэдээж хөвсгөлийн байгалийн үзэсгэлэнт газар байрласан, 14 жилийн өмнө байгуулагдаж байсан анхны тур баазуудын нэг, өвлийн улиралд ажиллаж мөсний баяр зохион байгуулж байгаа цөөхөн баазуудын нэг, олон жилийн хуримтлуулсан үйлчилгээний туршлага гээд дурьдаад байвал давуу талууд их бий.

Морин аялал, бүх төрлийн завиар аялах аялал, явган аялал, фото зураг авах аялал, сарлаг унан аялах аялал… гээд нилээн хэдэн аялалын онцлог давуу талууд бий…

-Та бүгдийн алсын хараа юу вэ? 

 Монгол орныхоо аялал жуулчлалын улирлыг уртасгаж өвлийн аялалыг хөгжүүлэх зорилгоор 4 улирал ажилладаг бааз болох.

-Хүчин чадлын тухайд хичнээн амрагчдыг хүлээн авах боломжтой вэ?

Манай компанийн жуулчны бааз нь гадаад, дотоодын бүхий л жуулчдад үйлчилдэг ба нэг ээлжиндээ 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтайгаар ажиллаж байна.

-Манай улсын нүүр царай болж гадаадын жуулчдад туслах хөтөч, guide тухайд ямар бодолтой явдаг вэ?

Анх манай хөтчүүд их мундаг байсан тухайн аялаж байгаа газар орноо сайн судалсан мэдлэг мэдээлэл сайтай ядаж түүхээ сайн мэддэг нууц товчоог нилээн уншчихсан хэн ч юу ч гэж асуусан мэдээлэл өгчихдөг байсан одоо бол гадаад дотоодод сурч гадаад хэл мэддэг болсон боловч эх түүхээ мэдэхгүй жуулчиндаа үйлчилж байгаа гэдгээ мэдэхгүй зүгээр өөрсдөө аялаж амарч яваа юм шиг явах болж. Иймэрхүү хүүхдүүд их биш ч сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай болоод байгаад харамсаж байдаг. Мөн уул уурхай хөгжиж байгаатай холбоотой ихэнх сайн залуучууд нь тийшээ яваад байх шиг байна арга ч үгүй байх улирлын чанартай цалин бага гээд асуудал хаана хаанаа л байх шиг байна.

Хэл ус сайн сурсан сурч байгаа дүү нартай захихад Guide бэлддэг хөтөлбөр сургалтуудад сайн хамрагдаж ядаж Монголын нууц товчоог нэг уншчихаад аялалдаа гарвал зүгээр шүү гэж зөвлөх байна.

-Хоёулаа ярианы сэдвээ жаахан өөрчилье. Аялал жуучлалын салбарт ажиллахад хүндрэлтэй зүйл юу байдаг юм бэ?

Хүндрэлтэй зүйл мэдээж байлгүй яахав энэ чинь Монгол шүү дээ. Би аялал жуулчлалын мэргэжилтэй сургуулиа төгсөөд энэ тур бааз гээд бизнес рүү ханцуй шамлан орсон нэг мэдэхэд л 14 жил болсон байна. Анх гар утас байхгүй зам муу ирэх жуулчдын тоо цөөн хүлээн авдаг тур операторууд цөөхөн авиа компаниуд ганц нэгхэн онгоцтой бас л хүндхэн л байсан. Гэхдээ л ажиллаад амрагч жуулчидаа аваад болоод л байсан. /инээв / Одоо бүх зүйл сайхан болж урьд нь манай бааз руу зөвхөн 4×4 жийп ангилалын машин л ирдэг байсан бол одоо 1000 км дан засмалаар давхиад л ирэх боломжтой дээр нь 24 цагийн нэгдсэн эрчим хүчинд холбогдсон баазаар үйлчлүүлж амраад буцах боломжтой болсон. Гэхдээ сайны хажуугаар саар байнга байдаг хойно дэд бүтэц сайжирснаар дотоодын амрагч нарын урсгал ихсэж зөвхөн Хөвсгөлд гэхэд 2015 онд зуны 2 сарын дотор 40000 амрагч ирсэн байдаг тэдний ихэнх нь монгол зангаараа майхан савтай бууж хог бохир тарьж хаа хамаагүй гал түлж бие засаж орчин тойрноо бохирдуулан орхисон нь харамсмаар байгаа нь сэтгэлгээний хүндрэл гэх юм уу даа. Энэ бол зөвхөн Хөвсгөл дэх асуудлуудын нэг л жишээ нь. Ер нь Хөвсгөл гэлтгүй бусад газруудад адилхан тулгардаг хүндрэлүүд. Дотоодын жуулчдад маань эх орноороо бахархах, түүх соёлоо мэдэх хүсэл эрмэлзэл байгаа нь сайхан хэрэг хэдий ч. Тэдэнд соёлтой амарч зугаалах ядаж тарьсан хог аваад явах сэтгэл дутаж байгаа нь харамсалтай байна. Ингээд яриад байвал хүндрэлүүд маш их л дээ тэр бүгдийг даван туулаад л энэ хэдэн хувийн хэвшлүүд энэ салбарыг нуруун дээрээ сүүлийн хэдэн жил авч явж байна гэхэд хилсдэхгүй байхаа.

-Таны бодлоор манай улсын аялал жуучлалын салбар хэр хөгжиж байгаа вэ?

Нэг асар том далайд төөрцөн луужин байхгүй нэг нууцлагдмал гоё ганган хөлөг онгоц шиг санагддаг. Энэ хөлөг онгоц одоо л зүгээ олоод хүн байгаа газар руу дөхөж өөрийн гоё сайхнаа гайхуулж хүн төрөлхтөнд таниулах гээд л хөвөөд байх шиг. Аялал жуулчлалын салбар нэг хэсэг бараг зогсонги байдалтай болцон байсан шүү дээ. Ирдэг хэдхэн жуулчинтай ирсэн хойно нь аваад явдаг 2 онгоцтой хүлээн авдаг хэдхэн зочид буудалтай. За тэгээд дараа жил сая жуулчин авна гэсэн том амбийцтай хариуцсан яамтай, аялал жуулчлалаар хөгжинө гэсэн уриатай ч, уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн бодлоготой явсаар ирсэн. Харин сүүлийн жилүүдэд энэ байдал өөрчлөгдөж аялал жуулчлалын салбарт анхаарал их тавих болж , Тухайлбал саяны АСЕМ- ын уулзалт ч гэсэн том дэм болох байх гэж найдаж харж байна. Мөн манай авиа компаниуд чадавхижиж олон тооны онгоцтой олон улсын дамжин өнгөрөх нисэх буудалтай болж, тур оператор компаниуд олширч, дэлхийн сүлжээ зочид буудлууд салбараа нээж, тур баазууд чанаржиж улам тохитой болсон байна, энэ бол дэвшил гэж харж байна. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг биз дээ нэг бодлын хөгжил гэх юм уу даа. Салбарынхаа энэ хөгжилд баяртай байгаа.

– Аялал жуулчлалын салбарт төрийн бодлого хэрэгтэй гэх энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

Мэдээж байлгүй яахав ээ, би дээр хэлсэнчлэн тэр хөлөг онгоцны луужин нь төр засаг юм. Төр засгаас салбарыг сүүлийн хэдэн жил маш сайн дэмжиж ойлгож байгааг хэдхэн жишээгээр дурьдая.

Тухайлбал, жил болгон дэлхийн аялал жуулчлалын үзэсгэлэн Герман улсын Берлин хотноо зохион байгуулагддаг энэ үзэсгэлэнд 2015 онд манай улс анх удаагаа түнш орноор оролцсоноор дэлхийд Монголыг таниулсан том үйл явдал болсон.

Мөн ихэнх аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбосон

Олон улсын чанартай хурал зөвлөгөөнийг өөрийн орондоо зохион байгуулсан ….. гээд нилээн ажлууд хийгджээ.

Гэхдээ энэ салбарт нэг муухай жишиг тогтоод байгааг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь / инээв/

Яг зааж чиглүүлэх үүрэгтэй луужин нэг л болохгүй байх шиг манайх чинь одоо болтол бие даасан яамгүй явж байна. Хэдэн жилийн өмнө бүүр харьяа яам ч үгүй байлаа. Одоо байгаа яам нь 20 хүн байдаг юм уу даа мэдэхгүй яг мэргэжлийн боловсон хүчин дутмаг дээр нь салбар авч явах хүнийг намын харьяаллаар томилдог тэр хүн нь өөр мэргэжлийнх, салбараа мэдэхгүй, хэн нэг нь тавигддаг нөгөө хүн нь салбараа овоо мэдэж байтал солигддог ингээд байхаар төр засгийн бодлого ярих хэцүү л дээ. Энэ байдал ганцхан манай салбарт ч биш бусад салбаруудад байгаад байгаа нь харамсмаар.

– Монголын талаарх сурталчилгааг хувийн компаниуд хийснээс төрийн зүгээс энэ ажлыг хийвэл хэр үр дүнтэй байна гэж харж байна?

Өдий болтол хувийн хэвшил хийсээр ирсэн л дээ. Бусад орны жишиг бол өөр төр нь энэ ажлыг хийдэг тэр нь маш үр дүнтэй байдаг нь мэдээж хэрэг. Нэг жижиг компани Монгол гэж ийм сайхан орон байдаг гэж ярьж явснаас хамаагүй өөр л дөө. Тэр битгий хэл бүүр шинээр аялал жуулчлалын үзмэр бий болгож өгч тухайн орон нутгаа сурталчилж хөгжүүлдэг. Үүний хамгийн том жишээ нь Чингисийн морьт цогцолбор юм. Хөшөө барихаас өмнө тэнд юу ч байхгүй байсан, одоо ямар байна орчин тойронд нь аялал жуулчлалын нэг том бүс үүссэн байна. Үүнийг хувийн хэвшил хийх биш төр хийгээд харин тэрийг тойрсон үйлчилгээ бизнесийг хувийн хэвшил хийсэн бол өгөөжтэй санагддаг.

Дээд доодгүй уул уурхайгаас илүүтэй төсөв бүрдүүлэх салбар бол аялал жуучлал гэж жил бүр ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

Үнэн, Би ч тэгж боддог газар доороо ямар ч баялаггүй газар нутаг нь манайхаас хэд дахин бага мөртлөө зөвхөн аялал жуулчлалаар хөгжсөн улс маш их байна шүү дээ. Зөвхөн төрийн зөв бодлого хүмүүсийн хандлагыг л өөрчлөх хэрэгтэй.

Газрын баялаг мөнх биш гэдэг нь тодорхой. Энэ 2 салбарыг хослуулах хэрэгтэй гэж боддог. Уул уурхайн өсөлттэй үед нь аялал жуулчлалын хэдэн том үзвэр буюу бүсүүдийг бий болгож дэд бүтцийг сайжруулж чадвал бидний олон жил ярьж байгаа сая жуулчин авах боломжтой гэж үздэг.

-Танайх үнэ өртгийн хувьд хэр өрсөлдөхүйц вэ?

Манайх үнийн хувьд тогтвортой байхыг хичээдэг үнэ тогтвортой байна гэдэг их чухал гэхдээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа үнийн өсөлттэй уялдуулж өөрчилдөг.

Энэ салбарын төвөгтэй зүйл нь манайхан үзүүлж байгаа аялал, үйлчилгээгээрээ өрсөлдөхгүй үнээр өрсөлдсөөр байгаад өөрсдөө ч хөгжсөн юмгүй хамтдаа унадаг хүмүүс л дээ. Би энэ байдлаас зайлсхийж ажилладаг тиймдээ ч өөрсдийн гэсэн үйлчлүүлэгчтэй болсон.

-Жуулчдыг татахын тулд бид юу хийх ёстой вэ?

Үйлчилгээ бас дахин үйлчилгээ гэж хэлэх байна. Нэг жуулчин сайхан сэтгэгдэлтэй явбал эргээд 10 хүн болж ирдэг гэдэг. Ганцхан энэ ч биш жуулчин ирэх тээврийн асуудлыг бүрэн шийдэх хэрэгтэй. Хуулийн дагуу ямар ч тээврийн хэрэгслээр хэзээ ч хамаагүй ямар ч төвөггүй жуулчин орж ирдэг болгох нь зүйтэй.

– Жил бүр гаднаас ирэх жуулчдын тоо нэмэгдэнэ гэж том тоо ярьдаг хэдий ч бодит байдал дээр дорвитой нэмэгдсэн зүйл гардаггүй. Үүнийг та юутай холбон тайлбарлах вэ?

Энд олон хүчин зүйл нөлөөлж байна гэж харж байна. Монголд аялах өртөг өндөр. УБ -аас нэг аймаг руу нисэх нислэгийн үнэ худалч хүнд Лондонгоос Вашингтон орох тийзны үнээс их байх жишээтэй. Тэгэхэд нүүдэлчин соёлтой улс ганцхан манайх биш Казахстан, Өвөр монгол гээд олон орныг хямдхан очоод үзэх боломжууд их байна. Ийм учраас Монголыг үзэх сонирхол нь бага байх нь мэдээж. Хүн хямд бөгөөд чанартай үйлчилгээ л хүсдэг шүү дээ.

– Танай компаниар дамжиж жилд хичнээн жуулчид Монголыг зорьж байна?

Жилд дунджаар 150-200 жуулчин авдаг зарим жил түүнээс ч бага жуулчин ирэх тохиолдол ч бий. Сүүлийн жилүүдэд дотоодын аялагч нар нэмэгдэж байна. Түүнтэй уялдуулж үйлчилгээний загварууд бий болж байна.

Холбоотой мэдээ

Б.Бямбадорж: Улаанбаатараас эрүүл бүс рүү халдвар зөөх эрсдэл өндөр байна

Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй шинжилгээ авах цэгүүдийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын

2021-03-02

Ж.Одонцэцэг: Сүнслэг бие нь муудсан хүний ажил амьдрал нь цаанаасаа бүтдэггүй

Аливаа юмс бүхэн байгаль эхтэй хүйн холбоотой байдаг гэж ярилцдаг. Нэгэнтээ анагаах ухааны эцэг хэмэ

2021-02-19

“Биеийн дархлаа, оюуны дархлаа цогцолсон үед ямар ч вирус халдахгүй”

“ГҮН ТӨГС НАРАН” ТББ-ын тэргүүн Ж.Одонцэцэгийн цар тахал буюу ковид-19 –ын талаар өгсөн зөвлөгөө, яр

2021-02-03

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...