“Дашийдэлэг” ХХК  гүйцэтгэх захирал Ц.Алтангэрэл: Манай курс 20 мянган хүнийг жолооч болгосон байна…

2017-02-21 Ярилцлага 0

-Танайх хэд дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-16 дахь жилдээ. 2001 онд анх эхэлсэн, үүнээс хойш ангилах ахиулах, үндсэн сургалт, мэргэжил дээшлүүлэх, мэргэшсэн жолоочийн сургалт гэсэн төрлөөр 20 гаруй мянган жолооч бэлтгэн гаргажээ. Өнөөдрийн байдлаар зургаан салбартай, багш бусад ажилчид нийлээд 40 хүний бүрэлдхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

-Анхдагчуудын тоонд  орох уу?

-Арай  бишээ.

-Юугаараа онцлог вэ? 20 000 хүн яагаад сонгож суралцав?

-Бусдын хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай сургалт явуулдаг.

-Тодруулбал…?

-Жолооны курсууд маш олон болсон, чанартай чанаргүй янз бүр л байгаа. Бидхүмүүсийн сурах бололцоо, цаг заванд нь тохируулж ажилладаг болохоор манайд сурах дуртай байдаг.

-Курсууд янз бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж байна. Дадлагажуулах, ганцаарчилсан гээд л. Танай хувьд?

-Онлайн болон VIP сургалт явуулахаар бэлтгэл ажил дуусч байна.

VIP  сургалтыг тодруулаач?

-Суралцагч хүнийхээ амьдралын хэмнэл, ажлын зав чөлөөнд нь тохируулан ажиллана. Гэрээс нь,  ажлаас нь, байгаа газраас нь очиж авч жолооны сургалтад нь явуулаад дээрээс нь дүрмийн хичээлийг онлайнаар олгоно. VIP сургалтын жолооны багш нарнь дүрмийн өндөр мэдлэгтэй мэргэжилтэн байна.

-Багш нар маань ур чадварын хувьд харилцан адилгүй байна. Ийм багш танайд олон уу?

-Ер нь бол бүх багш нар маань дүрмээ ч, жолоогоо ч заана. Манайд арав гаруй үнэхээр чадвартай,  мундаг багш бий. Техникийн болон замын хөдөлгөөний дүрэм, соёлын талаар хангалттай мэдлэг олгох чадвартай.

-Замын ачаалал өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Таны суралцагч нартаа хэлдэг хамгийн чухал үг юу вэ?

-Дүрмээ сайн мөрд, сайн биелүүл. Харилцан нэгнээ хүндэлж та, би, та гэсэн зарчмаар явж бай. Та эхлээд хөдөлгөөнд оролц. Нэг нэгнээ хүндлээд хөдөлгөөнд оролцвол түгжрэл өндөр хувиар буурна шүү.

-Эргэх холбоотой ажилладаг уу?

-Байлгүй яахав. Манайхыг төгссөн хүмүүс л найз нөхөд, ах дүү, аав ээж, үр хүүхдээ манайд сургадаг. Бидний үйл ажиллагаа тэр хүний шаардлагыг хангасан учраас эргээд итгээд ойр дотны хүмүүсээ сургаж байна. Төгсөгч нар маань  машин тэргээ асууна, зарим нь хөдөлгөөнд оролцоод явж байхдаа, дадлага туршлага дутсан тохиолдолд асуух зөвлөх нь олонтаа.

-Манайх механик хурдын хайрцагтай автомашин дээр сургалт явуулдаг. Гэтэл ялангуяа эмэгтэйчүүд автомат хурдны хайрцагтай машин дээр сурах сонирхолтой байдаг…?

-Өнгөрсөн жил жолооч бэлтгэх журам шинэчлэгдэн батлагдсан. Энэ журмаар автомат хурдны хайрцагтай тээврийн хэрэгсэл дээр дадлага хийлгэхийг зөвшөөрсөн. Ирэх улирлаас хэрэгжиж эхэлнэ. Бид ч бэлтгэл ажлаа хийж байна. Гурван сарын дундуур аттистачлал явагдаж автомат тээврийн хэрэгслүүдийг мэргэжлийн байгууллагаас шалгана.  Гэхдээ суралцагч сонголтоо өөрөө хийнэ. Манай салбаруудын ихэнх нь Улаанбаатар хотын захын дүүргүүдэд байрладаг. Сурч байгаа хүмүүсийг ажиглахад дийлэнх нь механик барьж сурах  сонирхолтой байгаа.

-Жолооны болон дүрмийн багш нар маань хаана бэлтгэгдээд байна?

-Авто сургуулиудын сургалт арга зүйн төв, Батлах хамгаалахын их сургууль, Жонбээс авто сургууль  дээр бэлтгэж байна. Дүрмийн багш дээд, жолооны багш бол тусгай дунд боловсролын түвшинд бэлтгэгддэг.

-Хөдөө орон нутагт салбараа нээх бодол бий юу?

-Салбарлах гэхээсээ илүү шаардлагатай тохиолдолд санал хүсэлтийн дагуу очиж сургалт өгч байна. Одоогоор Өмнөговь аймагт Оюутолгой, Тавантолгой, Цагаан хад зэрэг газруудад сургалт өгч байна.

-Хүнд машин механизм руу залуус маш ихээр орж байна. Энд ур чадвартай сайн жолооч бэлдэхийн тулд та юуг илүүтэй анхааран ажилладаг вэ?

-Мэргэшсэн жолооч бэлтгэх стандартыг  мөрдөнө. Хувь хүнээс сурах хүсэл, сонирхол байх хэрэгтэй. Одоо хүмүүс аль ч түвшинд бүртгүүлчихээд төлбөрөө төлчихье,  үнэмлэхээ шууд авна гэсэн нийтлэг хандлагатай болчихож. Үүнийг арилгах хэрэгтэй. Манай зорилго, нийгмийн шаардлага болсайн сурсан хүнийг л замын хөдөлгөөнд оролцуулах.  Гэтэл хүмүүсийн бодол эсрэгээрээ үнэмлэхтэй л бол өөрийнхөө машиныг бариад явж болно гэж боддог. Тэр ч утгаараа сургалтандаа хамрагдахдаа их хойрго.

-Онлайн сургалт хэрэгцээ шаардлага ихтэй байгаа. Хөтөлбөрт боловсруулалт хийгдсэн үү?

-Дээрээс баталсан стандарт, хөтөлбөр бол байхгүй. Үндсэн сургалтыг  хөтөлбөрийнхөө дагуу онлайнаар бүхнийг үзнэ. Багшийн бүх  хичээлийг видеогоор хүргэнэ.

-Алсын хараа…?

-Хүмүүсийн хэрэгцээнд тохируулсан чанартай сургалт явуулах. Суралцагч  төгсөөд үнэмлэхээ аваад хөдөлгөөнд оролцоход 100 хувь чадвартай жолооч болсон байна.

-Одоо бол чадвар хэдэн хувьтай байна?

-Ний нуугүй хэлэхэд 60 хувьтай.

-Шалтгаан нь?

-Жолооны сургууль маш олон болсон, харамсалтай нь сайнаасаа муу нь их. Чанартай сургалт явуулах  гол хүчин зүйл бол сургалтын төлбөр байдаг. 1997 онд сургалтын төлбөр 270 мянган төгрөг, литр бензин 250 төгрөг байсан. Одоо сургалтын төлбөр  200-250 мянга, нэг литр бензин 1650  төгрөг.  Энд асар их зөрүү байна. Чанартай сургалт явууулж  сайн жолооч бэлдэж гаргахад сургалтын төлбөр нь зардлаа нөхөж чадах хэмжээнд байх ёстой. Одоо бол сайн чанартай бэлтгэх нөхцөл боломж нь бүрдэхгүй байна.

-Нэгдээд санаачлаад байдлыг өөрчлөх боломж бий юу?

-Бидэнд хандах газар байдаггүй юм. Замын цагдаагийн газар хариуцдаг байсан. Одоо бол ЦЕГ-ын Лицензийн төвөөс шалгалт авдаг, ерөнхийд  нь анхаарал хандуулж  хяналт тавих хэмжээнд ажиллана. Эднийд сургалтын чанараа сайжруулах төлбөрөө нэмэгдүүлэх талаар санал гаргасан ч шийдэх эрх нь энэ газарт байхгүй.

-Танай салбар эзэнгүйдээд байна уу?

-Тийм ээ. Төрөөс аль нэг газар хамааралтай болгож өгөх шаардлага аль хэдийн бий болсон. Өнөөдөр ганцхан машинтай, 5 м2 хүрэхгүй анги танхимтай сургалт явуулж байгаа газрууд маш олон. Улаанбаатарын хотын хэмжээнд 190 гаруй авто сургууль ажилладаг гэсэн. Тэрний 70-80 хувь нь иймэрхүү түвшинд ажиллаж яваа. Чанартай сургалт явуулж, үүнийхээ  төлөө хөдөлмөрлөж материаллаг бааз, боловсон хүчнээ бэлтгэж дайчилж яваа төвүүд ч олон. Гэвч  хичнээн ажиллаад  зардлаа нөхөх боломжгүй. Тийм учраас хөгжих боломж нь хаагдмал болчихсон.

-Лиценз өгөхдөө маш сайн шалгах хэрэгтэй юм биш үү?

-Тийм асуудал бий.

-Нэгдсэн холбоо энэ тэр байна уу?

-Авто сургууль, курсуудын нэгдсэн холбоо гэж уг нь байсан. Одоо чимээгүй болчихлоо. Идэвхтэн дарга, дараа нь Г.Батхүү ерөнхийлөгч нь байсан. Манайх бол үйл ажиллагаагаа сайжруулъя, чанартай жолооч бэлтгэж гаргая гэж дуугардаг цөөн  сургуулиудын нэг нь. Даанч бидний үг сул, хүрэх ёстой газраа хүрч чадахгүй байна.

-Ирээдүйдээ хэр итгэлтэй байна?

-Жолооч бэлтгэх шинэ журам болоод журамд хяналт тавих газруудын  хуралд суухаар  хүмүүс чанарыг сонгодог болно  гэж яригдаад байгаа. Сургалтын хугацааг тогтоохгүй гэж байгаа. Сурч чадаж байгаа нь заавал  хоёр сар суух албагүй, сурч чадахгүй байгаа хүн нь суртлаа сууна гэсэн. Тэгэхээр сургуулиудын нэгдсэн үзүүлэлтийн мэдээллийн сантай болж үүнийгээ  олон нийтэд хүргэх нь чухал болоод байна. Яг шударгаар шүүгээд, эрэмблээд ангилаад өгвөл хүмүүс сонголтоо хийх боломж нээгдэнэ. Одоо бол аль хямдхан хүнээс сонссоноо эсвэл гэртээ ойрхоныг сонгож байна. Нөгөө талаас жилийн эцэст салбар бүрийн шилдгүүд тодрохоор үнэхээр сайн, шилдэг нь тодрохгүй огт мэдэхгүй эсвэл байдаг л нэг газрууд шалгарч байгаад харамсдаг.

-Төр засгаас ямар нэг дэмжлэг байдаг уу?

-Байхгүй. Бид бүх үйл ажиллагаа сургалтын төлбөрөөр шийдээд явдаг. Жолооны  сургалтын хамгийн өндөр зардал нь бензин тос. Бензин нэмэгдээд, сургалтын төлбөр буугаад байгаа нь чанаргүй сургалтын гол шалтгаан нь. Ер нь бол энэ жолооч бэлтгэх үйл ажиллагаа ерөнхийлөө их сул, анхаарах шаардлагатай болчихоод байна.

-Танай дадлагажуулах сургалтыг эрэлт ихтэй гэж сонссон?

– Дадлагажуулах сургалт гэдэг нь олон жил  машин жолоодоогүй, эсвэл өөрийгөө хөдөлгөөнд оролцож чадахгүй байх гээд эмээгээд байгаа  хүмүүст зориулсан үйлчилгээ. Хугацаанд баригддаггүй, хувь хүнээс хамааралтай. Чадвар гайгүй байвал долоо хоног сурна, үгүй бол өөрөө өөртөө итгэлтэй, хөдөлгөөнд оролцох чадвартай болтол сургалт үргэлжилнэ.

-Хамгийн өндөр настай суралцагч?

-76  настай эрэгтэй, 68 настай эмэгтэй байсан. Энэ хүмүүс чинь хүсч орж ирж байгаа учраас сайн сурдаг.

-Хамгийн холын суралцагч гэвэл?

-Увс, Ховд аймгаас ирж сурч байсан.

-Гадаад төгсөгч байв уу?

-Дээр үед гурван хятад иргэн сурсан. Бичиг баримт нь болж л байсан юм байлгүй.

-Сурах гэж байгаа болон  сураад төгсөн гарсан хүмүүст хандаад юуг хэлмээр байна?

-Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно гэж Д.Сүхбаатар жанжин хэлсэн.  Та сурах гэж нэгэнтээ л шийдсэн бол сурсан шиг сур, цаг хугацаандаа хичээлээ таслахгүй суралцваас бид таныг хэнээс ч дутахгүй чадвартай жолооч болгож чадна. Би ингэж хэлдэг. Та манай хичээлийг нэг ч таслахгүй суучихаад сайн жолооч болж чадахгүй бол чадвартай жолооч болтол тань үнэ төлбөргүй сургаад өгье гэж хэлдэг. Хичээлдээ суудаггүй хүмүүс төгсөж чадахгүй, давтан шалгалтад ороод байдаг. Өөртөө цаг гаргах хэрэгтэй. Төгссөн хүмүүст хандаж хэлэхэд дүрмээ сайн баримтал, дүрмийн мэдлэгээ байнга сайжруул, сэргээж хар. Дээрээс нь бие биенээ хүндэл, бусдад зам тавьж өгөхөд удлаа гэхэд 30 секунд л болдог. Өөрт ч аюулгүй өрөөлд гай болохгүй дээрээс нь замын ачаалал буурна.

-Дүрмийг биелүүлж сахихгүйгээсээ илүүтэй мэдэхгүй жолооч нар байна уу?

-Байгаа, байгаа. Зарим байгууллагууд манайд хандаж жолооч  нараасаа нь шалгалт авахуулдаг.  Ер нь арван жолооч зогсоогоод шалгалт авбал нэг нь тэнцэж магадгүй шүү.

-Харин тийм.  Хөдөлгөөнд оролцоод яваад байдаг, цаасан дээр шалгалт өгөхөөр тэнцдэггүй. Дүрмийн  үг хэллэгт байна уу гэж хүртэл бодогддогийн?

-Манайд дүрэм нь хэрэгжихгүй байгаа байхгүй юу. Дүрмээ биелүүлсэн жолооч нь тэнэг болчихоод байна. Монгол сэтгэхүйгээр мал бэлчирлэж буй мэт явдаг.

-Энгийн үг хэллэгтэй  хялбаршуулсан амьдралд дөхөм гарын авлага хэр байдгийн?

-Тайлбар номнууд бий.  Лецензийн төвийн н.Лхагвасүрэн дэд хурандаагийн гаргасан номнууд байгаа. Дүрмийг дэлгэрүүлээд хүнд маш ойлгомжтойгоор тайлбарласан.

-Та дүрэм зөрчиж байсан уу?

-Бүр эсрэгээрээ дүрэм биелүүлээд тэнэг мангараараа дуудуулж л явлаа. /инээв/ Ямар ч хүн, машин байхгүй гэрэл дохио улаан асчихсан зогсож байхад “Чи тэнэг юмуу, яваач” гээд араас орилж байсан.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ

Ж.Одонцэцэг: Байгаль дэлхийгээсээ эрчмээ авч, биеэ эмчилдэг эртний монгол ухаан өнөөг хүртэл бидний дотор оршсоор байгаа

“Гүн төгс наран” ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн бол

2021-09-19

“Цонхон дээрээ хуулга наалгаад алергигаа мартлаа гэсэн хүмүүс олон байдаг”

"Johnson Window Films", "Nextfil", "3M" зэрэг салбартаа тэргүүлэгч брэндүүдийн хальсыг Монголдоо нэв

2021-09-16

Ж.Одонцэцэг: Бид өвөг дээдсийнхээ яснаас холдож, цуснаас тасарч чадахгүй

Анагаагч Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн ярилцл

2021-09-15

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...