Л.Мөнх-Эрдэнэ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улс хоёр Ерөнхийлөгчтэй орон шиг болсон

2020-10-07 Ярилцлага 1

Макс Планкийн нийгмийн Антропологийн хүрээлэнгийн зочин судлаач, доктор Лхамсүрэнгийн Мөнх-Эрдэнэтэй онлайнаар холбогдож, ярилцлаа.

-Та Евроазийн улс төрийн байгуулал, үндэстэн, угсаатан судлал, шилжилт зэрэг асуудлаар судалгааны ажил хийдэг. Дэлхийн хэмжээнд цар тахал гараад байна. Дэлхийн улс орнууд энэ цар тахлын дараа өөрчлөгдөнө гэж ярьж байна. Таны судалгаа шинжилгээ, үзэл баримтлалд хэрхэн нөлөөлж байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Өөрчлөгдөх үү, өөрчлөгдөх бол яаж өөрчлөгдөх вэ гэдэг нь тухайн улс орнуудын асуудал. Харин цар тахал хүн төрөлхтөнд юу харуулав. Аливаа улс орон иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлын төлөө оршдог уу эсвэл эдийн засгийн өсөлт хөгжилтийн төлөө байдаг уу гэдгээ эргэцүүлэн тунгаахад хүрсэн болов уу. Түүнчлэн цар тахалд хүн бүр өртөх эрсдэлтэй боловч, нэгэн улс орны хүн ам хэрхэн өртөж байгаа, улс орон тус бүр цар тахлаас хүн амаа хэрхэн хамгаалж буйг, улмаар тэдний байгуулсан нийгмийн байгууллын давуу болон сул талыг ч тод томруун харуулж байна. Капитализм, чөлөөт зах зээлийн буюу ашиг орлогод жолоодогддог, хөтлөгддөг нийгэм, эдийн засагтай орон цар тахал зэрэг нийтийг хамарсан аюултай тулгарахад хүн амаа хамгаалах тал дээр АНУ шиг л эрсдэлтэй байх юм гэсэн дүгнэлттэй байна.

-Тэгэхээр та хэтэрхий чөлөөт зах зээлийн нийгэм нь цар тахлын үед АНУ-ын сул тал болсон гэж хэлэх гээд байна даа?

-Тийм ээ. АНУ дэлхийн хамгийн том, баян, хүчирхэг эдийн засагтай орон. Капитализм, чөлөөт зах зээл гэгч системийн яруу тод биелэл болсон орон. Харин энэ орон одоо цар тахлын өвчлөлт болон эндэлтээр дэлхийд тэргүүлж байна. Цар тахал америкийн хөгжил, баялаг, хүчирхэг байдал нь нийт америкчуудад нялздаг уу эсвэл нэг хэсэг иргэдийнх нь давуу тал уу гэдгийг тод томруун харуулж байна. Эдийн засгаа гол болгож байсан учир АНУ-ын засаг захиргаа иргэдийнхээ эрүүл мэндийг орхигдуулсан.

АНУ бол нийтийн эрүүл мэндийн даатгалгүй, цорын ганц өндөр хөгжилтэй орон. Хүмүүс эрүүл мэндийн даатгалтай байсан ч эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа тодорхой хувийг даатгалаасаа гадна өөрийн халааснаас төлөх ёстой. Тиймээс дундаас доош орлоготой болон ажил, орлогогүй иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахад тун төвөгтэй байна. Энэ нь АНУ цар тахлын өвчлөлт, эндэлтээр дэлхийд хошуучилж байгаагийн нэг шалтгаан болчихлоо. Эндэлтийн ихэнх нь Африк болон Латин Америк гаралтай хүн амд ногдож байгаа. Мөн Чөлөөт зах зээлийн эдийн засаг газар авсан Бразил, Англи, Итали, Францад ч тэр АНУ-тай төстэй байдал ажиглагдаж байх шиг. Гэтэл Герман, Австри болон Скандинавын орнуудад эрс өөр дүр зураг ажиглагдаж байна. Тиймээс эдийн засгийн хөгжлийг тэргүүн болгосон, чөлөөт зах зээл хэмээн чанга дуугардаг орнууд ч өөрийн гэсэн дүгнэлтэд хүрсэн болов уу.

Лхамсүрэнгийн Мөнх-Эрдэнэ нь

МУИС-д магистр, Японы Хоккайдогийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Улмаар МУИС-ийн дэд ерөнхийлөгч, Австрийн шинжлэх ухааны академи, нийгмийн антропологийн институтад судлаач, АНУ-ын Станфордын их сургууль дахь Станфорд хүмүүнлэгийн төвийн гишүүн зэрэг албан тушаал хашиж байсан.

Тэрээр социализмын дараах шилжилт, Евроазийн улс төрийн онцлог хэв шинж, хамтын ижилсэл, угсаатан зүй, үндэсний үзэл зэргээр судалгаа хийдэг судлаач эрдэмтэн.

-Таны амьдарч байгаа Герман орны тухайд байдал ямар байна вэ?

– Скандинавын орнуудыг ардчилсан социалист (нийгэм журамт) орнууд гэдэг бол Герман, Австрийг нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засагтай (social market economy) орнууд гэдэг. Эдгээр улс оронд нийгэм нь эдийн засагт, эдийн засаг нь зах зээлдээ, зах зээл нь эргээд эдийн засагтаа үйлчлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, зах зээл нь зөвхөн нийгмийн тусын тулд л оршдог гэсэн үг. Ийм орнуудын нийгмийн болон эрүүл мэндийн хамгааллын систем нийт иргэдээ хамардаг, хүртээмж сайтай. Тухайлбал, АНУ 328 сая хүн амтай бол Герман 83 сая буюу дөрөв дахин цөөн. Эдийн засгийн хувьд ч АНУ 21.4 триллион ам.долларынх бол Германых дөнгөж 3.8 триллион буюу АНУ-ынхаас зургаа дахин бага. Баялагийн хувьд Герман нэг хүнд ногдох хувь хэмжээгээрээ АНУ-аас хол ядуу. Гэтэл өнөөдөр АНУ-д цар тахлын тохиолдол долоон сая гаруй болж, эндэлт 208 мянга гаруй болсон байхад, Германд 280 гаруй мянган тохиолдол, эндэлт 9500 гаруй байна. Би үүнийг Герман Улсын нийгмийн байгуулал, систем, эрүүл мэнд хамгааллын давуу талынх л гэж боддог. Мөн Германы боловсролын систем ч үүргээ биелүүлж байгаа. Энэ орон бүх нийтийн дээд боловсролтой. Боловсрол эрүүл мэнд хоёр шууд холбоотой зүйл. Цар тахлын үеэр хөл хорих арга хэмжээ аваагүй ч Шведэд 90 гаруй мянган тохиолдол бүртгэгдэж, таван мянга гаруй хүн эндээд байна. Энэ нь боловсролтой, чинээлэг иргэдтэй хүчирхэг, хүртээмжтэй эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын системтэй бол Швед шиг хэвийн байдлаар ч даван туулж болно гэдгийг хэлж байна. Тэгэхээр хэрэв АНУ-ын баялаг, хөгжил нийт иргэдэд нь хамаатай байсан бол Герман, Шведээс бага эрсдэл хүлээх байлаа. Энэ жишээнээс Монгол Улс маань ч сургамж авах хэрэгтэй.

– Макс Планк Институтын зочин судлаач, доктор Л.Мөнх-Эрдэнийн нүдээр, өөрөөр хэлбэл гаднаас нь Монголын улс төрийн байгуулал, үйл ажиллагаа яаж харагдаж байна вэ. Бид жамаараа явж байна уу. Эсвэл өөр замыг эрэлхийлж байна уу?

-Монголын нийгэмд итгэл үнэмшлэл, номлол болсон олон агуулгыг шингээсэн асуулт байна. Юун түрүүнд, нийгмийн хөгжил, замнал, улс төрийн байгуулалд “жамаараа явах” буюу жам ёсны замнал, хөгжил гэж байх ёсгүй. Ингэж номлох нь оршин байгаа нийгмийн байгууллаа зөвтгөх л арга. Марксизм, коммунистууд үүний тод жишээ. Чухам тийм учраас л социализм, коммунизмыг нийгмийн жам ёсны хөгжлийн сүүлийн дээд шат гэж номлодог байв. Цагтаа хөрөнгөтний хувьсгалчид ч мөн л капитализмыг тэгж номлож байсан. Одоо ч тэгж номлогчид бий. Манай ардчилагчид, коммунистууд ч бүгд л жам ёсны хөгжил, замнал гэж ярих юм. Зах зээл ч гэнэ үү, чөлөөт зах зээл ч гэнэ үү мөн л жам ёсных. Харин социализм, коммунизмыг гажуудал, жам ёсны бус нийгмийн байгуулал гэж тэд ярьдаг. Хэрэв нийгмийн, улс төрийн байгуулалд жам ёсны хөгжил, замнал гэж байдаг бол ардчилсан, зах зээлийн, социализм, коммунизм зэрэгцэн орших арга байхгүй. Бүх юм л жам ёсоороо явах ёстой. Таны асууж байгаа логикоор, Монголын номлогчдын номлолоор бол БНХАУ гажуудаж яваа орон болно. Учир нь БНХАУ коммунист орон. Мэдээж жам ёсны бус юм хойно ямар өөдтэй байх вэ. Амиа хорлож байгаа орон гэх үү дээ.

Нөгөө талд нь АНУ жам ёсоороо замнаж байгаа орон болох мэт. Улмаар АНУ-ыг жам ёсоороо замнаж байгаа орон гэвэл дээр дурдсан Герман, Австри, Скандинавын орнууд баруун Европын бүх улс орнууд ч мөн л жам ёсноосоо гажуудчихсан улс орнууд болж таарна. Тэгэхээр жам ёсны хөгжил, замнал гэж байдаг бол хүмүүс тархи толгойгоо ажиллуулах хэрэгцээ огт байхгүй байсан. Тиймээс нийгмийн болон улс төрийн байгуулалд жам ёсны зүйл гэж огт байхгүй. Монгол Улсын хувьд “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилго”-доо үнэнч байна уу, эсвэл түүнээсээ гажуудсан уу гэвэл, мөн Монголын төрийн эрх баригчид Үндсэн Хуульд тунхагласан “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн хууль, зарчимаа мөрдөж байгаа юу, гажуудсан уу гэвэл өөр асуудал. Өөрөөр хэлбэл, улс төрийн хувьд Монгол Улсын Үндсэн Хуулиар хуульчилсан харилцаа л монголчуудын жам, жим, жам ёс ,зам ёс ч байх ёстой юм.

-Тэгвэл Монгол Улс Үндсэн хуулийнхаа заасан замаар явж байна уу?

-Харамсалтай нь Монгол Улс Үндсэн хуулиасаа аль эрт гажсан. Үндсэн хуулиа ч гажуудуулсан. Монголын эрх баригчдын дийлэнх олонхийн сүүлийн гучаад жил шүтэж, номлож ирсэн чөлөөт зах зээлийн эдийн засаг бол хамгийн хүмүүнлэг бус нийгэм. Нэгдүгээрт, чөлөөт зах зээл гэж хаана ч байхгүй. Төрийн, хуулийн зохицуулалтгүй эдийн засаг гэж хаана ч үгүй. Харин хэнд эрх чөлөө өгч, хэний эрх чөлөөг хязгаарласан, эсвэл юунд эрх чөлөө өгч юуны эрх чөлөөг хязгаарласан зах зээл вэ гэдэг л асуудал. Үндсэндээ капиталын буюу капиталистуудын эрх ашигт тохируулж тэдний ашиг, орлогын сонирхолд захируулна гэсэн үг.

Хүний мөн чанар, зан чанар, ёс суртахуун зөвхөн ашиг орлогын хуульд захирагдах ёстой л гэсэн үг. Хүний хүмүүнлэг мөн чанар, зан чанарыг устгаж, хүнийг ажиллах хүч, хөдөлмөрийн “ухаалаг” зэвсэг гэж хар, харьц л гэсэн үг. Ёс суртахуун, хүн чанар, нинжин сэтгэл, тусч, хамтач ёс гэх мэт хүмүүнлэг (humane) бидний ойлгодог зан чанарт орших орон зай зах зээлийн нийгэм гэгчид байхгүй. Неоконсерватив буюу неолиберализм хүйтэн дайны дараа үед глобалчлал нэрээр дэлхийд ноёлох болсон бөгөөд хуучин социалист байсан улс орнуудад бүтцийн өөрчлөлт (structural adjustment), цахилгаан эмчилгээ (schock therapy) гэх зэрэг нэрүүдээр хэрэгжүүлсэн. Ардчилсан Монголын ихэнх удирдагч энэ бодлогыг харалганаар бишэрсэн үнэнч шавь нар нь. Бодлогын үр дүнд хуучин социалист орнууд бүхэлдээ өрнөдийн компаниудын бараа бүтээгдэхүүний зах зээл, түүхий эдийн хавсарга, хямд ажиллах хүчний эх үүсвэр болж хувирсан гэж хэлж болно. Социализм, коммунизмыг нурааж байгаа нэрээр боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын системийг нь бүрмөсөн нурааж, гаргуунд нь хаясан. Иргэд нь өмнө нь эдлэж байсан иргэний давуу эрхүүдээ бүрмөсөн алдсан. Өөрсдийн улс орондоо эдэлдэг байр сууринаасаа шахагдсан.

Төрийг нь жижигсгэх нэрээр төрийн албаны чадавхи болон зэвсэгт хүчин, батлан хамгаалах чадавхийг нь ч сүйтгэсэн. Харин боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах чадварыг нь бусниулахын хирээр цагдаагийн хүчийг байнга нэмэгдүүлж ирсэн. Мэдээж энэ бүхнийг “тархийг нь угаах” замаар өөрсдийнх нь гараар хийлгэсэн. Эдийн засаг нь гадны компанийнх, хүн ам нь гадны компанийн ажиллах хүч, төр нь гадны компаны цагдаа болсон гэсэн үг. Тиймээс ч неолиберализм бол неоколоничлол гэж үздэг эрдэмтэн судлаач олон бий. Монголын ардчиллын гучин жил, Монголын чөлөөт зах зээлийн гучин жил бол Монгол Улсыг БНХАУ-ын эдийн засгийн хавсарга болгосон жилүүд байсан. Монгол Улс голланд өвчинд хүндээр нэрвэгдэж, Хятадын хөрөнгө оруулалт, өрийн занганд торлогдсон төдийгүй, Монголын эрх баригчид Хятадын авилгын аалзны торонд торлогдсон. Монголын чөлөөт зах зээлийн эдийн засаг гэгч нь манай эдийн засгийг Хятадын капиталын буюу капиталистуудын эрх ашигт тохируулж тэдний ашиг, орлогын сонирхолд захируулсан гэсэн үг. Одоо ч харамсалтай нь Монгол Улс үүнээс өөр зам, хувь заяа эрэлхийлж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн саяхан хэлсэн “Чөлөөт зах зээл гэж байхгүй гэж би ойлгож байгаа. Энэ бол миний баримталж байгаа бодлого шүү. Одоо бол төрийн зохицуулалттай зах зээл л гэж байна” гэсэн мэдэгдлийг эс тооцвол цогц ойлголт, концепци, бодлого харагдахгүй байна. Дийлэнх нь “Монгол Улс ардчилал, эрх чөлөө, чөлөөт зах зээлийн зарчмаас ухарч буйгаа дэлхийд зарлалаа” гэж ирээд л буруутгаж байна. Замнаж буй замаа жам ёсных гэж итгэж байгаа хүмүүс өөр зам эрэлхийлэх үү. “Хүссэн хүсээгүй энэ засгийг удирдаж байгаа” учир Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үгийг хэллээ л гэж харсан.

-Монгол Улсын иргэн хүний хувьд эх орныхоо ирээдүйг их өөрөөр харж, төсөөлж байв. Гэтэл таны судалгаа, дүгнэлтээр бол Монгол Улс их ээдрээтэй замаар явж байгаа юм байна?

-Ер нь бүгд найрамдах байгууллын, сонгуульт төрийн алба гэдэг хааны албатай адил зүйл. Харамсалтай нь хаан нь гэм хийсэн, эсвэл чадваргүй түшмэдийг хэзээ ч авч хаях, эсвэл цаазаар аваачих бүрэн эрхтэй, илд барьсан нэг этгээд бус харин сонгуулийн саналын хуудас дугуйлах төдий эрхтэй, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг түмэн олон. Тиймээс аливаа бүгд найрамдах улс буюу сонгуульт төр улсад түшмэд эзний албыг хүний алба гэж харах төдийгүй, хийдүүлж, өөртөө завших нь түгээмэл. Үүнийг л бид авилгал гэдэг юм. Тиймээс аливаа бүгд найрамдах улсын хамгийн хөнөөлт дайсан авилгал. Харамсалтай нь Монгол Улс авилгалд автаж, авилгал бидний нүдэн дээр улсыг минь хөнөөж байна. Мухардалд орсон, хүнд өвчин туссаны дээр улмаар Өвөрмонголын хязгаар болж буйгаа эрхбиш эрх баригчдын зарим нь мэдэрч буй болов уу.

Ингээд өөр зам эрэлхийлэх ухаан, сэхээ, боловсрол байгаа эсэх нь тодорхойгүй байна. Байсан ч авилгалын тор, гинж гэдэг юм тархийг нь ч, зүрхийг нь ч гавлачихсан юм биш биз дээ гэж айж байна. Өөр нэг хэлэхгүй өнгөрч болохгүй зүйл бол Монголын нийгэм дэх боловсролтой, ялангуяа өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшсэн хэсгийн ихэнх нь оршин буй эдийн засгийн тогтолцооны эрх ашгийг хамгаалахад зүтгэхээс өөр аргагүй болжээ. Тэднийг гадны хөрөнгө оруулалттай компаниуд тэжээдэг, тиймээс ч тэд компанийнхаа төлөө зүтгэхээс өөр аргагүй болдог. Өөрөөр хэлбэл аль боловсролтой, чадвартай нь “неоколоничлолын агентууд” болж байхад, боловсролгүй, чадваргүй, эрээ цээргүй нь төрийн албыг дүүргэж байгаа дүр зураг харагдаж байна. Ийм өрсөлдөөнд хэн ялах нь тодорхой болов уу. Ядаж бодлого боловсруулан боловсролтой, чадвартай, сэтгэлтэй хүмүүсээ нийтийн тусын хэрэгт зүтгүүлэх хэрэгтэй бус уу. 1.4 тэрбум шахам хүн амтай, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ гэхэд хамгийн шилдгүүдээ төрийн албандаа зүтгүүлэхийн зэрэгцээ. 2010 оноос эхлээд “Мянган Авьяастны Хөтөлбөр” гэж хэрэгжүүлээд Хятад гаралтай болон гадаадын шилдэг эрдэмтдийг их сургуулиуддаа өндөр цалин хөлс, хамгамжтайгаар ажиллуулж байна шүү дээ. Өрнөдийн олон шилдэг эрдэмтэд, түүний дотор Нобелийн шагналтан хүртэл Хятадын их сургуулиудад ажиллаж байна. Эрдэмтэй, чадалтай, чадвартай хүмүүсээ гадаадад ч, дотоодод ч гадны хүчинд алдаад байвал энэ улс орон өөдлөх үү гээд асуудал их л байх юм.

– Монгол Улс 19 жилийн дараа буюу 2019 онд Үндсэн хуулиа өөрчлөн батлав. Энэ үеэр та засаглалын тухай нийтлэлүүдээ бичиж байв. Ялангуяа Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зүйтэй гэсэн байр сууринаас. Одоо ч Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй гэсэн үзэл баримтлал тань хэвээр байна уу?

-Хүн бүр хуулийн дор амьдаръя гэвэл зөвхөн хууль засаглах засаглалын тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Ер нь ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байх ёстой. Энэ бүх зарчмуудыг хангадаг цорын ганц тогтолцоо нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлүүдийг салган тус тусад нь ард түмэн өөрсдөө байгуулж, нэгнийх нь эрх мэдлээр нөгөөгийнх нь эрх мэдлийг хазаарлаж тэнцвэржүүлэх систем юм. Үүнийг засаглалыг хуваах, салгах, харилцан хазаарлах, тэнцвэржүүлэх зарчим гэнэ. Үүний үр дүнд харилцан хяналттай систем бий болно.

Энэ зарчмыг хамгийн сайн хэрэгжүүлсэн, биелэл нь болсон засаглалын систем бол АНУ-ын засаглалын систем. Ерөнхийлөгчийн засаглал гэдгийг би ийм системээр л ойлгодог. Ерөнхийлөгчийн сонгууль нь өөрөө ардчилсан лидерийг шалгаруулах өрсөлдөөн. АНУ-ын системд Ерөнхийлөгчийг ард түмэн дөрвөн жилийн хугацаагаар сонгодог ба сонгогдсон Ерөнхийлөгч нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх Засгийн газраа тэргүүлдэг, бүрдүүлдэг.

Ерөнхийлөгч нь ардчилсан төдийгүй, тогтвортой Засгийн газрын үндэс болдог. Гэхдээ Ерөнхийлөгч өөрийн дураар засгийн газрыг байгуулдаггүй, өөрийн үзэмжээр хэн нэгнийг сайдаар томилдоггүй. Эсрэгээрээ Ерөнхийлөгч сайд болгох хүнийхээ нэрийг Сенатад өргөн мэдүүлж, Сенат нь нэр дэвшигдсэн этгээд бүрийн мэдлэг, чадвар, туршлагыг шүүн тунгааж, асууж шалгааж, хэлэлцэж, байцааж, ам өчиг, андгай тангаргийг нь авсны эцэст санал хурааж 51 сенатор дэмжсэн тохиолдолд тэр этгээдийг Ерөнхийлөгч сайдаар томилдог. Мөн сенатын олонх нь Ерөнхийлөгчийн намынх байх албагүй, мөн сөрөг хүчингүй Сенат гэж байхгүй.

Тиймээс Ерөнхийлөгч улс төрийн хувьд ч, ёс суртахууны хувьд ч, мэдлэг чадвар туршлагын хувьд ч Сенатын шүүлтүүрийг давахуйц этгээдийг сайд болгохоор нэр дэвшүүлэхээс өөр аргагүй. Манайд бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө УИХ-д байсан Засгийн газрын гишүүдийг хүн бүрээр нь хэлэлцэн томилдог эрх мэдлийг АНУ-ын сенат хэрэгжүүлдэг гэсэн үг. Гэхдээ парламентын буюу сенатын гишүүд сайд болох боломжгүй учир сенат нь хамгаалах, наймаалцах, бүлэг, фракц болж хэн нэгнийгээ сайдад зүтгүүлэх ойлголт байхгүй. Харьцангуй эрүүл шүүлтүүр болдог. Тиймээс ч чадварлаг Засгийн газар бүрэлддэг. Монгол Улсын хувьд саяын өөрчлөлтөөр үүнийг зөвхөн намын дарга, Ерөнхий сайдын дур зорго, үзэмжийн асуудал болгосон. Нөгөө талаар Монголд тогтоогоод байгаа засаглалын системийг бүрэн дүүрэн парламентын засаглал гэж үзэх боломжгүй.

Парламентын засаглал гэж нэрлэхийн учир нь парламент өөрөө засагладагт оршино. Парламент засаглана гэдэг нь парламентын гишүүд засгийн гишүүд байж засаглахыг хэлдэг. Засгийн газар нь парламентын засаглах буюу гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг хороо юм. Ийм засаглалын системийг л парламентын засаглал гэдэг. Монголынх тийм биш болсон. Учир нь Засгийн газрын гишүүдийн дийлэнх олонх нь парламентын гишүүд биш. Үндсэндээ Монгол Улс Ерөнхийлөгч нэртэй хагас-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэртэй супер-Ерөнхийлөгчтэй болсон. Энэ утгаараа Монголын одоогийн систем хоёр ерөнхийлөгчтэй систем болчихлоо.

-Тэгвэл Монгол Улсад төрийн удирдагч гэж байна уу. Шинэ хуулийн зохицуулалт, эрх мэдлээр Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрын хэн нь байж болох вэ ?

-Сонгууль гэж юу вэ. Яах гэж байдаг гэж бодож байна. Сонгууль гэж хүчирхийлэлгүй, цусгүй өрсөлдөөн, тулалдаан, зорилго нь удирдагчийг тодруулах. Тиймээс удирдагч хэрэгтэй юу гэдэг асуулт сонгууль хэрэгтэй юу гэсэнтэй адил зүйл. Жаран чавганц уралдвал нэг нь түрүүлнэ гэж үг бий байх аа. Сонгууль байгаад түрүүлээд байгаа хойно удирдагч байгаа л хэрэг байх. Харамсалтай нь Монгол Улс улс төрийн удирдагчаа Үндсэн хуульдаа тунхагласан “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаараа” тодруулж байна уу гэвэл үгүй гэж хэлнэ.

Парламентын болон ерөнхийлөгчийн засаглалын систем улс орны лидер буюу удирдагчийг тодруулах асуудлаас эрс ялгаатай. Ерөнхийлөгчийн засаглалын системд ард түмэн удирдагчаа өөрсдөө сонгодог бол парламентын системд нам шийддэг. Чухам ерөнхийлөгчийн засаглалын системтэй учир л Обама, Трамп шиг хүн сонгогдож болж байгаа юм. Трамп Бүгд Найрамдах намын идэвхтэй гишүүн байгаагүй. Намын алба хэзээ ч хашиж байгаагүй. Үнэндээ Трампыг нэрээ дэвшүүлэхэд Бүгд Найрамдах нам Трампыг унагах гэж бараг бүхлээрээ оролдсон. Гэвч дийлээгүй. Ингэж Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон. Энд нэг зүйл онцолж хэлэхэд АНУ-д АНУ-ын иргэн хэн ч Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх эрхтэйн дээр, бүр саналын хуудсан дээр сонгогч өөрийн сонгохыг хүссэн хүний нэрийг, түүн дотор өөрийнхөө нэрийг ч бичиж болдог. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогч бүхэн өөрийгөө сонгох эрхтэй оролцдог. Тиймээс сонгогч бүхэн тэгш эрхтэй оролцдог сонгууль. Монголынх шиг нам, тэр тусмаа бүр Үндсэн хуулиараа зөвхөн УИХ-д суудалтай нам л Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй гэж эрх баригчдад давуу эрх олгож, ард түмэн, сонгогчдын эрхийг хассан, хязгаарласан ардчилсан ёсонд харш заалт зүйл огт байхгүй.

Нөгөө талаас парламентын системд ард түмэн удирдагчаа өөрсдөө сонгодоггүй. Бидний ерөнхий сайд гэж нэрлэдэг албан тушаалтан бол тэргүүн буюу нэгдүгээр л (prime or premier minister) сайд. Тэр нь яг хэрэг дээрээ төрийн буюу улс орны тэргүүн, удирдагч биш харин улс орны доторх улс төрийн бүлэглэл, нийгэмлэг болох нам гэдэг хүмүүсийн нэгдлийн удирдагч. Тиймээс ч парламентын засаглалтай гэгдэх орнууд хэрэв хаангүй бол Ерөнхийлөгч гэх төрийн тэргүүнтэй байдаг. Үндсэндээ тоглоомон хаан гэх үү дээ. Парламентын системд сонгуульд олонх болсон намын удирдагч Ерөнхий сайд болдог. Гэтэл тэр Ерөнхий сайд болох этгээдийг ард түмэн бус нам нь шийддэг. Зарим ардчилсан системүүдэд намын гишүүд нь сонгодог, заримд нь намын хурал гэх мэт өөрсдийн дүрэм, журмаар шийддэг. Ард түмний оролцоо байхгүй. Тиймээс ч парламентын засаглал бол намын засаглал. Нам, намын систем нь хэр ардчилсан байгаагаас улс орны ардчилал тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл бүх зүйл дам намаар дамжина гэсэн үг.

Монголын тухайд нам, намын систем нь хэр ардчилсан билээ гэдгийг хүн бүр бараг мэднэ. Монголд байгаа хамгийн ардчилсан бус, хамгийн дарга хэмээх албан тушаалтанд эрх мэдлийг төвлөрүүлсэн байгууллага бол нам. Бүр хуулиараа намын төв байгууллага гэгчид бүх эрх мэдлийг, түүний дотор сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг төвлөрүүлдэг. Тиймээс ардчилсан улс төрийн процессоор сонгогдсон, шалгарсан удирдагч сүүлийн гучин жилд Монголд байгаагүй.

-Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог учир тэр удирдагч биш үү?

-Ерөнхийлөгчийн төлөө Монголын бүх сонгогчид бус, харин зөвхөн УИХ-д суудалтай намын төлөөлөл л өрсөлдөх эрхтэй. Монгол Улсад Х. Баттулга, М. Энхболд, С. Ганбаатар нараас өөр Ерөнхийлөгч хийчих чадвартай хүн байхгүй учраас л энэ гурав өрсөлдсөн юм биш шүү дээ. Улмаар удирдагчийг тодруулах сонгууль буюу уралдаан, өрсөлдөөн, тулалдаан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмуудаар явагдаж байна уу гэвэл харамсалтай нь мөн л огт үгүй гэж хэлэх байна. Учир нь Сонгуулийн хууль нь ч, сонгууль зохион байгуулах үйл явц, жишиг зуршил нь ч тэдгээр зарчмуудыг бараг бүгдийг нь зөрчдөг. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх ёс, зарчимд харш маш олон зүйл бий. Хамгийн энгийн жишээ хэлье. Тэгш эрхийн зарчим. Тэгш эрхийн зарчим сонгуулийн тохиолдолд иргэн бүр нэг санал эзэмшинэ гэсэн л үг. Гэтэл 2020 оны УИХ-ын сонгуульд 77028 сонгогчтой Хэнтий аймаг гурван мандаттай байхад, 133964 сонгогчтой Хөвсгөл аймаг гурван мандаттай байна.

Өөрөөр хэлбэл, хөвсгөлийн сонгогчид нэг саналтай байхад, Хэнтийн сонгогчид бараг хоёр саналтай байна. Ингэхээр Хөвсгөлийн сонгогчдын санал Хэнтийнхээс бараг хоёр дахин хүчгүй гэсэн үг. Сонгогчдын тоогоор тооцвол зүй нь Улаанбаатарын тойргуудад 34 мандат байх ёстой боловч өнгөрсөн сонгуульд 24 мандаттай байсан. Энэ нь сонгогчид тэгш эрхгүй байна гэсэн үг. Тэгш эрхгүй бол ардчилсан бус, шударга бус. Энэ бол хамгийн анхан шатны зөрчил. Дан ганц сонгогчид тэгш бус эрхтэй төдийгүй, нэр дэвшигчид ч мөн тэгш бус эрхтэй гэсэн үг. Энэ бол хуулиар, сонгууль зохион байгуулж байгаа байгууллага нь Үндсэн хуулиа зөрчиж байгаа явдал. Тиймээс Монголын ард түмэн, сонгогчид удирдагчаа Үндсэн хуульдаа хуульчилсан зарчимаараа сонгож, шалгаруулж байгаа гэж огт бодохгүй байна. “Юмны эзэн сумын занги” сонгогч ард түмэн энэ асуудлыг тоохгүй бол таны өмнөөс эрхийг чинь барьж, хэргийг чинь түшиж байгаа түшээд ч, түшмэд ч үүнийг засахгүй гэдгийг өнгөрсөн гучаад жил харуулсан гэж бодож байна. Дээр тэмдэглэж хэлснээр бүгд найрамдах байгууллын хамгийн том сул тал энэ. Иргэд нь, эзэд нь эрхэндээ эзэн үл сууж эрхээ итгэмжилсэн түшмэдэд хэргээ даатгах, итгэмжлэгдсэн түшмэд нь хүний юмаар хүүдэгнэх, үр дагавар нь улс орон хаа хаанаа эзэнгүй болж байна.

– Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаглалыг цаасан дээр өөрчлөөгүй ч хоёр Ерөнхийлөгчтэй болох системийг зурж өгсөн ойлгож болох уу?

-Аливаа хууль, тогтоомж шударга бус бол уг хууль тогтоомж үр дүнтэй, эмх цэгцтэй байсан ч халах, өөрчлөх ёстой. Учир нь хуулийн зорилго шударга ёс. Тиймээс зарчмын хувьд шударга бус л бол ямар ч хуулийг хэзээ ч өөрчилж болно. Нэг хормын дараа ч өөрчилж болно. Шударга ёсыг хангаж байвал өөрчлөх ёсгүй. Хамгийн гол нь Монгол Улс Үндсэн хуулиараа “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж хуульчилсан. Тиймээс аливаа хууль, ялангуяа Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт эдгээр зарчимд нийцэж, уг зарчмуудыг улам бүр бэхжүүлж, хөгжүүлж байх ёстой гэж бодож байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаглал өөрчлөгдөөгүй бус. Харин ч эрс өөрчлөгдсөн. Дээр дурдснаар парламентын засаглалыг халж ерөнхий сайд нэртэй ч хэрэг дээрээ супер-ерөнхийлөгчийн гэх үү эсвэл сонгогддог хаант засаглал тогтоосон.

Учир нь, аливаа засаглалын хэлбэрийг гүйцэтгэх эрх мэдэл буюу засгийн газрыг хэрхэн байгуулж, буулгаж байгаагаар нь ангилж тодорхойлдог. Харин парламентын засаглалд парламент Засгийн газрыг байгуулдаг, огцруулдаг төдийгүй бүрдүүлдэг. Тийм учраас парламент эрх мэдлийн төв байдаг. Харин Үндсэн хуулийн өрчлөлтөөр энэ бүхнийг эвдэж өөрчилсөн. Парламент буюу УИХ эрх мэдлийн төв байхаа больсон. Эрх мэдлийн төв Ерөнхий сайд болсон. Өмнө нь УИХ буюу хууль тогтоох эрх мэдэл засгийн газрын буюу гүйцэтгэх эрх мэдлийнхээ дээр байсан бол одоо Ерөнхий сайд УИХ-ынхаа дээр, энэ утгаараа гүйцэтгэх эрх мэдэл нь хууль тогтоох эрх мэдлийнхээ дээр гарсан гэсэн үг. Энгийнээр хэлбэл хурал засагладаг системээс Ерөнхий сайд буюу нэг хүн дангаараа засагладаг систем рүү шилжсэн.

Хэдийгээр УИХ Ерөнхий сайдыг томилох, огцруулах эрхээ хадгалж үлдсэн ч, Засгийн газрыг бүрдүүлэх, мөн сайд нарыг томилох, огцруулах эрхгүй. Засгийн газар парламентынх биш харин Ерөнхий сайдынх болсон. Ерөнхий сайд сайд нараа цэвэр өөрийн үзэмжээр томилдог, огцруулдаг болж байна. Ийм тохиолдол ардчилсан гэж нэрлэгддэг ямар ч засаглалын системд байхгүй. Энэ систем нь хуучны хэмжээгүй эрхт хаант засагтай ижил болсон. Нэг үгээр хэлбэл Монгол Улс дөрвөн жилийн хугацаагаар сонгогдож томилогддог Ерөнхий сайд нэртэй хаантай болсон гэж болно. Тиймээс Ерөнхий сайдыг супер-ерөнхийлөгч гэж нэрлээд байгаа юм.

-Тэгвэл энэ төрийн байгуулал нь хэр аюултай вэ. Давуу болон сул тал бий юу?

-Парламентын засгийн газрыг сонгогчдоос адилхан сонгогдсон, ижил тэгш эрхтэй парламентын гишүүд бүрдүүлж байдаг учир парламентын засгийн газрын гишүүд бүгд тэгш эрхтэй. Тиймээс ч манайхны Ерөнхий сайд гэж нэрлээд байгаа албан тушаалыг тэргүүн эсвэл нэгдүгээр сайд гэдэг юм. Парламентын засгийн газар нь нэгдүгээр сайд ба сайд нараас бүрэлддэг сайд нарын зөвлөл буюу тэгш эрхтнүүдийн зөвлөл. Тиймээс парламентын засаглалын засгийн газар зөвлөх, хэлэлцэх, хуралдаж, хамтын шийдвэр гаргах зарчмаар ажилладаг. Үүнийг кабинетын зарчим гэдэг. Парламентын засаглалд тэргүүн сайд улс төрийн манлайлал л үзүүлэх учиртай. Гэтэл Монгол Улсын засгийн газрын гишүүдийн дийлэнх олонх нь парламентын гишүүд биш болчихлоо. Сайд нарын хэн нь ч ямар ч ардчилсан процессоор ороогүй, ардчилсан шүүлтүүрээр шүүгдээгүй.

Тиймээс улс төрийн эрх зүйн хувьд тэд хэн ч биш. Тэд зөвхөн Ерөнхий сайдын албатууд. Хуучин Хятадын төрд тайган ашигладаг байсан. Хаан өөртөө үнэнч зүтгүүлэхийн тулд албаар өнчин өрөөсөн голдуу балчир хүүхдийг төөрүүлж, өөрийн ордонд авчирч хөнгөлүүлээд тэжээж том болохоор нь төрийн хэрэгт, түүний дотор сайд болгон зүтгүүлдэг байсан. Нэгэнт өсөж төрсөн гэр бүл, нутаг орон гэж байхгүй, өөрт нь гэр бүл байхгүй учир тайган нийгмээс, ард түмнээс бүрмөсөн таслагдсан байдаг. Амь амьдрал нь хааны ивээлээс л хамаардаг. Тиймээс тайганууд өөрт нь эрх мэдэл өгсөн хаанд л үнэнч зүтгэдэг. Монголын засгийн газрын парламентын гишүүн бус сайдууд бүгд улс төрийн хувьд тайган гэж хэлж болно. Тэд УИХ-ын гишүүд биш, тэд УИХ-ын гишүүд шиг ард түмний биш юм гэхэд тойргийн сонгогчдын төлөөлөгч биш, тэд парламентын доторх бүлэг, фракцын төлөөлөл биш. Тэдэнд сонгогдсон тойрог, сонгогчид байхгүй. Тиймээс тэд шийдвэр гаргахдаа үзэл бодол, эрх ашгийг нь тооцох сонгогчид, тойрог гэж байхгүй.

Тухайлбал, Гадаад хэргийн сайд УИХ-ын гишүүн байсан бол Хятадын сайдыг урих байсан гэж бодохгүй байна. Ардчилсан ёс гэдэг юманд чинь төлөөлөх ёс, хариуцлага хүлээх тооцох ёс гэдэг юм хамт яваа юм шүү дээ. Тиймээс хэн нэгнийг төлөөлж байгаа этгээд хэзээ ч төлөөлж байгаа этгээдийнхээ байр суурь, эрх ашгийг тооцдог юм. Харин Ерөнхий сайддаа үнэнчээр зүтгэх ёстой албатуудын хувьд ийм ардчилсан хазаар, хариуцлага байхгүй. Тиймээс тэднийг Хятадын хаадын тайгад шиг эзэндээ үнэнчээр зүтгэх, түүндээ өөрсдийнхөө гэр бүлийн эрх ашгиа хамруулахад нь саад болох ард түмний ч, ардчилалын (парламентын) ч ямар ч чөдөр тушаа байхгүй.

– Харьцангуй шинэ хүмүүс сайдаар томилогдсон. Мөн салбарынх хүмүүсийг томиллоо гэж танхимын тэргүүн нь мэдэгдсэн. Таны үзэж байгаагаар шинэ сайд нар ямар ч эрх мэдэлгүй болж таарлаа?

– Тийм ээ. Ерөнхий сайдын адил парламентын гишүүн биш учир ерөнхий сайдын улс төрийн тэгш эрхтэй түнш, эсвэл дайсан биш. Энд нэг зүйл онцолж тэмдэглэхэд ерөнхий сайд нь парламентын аль ч гишүүний нэг адил аль нэг тойргоос сонгогдсон гишүүн төдий л гэдгийг ойлгох хэрэгтэй. Ерөнхий сайдын тойрог гэж парламентын бусад гишүүдийнхээс том эсвэл шийдвэрлэх тойрог гэж байхгүй. Намын дарга тойрогтоо ялах нь намыг ялалтад хүргэдэггүй. Нам дарга хоёр тусдаа зүйл. Ялалт байгуулсан гишүүн бүхэн ялалтад яг ерөнхий сайдтай адил л хувь нэмэр оруулдаг. Учир нь эцсийн эцэст намын дарга ч нэг, гишүүн ч нэг л суудал, санал авчирдаг.

Тиймээс эрх зүйн хувьд намын дарга-ерөнхий сайд бусад УИХ-ын гишүүдийн адил УИХ-ын л гишүүн. Ерөнхий сайдад илүү санал байхгүй. УИХ-ын гишүүд бүгд нэг саналтай. Хэний ч нэг санал асуудлыг шийдвэрлэх эрхтэй. Зүй нь ерөнхий сайд захирах, тушаах бус харин улс төрийн лидершиф л үзүүлэх ёстой алба. Парламентын гишүүн дор хаяж өөрийн ялалтаараа намаа ялалтад хүргэсэн шигээ, өөрийн саналаараа ерөнхий сайдыг унагаах, эсвэл хамгаах эрх мэдэлтэй шүү дээ. Улмаар УИХ-ын гишүүн биш сайдууд нь парламентын доторх нам, фракцыг төлөөлж сайд болоогүй. Фракцын эрх ашгиа хамгаална, эсвэл фракц нь хамгаална гэдэг ойлголт байхгүй. Фракц нь ерөнхий сайдыг унагаах, эсвэл хамгаалах саналтай байсан учир л уг гишүүн засгийн газарт орсон байх нь ойлгомжтой. Тиймээс тэд Засгийн газрын хуралд Ерөнхий сайдтай ижил тэгш эрхтэйгээр оролцох, санал зөрөх, мэтгэлцэх, маргах тухай ойлголт, улмаар засгийн газар кабинетийн зарчмаар ажиллах, хамтын шийдвэр гаргах тухай ойлголт байхгүй.

Тиймээс Засгийн газар зөвхөн Ерөнхий сайдын үзэмжээр, тушаалаар ажиллана гэсэн үг. Энэ утгаараа Монголын засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгчийн засаглал дахь засгийн газартай төстэй болсон. Гэхдээ АНУ-ын сайдуудыг Сенат нь шүүн хэлэлцэж дэмжих ёстой учир, Америкийн Ерөнхийлөгч ч тэр бүр өөрийн үзэмжээр сайд нараа халаад байдаггүй. Харин Монголын УИХ-ын гишүүн бус сайд нар зөвхөн Ерөнхий сайдын албат. Тэдэнд эрх мэдэл олгосон нь зөвхөн Ерөнхий сайд. Харин хорвоо дээр хаана ч ийм парламентын Засгийн газар гэж байхгүй. Тиймээс энэ парламентынх биш.

Үргэлжлэл бий.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Монгол улс Одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний , төсвийн эзний хяналт хэрэгтэй энгэхгүйгээр одоо хөгжихгүй албан тушаалыг зах зээлд мөнгө олох арга гэж ойлгосон төрийн түшээд олширлоо

Холбоотой мэдээ

Т.ЦОЛМОНСАЙХАН: Бид эх орны торгон хил дээр зургийг нь авсан анхны реалити шоу нэвтрүүлгийг бүтээж байна

Хүн бүрийн бахархан ярьдаг эх орон гэгч чухам хаанаас эхэлж, эх орны торгон хилийг ямар аавын хөвгүү

2021-07-22

Ш.Ням: Аргентин танго хүндэтгэл, мэдрэмжийн урлаг

Энэ удаагийн “Өөр зочин” буландаа Аргентин танго бүжгийг эх орондоо дэлгэрүүлж буй “Танголия” клубын

2020-10-09

Л.Мөнх-Эрдэнэ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улс хоёр Ерөнхийлөгчтэй орон шиг болсон

Макс Планкийн нийгмийн Антропологийн хүрээлэнгийн зочин судлаач, доктор Лхамсүрэнгийн Мөнх-Эрдэнэтэй

2020-10-07

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...