2021 оны төсвийн 21 онцлог

2020-10-08 Улс төр 0

Засгийн газар өнгөрсөн долоо хоногт, хуулийн хугацаанд нь багтаан 2021 оны төсвийн төслөө УИХ-д өргөн барилаа. Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 27.9, зарлага 13.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 30 хувь байна гэж тооцжээ. Мөн төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулж, -2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөж, төсвийн төсөлд тусгасан байна.

2021 оны төсөв онцлог ихтэй. Хамгийн онцлох 21 баримтыг танилцуулъя.

1. Амбицаа гээж, амиа аргацаах төсөв

Манай улсын төсвийн хэмжээ жилээс жилд тэлсээр ирсэн. Үе үеийн Сангийн сайд нар үүгээр их бахархаж амбицладаг байв. Харин ирэх оны төсвийг амбицаа гээж, амиа аргацаах байдлаар боожээ. Товчхондоо нийт дүнгээр нь харвал 2021 оны төсвийн төсөл 2020 оныхоос ялгараад байх зүйл алга. Сангийн сайдаар улиран ажиллаж буй Ч.Хүрэлбаатар 2020 оны төсвийн төслийг өргөн барихдаа орлогыг 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 11.8, зарлагыг нь 2.3 их наядаар нэмэгдүүлж 13.9 их наядад хүргэн өргөн барьж байв. Төсвийн орлого, зардлага 2019-2020 онд тус бүр хоёр их наядаар нэмэгдсэн гэсэн үг. Харин энэ жилийн тухайд ямар ч нэмэгдэл алга. “2020 оны төсвийн төслөө андуураад өргөн барьчихсан юм биш биз” гэмээр адилхан. Анзаарсан бол 2020 оныхтой яг адилхан орлого нь 11.8, зарлага нь 13.9 их наяд. Ийнхүү төсвийн орлого, зарлагын хэмжээг өмнөх оны түвшинд барьсан нь дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотой.

2. УИХтөсвийн зарлага болон алдагдлыг нэмэгдүүлэх эрхгүй

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ 2021 оны төсвийг батлахдаа шинэ дэгээр хэлэлцэнэ. Учир нь, “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно” гэсэн заалт Үндсэн хуульд орсон. Үүний дагуу 2021 оны төсвийн хэлэлцүүлгээс эхлээд УИХ-ын гишүүд санал гаргаж, төсвийн зарлагын хэмжээг нэмэгдүүлэх эрхгүй болж байна.

3. Суралцагчийн чанарт ахиц гарсан тохиолдолд л багшийн урамшуулал, нэмэгдэл цалинг бүрэн олгоно

Ирэх оноос багшийг хөгжүүлэх цахим хөтөлбөр хэрэгжүүлж багшийн цалин хөлсийг оновчтой төлөвлөж хуваарилах юм байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь багшийн заах арга зүйг сайжруулах, мэргэжил дээшлүүлэх цахим сургалтын орчныг бий болгож багш өөрөө өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа нэмэгдүүлэх боломжоор хангах явдал ажээ. Үүний дагуу багшийн цалин хөлсний шударга тогтолцоог бий болгож, суралцагчийн чанарт ахиц гарсан тохиолдолд л урамшуулал, нэмэгдлүүдийг нь бүрэн олгодог болох юм байна.

4. Зөвхөн топ 10 их, дээд сургуулийн оюутнуудад сургалтын зээл, тэтгэлэг олгоно

2021 оноос үйл ажиллагаа явуулж буй 93 их, дээд сургуулиудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр чанараар нь эрэмбэлж, ТОП-10 сургуульд Боловсролын зээлийн сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ. Мөн цаашид зөвхөн хэрэгцээт мэргэжлээр суралцаж буй оюутнуудад сургалтын зээл болон тэтгэлэг олгодог болох аж.

5. Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны төлбөрийн нэмэгдлийг эцэг, эхчүүдээс авна

Боловсролын салбарт хийгдэх цахим шинэчлэлтэй уялдуулан цэцэрлэгийн хүүхдийн хувьсах зардлын санхүүжилтийг олгохдоо ирцийн мэдээлэлтэй уялдуулж, гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ. Орон нутгийн онцлог, хүүхдийн тоо, хүчин чадалдаа тохируулан цэцэрлэгийн хүүхдийн хоолны тарифыг нэмэгдүүлэх асуудлыг бие даан шийдвэрлэх эрхийг цэцэрлэг, эцэг эхийн зөвлөлд олгох юм байна. Ингэхдээ төрөөс олгодог хоолны зардлын хэмжээг бууруулахгүй бөгөөд хүүхдийнхээ хоол хүнсэнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор хоолны төлбөрийн нэмэгдэж байгаа хэсгийг эцэг, эхээс нь авдаг болно гэж төсвийн танилцуулагад дурджээ. Харин амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдийн хоолны мөнгийг төрөөс бүрэн хариуцах юм.

6. НДШ-ийн шимтгэлийн хэмжээг бууруулж, 17 хувьд хүргэнэ

Нийгмийн даатгалын шимтгэлийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ээс энэ сарын 1 хүртэл бүрэн чөлөөлсөн. Харин энэ он дуустал ажил олгогч тав, даатгуулагч таван хувийн шимтгэл төлөхөөр тооцож холбогдох хуульд өөрчлөлт оруулсан. Ирэх оны эхнээс аж ахуйн нэгжүүд болон даатгуулагч нар НДШ-ээ 22 хувиар төлөх учиртай. Гэвч цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг үр дагаврыг харгалзан 2021 онд буцаад 20-22 хувь болж нэмэгдэх байсан НДШ-ийн хэмжээг 17 хувьд хүргэхээр тооцжээ.

7. Хүүхдийн 100 мянган төгрөгийг 2021 оны эхний хагасыг дуустал олгоно

Цар тахлын үед 18 хүртэлх насны хүүхэд бүрд олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлж энэ оныг дуустал 1.2 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор хүүхдийн мөнгөний энэхүү нэмэгдлийг 2021 оны эхний хагас жилийг дуустал олгохоор тооцож төсвийн төсөлд 864 тэрбум төгрөг суулгажээ.

8. Халамжийн сангаас тэтгэвэр авагчдын тэтгэмжийн нэмэгдлийг 2021 оны эхний хагасыг дуустал олгоно

Халамжийн сангаас тэтгэвэр авдаг 72 мянга орчим ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, одой иргэн, өнчин хүүхэд, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдэд сар бүр олгодог мөнгөн тэтгэмжийг өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс энэ оныг дуустал сар бүр 100 мянгаар нэмэгдүүлж, 288 мянган төгрөг болгосон. Энэхүү нэмэгдлийг мөн 2021 оны эхний хагас жил нэмэгдүүлсэн дүнгээр үргэлжлүүлэн олгохоор тооцож төсөвт тусгажээ.

Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэврийг 2021 оны эхний хагасыг дуустал нэмэгдүүлсэн дүнгээр нь олгох, хүнсний талоныг санхүүжүүлэх зорилгоор Японоос 25 тэрбум иен буюу 233 сая ам.долларын зээл авахаар төлөвлөөд байгаа юм.

9. Төрийн албан хаагчдын тоог цөөлнө

Төрийн албаны зөвлөлийн системийн мэдээлэлд суурилсан Төрийн албаны цалин хөлсний нэгдсэн системийг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс улсын хэмжээнд нэвтрүүлнэ гэж тооцжээ. Ингэснээр салбаруудын орон тоонд хяналт тавьж, давхардсан болон илүүдэл орон тоог илрүүлэх замаар орон тоог дахин хуваарилах, бууруулах зэргээр цалин хөлсний төлөвлөлтийг оновчтой болгож зардлын өсөлтийг тогтворжуулна хэмээн төсвийн танилцуулгад дурдсан байна. Үүнээс үзвэл төрийн албаны давхардлыг багасаж, тодорхой хэмжээнд цомхотгол хийх бололтой.

10. Уул уурхайн салбарын орлогыг төсвийн нийт орлогын 26 хувьд хүргэнэ

Засгийн газраас хэрэгжүүлж буй гаалийн шинэчлэлийн үр дүнд голлох хилийн боомтуудад ухаалаг гарц, гаалийн лаборатори, дээж авагч, өндөр хүчин чадлын рентген суурилуулж, хил нэвтрэх үйл ажиллагаа, гаалийн үйлчилгээг түргэн шуурхай, цахим болгох зорилт тавьсан. Энэхүү зорилтоо 2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч амжаагүй. Харин ирэх онд хэрэгжүүлнэ гэж тооцжээ. Ингэснээр ашигт малтмалын олборлолт, тээвэрлэлт, экспортын үе шат бүрийн цахим төлбөрийн баримт, борлуулалтын гэрээ, лабораторийн дүгнэлтийг бүртгэж татварыг бүрэн хураана гэж тооцсон байна. Үүний үр дүнд уул уурхайн салбарын орлого анх удаа 3.4 их наяд төгрөгт хүрэх аж. Энэ нь төсвийн нийт орлогын 26 орчим хувийг бүрдүүлэх үзүүлэлт юм.

11. Дахиад л 42 сая тонн нүүрс

Манай улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөсөн. Гэвч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас энэхүү зорилтоо хэрэгжүүлэх боломжгүй болов. Харин ирэх онд даагаа нэхэж 42 сая тонн нүүрс экспортлохоор төсвийн төсөлд тусгажээ. Засгийн газраас БНХАУ-ын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Ногоон гарц” түр журам болон гаалийн шинэчлэлийн үр дүнд боомтын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлснээр 42 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой гэж үзжээ.

Мөн 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортолж 1.5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх аж. Ингэхдээ нэг тонн зэсийн үнийг 6500 ам.доллароор төсөөлсөн байна. Алтны тухайд Монголбанк 20 тонныг худалдан авна, зах зээлийн ханш нь 1950 ам.доллар байна гэж төсөөлжээ.

12. Архи, тамхинаас олох орлогыг 29 хувиар нэмэгдүүлнэ

Согтууруулах ундаа, тамхины хэрэглээний түвшин, орлогын гүйцэтгэл зэргийг үндэслэн 2021 онд тамхи, согтууруулах ундаанаас нийт 419.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон байна. Энэ нь 2020 оны батлагдсан хэмжээнээс 29 хувь буюу 95.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэх үзүүлэлт. Засгийн газар ирэх онд архи, тамхины хэрэглээг ингэж нэмэгдэнэ гэж тооцсон нь анхаарал татав.

13. Газрын төлбөрийн орлогыг 67 хувиар нэмэгдүүлнэ

Засгийн газраас улсын хэмжээнд нийт олгогдсон газрын бүртгэл, мэдээллийн системийг хянаж, мэдээллийн нэгдсэн сан үүсгэн газрын төлбөрийг бүрэн хураах цогц бодлогыг шат дараалан хэрэгжүүлж байна. Улмаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд газрын төлбөрөө цахимаар төлөх боломж олгохоор төлөвжээ. Энэхүү бодлогын арга хэмжээний үр дүнд ирэх онд төсөвт төвлөрүүлэх газрын төлбөрийн орлого нь энэ оны батлагдсан түвшнээс 67 хувиар өсөж 162.3 тэрбум төгрөгт хүрнэ гэж тооцжээ. Мөн тусгай хамгаалалттай газруудын бүртгэл мэдээллийг баталгаажуулж, төлбөр ногдуулахад бэлэн болгох аж.

14. Малчдаас малын тоо толгойн албан татвар авч эхэлнэ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу ИТХ-ууд тодорхой хязгаарт багтаан орон нутагтаа татвар тогтоох эрхтэй болсон. Гэхдээ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн баталж хэрэгжүүлж эхэлснээр ИТХ-ууд татвар тогтоох эрхтэй болно. Засгийн газар 2021 оны төсвийн төслөө боловсруулахдаа малчдаас малын тоо толгойн албан татвар авч эхэлнэ гэж тооцжээ. Үүнээс үзвэл УИХ-аар хэлэлцэж буй Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг ирэх оноос хэрэгжүүлж эхлэх бололтой. 2021 оны төсвийн төсөлд нэг малын тоо толгойд жилд ногдуулах албан татварын хэмжээг 2000 хүртэл төгрөг байхаар тусгажээ. Малын тоо толгойн албан татвар төлөгч нь албан татвараа хоёр хувааж долоодугаар сарын 15, арванхоёрдугаар сарын 15-ны дотор төлнө.

15. Резидент эмч нарт цалин олгож эхэлнэ

Эрүүл мэндийн тухай хуулийн 25.4-т заасны дагуу резидент эмч нар сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон нэгдсэн эмнэлэгт үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахад Засгийн газраас баталсан ангилал, зэрэглэлийн дагуу цалин олгоход 21.4 тэрбум төгрөг тусгажээ. Резиндент эмч нар цалинтай болсноор сурах хугацаандаа хийж буй хөдөлмөрөө үнэлүүлэх, ур чадвараа бүрэн эзэмших, эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, ачаалал буурах зэрэг олон давуу тал бий болох юм.

16. Орон нутагт ажиллаж буй эмнэлгийн байгууллагын ажилчдад тэтгэмж олгоно

Эрүүл мэндийн тухай хуулийн 29.5-д заасан мөнгөн тэтгэмжийг хөдөө орон нутгийн эрүүл мэндийн зарим байгууллагын ажилчдад олгох хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхээр заасны дагуу 463 ажилтанд 2.2 тэрбум төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохоор төсвийн төсөлд тусгажээ. Эрүүл мэндийн тухай хуулийн 29.5-д “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын, аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэж заажээ.

17. Алдар цолтой ахмад настны нэмэгдэл тэтгэмжийг салбарын яамд нь хариуцна

Нийгмийн халамжийн сангаас 60 наснаас дээш эрэгтэй, 55 наснаас дээш эмэгтэй алдар цолтнуудад тэтгэврээс гадна сар 150-200 мянган төгрөгийн нэмэгдэл олгодог. Энэхүү мөнгөн дэмжлэгийг 2021 оноос эхлэн харьяалах салбарын яамдынх нь төсвөөс олгох юм байна. Энэ ажилд нийт 2457 хүнд 4.2 тэрбумыг төсөвлөжээ.

18. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэнэ

2021 онд тохиож буй Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110, Ардын хувьсгалын 100 жилийн ой зэрэг томоохон тэгш ойн арга хэмжээнүүдийг зохион байгуулахад шаардагдах санхүүжилтийг Соёлын сайдын төсвийн багцад тусгажээ. Мөн соёлын салбарт эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудыг дуусгахаар төлөвлөсөн байна. Тодруулбал, 2020 онд эхлүүлсэн нийт 300.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрын барилгын ажлыг дуусгах аж.

19. Хүүхдийн байцаагчийн орон тоог 140-өөр нэмэгдүүлнэ

Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарах шаардлагатай гэдэг нь сүүлийн жилүүдэд гарч буй гэмт хэрэг, зөрчлүүдээс тодорой харагдах болсон. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 140 хүүхдийн байцаагчийн орон тоог нэмэгдүүлэхэд 2.8 тэрбум төгрөг төсөвлөжээ.

20. Ерөнхийлөгчийн сонгуульд 30.5 тэрбумыг зарцуулна

Монголчууд 2021 онд төрийн тэргүүнээ сонгох найм дахь удаагийнхаа сонгуульд оролцоно. Энэхүү сонгуулийг 30.5 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар төсвийн төсөлд тусгажээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал 2017 оны сонгуулийнхаас 13.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь сонгуулийн насны хүн амын тоо 120 орчим мянгаар нэмэгдсэн, хэсгийн хороодод ажиллах ажилчдын урамшуулалд олгох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн зэрэгтэй холбоотой юм.

21. ЖДҮ, Кино урлагийг дэмжих санд төсөв хуваарилахгүй

Өмнөх парламентын үед УИХ-ын гишүүд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл авсан нь тогтоогдсоноос хойш Засгийн газрын тусгай сангуудын төсөв олны анхаарлыг татах болсон. Үүнтэй холбогдуулан ирэх онд Засгийн газрын тусгай сангуудын төсөв хэдэн төгрөг байхаар тооцсныг танилцуулъя. Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Кино урлагийг дэмжих санд төсөв хуваарилахгүй юм байна.

Холбоотой мэдээ

Хүндээ ээлтэй хотыг бүтээнэ

Аливаа улс, хотын хөгжлийг илтгэх голлох шалгууруудын нэг нь хүүхэд, залуучууд, тусгай хэрэгцээт ирг

2020-10-09

Н.Энхбаяр төрд гарах туйлын хүслээ хүү Э.Батшугараар гүйцэлдүүлэхээр зүтгэж байна

Буцах бэрд унаа тугал нийлэх хамаагүй буюу Э.Батшугарын ээлжит жүжиг МАХН-ын дарга Н.Энхбаяр төрд

2020-10-09

2021 оны төсвийн 21 онцлог

Засгийн газар өнгөрсөн долоо хоногт, хуулийн хугацаанд нь багтаан 2021 оны төсвийн төслөө УИХ-д өргө

2020-10-08

Санал асуулга

Есдүгээр сарын 15-наас хөл хорио цуцлах нь зөв үү, буруу юу?

Үр дүн

Loading ... Loading ...