Германыг 16 жил удирдсан “Төмөр хатагтай”-н асар том орон зай

2021-09-15 Дэд онцлох 0

ХБНГУ-ын төрийг бүтэн 16 жил жолоодсоны эцэст канцлер Ангела Меркел энэ сард болох сонгуульд нэр дэвшихээс татгалзлаа. Ийнхүү тэрбээр Германы түүхэнд өөрийн хүслээр суудлаасаа бууж буй хамгийн анхны удирдагч болж байна.

Хэрвээ шинэ засгийн газар байгуулах яриа хэлэлцээр энэ сарын 26-ныг хүртэл сунжирвал Меркел орчин цагийн Германы төрийг хамгийн удаан барьсан Гельмут Колиос ч олон жил удирдагчийн суудлыг хадгалсан түүхэн хүн болох аж.

Орчин үеийн залуу үеийнхэн өөрөөс нь өөр удирдагч мэддэггүй болтол нь удаан төр барьсан түүнийг шүтэн бишрэгчид нь зөвхөн Германы төдийгүй бүх эрх чөлөөт дэлхийн удирдагч хэмээн өргөмжлөх нь ч бий. Олон улсад ч Меркелийг хамгийн хүчирхэг эмэгтэй гэж дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама түүнийг дэлхийн хамгийн чадварлаг удирдагчдын нэг хэмээн тодорхойлж байсан ч удаатай.

Гэвч Меркел өдгөө ийнхүү маш том орон зайг олон улсын улс төрд үлдээгээд бууж байна. Зарим хүмүүс түүний даруухан, зөвшилцөлд голдуу тулгуурласан удирдах арга барилыг шагшин магтдаг ч Хятад, Орос тэргүүтэй түрэмгий орнуудын эсрэг хатуу чанга байр суурь, бодлого баримталж чаддаггүй хэмээн шүүмжилдэг хүмүүс ч бий.

Жишээлбэл, 2015 онд Меркел дайны хөлд нэрвэгдсэн Сирийн голдуу сая орчим дүрвэгчид эх орныхоо үүд хаалгыг нээн угтсан нь ард түмнийг олон талаар талцуулж байлаа. Түүний энэ арга барилаас болж үндсэрхэг үзэлтнүүдийн хөдөлгөөн эрчимжиж, парламентад хэт барууны үзэлтнүүд олширсон аж.

Мөн байгаль орчинд ээлтэй амлалтуудаараа “Цаг уурын канцлер” гэх хоч хүртэл зүүж байсан тэрбээр агаарыг хамгийн ихээр бохирдуулагч бор нүүрсний хамгийн том үйлдвэрлэгч Герман орныг тэр чигт нь хойч үедээ шилжүүлж буй явдлыг зарим шинжээчид буруушааж байна.

Хүйтэн дайны дараах хүнд хэцүү үеэс эхэлсэн Меркелийн улс төрийн замнал цаашид нөхөхөд хүнд асар том орон зайг үлдээж байгаа бөгөөд түүхчид ч түүний улс төрийн нөлөөлөл, хувь нэмрийн талаар олон жил марталгүй мэтгэлцсээр байх буй заа.

БЕРЛИНИЙ ХАНА

Баруун, зүүн Германыг тусгаарлаж байсан Берлиний хана 1989 онд нурснаар анх зүүн Германы коммунизмын номлогчийн охин Ангела Меркелд улс төрийн ертөнц нээгдэж байв. Тэрбээр 2019 онд Харвардын их сургуульд үг хэлэхдээ тэр үед өдөр бүр шинжлэх ухааны хүрээлэнгээс харих замдаа ханаар дайрдаг байснаа дурссан юм. Тэгэхдээ “Берлиний хана миний боломжуудыг хааж байлаа. Хана жинхэнэ утгаараа замд минь саад болж байсан юм” хэмээжээ.

Тухайн үед 35 настай байсан тэрбээр үргэлжлүүлэн “Гэхдээ аз болж харанхуй хана байсан суурин дээр бидэнд гэнэт маш том хаалга нээгдсэн юм. Тэр бол бусдын ч, миний ч хувьд нээлттэй хаалгаар гарч, хорвоо ертөнцтэй танилцах боломж байлаа. Тэр үед л би шинжлэх ухааны мэргэжлээ орхин улс төрд хөл тавьсан юм. Тэр бол миний амьдралын хамгийн их догдолсон ид шидийн мэт мөч байсан” хэмээн ярьжээ.

Берлиний хана нурсан нь Меркелд маш олон талаар нөлөөлж, түүнийг Германы, Европын улс төрд байр суурь олох, өрнө, дорныг холбоход түлхэц болжээ.

УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛ

Нэгэнт улс төрд хөл тавьсны дараа Меркел маш богино хугацаанд амжилтад хүрсэн юм. Тэрбээр анх уламжлалт, консерватив, эрчүүд давамгайлсан Христийн ардчилсан намд элсч, удалгүй 1990 онд намаа төлөөлөн Германы парламентад сонгогджээ. Канцлер асан Колийн үнэнч дэмжигч тэрбээр дараа жил нь эмэгтэйчүүд, залуусын сайдаар томилогдож, намын орлогч дарга болтлоо дэвшжээ. Улс төрийн замналаа дөнгөж эхлүүлж байсан тэрбээр тухайн үед “Колийн охин” хочтой байжээ.

Гэвч Меркел 1999 оны арванхоёрдугаар сард Колийг огцрохыг шаардаж ард түмний нүдийг орой дээр нь гарагж байв. Тэгэхдээ тэрбээр Коль хандивын дуулианд орооцолдсоноор ард түмний итгэл үнэмшил, намын нэр хүндийг гутаасан хэмээн буруутгаж байлаа.

Тэрбээр “Нам урагш алхах аргаа олох хэрэгтэй. Нам цаашид хуучин дайны морь Гельмут Кольгүйгээр ч улс төрийн өрсөлдөгч нартайгаа нүүр тулахын тулд өөртөө итгэлтэй байх хэрэгтэй” гэж бичиж байв.

Хожим нь Коль түүнийг өөрийнх нь эсрэг байр суурьтай болсон талаар “Би өөрийнхөө алуурчныг өөрөө бэлджээ. Би өөрийнхөө гараар могой барьсан байна” гэж ярьж байв.

ЖИЖИГ АЛХМУУД

Меркел 2005 онд маш бага саналын зөрүүгээр сонгуульд ялж, төрийн жолоог анх атгаж байв. Тухайн үед шүүмжлэгчид түүнийг суудалдаа тийм ч удаан тогтож чадахгүй гэлцэж байлаа. Харин Меркел канцлер болсныхоо дараа анх удаа үг хэлэхдээ “Олон хүн намайг нэг том алхахын оронд олон жижиг алхаж байна гэж шүүмжилж магадгүй. Гэхдээ тэр хүмүүст хандаж хэлэхэд, тийм ээ, бид олон жижиг алхах болно. Тэр нь ч зөв” хэмээн ярьж байлаа.

Түүнийг канцлер болоход цаг үе харьцангуй тогтвортой байсан ч удалгүй Европыг тэр аяар нь донсолгосон олон айхавтар үйл явдлууд ар араасаа өрнөсөн юм.

ЕВРО БҮСИЙН ХЯМРАЛ

Евро бүсийн өртэй холбоотой хямрал 2009 оны сүүлээс эхлэн шүдний өвчин болов. Тэр үед Меркел тивийнхээ нийтлэг валютыг аварч үлдэхийн тулд маш их хүчин чармайлт зарцуулсан. Тэрбээр “Евро сүйрвэл Европ дагаад сүйрнэ” хэмээх байр сууринд бат зогсож байв.

Тэр байр сууриа ч хамгаалахын тулд Меркел Европын бүсийг чангалж, умард Европын хэмнэлттэй байдлын нүүр царай болсон аж. Улмаар албан шахалтаар бүсээ чангалахад хүрсэн Грек зэрэг орнууд Меркелийг хамгийн ихээр үзэн ядаж байлаа. Тэр байтугай Грекийн сонин хэвлэлүүд түүнийг Гитлертэй адилтган бичиж, түүний айлчлал олон жилийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн хөдөлгөөнийг өдөөж байв.

Гэхдээ л үр дүнд нь Меркел Европ тивийг мөхлийн аюулаас аварч чадсан юм. Хожим тэрбээр канцлер байх хугацаандаа хүрсэн хамгийн том амжилт нь дээрх үйл явдал гэж дурссан удаатай.

ДҮРВЭГЧИД
Меркелийн улс төрийн замналыг тодорхойлсон бас нэгэн үйл явдал 2015 оноос эхтэй. Тухайн үед ялангуяа дайны хөлд сөхөрсөн Сири тэргүүтэй улсуудаас дүрвэгчид далай тэнгис гатлан байж Европт ирэх нь олширчээ.

Харин Меркел тэр оныхоо наймдугаар сард дүрвэгчдэд зориулсан хуаран байгуулан Герман орны үүд хаалгыг зовж зүдэрсэн хүмүүст нээж, ард түмэндээ “Wir Schaffen das(Бид үүнийг чадна аа)” хэмээн уриалж байлаа. Тухайн үед Барак Обама түүний хатан зоригийг биширч “Меркел энэ тал дээр түүхэнд бичигдэхүйц зөв байр суурьтай байна” хэмээн магтаж байлаа.

Гэхдээ Меркелийн дүрвэгчдэд ээлтэй энэ бодлого Европыг үзэл санааны хувьд хоёр хэсэг болгон талцуулж, хэт барууны үзэлтнүүдээс хатуу шүүмжлэл сонсож байлаа. Гэсэн ч шүүмжлэл нь хүртэл Меркелийн нэр хүндэд улам сайнаар нөлөөлсөн юм.

ТАХАЛ

Дэлхий дараагийнхаа том асуудалтай тулгарахад Меркел үнэн зөв харилцаа холбоо, ойлголцлын хэчнээн чухлыг үлгэрлэн харуулсан юм. Зарим орны удирдагч нар өөр өөрсдийнхөөрөө муйхарлан зүтгэж байхад Меркел эрдэмтпийнхээ үгийг анхааралтай сонссоор байлаа.

Цар тахлаас болж Германы уян хатан бус дутагдалтай байдал вакцин импортлоход саад болох гэх мэт тал дээр илчлэгдсэн боловч ихэнх германчууд Меркелийг цар тахлын эсрэг зөв, бодитой, үр дүнтэй тэмцсэн гэж хүлээн зөвшөөрдөг.

ӨРНӨ, ДОРНО

Меркелийн удирдсан 16 жилд дэлхийн улс төрийн байдал эрс өөрчлөгдсөн билээ. Вашингтон түүнийг улам хүчирхэгжиж буй Хятад, түрэмгий Оросын эсрэг хатуу чанга байр суурь, бодоготой байхыг шаардаж байв. Гэвч хүйтэн дайны гашууныг нүдээр үзэж өссөн хүүхдийнх хувьд Меркел дахиад нэг хүйтэн дайн болохоос сэргийлэхийн чухлыг хамгийн сайн мэдэж байлаа.

Тэрбээр Хятадын хүний эрхийн зөрчил, Оросын худалдаа, эдийн засгийн асуудлаас аль болох зайлсхийж, заримдаа хөрш орнуудынхаа ярианд ч оролцохоос зайлсхийдэг болжээ.

ХАРИН ОДОО

Өдгөө 67 настай Меркел цаашид дахиж үлс төрийн албан тушаал горилохгүй гэдгээ илэрхийлж, “Би бичмээр, ярьмаар, ууланд авирмаар байгаа юм болов уу. Эсвэл гэртээ баймаар байна уу. Нэг бол дэлхийг тойрон аялмаар ч байгаа юм билүү” гэж энэ сард хэллээ.

Сэтгүүлч түүнээс улс төрийн замнал, эрин үеийнхээ талаар юу гэж боддогийг нь асуухад үргэлж хариулахаас татгалзаж, “Би түүхч хүн биш болохоор урдаа байгаа ажлаа л хийе” гэсэн шүү юм яриад өнгөрдөг байлаа.

Гэхдээ 2019 онд тэрбээр “50 жилийн дараа хүүхдүүд түүхийн номноос таны тухай юу гэж уншаасай гэж боддог вэ” гэх асуултанд тэрбээр “Меркел хичээсэн гэж л уншаасай” гэж хариулжээ.

Эх сурвалж: WASHINGTON POST

Холбоотой мэдээ

Монголд анх 5G сүлжээг 2019 онд туршиж байжээ

Одоогоос гурван жилийн өмнө 2018 оны Пёнчаны өвлийн олимпын үеэр Солонгосын SK telecom компани д

2021-09-17

“Цонхон дээрээ хуулга наалгаад алергигаа мартлаа гэсэн хүмүүс олон байдаг”

Улаанбаатар хотын томоохон барилга, бүтээн байгуулалтуудын цонх, шилэн фасадыг “чимдэг” SafetyFilm б

2021-09-16

“Төр бизнест оролцвол эдийн засаг сэргэхгүй”

Цар тахал дэгдсэн цагаас хойш бүтэн хоёр жил өнгөрч байна. Энэ хугацаанд хөл хорионоос үүдсэн хя

2021-09-16

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тун хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...