Ж.Одонцэцэг: Бид өвөг дээдсийнхээ яснаас холдож, цуснаас тасарч чадахгүй

2021-09-15 Нийгэм 0

Анагаагч Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн ярилцлагаар бид өвөг дээдсээ хэр их мэддэг вэ, өвөг дээдсээ яагаад дээдлэх ёстой, өвөг дээдэс гэж чухам хэнийг хэлээд байгаа тухай тун сонирхолтой яриаг өрнүүлсэн байгаа.

Өвөг дээдэс гэх ойлголт нь яг юуг илэрхийлж байгаа вэ?

Өвөг дээдэс гэдэг ойлголт хүн бүрд өөр, өөр тусдаг. Хүндэлж боддог хэсэг байхад энгийн л мэт санах хүмүүс ч бий. Нэг талаараа өвөг дээдэс гэдэг нь өнгөрсөн цаг үед амьдарч байсан хэн нэгнийг хэлэх мэт боловч нөгөөтээгүүр бидний яс махнаас үл тасрах холбоо сүлбээг илэрхийлдэг.

Өвөг дээдэс минь үеийн үед үргэлжлэх тасралтгүй холбоогоор бидэнтэй холбогдсон байдаг. Тийм ч учраас бид тэдний үлдээсэн ёс жудаг, үзэл бодлыг бага ахуй наснаасаа судалж мэдэх шаардлагатай байдаг.

Өнөөдөр бид хичнээн өвөг дээдсээ хүндэлж байгаа мэт боловч уг үндсийг нь гаргаж ирэлгүй дутуу мэдлэгтэй амьдарч байна шүү дээ. Ердөө урт дээл өмсөж, Монгол гэрт аж төрөх нь дээд үеэс уламжлагдаж ирсэн ёс заншлыг дагасан хэрэг болохгүй.

Ард түмэн энэ талаар ойлголт муутай байх болж. Дээд үеийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байж түүний талаарх ойлголтыг энгийн аргачлалаар олж судлах хэрэгтэй. Мэдээж дээл хувцаснаасаа авахуулаад эдлэл хэрэглэлийг нь судлах нь зөв. Орчин үед хүмүүс урьд өмнөхөөсөө ч илүү уламжлалт хувцсаа мэддэг болсон нь авууштай хэрэг. Цаг үеийн байдалтайгаа хослуулж шинэлэг дээл хувцсыг ихээр үйлдвэрлэж гаргах болсон шүү дээ.

Өвөг дээдэс гэдэг нь хэд хүртэлх үеийг хэлж байгаа вэ?

Үечлэлд хэт их ач холбогдол өгч хуруу даран тоолох бус өөрийн эцгийн эцэг мөн өвөг эцгийн ухаан буюу гал голомтоо хэрхэн цогцлоож авч явдаг байсныг нь сайн мэдэхийг л хэлж байгаа юм. Түүнчлэн энэ талаар мэдлэгтэй боллоо гэж бодоход өвөг эцгийнхээ баримталдаг байсан ёс жудаг, эрүүл мэнддээ анхаардаг байсан аргуудыг илүүтэй мэдэж авах нь чухал.

Өвөг дээдсээ судал гэдэг нь үүнийг л хэлж байгаа болохоос үе бүрээ цээжээр хэлдэг байх гол биш. Тэгж гүн гүнзгий судлах нь таны толгойг эргүүлж, судлах гэж буй гол утга учраас чинь холдуулна.

Сүүлийн үед өвөг дээдсийг нь өөртөө буулгаж уулзуулна гэдэг хүмүүс их олширсон. Мэдээж энэ нь байж болох асуудал хэдий ч, худал хэлж жүжиг тавьдаг эсвэл хэрэггүй зүйл авчирч биед нь наадаг хүмүүс их бий.

Өгөгдөл байхгүй нэгэн хамаагүй тийм зүйлээр оролдож хүний толгой эргүүлж байгаа нь буруу. Түүнийг нь сайн таньж чадвартай эсэхийг нь баталгаажуулж байж өвөг дээдсийнхээ сүнсийг буулгах чухал шийдвэрийг гаргаарай.

Орчин үеийн буюу өөрсдийгөө Z generation гэж нэрлэх залуу үеийнхэн өвөг дээдэс бүү хэл ургийн овгоо ч мэдэхгүй байх тохиолдол байна. Эдгээр хүүхдүүдэд хандаж өвөг дээдсээ мэдэх нь ямар холбогдолтой талаар хэлэхгүй юу?

Бид алхам тутамдаа Монгол ёс заншлаа мэддэг байх хэрэгтэй. Гэхдээ энэ нь “бид бол Чингис хааны босоо монгол удам” гээд цээжээ дэлдээд байхыг хэлэхгүй.

Өвөг дээдсээ мэдэх гол ач холбогдол нь тэдний мэргэн ухаанаас суралцахад оршдог. Улс орны хөгжил нэг хүнээс л эхэлдэг шүү дээ. Хойч ирээдүй болсон залуу үе минь дээд үеийнхээ саруул ухаан, амьдралын туршлагад суралцаж ёс жудаг, зөв амьдралын хэв маягийг нь өлгөж авах нь ирээдүйд нь маш хэрэгтэй.

Өвөг дээдсийн минь амьдралын хэв маягт утга учиргүй зүйл гэж нэгээхэн ч байгаагүй. Сууж босох нь хүртэл цаанаа гүн билэгдэл, учиртай байдаг. Үүнийг таньж мэдэх үе шат нь би ямар удмын хэн гэдэг хүний үргэлжлэл бэ гэдгээ мэдэхээс эхэлнэ. Дараа нь өөрийнхөө онцгой шинж чанар, амьдрах хэвшлийг олж мэдэх хэрэгтэй. Мэргэн ухаан, алсын харааг яаж амьдрал ахуйдаа энгийнээр хэрэглэдэг байсан зэргийг л өөртөө өлгөөд авчих ёстой юм.

Монгол улс минь шударга хэлэхэд Барууны болон Азийн соёлын дунд гацчихсан “эрлийз” байдалд байна. Гаднаа Монгол хүн шиг харагдах боловч цаанаа Монгол ёсоо мэддэггүй, дэг жаяггүй байдал үүсчихсэн. Үүнийг засахын тулд бид амьдралдаа заншил ёсоо хэвшүүлж, энгийн байдлаар үр хүүхдэдээ зааж зөвлөх хэрэгтэй.

Өвөг дээдсээ мэддэггүй эсвэл ойшоодоггүй байх нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
Адаглаад л тэр хүний амьдрал, гэр бүл, ажил үйлсэд нөлөөлж байдаг. Аливаа өндөр хөгжилтэй, сайн яваа улс орныг ажаад байхад өвөг дээдсээ сайн мэддэг, түүнийгээ хайрлан хүндэтгэдэг хүмүүс байдгийг хүн бүр мэднэ. Харин манай улсын хувьд хэдий өвөг дээдсээ яриад байдаг боловч хүндэтгэж хайрлаж чадахгүй байгаад л гол алдаа нь оршино.

Өвөг дээдсийнхээ яснаас холдож, цуснаас тасарч чадахгүй. Холбоо нь үеийн үед үргэлжлэх болно.

Өвөг дээдсээ хүндэлнэ гэдэг нь зургийг нь авдар дээрээ тавьж шүтэн бишрэхийг хэлж байна уу эсвэл сэтгэлдээ тээж нандигнахыг хэлж байна уу?

Хүндлэл гэдэг нь сэтгэлдээ тээж, захиасыг нь амьдралдаа хэрэгжүүлэхийг л хэлж байгаа юм. Сүүлийн үед хүмүүс аливаа зүйлийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон. Гэтэл өвөг дээдэс минь хонины гэдэс гаргах үедээ саахалт айлууддаа тэнцүү хувааж өгдөг сайхан заншилтай байж. Тэр нь эв найрамдлыг эрхэмлэж, харилцаагаа улам нягт болгож буй их ухаан юм. Үүнийг нь хүүхэд багачууд хараад их зөв үлгэр дуурайлал авдаг. Хүндлэл гэдэг ийм энгийн аргачлалаар л бий болдог зүйл.

Харин одоо энэ бүхэн алдагдаж гадаадын соёлд хэт их уусаж байгаа нь л өвөг дээдсээ хүндлэхгүй байгаагийн гол илрэл юм. Хэрэв бид түрүүний дурдсан шиг энгийн зүйл дээр ч уламжлагдаж ирсэн алт шиг үнэтэй ёс заншлуудаа хэрэгжүүлж хэвших юм бол тэднийг хүндэлж байгаа хэрэг юм.

Нөгөө талаас хүн бүрийн яс маханд өвөг дээдсийнх нь өгөгдөл оршиж байдаг юм. Гэр бүлийн хэлхээс дунд нь байсан дайчин нэгний хүч зарим хүний дотор оршиж байдаг. Сайн яваа хүний үйл хэрэг хойч үедээ хадгалагдан үлддэг шиг өвөг дээдсийн онгод сүнс ч хүний дотор оршиж байдаг. Тиймээс хүн гэдэг өөрийн зөн совин, дотоод дуудлагад итгэж байх хэрэгтэй юм.

Өвөг дээдэс үгүй бол бид ч байхгүй нь адил, эдэлж хэрэглэж байгаа бүх зүйлс минь тэр бүхнээс улбаалан үүссэн байх. Харин дотоод өгөгдөл гэдэг ойлголт их өвөрмөц юм. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу.

Бид агуу өвөг дээдэстэй улс. Түүнээс ирсэн өгөгдөл гэдэг нь оюун ухааны чадамж, увдис, шударга зан, амны билэг зэргээр илрэн гарч байдаг. Зургаа дахь мэдрэхүй нь өндөр хөгжсөн эсвэл өвдсөнийг илааршуулах чадвартай онцгой хүмүүст өвөг дээдсээс нь өгсөн өгөгдөл нь өндөр байдаг гэсэн үг.

Нэгэн цагт махан биетэй явсан нэгний сүнсэн бие хойч үе дээ очихдоо сайн сайхан зүйл хийхэд нөлөөлж, дотроос нь илэрч гарч байдаг.

Хүний биеийг хэд базаад хамаг өвчнийг нь авчихдаг нэгнийг улсууд “бариач” гэж дорд үзэнгүй ханддаг. Гэтэл цаад утгадаа тэр хүн чинь өвөг дээдсээсээ авсан хүч, өгөгдлийн бүрэлдэхүүн юм шүү дээ. Түүнийг дорд үзнэ гэдэг нь өвөг дээдсээ үл хүндэтгэж байгаагаас өөрцгүй. Анагаах ухааны харж чадаагүй зүйлийг харж, мэдэрч, эдгээж чаддаг увдистай хүмүүсийг бид хүндлэх хэрэгтэй. Ийм онцгой өгөгдөлтэй төрсөн хэн ч гэсэн түүнээсээ хэзээ ч ичиж болохгүй. Учир нь таны оюун чадал таныг дооглоод сууж буй хүнийхээс илүү байна гэсэн үг.

Уг өвөг дээдсээс ирж буй өгөгдлийг улан доороо гишгэж байгаа нь манай улсын хөгжил хоёр тийшээ ганхахад нөлөөлж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Өгөгдөлтэй хүн өөрийгөө ухаарч ойлгосон бол цаашид чадвараа хэрхэн хөгжүүлэх ёстой вэ?

Зөв аргачлалаар хөгжүүлэх ёстой. Магадгүй зарим хүмүүс авьяасаа мэдмэгцээ хэдэн төгрөг олчихъё, баян больё гэж ханддаг. Гэтэл оюун бодлоо ариун байлгахгүй бол онцгой чадварынх нь хэрэг ч гарахгүй. Хичнээн дээд үеэсээ сүнслэг бэлэг авсан ч махан бие нь булингартай байх юм бол хөрсөндөө орох хугацаа хүртлээ буруу замаар явсаар дуусна.

Сүүлийн үед айл гэрт “нэг бөө, нэг орифлеймчин байна” гэж шоглох болсон. Хэдий тоглоом ч гэлээ бөө нарын тоо эрс ихсэж байгаа нь үнэн. Эдгээр хүмүүс бүгд өгөгдөлтэй гэж ойлгож болох уу?

Тухайн хүн нь өөрийнхөө дотор үнэхээр өгөгдөл байгаа эсэхийг нягталж үзэх л хэрэгтэй. Бусад хүн таныг шүүхээс урьтаж та өөрийгөө шүүх нь чухал. Сэтгэлийн угаас гарч байгаа үг тань зөв байна уу, эргээд зөв бодол болж амнаас тань гарч байгаа эсэхийг анхаарч хараарай.

Болчимгүй зүйл хийх санал ирэх үед нь яаж хүлээж авч байна гэх мэт олон талаас нь өөрийгөө тунгааж бодох хэрэгтэй. Хүний бие л болсон хойно огт сэвгүй байна гэж үгүй. Нийгэмтэйгээ харилцаанд орохын тулд өмсөж зүүхдээ анхааралгүй яах билээ. Гэхдээ эдгээр зүйлсийг зөв хандлага, сэтгэлээр хийж байгаа эсэхээ л бодож үзээрэй. Тэгж бодолгүй бие, сэтгэлийн булингартай хүн мөнгө олохын тулд бөө болох үедээ хүний сэтгэлзүй, амьдралаар тоглож маш их хохирол учруулдаг.

“Өвөөгийн сүнс бууж ирэх гэж байна” гэж хэсэг ярьчхаад дараа нь би бөө биш байсан байна гээд явж байдаг хүмүүс бас байдаг шүү дээ. Тэр яг ямар учиртай вэ?

Утга учраа олоогүй хүмүүс ийм зүйлээр оролдохгүй л байх хэрэгтэй байна. Нэг удаа биедээ сүнс оруулчхаад түүндээ төөрөгдөөд яваад байвал их аюултай. Аажимдаа тэр нь амьдралд нь нөлөөлөөд буруу замаар будаа тээж эхэлнэ.

Монгол түмэн минь эдийн засгийн хувьд дорой гэхээсээ илүү оюуны хувьд л доройтож байна. Жишээ нь эмнэлэгт үзүүлэхэд маш их зардал гарч удаан эмчилгээ хийлгэх байсан толгойдоо гэмтэлтэй хүүхдийг өөрийн гэсэн увдистай бариач бариад эдгээж байхад тэр хүнийг хүмүүс дорд үзэж, дооглох хандлага гарч байна. Энэ нь ямар их оюуны доройтолд орсныг нь харуулж байна.

Бид асар баян байгальд амьдарч байгаа ядуу улс болж. Нэгнээ сайн явахыг харж тэвчдэггүй, унагаж, хэмхэлж орхидог.

Бусдад муу санасан сэтгэл нь эргээд өөрийг нь ороож ажил төрлийг нь нураах, өвчин зовлонд орох шалтгаан болдог. Өвөг дээдсээ үл тоосон энэхүү мунхаг зангаа ухаарч ойлгож чадахгүй бол нийгмээрээ өөдлөхгүй шүү дээ.

Хүмүүс өөрийн оюуны чадамжаасаа ч илүү материаллаг зүйлсээр өөрийгөө “чигжих” болж. Энэ бүхэн нь өвөг дээдсээ үл хүндэлж байгаа хэрэг гэж ойлгож болох уу?

Дотоод өгөгдөл, өөрт заяагдсан мэргэн ухаанаа ашиглаж чадахгүй махан биеийн хүсэлдээ автаж байгааг нь харахад л ойлгомжтой. “Хүн” гэхэд дотоод үзэлрүүгээ орж чадалгүй гадна байрлах “бие” үзэлдээ автчихсан.

Гаднаа хичнээн гоё сайхан хувцас өмсөж, үнэтэй эд хогшил зүүлээ ч махан дотор байгаа бүхнийг халхалж чадахгүй.

Адаглаад л амруугаа хийж байгаа хоолноосоо эхлэх хэрэгтэй. Агуу соёлтой Монгол хүнсээ хэрэглэж гэмээнэ өвөг дээдсээ хүндэлж, дотоод “бие”-ээ зөв бүрэлдүүлэх эхлэл тавигдана.

Хүмүүс үр хүүхдээ асар өндөр төлбөртэй сургуульд сургаад мундаг хүн болгочихно гэж боддог. Хүн чанарт суралцахгүй бол мянга үнэтэй сургуульд яваад яах юм бэ?

Амар аргаар мөнгө олох гэсэн, хүн муутай бол өндөр боловсрол эзэмшээд ч нэмэргүй.

Адаглаад хоолоо зөв идэх хэрэгтэй гэдгийг арай дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч? Яг ямар хүнсийг “зөв” гэж тодотгож байна вэ? Монгол хүн ямар хоол идэх ёстой бэ?

Монгол хүн монгол хоолоо л идэх хэрэгтэй. Би дээхэн үед Солонгост ажиллаж байгаад ирсэн залуутай хэсэг хуурч хөөрсөн юм. Тэр надад “Солонгосоос орж ирж байгаа гахайн махыг л битгий идээрэй” гэж аминчлан захиж билээ.

Тэнд байхдаа гахайн фермд ажилладаг байсан юм. Гэтэл Солонгосчууд гахайг химийн бодисоор бордож хүчээр үржүүлээд тэр махаа манайхруу гаргадаг байсан гэнэ. Нөгөө махыг нь бид нар амаа олохгүй иддэг. Химийн бодисоор бордсон мах хүний биед ямар л олиг байв гэж.

Монгол улс нь өргөн уудам нутагтаа өсөж үржих олон малын эзэн. Бүгд байгаль дээр өссөн эрүүл малнууд гэхээр уг нь бидний хувьд том тансаглал шүү дээ.

Монгол малын махаар ямар ч хоол хийж идсэн биед эм болно.

Тэр махаа л идэж байвал бид эрүүл саруул, айх зүйлгүй амьдарна. Даан ч химээр бордуулсан гахайн махаа халуун ногоонд хуурч идсээр байгаад гэдэс ходоодны өвчлөл нь тэргүүн эгнээнд жагсдаг болчихсон.

Бидний эцэг эх шинэ махаар шөл гаргаж, өөхөн тосонд боорцог хайрч биднийг хүн болгосон шүү дээ. Таван хошуу малаа ихэд дээдэлж хүндэлдэг, элдэв бодис шахдаггүй улсууд юм. Бэлчээрт гаргахдаа хоёр энгэрийг нь шилж сонгож байж бэлчүүлдэг сайхан ард түмэн.

Гэтэл бид гадаадын юманд хошуурч байгаа нь нөгөө л өвөг дээдсээ үл хүндэтгэж байгаа хэлбэр юм.

Бидний өвөг дээдсийн агуу ген одоо ч бидний дотор байгаа. Жижиг зүйл дээр ч бид өвөг дээдэс, ёс заншлаа дээдэлж байх хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ

Монголд анх 5G сүлжээг 2019 онд туршиж байжээ

Одоогоос гурван жилийн өмнө 2018 оны Пёнчаны өвлийн олимпын үеэр Солонгосын SK telecom компани д

2021-09-17

Ойн салбарын ажилчдын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ойн салбарын ажилчдын өдрийг

2021-09-17

Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайн Ван И-тэй уулзав

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 9 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Душанбе хотноо болж буй ШХАБ-ы

2021-09-16

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тун хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...