“Төр бизнест оролцвол эдийн засаг сэргэхгүй”

2021-09-16 Дэд онцлох 0

Цар тахал дэгдсэн цагаас хойш бүтэн хоёр жил өнгөрч байна. Энэ хугацаанд хөл хорионоос үүдсэн хямралын сүүдэр бизнесийн салбарыг туйлдуулсан. Харин Засгийн газар энэ жилийг цар тахлын дараах эдийн засгийн их сэргэлтийн гарааны жил болно гэж өөдрөгөөр харж байна. Экспорт нэмэгдэж, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжин төр, хувийн хэвшлийнхэн хамтран ажиллах зэргээр хямарсан эдийн засгаа сэргээх нь. Энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр хэлсэн үгэндээ “Энэ оныг цар тахлаас үүдэн хүндэрсэн бизнес, эдийн засгаа сэргээх чухал үе хэмээн үзэж, төр засаг-бизнесийнхний итгэл, ойлголцлыг шинэ шатанд гаргаж, байгаа боломжоо ашигласан, халамжаас хөдөлмөрт, олборлохоос бүтээмжид, импортоос экспортод шилжих хэрэгтэй” гэсэн юм.

Тэрбээр баялаг бүтээгчидтэй уулзах үеэр Covid-19 цар тахлын дараах эдийн засгийн их сэргэлтийн гарааны жил байхын төлөө хамтран ажиллахыг уриалсан юм.

Цааш нь үргэлжлүүлэн “УИХ-аас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Баялаг бүтээгчдээ дэмжих ажилд хамтран оролцож, шүүмжлэгч няцаагч биш, нэг зүгт харж, нэг бодлогоор бизнесийн орчноо хөгжүүлэх цаг болсон. Нэмүү өртөг шингээж байгаа үйлдвэрлэгчид бол жинхэнэ баялаг бүтээгчид” гэдгийг онцолсон.

Нэг үеэ бодвол төр хувийн хэвшлийнхний үгийг сонсдог болсон нь сайн хэрэг. Өөдрөг төсөөллөөр бол энэ жил эдийн засаг сэргэх нь. Бодит байдал дээр өнөөдөр цар тахалд улсаараа нэрвэгдэж, эдийн засгийн гол хөдөлгүүр болсон нүүрсний экспорт тэг зогсч, төмөр замгүйн улмаас хойд хөршид алтан боломжоо алдсан. Ачаа тээврийн гацалтаас үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн зэрэг тахлын үеийн хямралд бүгд өртөж байна.

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас аж ахуйн нэгжүүдээс бизнесээ сэргээхэд тулгарч буй бэрхшээл, дэмжлэгийн талаар тодруулах судалгааны дүнгээр хөл хорио, тээвэр ложистикийн асуудал бизнесийн орчинд хамгийн их саад болжээ. Уг судалаганы дүнгээр хөл хорионы нөлөө, тээвэр логистик доголдсны улмаас бизнес эрхлэгчид эргэлтийн хөрөнгийн хомстолд орсон бол завсрын түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид бараа, үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй зэрэг хүндрэл гарчээ. Мөн бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахад тулгарч буй саад бэрхшээлийг эрэмлэхэд,

бэлэн мөнгөний /эргэлтийн хомстол/
бизнес эрхлэх тодорхойгүй нөхцөл байдал
тээвэр ложистиктой холбогдох удаашрал, тасалдал гэсэн гурван асуудал хамгийн хүндрэлтэй байгааг судалгаанд оролцогчид дурджээ.

ЦАР ТАХЛЫН ДАРАА ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭНЭ ГЭЖ ТААХАД БЭРХ

Эдийн засагчдын зүгээс төр бизнест оролцох бус хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлэх нь эдийн засаг сэргэх хөшүүрэг болно гэх байрь суурьтай байгаа юм.

Эдийн засагч Ж.ҮНЭНБАТ:

-Эдийн засгийг сэргээх нь дунд болон урт хугацааны бодлого. Цар тахлын үед эдийн засаг нэлээн агшсан. Төрөөс явуулж буй эдийн засгийн бодлого аль болох аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ дэмжсэн, хөнгөлөлттэй, татаастай л дэмжлэг. Одоо бол аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг аль болох зах зээлийн нөхцөл рүү хурдан шилжүүлж чадвал эдийн засаг богино хугацаанд сэргэх дэмжлэг болно. Төр бизнест оролцох бус бизнесийг дэд бүтэцтэй, хууль засаглах ёсыг төлөвшүүлэхэд анхаарлаа хандуулах ёстой.

Эдийн засагч Д.ДАВААДОРЖ:

-Төр бизнес эрхлэгчидтэй уулзаж ойлгох гэж оролдож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ Засгийн газар бизнес рүү хэт хутгалдаж буйгаас эдийн засаг хөгжихгүй байна гэж харж байна. Төр зах зээлийн боломжуудыг хувийн сектороос булааж, хөгжүүлэх боломжийг нь өөрсдөө хааж байна. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх боломж байгааг мэдэж байгаа ч нөхцөлийг нь бүрдүүлэхгүй байна. Цар тахлаар далимдуулан төвлөрсөн байдалтай харагдаж байна.

Эдийн засгийг хурдан сэргээе гэвэл хувийн секторыг ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх шаардлагатай. Үүнийг зөв ойлгож хэрэгжүүлэхгүй бол төр засаг нь аж ахуйн нэгжүүдтэй булаалцаж, төсвийн хөрөнгө оруулалтыг нэмж бизнесийн орчинг дэмжих нь үр дүнгүй байна. Монголын нөхцөлд тохирохгүй байна.

Үүний оронд хувийн секторт төсөв бүрдүүлдэг татвараас нь хөнгөлж, эдийн засагт нэмэр болохуйц зүйлд зарцуулбал илүү үр ашигтай. Энгийн жишээ татвал, миний цалингаас татвар авчхаад өөр зүйлд зарцуулбал татвар өгөх дургүй болно. Хэрэв татварыг надад үлдээвэл би өөрт хэрэгцээтэй зүйлд хэнээс ч асуухгүй зарцуулна. Эдийн засаг бол ийм зарчимтай. Гэтэл төр засгаас хувцас, гутал хийе, машин үйлдвэрлэе гэдэг шийдэл хэрэггүй.

Бизнес эрхлэгчдийн ярьж буй гол асуудал нь хэт их татвар. Ялангуяа нийгмийн даатгалын шимтгэл маш өндөр байна. Энэ нь социалист нийгмээс үлдсэн тэр бүтэц хэмээрээ л явж байна гэсэн үг.

Ер нь цар тахлын дараа эдийн засаг сэргэнэ гэж таахад бэрх. Аль ч улс орнууд эдийн засаг сэргэх тухай хэлж чадахгүй байна. Бидний хамгийн их алдаж байгаа зүйл нь тээвэр, ложистик. Тээвэрт маш их зардал гарч байгааг хүн бүр мэдэж байгаа. Хэрэв төмөр замаа 20 жилийн өмнө барьсан бол өнөөдрийн нөхцөл байдал өөр байх байсан. Одоо маш өндөр өртөгтэй тээврээр гаднаас бараа авч бас гаргаж байна. Үүнийг л зохицуулж тээврийн хамгийн хямд өртөгтэй асуудлыг шийдвэрлэх нь илэрхий байна. Хэдий гоё төлөвлөгөөнүүд ярьж байгаа ч дорвитой сайн зүйл харагдахгүй байна гэлээ.

Холбоотой мэдээ

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Зэсийн үнэ 10 мянган доллар давав

Дэлхийн хэмжээнд эрчим хүчний хямрал хүндэрч, нийлүүлэлт огцом буурсан нь зэсийн үнэ өсөхөд голл

2021-10-19

БНАСАУ Японы тэнгис рүү пуужин харвалаа

БНАСАУ өнөөдөр (2021.10.19) Японы эргийн ойролцоох тэнгист үл мэдэгдэх пуужин харвасан талаар Яп

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...