Ж.Одонцэцэг: Байгаль дэлхийгээсээ эрчмээ авч, биеэ эмчилдэг эртний монгол ухаан өнөөг хүртэл бидний дотор оршсоор байгаа

2021-09-19 Дэд онцлох 0

“Гүн төгс наран” ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн ярилцлагын гол онцлог бол эрс тэс уур амьсгалд эрүүл мэндээ хэрхэн тордох ёстой болон коронавирусын халдварын хурцадмал цаг үед дархлаагаа хамгаалах талаар хүүрнэлээ.

Намрын налгар өдрүүд ирж байгаатай холбогдуулан зуны гурван сарыг хэрхэн өнгөрөөсөн талаараа бидэнтэй хуваалцахгүй юу?

Уншигч олондоо намар цагийн мэндийг хүргэе. Миний хувьд зуны саруудыг төрсөн нутагтаа очиж байгальд бие сэтгэлээ ариусгахад зориулсан гэдгээр ярилцлагаа эхэлье.

Завхан аймгийн Шилүүстэй сумдаа очиж, цаашаа Отгон сумын Отгонтэнгэр хайрхандаа очиж мөргөн, түмэн олныхоо эх нутгаа хэрхэн хайрлан шүтэж байгааг харж сэтгэлээ баясгаж явлаа. Амралт дундаас хамгийн сэтгэлд тод үлдсэн мөчүүдийн нэг бол Завхан голын эрэг дээр өнгөрөөсөн тав хоног байсан.

Түүгээр аялж яваа хүмүүсийг ажингаа урсах голын эрчмийг мэдэрч, уулын бэлд орших булгаас хүртэнгээ хүн болоод байгаль хоёрын холбоосыг мэдрэхэд сэтгэл сэргэж, алдагдсан энерги маань нөхөгдсөн.

Энэ зун ард иргэд коронавирусын захирамжийн дагуу аялал зугаалгад гарсан. Хот, орон нутгийн ялгаагүй бүгд засгийн газраас гаргасан дүрэм журмынхаа дагуу амралт зугаалгаа зохицуулж байсан шүү дээ. Миний хувьд орон нутгаар амарч байх үедээ нутаг бүрийн хүмүүс хэрхэн коронавирустэй тэмцэж, дархлаагаа хамгаалж байгааг мөн судалж байсан юм.

Манай Монгол түмэн төрсөн нутагтаа элэгтэй хүмүүс байдаг. Сэтгэл санаагаа сэргээх, эрч хүчээ нөхөх зорилгоор төрсөн нутгийн зүг жолоо мушгидаг. Тэгвэл энерги авна гэдэг нь яг юуг хэлж байгаа вэ? Бидний нүдэнд харагддаггүй ч үнэхээр бодитой зүйл байдаг уу? Эсвэл “сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ” гэдэг шиг сэтгэлийн зүйл байдаг юм болов уу?

Хэдий бид аймаг, аймгаараа тусгаарлагдсан мэт боловч уул ус ургамал амьтан гэдэг бүгд нэг юмыг хэлж байдаг. Цэцгийн үндэс салаалан байдгийн адил уул ус, ургамал амьтан ч мөн нэг ундаргаас урган гарсан цогц зүйлийн нийлбэр.

Хүмүүн бид сэтгэлийнхээ заслаар аливаа зүйлийг хуваарилан зааглаж, нэр оноож нийгмийн амьдралынхаа бүрдлийг бий болгож байдаг шүү дээ. Энерги гэдэг нь хэдий нүдэнд харагдахгүй зүйл ч гэлээ бидний бие гадна болон дотор эрчлэгдэн оршиж байдаг юм. Бидний амьдралын үйл хэргийг засаж, бие махбодыг тэтгэж байдаг зүйл нь энерги. Нутагтаа оччихоод ирсэн хүмүүс өвчин эдгэрч, ажил үйлс бүтлээ гэж ярьдаг.

Нэг ёсондоо хүмүүс бид газар эх байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой бөгөөд түүгээр дамжин орж ирэх энерги нь цахилгаан тог мэт хүний биед эргэлдэж байдаг юм. Бид цахилгаан барааг цэнэглэхгүй удаан ажиллуулбал унтарч ажиллахаа больдог шүү дээ. Түүний адилаар хүмүүс бид ч энергийн хувьд унтарсан явах нь бий. Тэр мөчид л бид онгон байгаль дээрээ очиж өөрсдийгөө цэнэглэх ёстой юм.

Энерги авах үйл явц зөвхөн байгальд өрнөдөг гэж таны ярианаас ойлголоо. Эсвэл өөр зүйлээс ч мөн авах боломжтой юу?

Уул ус, байгаль эх, сансар огторгуй, од эрхсээс энерги авах боломжтой. Бидний аманд үе, үе хэлэгддэг, хүн төрөлхтөний дээр мэлтийн оршдог, бусад одноос илүү онцгой долоон бурхан од гэж бий. Түүнээс ч бид эрч хүч энерги авч байдаг.

Хүмүүс бидний амьдарч байгаа, хүрээлэн оршиж байгаа бүхий л зүйлс бидэнд энерги өгч байдаг нь туйлын үнэн юм. Бид завгүй хотод маш их хөл хөдөлгөөн дунд, машины дуу чимээ, утаа униар дунд өдөр тутмын амьдралаа өрнүүлж байдаг. Энэ бүхэн бидний энергийг туйлд нь хүртэл эцээж байдаг шүү дээ.

Хөдөө талын хамгийн сайхан зүйл нь эрх чөлөөтэй, онгон дагшин тал газар нь юм. Би сая Отгонтэнгэр уулнаас энерги авсан тухайгаа ярьсан. Яг л түүний адил замд таарсан бүхий л уул толгодоос энерги авч байсан юм шүү дээ. Зөвхөн би ч биш хүн бүрд адилхан. Бүр хөдөө гадаа аялалд гарах гээд зэхэх үедээ зам харгуйгаас ч энерги авч эхэлж байдаг. Иймд хүн болгон аливаа зүйлд сэтгэлийнхээ угаас хандаж, уг үйл явцыг сайн мэдэрч хүлээж авах нь чухал.

Хүн энергигүй болсон эсэхээ яаж мэддэг вэ?

Бүх зүйл сэтгэлээс урган гарч байдаг. Нэг өгүүлбэр бичихэд ч сэтгэл хэрэгтэй. Харин энерги нь багассан хүний хувьд бие сульдах, өвчин эмгэг ороох шинж тэмдэг илрэхээс авахуулаад ажил үйлс бүтэхгүй байх, амнаас гарах үг нь буруу зөрүү болж уур уцаар ихсэх гэх мэт шинж тэмдгүүд илэрч эхэлдэгийг бид бүгд сайн мэднэ. Тэгэхээр алдагдсан эрчим хүчээ нөхөхийн тулд заавал хол явах гэлгүй байгаа орчноосоо аль болох нөхөөд явахыг хичээх хэрэгтэй. Өөрөө өөртөө эзэн байж чадах юм бол хэзээ, хаана ч өөрчлөлт хийх боломжтой байдаг. Маш их стресстэй хэцүү үедээ агаар амьсгалангаа нүдээ анин түр амсхийж хөх тэнгэр, алтан нар, өвөг дээдэстээ сэтгэлийнхээ өчигийг шившин залбирч байгаарай. Харин оройн цагаар од, сар, эрхэстээ залбирч өөрийгөө даатгаж байх хэрэгтэй. Хотын ихэнх хэсэгт уулын толгод харагддаг. Тэр бүгдээс энерги авах бүрэн боломжтой.

Бүх юм энгийнээс эхэлнэ. Бүх юм алхам тутмаас эхэлдэг.

Намрын улирал эхэлж байгаатай холбогдуулан сэрүүн цаг уурт хүмүүс юун дээрээ илүү анхаарах ёстой талаар болон таны хийдэг эмчилгээнд ямар өөрчлөлт ордог талаар ярилцъя.

Намрын улирал нь эрс тэс уур амьсгалын хамгийн оргил хэсэг. Халуун улирлаас хүйтэнд шилжиж байгаа учраас хүмүүсийн бие эмзэг хүлээж авах нь бий. Мөн нэг өдөр нь дулаахан мөртлөө маргааш нь хүйтэн болох зэргээр хямралтай байдал үүсдэг. Ийм цаг уурт ямар ч өвчин сэдэрч гарч ирэх хандлагатай байдаг.

Тэр дундаа хоолойны үрэвслээс улбаалсан хэрх өвчин буюу Ревматизм илүүтэй эмзэг болдог. Амарсан ч бай амраагүй ч бай эрс тэс уур амьсгалд хууч өвчин сэдэрч, бие эмзэг болох боломжтой. Тиймээс биедээ маш сайн анхаарал хандуулж, хувцаслалт, орчин нөхцөл, идэж ууж байгаа хүнсэндээ ач холбогдол өгөх шаардлагатай юм шүү.

Намрын улиралд хүнс ногоонууд бүгд шинэчлэгдэж гарч ирдэг учир тэдгээр шинэ ургацын хүнсийг түлхүү хэрэглэж биедээ тохирсон хоолны дэглэмийг барих нь чухал. Ногоо идэх сайн гэсний зоргоор тааралдсан болгоноо идээд байж болохгүй. Биеийнхээ онцлогт тохирсон ногоог тааруулж идэх нь л жинхэнэ шим тэжээл болно.

Бүх зүйлс хувьсан өөрчлөгдөж байдаг. Хавар соёлж зундаа ургаж гүйцсэн ногоо, ургамлыг намартаа хурааж авдаг. Тэдгээр хүнсийг хэрэглэх нь таны биеийг гайхалтай тордож өгдөг. Байгаль дээр ургаж болсон ургамал ногоог хэрэглэх нь бидний эд эсийг сэргээн тэтгэж байдаг юм шүү дээ. Хамгийн гол нь судалж байгаад дэс дараалалтай, зөв голдирлоор ууж, идэх нь чухал.

Хэрвээ та хэрхэн зөв хэрэглэхээ сайн мэдэхгүй байгаа бол өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн ном судар дээрээс ямар өвчинд аль ургамлыг ууж өөрийгөө анагаах талаар мэдэх бүрэн боломжтой.

Хүний бие аль улиралд өвчин тусахдаа хамгийн хурдан байдаг вэ?

Хүйтний улиралд хүний бие хамгийн өвчлөмтгий болдог боловч биеийн онцлогоосоо шалтгаалан улирал үл хамааран хүнд байх нь ч бий. Ерөнхийдөө хүйтний улиралд бүхий л талаасаа хүний биеийн байдал хүндэрч эхэлдэг. Цар тахалтай энэ хүнд цагт сэрүүний улиралд бид маш анхаарал болгоомжтой байх ёстой. Тэр дундаа суурь өвчнөө барьж авах хэрэгтэй.

Зуны улиралд коронавирусын өдөрт бүртгэгдэх тоо 1000 дотор багтаж байсан бол одоо 3000, 4000 давж гарч байгаа. Энэ талаар таны бодол?

Зун ихэнх хүмүүс хотоос гарч амралтын байдалтай байсан учраас халдварын тархац харьцангуй бага байсан. Коронавирус тархахаас өмнө ханиад томуу байж л байсан. Бие султай хүн ханиаданд илүү өртөмтгий байдаг. Үүнтэй адил коронавирус ч гэсэн дархлаа нь сул байгаа, суурь өвчтэй хүмүүст илүү хүнд тусч байгаа юм. Харин дархлаа сайтай хүмүүс нь илүү хөнгөн тусаад өнгөрч байгаа. Ингээд харахад зарим хүмүүс коронавирусын зүгээр ханиад гэж ярих нь ч сонсогдож байна. Тиймээс дархлаагаа хэр хамгаалж чадна түүнийхээ хирээр аюулаас мултарч чадах юм.

Тэгэхгүй хоёр талд талцаж хөл хорио тавих ёстой, үгүй тал дээр маргалдаж өөрсдийгөө зовоох хэрэггүй. Хөл хорио тавьсан ч бай, тавиагүй ч бай, 3 дахь тунг хийлгэсэн ч бай, үгүй ч бай эцсийн мөчид таны дархлаа сул байх юм бол халдвар авах нь хормын л асуудал.

“Идэж буй хоол хүнсэндээ судалгаатай, ажил амралтаа зохицуулж чаддаг, байгаль эхийн хэмнэлийг зөв зохистой хэрэгжүүлж чадсанаар хүн та халдварт нэрвэгдэхгүй”

Өдгөө вакцинжуулалтын гуравдугаар аян өрнөж байгаа. Үүнийг та дэмжиж байгаа юу?

Хүмүүсийн сэтгэлзүйг боох байдлаар вакцины гуравдугаар тунг хийж байна. Хэрвээ хийлгэхгүй бол өвдөнө, заавал хийлгэ гэх маягаар. Би “битгий хийлгэ” гэж уриалж байгаа хэрэг биш. Гэхдээ эсрэг байр суурьтай байгаагаа хатуу хэлмээр байна. Тухайн хүний ирээдүйн эрүүл мэндэд санаа зовсондоо л ингэж хэлж байгааг минь ойлгоорой.

Өөрийнх нь эрүүл мэндээс авахуулаад үр хойчид нь ч нөлөөлөх боломжтой. Хүний бие өөрийн гэсэн дархлааны цогц системтэй байдаг. Юу юунаас ч илүү дархлааны системтэй мөртлөө түүнийгээ гадны биетээр юу ч үгүй устгуулж байна. Тиймээс би эсэргүүцэж байгаа, хүсэхгүй байгаа хүмүүст албан шахалтаар битгий хийгээсэй ч гэж хүсэж байна. Учир нь зарим хүмүүсийн хувьд нэгдэх тунгаа хийлгээд л цус нь улам өтгөрч суурь өвчин нь хөдөлсөн, хоёрдахь тунгаа хийлгээд цус илүүтэй өтгөрч суурь өвчин нь тухайн хүнээ мөхөлд ч аваачиж байна.

За ингээд нэг талаасаа хэлэхэд цус нь өтгөрснөөр тухайн хүний мэдэхгүй байсан суурь өвчин нь илэрсэн нь хэрэгтэй зүйл болсон. Нөгөө талаараа вакцины уршигаар цус нь илүүтэй өтгөрч байнгын зовиуртай болсон нь ч олон байна. Тэгэхээр зөвхөн энэ ханиаднаас сэргийлэхийн тулд вакцин хийлгэж суурь өвчнөө сэдрээж үүндээ хамаг байдгаа алдаж байгаа хүмүүст дахин 3-р тунг хийж дархлааг илүү унагаж ханиад биш суурь өвчнөөр нь энэ хорвоогоос халиулсаар байх уу!!!

Бүх зүйлд хэмжээ хязгаар, утга учир оршдог юм. Аливаа үнийн хөөрөгдөл хэрээс хэтэрч, үүнд нь ард түмэн үнэндээ туйлдаж, оюуны бөгөөд бие махбодийн дархлаагаа маш ихээр унагааж байна шүү дээ.

2-р тунгаа хийлгэсэн ч бай хийлгээгүй ч бай хүн амын дийлэнх хувь нь халдвар аван, зарим хэсэг нь эмнэлгээр, зарим хэсэг нь гэрээр гээд өөрсдийнхөө аргаар эмчилгээ хийн бие махбодио тэнхрүүлж байгаа.

Тиймээс 3-р тун гэхийн оронд ард түмнийхээ дархлааг дэмжих бодлого хэрэгжүүлээч. Цаашлаад бид бүгдийн хоол хүнсэнд өргөн хэрэглэгддэг мах ногооныхоо үнийг бууруулах тал дээр арга хэмжээ авбал илүү бодитой үр дүн гарах болов уу. Энэ чинь л ард түмнийхээ дархлааг дэмжиж байгаа хэрэг.

Тахлаас эмээж байгаа иргэдийн сэтгэл дээр дөрөөлж шахалт үүсгэхээ болих хэрэгтэй. Үүний эсрэг бидний хийж чадах зүйл бол вакцин гэхээсээ илүү өөрсдийн суурь өвчнөө ойлгож дархлаагаа хамгаалах л юм шүү. Энэ өвчин шууд л вакцин хийх үед эсвэл хорио тавих үед алга болдог өвчин биш. Сүрьеэ гэх тогтоцтой өвчинтэй адил.

Танд коронавирустэй өвчтөн хандаж байсан уу?

Ойр дотны хүмүүс минь ч халдвар авсан тохиолдол багагүй гарлаа, эмчилгээ хийлгээд гарч ирсэн улсууд дархлаагаа сайжруулах гэж багагүй холбогдлоо. Хэрвээ халдвар авсан хүн над дээр ирвэл би эдгээх талаас нь чадах бүхнээ хийж ажиллана. Дэлхий даяар тархсан асар хүнд өвчин гэдгийг нь ойлгож байгаа хэдий ч надад өгөгдсөн байгалийн өгөгдлийн дагуу хөнгөн, хүнд хэлбэрийн өвчтөнүүдийг эдгээх бололцоо нь надад бий.

Монголчууд бид өвөг дээдэс гэх агуу өгөгдөлтэй улс. Бусад улс гүрнээс ялгагдах гол онцлог шинж нь л тэр шүү дээ. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн оюун ухаан, зан заншил болоод байгаль эх, газар дэлхийгээсээ эрчим авах арга барил нь дахин давтагдашгүй.

Байгаль дэлхийгээсээ эрчмээ авч, биеэ эмчилдэг эртний монгол ухаан өнөөг хүртэл бидний дотор оршисоор байгаа.

Хэт туйлширч гадны эмчилгээ, арга ухааныг үгүйсгэ гэж хэлж байгаа биш шүү. Европ анагаах ухаанаас авах зүйл олон бий. Юун дээр алийг нь ашиглах уу гэдгээ л сайн тунгаах нь зүйтэй. Манай уламжлалт эмчилгээ дэлхийд хосгүй үнэт зүйл юм. Өвөг дээдсийнхээ уламжлалт эмчилгээ болох өвс ургамал, байгаль эхийн охь дээж болсон ургамал ногоог идэж ундаалдаг малын мах болон түүнээс гарч буй сүү цагаан идээг түлхүү хэрэглэх хэрэгтэй шүү.

Хүмүүс аялах явцдаа маш олон шинэ санааг өвөртөлж ирдэг шүү дээ. Энэ зун нутагтаа очоод ирсэн таны хувьд юуг шинээр ойлгож авсан бэ?

Шинээр ойлгож авсан зүйлээ хуучин туршлагатайгаа хослуулж хэмээнэ хамгийн зөв шийдэл гардаг.

Би нутагтаа очилгүй 14 жил болсон. Гэтэл энэ хугацаа нүд ирмэх зуурт л өнгөрсөн мэт санагдаж байна. Өмнө нь нутагтаа амьдарч байхдаа анзаардаггүй байсан байгалийн гоо үзэсгэлэн, амар амгалангаа сая очихдоо маш сайн анзаарч, бие махбодиороо мэдэрлээ. Хөдөө нутгийн амар амгалан гэдэг дээдийн жаргал байдаг юм байна.

Түмэн олондоо хандаж хэлэхэд сэтгэлийн амар амгалан гэдэг тайван онгон тал газарт оршдог юм байна. Сэтгэл тайван байхад хүний дархлаа хамгийн өндөр байж чаддаг. Нөгөө талаасаа залуу гэр бүлүүдийн хувьд хотод ирж амьдрах гэж улайран зүтгэхийн оронд хөдөө нутагтаа амьдралаа босгож, үр хүүхдээ тайван орчинд сурган хүмүүжүүлэх нь өнөөдөр хамгийн зөв сонголт.

Тэгэхээр бие нь тавгүйрхэж байгаа, халдвар авах эрсдэл өндөр байгаа хүмүүстээ хөдөө нутагт очиж амар тайван дунд өөрийхөө дархлааг дэмжээрэй хэмээн уриалмаар байна.

Уул усныхаа сайхныг гайхаж, эрүүл хөрстэй газарт нь хөрвөөж, өглөө бүр тал газрын амар тайвныг мэдэрч чадвал сэтгэлийн амар тайван бүрдэнэ

Таны эмчилгээний талаар ярилцъя. Танд ханддаг өвчтөнүүд ихэвчлэн ямар асуудлаар хандаж байна?

Намайг зориод ирдэг үйлчлүүлэгчдийн дийлэнх асуудал нь зүрх судасны өвчин байдаг. Цус нь өтгөн, ходоод үрэвссэн, тархины судас нарийссан, нойр булчирхай үрэвсэлтэй онош хүн бүрд их бага хэмжээгээр байна. Түүний дараа яригдах асуудал нь тулгуур эрхтэн буюу ууц нурууны суулт орно. Тиймээс хүмүүсийг энэ асуудал дээрээ илүү анхаараасай гэж хүсэж байна. Би өмнөх ярилцлагууд дээрээ ч энэ тухай хэлж л байсан. Одоо ч дахин хэлж байна.

Ер нь үүнийг би хаана ч дахин давтаж ярихаас өөр аргагүй байгаа юм. Учир нь хүний өдөр тутамдаа гамнаж байх ёстой эрүүл мэндийн “тулгын гурван чулуу” бол аалзны тор шиг хэрэн судсаар тань урсаж буй цус, таван цул, тулгуур эрхтэн юм. Энэ гурвыг эрүүл чигээр нь хадгалахын тулд бид өдөр тутмын ажил үйлсээ зохицуулж дэс дарааллыг нь зөв тодорхойлох хэрэгтэй. ОХУ-ын агуу нэрт физиологич И.П.Павлов ийнхүү хэлсэн байдаг.

“Хүн ямар ч ажил хийхийн өмнө дэс дарааг зөв тодорхойлж өгөх хэрэгтэй” гэж. Тиймээс бид энэ амьдралдаа эрдэмтэн судлаач болон өвөг дээдсийнхээ үгийг тусгаж хэрэгжүүлдэг байх нь чухал.

Жин харгалзахгүй хүн бүрийн нуруу суулттай байна гэдэг нэгэн төрлийн дохио ирж буй хэрэг.

Юуны дохио ирж байгаа гэсэн үг вэ?

Нэг талаасаа бидний амьдралын хэв маяг хэт их өөрчлөгдсөнөөс болж байгаа. Хүн бүрийн биед тодорхой хэмжээний асуудал үүссэн, эрүүл бус байдал давамгайлж байгаа нь өнөөдрийн бидний хөдөлгөөний дутагдал, хоол хүнс, стресс бухимдалтай шууд холбоотой. Газар хөдлөлт их ойр ойрхон болж байгааг та бүхэн мэдэж байгаа. Бүхий л дохиог холбож ойлгож нэг дүгнэлт хийх цаг нь болсон.

Жаргалдаа ташуурч, шуналдаа хөтлөгдөн байгаль эхтэйгээ зүй бусаар харьцаж байгаа нь биднийг юунд дагуулж байна вэ? Магадгүй зарим хүмүүс намайг дэмий бурж байна гэж бодож мэднэ. Миний ярианы 50 хувьтай санал нийлэх ч хүн байж болно.

Бид өөрт олгогддог сайн сайхан зүйлийг буруу аргаар ашиглах гэж оролдоод сүйрүүлчих тохиолдол бүх талбарт гардаг. Жишээ нь нэг хэсэг бөө удган маш ихээр дэлгэрсэн Өвөг дээдэс бууж ирлээ гээд хүмүүс их баярладаг боловч сүүлдээ ашгийн төлөө “жүжигчид” маш олноороо гарч ирсэн.

Сүүлийн үеийн хүүхдүүдийн IQ, EQ зэрэг нь маш өндөр болсон. Энэ нь жинхэнэ мөн чанартаа өвөг дээдэс минь эргэн ирж бидэн дээр бууж байгаа хэлбэр юм. Зүгээр л нэгэн эриний хүүхдүүд гэнэт ийм ухаантай төрнө гэж байхгүй. Цаанаа маш нарийн учир жанцантай байдаг. Бидний болохгүй байгаа зүйлсийг засах гэж өвөг дээдэс минь ирж байгаа хэрэг.

Хүмүүсийн хэлдгээр “Индиго” хүүхдүүд төрж байгаа энэ зуунд техник технологи ч дагаад эрчимтэй хөгжиж байна шүү дээ. Ер нь техник технологи болон бусад хоол унд хүртэл асар хурдацтай хөгжиж байна. Гэхдээ бүх юм хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Хэт их хөгжихийн хирээр хөнөөл л их болно.

Энэ цаг үед бид цахим орчинд цаг зарцуулахын хажуугаар уламжлалт арга ухаанаа алдалгүй хослуулж авч явах тал дээр анхаарах хэрэгтэй юм.

Ер нь сүүлийн үед дэлхий даяараа эко хэв маягт шилжиж байгаа. Та энэ талаар юу гэж бодож байна?

Дэлхий даяар харьцангуй эко хэв маягт шилжиж байгаа нь маш авууштай хэрэг. Төвлөрсөн амьдралын хэв маягаас илүү байгальдаа ойр эрүүл амьдралын хэмнэлд татагддаг болж байгаа нь илт анзаарагдаж байна. Монголчууд бидний хувьд эрт дээр үеэсээ л байгальтайгаа ойр байсаар ирсэн. Асар үзэсгэлэнтэй байгаль, тал нутагтай ард түмэн шүү дээ. Үүнийгээ мөнгөний төлөө ашиглахын оронд өөрсдийн сайн сайхны төлөө зөвөөр ашиглах нь чухал. Сүүлд уул уурхайн лиценз хурааж авах ажил амжилттай болсон хэдий ч хангалттай хэмжээнд хүртэл хийгдсэн үү? гэвэл үгүй.

Уул уурхайгаараа мөнгө олж иддэг байдал даамжирч газар хөдлөлт болтлоо угшсан гэж харж байгаа. Уулаа сэндийлээд нүгэл хийчихсэн хүмүүс өөртөө хамгаалалт хийлгэдэг. Байгаль эхээ аргадаж засал хийлгэсэн болоод орхидог.

Ийм маягаар буруутай үйл хийсээр байвал бид газарлуу цөмрөөд орчихсон байхыг ч үгүйсгэх аргагүй юм.

Төрсөн нутаг болох Завхан аймгийн Шилүүстэй сум гэж их сайхан газар бий. Сумын төвөөсөө 20 гаруй км зайд оршдог Мандалт Хайрхан гэж сүрлэг сайхан уул бий. Урд өвөрт нь хун ангир чуулсан нуур бялхаж, өвөр бэлдээ ходоод дотрыг эмчлэн анагаах шидтэй рашаантай, баруун бэлээр нь Завхан гол урсаж байдаг ийм л сайхан ариун газар. Гэтэл тэр хайрханы ар, өвөрт ухалт хийх лицензийг МАК компани авсан байна. Энэ юу гэсэн үг бэ? Зөвхөн өөрсдийн эрх ашигийг боддог, уйваагүй дээрэм тонуул байж болох уу? Бүх юм хэмжээ хягаартай байдаг юм шүү. Хэрээс хэтэрч байж одоо байгаа бүхнээ алдан үр хойч үедээ дуусаж барамгүй үйл лайг битгий үлдээ.

Ард түмний шүтээн болсон онгод тэнгэр сахиустай, нэн ховордсон амьтдын нутгалдаг, ариун дагшин газарт ухалт хийж чадахгүй. Нүдэнд харагдах биетүүд нь хамгаалж байгаа шиг далд орших агуу хүч нь ч мөн хамгаалж байдаг юм.

Эдгээр хүмүүс үр хүүхдээсээ санаа зовох хэрэгтэй. Таны хүүхэд ямар хүн болж хүмүүжих вэ? Зөв зүйтэй амьдраач гэж хэлмээр байна. Баярхал, тансаглал бол хий үзэгдэх байдал шүү дээ. Газар шороо нь дээр үлдэх үр хойчийнхоо төлөө тэмцлээр биш эвээр өөрчлөлт хийе.

Их өвгөдийнхөө онгодыг хүндлэнэ гэдэг алтан нарыг харж, задгай галын илчийг мэдэрч, цэцгийн анхилууныг үнэрлэхтэй адил гэж Лев Николаевич Гумилёв хэлсэн байдаг.

Ард иргэдийг зөв зүйлд уриалж, үгээ хэлж байдаг танд баярлалаа.

Би цаасан дээрээс уншсан дурын зүйлээ ярьж байгаа хэрэг биш ээ. Олон жилийн туршлага дээрээ үндэслэж, байгаль эхийн далд өгөгдлийнхөө дагуу та бүхэндээ тус болохыг эрэлхийлж яваа минь энэ.

Ярилцлагын төгсгөлд уншигч та бүхэнд хандаж хэлэхэд цар тахалтай энэ цаг үед биеэ бүрэн оношлуулж, өөрийн мэдээгүй байгаа үрэвсэлтэй эрхтэнээ эртхэн таньж мэдэн эрүүл мэнддээ анхаарах нь маш чухал болоод байна шүү.

Бидний цуврал ярилцлага үргэлжилсээр байх болно.

Холбоотой мэдээ

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Зэсийн үнэ 10 мянган доллар давав

Дэлхийн хэмжээнд эрчим хүчний хямрал хүндэрч, нийлүүлэлт огцом буурсан нь зэсийн үнэ өсөхөд голл

2021-10-19

БНАСАУ Японы тэнгис рүү пуужин харвалаа

БНАСАУ өнөөдөр (2021.10.19) Японы эргийн ойролцоох тэнгист үл мэдэгдэх пуужин харвасан талаар Яп

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...