Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2021-10-08 Дэд онцлох 0

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Бид 10 тэрбум ам.долларын эдийн засаг дээр сүүлийн 10 жил гацчихаад байна. Эдийн засгийг тэлэх гуравхан арга байдаг. Нэгдүгээрт, экспорт нэмэгдүүлэх, хоёрдугаарт, гадаадын зээл тусламж авах, гуравдугаар, гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Ингэж байж доллар оруулж ирнэ.

Ингэхгүйгээр зах зээлд мөнгө нийлүүлэх юм бол инфляц болно.

Экспорт нэмэх гэхээр бид далайд гарцгүй, ганцхан худалдан авагчтай, хоёр хөрштэй. Ганц худалдан авагч нь хориг тавьчихаар бид нүүрсээ ч борлуулж чадахгүй байна.

Гадны тусламж дэмжлэг авъя гэхээр бид 2013 онд бага буурай орны ангилалаас дунд хөгжилтэй орон руу шилжээд тусламж хүлээн авдаг орон байхаа больчихсон. Зээл авъя гэхээр өрийн хязгаар тулчихсан учир ямар ч боломжгүй.

Хамгийн сүүлийн боломж гадаадын хөрөнгө оруулалт. Гадаадын хөрөнгө оруулалт авахын давуу тал нь өр үүсгэхгүй, хөрөнгө оруулагч эрсдэлээ үүрнэ. Тиймээс бид хөрөнгө оруулалтыг дэмжихээс өөр аргагүй.

Жижиг эдийн засагтай, үндэсний аюулгүй байдал гэж том ярьдаг улстөрчидтэй манай улсын хувьд энэ бол гарц шүү.

Дэлхий хүйтэн дайнаас холдсон шүү дээ. Юун визний асуудал, юун цагаачид орж ирэх, юу яриад байгаа юм бэ. Цагаачид чинь мөнгө барьж орж ирэхгүй. Хятадууд ороод ирнэ гэж хачин юм ярьдагаа больцгоо. Ийм зүйл парламент дээр ярих юм бол энэ улс чинь хөгжихгүй шүү дээ. Үргэлж ийм популизм ярих юм бол энэ улсад залуучууд тогтохгүй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Би энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулагчдад тавигддаг 100 мянган ам.долларын хөрөнгө оруулсан байх гэдэг шаардлагыг авч хаяад Монгол Улсад 50 мянган ам.долларын хөрөнгө оруулсан байх гээд заалт оруулж ирж байна.

Энэ заалтаар худалдан авсан байраа эсвэл үнэтэй машинаа харуулчихад л Монголд оршин суух зөвшөөрөл авах юм байна. Үүнээс болгоомжилд, энэ хуулийн төслийг ҮАБЗ-өөр ярилцах нь зүйтэй гэж үзэж байна. Нэг төгрөгний хөрөнгө оруулалт хийхгүйгээр байр, машинаа үзүүлээд оршин суух виз авдаг байж болохгүй.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Цаашид хуулийг хэлэлцээд явахдаа зарим зүйлийг засаж болох байх. Визтэй холбоотой асуудлыг Засгийн газрын тогтоолоор шийдээд явах боломжтой. Үндэсний хөгжлийн газраас өгсөн мэдээллээр одоогийн хуулийн дагуу мөрдөгдөж байгаа 100 мянган ам.доллар нь ямар ч хяналтгүй байгаа. Өнөөдрийн хуулиар таван тэрбум ам.доллар оруулж ирээд 50 мянган хятад иргэнийг суурьшуулах жинхэнэ боломжтой байгаа шүү. Дараа нь 100 мянган ам.долларыг хэрхэн ашигласан гэдэг нь ямар ч хяналт алга.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Энэ хуулийн төслийн 12.5, 12.6 дахь заалтыг эргэж харах нь зөв. Ялангуяа 12.1.6 буюу “гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох” гэдэг заалтыг бүхэлд нь хасах нь зөв гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн их айж байгаа зүйл бол дээрэм, авлига. Төрийн өндөр албан тушаалтнуудын зохион байгуулалттай дээрэм байдаг. Хууль, шүүхийн байгууллагатайгаа хамтарч байгаад гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмддэг. Солонгосын иргэнийг хилийн цаана байлгаж байгаад хөрөнгийг нь дээрэмдсэн гэж яригддаг. Гадны хөрөнгө оруулагчдын монголын том улстөрчдөд итгэх итгэлийг яаж сэргээх вэ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Энэ хуулийн төсөл дэх гурван өгүүлбэрээр бизнесийн орчныг эрүүлжүүлэх ямар ч боломжгүй. Дээрэм, авлига бол шүүхийн журмаар явах ёстой. Гол зарчим нь хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгаж, босго тавилгүй байя л гэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Хөрөнгө оруулалтын тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулагчдад тавигдах шаардлагыг 100 мянган ам.доллар байсныг 50 мянга болгож бууруулж байгаа юм байна. Ингэсгээр Монголд орж ирэх хөрөнгө оруулагчдын гэр бүлийн хүмүүсийн тоо хэдээр нэмэгдэх үү, манай улсад ирэх ашиг нь юу вэ.

Энэ хуулийн төслийг зөвхөн Эдийн засгийн байнгын хороо бус Аюулгүй байдал, гадаад бодлогын, Хууль зүйн байнгын хороодоор хэлэлцүүлэх ёстой.

50 мянган ам.доллар гэдэг нь 150 сая хүрэхгүй төгрөг. Ийм хэмжээний хөрөнгө оруулсан гадаадын иргэдэд манай улсад байнга оршин суух эрхтэй болоод байх юм байна. Эсвэл хууль бусаар Монголд байгаа гадаадын иргэдийн хууль ёсоор байлгах боломж олгож байгаа юм уу.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын босготой холбоотойгоор аль нэг улсын давамгайлал бий болох вий гэдэг болгоомжлол байх шиг байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын гарал үүсэлтэй холбоотой судалгаанаас харахад 2013 оноос манай нэг хөрш улсын хөрөнгө оруулалттай компани 70-80 хувийг нь эзэлж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээнээс харахад Канад улс нэгдүгээрт, БНХАУ хоёрдугаарт бичигдэж байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг шууд дамжуулж байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээлийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг/Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нарын гишүүд санаачлан өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Тус хуулийн төсөлд:

2.1.5.Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох;

12.1.6.гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.
Гишүүд дээр заалтуудтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэв.

Пүрэв, Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээлийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Монгол Улсын дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудал,
УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно

Холбоотой мэдээ

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Зэсийн үнэ 10 мянган доллар давав

Дэлхийн хэмжээнд эрчим хүчний хямрал хүндэрч, нийлүүлэлт огцом буурсан нь зэсийн үнэ өсөхөд голл

2021-10-19

БНАСАУ Японы тэнгис рүү пуужин харвалаа

БНАСАУ өнөөдөр (2021.10.19) Японы эргийн ойролцоох тэнгист үл мэдэгдэх пуужин харвасан талаар Яп

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...