Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

2021-10-19 Дэд онцлох 0

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд төлөвлөгөөнөөс гадна 1.2 тэрбум ам.доллар шаардлагатай болсон талаар зарлаж, олон улсыг гайхашруулсан билээ. Маргааш нь буюу энэ сарын 15-нд тус компанийн хувьцааны үнэ эрс унав. Бид “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа энэ удаа “Оюутолгой” тойрсон асуудлыг онцоллоо.

“Рио Тинто”-гийн 50.8 хувийг эзэмшдэг, Ванкуверт төвтэй тус компани ийнхүү өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк, Торонтогийн аль аль зах зээлд үнэ цэнийнхээ бараг 22 хувийг алдаж, хувьцаа нь 12.09 ам.доллар болон буурчээ.

Уурхайг өргөжүүлэхэд нийт 2.4 тэрбум ам.доллар шаардлагатай гэж долдугаар сард тооцож байсан ч өдгөө энэ тоо тооцооллоосоо давж, 3.6 тэрбум болсон байна. Иймд Оюутолгойн далд уурхайн олборлолт, ил уурхайн үйлдвэрлэлт тус тус хойшлогдон, удааширсан юм.

Далд уурхайд зарцуулах нийт төсвийг анх 2016 онд 5.3 тэрбум ам.доллар гэж баталж байсан ч одоогийн зардал 6.75 тэрбум ам.долларт хүрсэн нь асар их маргаан дагуулж байна.

Харин ил уурхайн металлын үйлдвэрлэл 2024 он хүртэл хойшилсон явдлыг компанийн зүгээс цар тахлын нөхцөл байдал, геотехникийн хүндрэлүүд, хог хаягдлын асуудал удааширсантай холбон тайлбарлаж байгаа юм.

“BMO”-ийн шинжээч Жеки Прзыбыловскигийн хэлснээр, сүүлийн ердөө гуравхан сарын хугацаанд яаж ийм их зардал гарсан нь ойлгомжгүй байгаа. Зөвшөөрөгдсөн төсвөөс хэтэрсэн явдлыг “Оюутолгой”-н ТУЗ хэлэлцэж, цаашид хөрөнгө оруулахаас татгалзвал бүх ажил зогсож болзошгүй байдалтай байна.

Тэрбээр “Бидний үзэж байгаагаар бол цаг хугацаа, төсөв, шаардлагатай санхүүжилтийг хангах ажлыг амжилттай гүйцэтгэх нь улам бүр эрсдэлтэй болж байна” гэжээ.

Харин “Turquoise Hill Resources” компанийн мэдээлснээр, энэ ажлыг цаашид хойшлуулсаар байвал шаардлагатай нэмэлт санхүүжилтийн хэмжээ улам нэмэгдсээр байх юм. Улмаар компани болон Оюутолгой аль аль нь нэмэлт санхүүжилт авах, эсвэл “Рио Тинто”-той өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулсан гэрээний дагуу одоо буй өрийг дахин танилцуулж чадахааргүй болох эрсдэлтэй аж.

“Turquoise Hill Resources” компани эл мэдээллийг дэлгэсэн явдал “Оюутолгой”-н асуудлын талаар, “Рио Тинто” болон түүний хөгжлийн машины ил тод байдлыг шаардсан Монголын Засгийн газарт хурцадмал байдал үүсгэж болзошгүй болоод байна. Үүний хажуугаар Их Британи, АНУ-ын санхүүгийн зохицуулагчид мөн асуудлаар “Рио Тинто“-ийн тодруулгыг шалгаж байгаа нь ажиглагчдын анхаарлыг татаж буй.

“Рио Тинто”-ийн зүгээс харин өнгөрсөн сард Оюутолгойн өртөг 1.4 тэрбум ам.доллараар хэтэрсэн, ажил удааширсан талаар хараат бус дүгнэлтийг эсэргүүцэж, төслийн хүндрэл бэрхшээлийг геологийн урьдчилан таамаглах аргагүй асуудлуудтай холбон тайлбарласан юм.

Тухайлбал, Хараат бус консалтинг группын (IGG) өнгөрсөн сард гаргасан тайланд уурхайг өргөжүүлэх ажлын өртөг асар ихээр зөрсөн нь байгаль, геологийн элдэв хүндрэл бус, муу менежментээс шалтгаалсан гэж дүгнэсэн билээ.

Тус компанийн мэдээлснээр, зэсийн үйлдвэрлэл өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 16 хувиар өсч, 41935 тонн, алтны гаралт гурав дахин өсч 130799 унц болжээ. Түүнчлэн 2021 онд зэс, алтны бүтээгдэхүүний төлөвлөгөө нь 150-180 мянган тонн, 400–480 мянган унц хэвээр байх болно гэжээ.

“Оюутолгой”-н далд уурхай ашиглалтад орсноор 2019 онд 125-150 мянган тонн байсан олборлолтыг 560 мянган тоннд хүргэх боломжтой болох юм. Одоогийн байдлаар тус далд уурхайг хамгийн эртдээ 2025 онд нээх боломжтой болж буй. Хэрэв тэгж чадвал энэ нь ойрын жилүүдэд ашиглалтад орох хамгийн шинэ зэсийн уурхай болох юм.

“Оюутолгой” сүүлийн арван жилийн хугацаанд олон мянган ажлын байр бий болгож, бараг 3 тэрбум ам.долларын татвар, хураамжийн орлого оруулсан тул Монголын хамгийн том гадаадын шууд хөрөнгө оруулалтын эх үүсвэр болж байгаа юм.

Монголын Засгийн газар “Оюутолгой” төслийн 34 хувийг эзэмшдэг бол үлдсэн хэсгийг нь “Turquoise Hill Resources” компани эзэмшдэг билээ.

Эх сурвалж: MINING

Холбоотой мэдээ

Сурагчдын амралтын хуваарийг өөрчилжээ

Коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцго

2021-12-01

“Зулын 25-ны энэ өдөр зул өргөж, буян хураан, мэгзмийг дуу таслалгүй хурж хонодог уламжлалтай”

Бурхны шашны Гэлүгвийн ёс буюу "Шар малгайтны шашин номын ёс"-ыг үндэслэгч хоёрдугаар ялгуусан хэмээ

2021-11-29

Долоо хоногийн өрнийн зурхай 2021.XI.29-XII.5

ХОНЬ Энэ долоо хоног таны тэсвэр тэвчээр, хичээл зүтгэлээр тодорхойлогдоно. Хуримтлагдсан ажлаас

2021-11-29

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...