Малчдын байгууллагаар дамжуулан малаа эрүүлжүүлж, бэлчээрээ хамгаална

2017-09-07 Нийгэм 0

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь 2017-2020 онд “Ногоон алт, малын эрүүл мэнд” төслийг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр бүх аймгуудад хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд малчдын хэсэг, бүлгийн зохион байгуулалтыг дэмжих, энэхүү бүтцээр дамжуулан бэлчээрийн менежментийг сайжруулах, зүй зохистой ашиглах мөн сүүлийн жилүүдэд ажиглагдаж буй бэлчээрийн доройтлоос үүдэлтэй малчдын ашиг орлогын алдагдлыг бууруулах гэх мэт олон чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Мөн төслийн нэг хэсэг болох Малын эрүүл мэнд бүрэлдэхүүн хэсэг Архангай, Хөвсгөл, Завхан, Ховд аймгийн нийт 15 сумыг сонгон аваад тэдгээр сумдад малын эрүүл мэндийг сайжруулж, загвар мал эмнэлэг байгуулах, малын гаралтай бүтээгдэхүүний чанар, үнэ үнэлэмжийг дээшлүүлэх, малчдын бэлчээр ашиглагчдын хэсгийн дэргэд байгуулагдсан хоршоогоор дамжуулан мал болон малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрүүдэд шууд нийлүүлэх тогтолцоог бий болгох ажлыг эхлүүлээд байна.

Үүнийхээ дагуу Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон ШХА-ийн “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төслийн Малын эрүүл мэнд бүрэлдэхүүн хэсэг, ХААИС, Монголын арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо, Улсын мал эмнэлгийн төв лаборатори болон эрдэмтэн судлаачдын нэгдсэн багийнхан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Арбулаг сумдад ажиллаж, “НАМЭМ” төслийн хүрээнд 2017-2020 онд тус сумдад хэрэгжүүлэх ажлаа танилцуулан, “Малын эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд дээрх сумдын 370 гаруй малчин, мал бүхий иргэд хамрагдаж, мал сүргийн эрүүл мэнд, эрүүл малын ашиг тус, малын халдварт болон халдварт өвчин, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, паразиттай тэмцэх арга, эмийн зохистой хэрэглээ, малын гаралтай түүхий эд, тухайлбал арьс ширийг хэрхэн үнэ хүргэж эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой вэ гэх мэт олон асуудлын хүрээнд эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийн үгийг сонсож, харилцан ярилцлаа.

Малчдын хувьд, мал сүргээ жилийн дөрвөн улиралд тэсвэртэй, дархлаатай, тарга тэвээрэг сайтай байлгах улмаар элдэв төрлийн өвчнүүдээс урьдчилан урьдчилан сэргийлэх арга замыг эрдэмтэн, мэргэжилтнүүдээс түлхүү асууж байсан. Мал аж ахуйгаа үр бүтээлтэй явуулж, малчин өрх, хот айл бүр мал, малаас гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээ өөрийн болон олон улсын зах зээлд гаргах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох гол нөхцөл нь МАЛЧИН та бүхний малаа адгуулан маллаж, арчлан тэжээж ирсэн уламжлалт арга, өвчин, эмгэггүй эрүүл малтай байх явдал юм. Тиймээс МАЛЧИН та улс орныхоо нөхөн сэргээгддэг баялаг болох мал сүргийн эзэн, бие даасан, хараат бус үйлдвэрлэгч юм гэдгийг сургалтын багийнхан хэлж байлаа.
Түүнчлэн тус бүрэлдэхүүн хэсгийн онцлогийг, ШХА-ийн “Ногоон алт, малын эрүүл мэнд” төслийн мэргэжилтэн Б.Батсүх “Малын эрүүл мэндийг баталгаажуулж гарал үүслийг тодорхой болгон, мал болон малын гаралтай түүхий эдийг үндэсний үйлдвэрт нийлүүлэх явдал юм.Үүний үр дүнд мал эмнэлгийн байгууллага хариуцлагатай болж, хүртээмж нь сайжран, малчдын өөрөө удирдах байгууллага болох бэлчээр ашиглагчдын хэсэг, хоршоод биеэ даах, чадавхжихын зэрэгцээ малчид, үндэсний боловсруулах үйлдвэрүүд харилцан ашигтай, урт хугацаанд хамтарч ажиллах нөхцөл бүрдэх юм. Нөгөө талаар хүнсний аюулгүй байдлын баталгааг хангасан зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн бий болох юм” хэмээн тодотгосон юм.

Сургалтын үеэр ХААИС-ийн багш, дэд профессор Ж.Батаа “Эрүүл мал-Мэнд сүрэгтэн-Төлийн өвчин” илтгэл тавьсан бөгөөд эрүүл сайн малтай байх ойлголт, малын зүй бус хорогдлын төрөл, түүнд төлийн өвчний эзлэх хувь хэмжээ, нялх төлийн өвчнүүд, түүнээс урьдчилан сэргийлэх арга, төллөсөн эх малд тохиолдох өвчин, хэрхэн эмчлэх вэ зэрэг олон асуудлаар малчдад зөвлөгөө өгсөн бол Монголын арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Бат-Очир “Арьс ширэн түүхий эд бэлтгэл” илтгэлдээ Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс ширэн түүхий эдээ бэлтгэн нийлүүлсэн малчид, мал бүхий иргэдэд олгогдож буй урамшуулал, арьс ширэн түүхий эдийн гэмтлийн талаар ярьсан.
Илтгэлийн дараа малчид малын гаралтай түүхий эдийн чанар, бэлтгэн нийлүүлэх арга замын талаар хонины нэхий болон бусад арьс ширийг дулааны улиралд яаж хамгаалах вэ, малын ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмолжуулан, малаа нэгдсэн журмаар нядалж, боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх юм бол стандартад нийцсэн арьс шир нийлүүлэх боломж бүрдэнэ зэрэг санал, дүгнэлтүүдийг хэлж байлаа.

 

Холбоотой мэдээ

Г.Ёндон: Вакцинжуулалт дуусах гэж байгаа учраас шатахууны үнэ нэмэгдэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар цар тахлын эсрэг хуулийг сунгах тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ

2021-06-24

Улаанбаатарын түгжрэлийг шийдэхийн тулд Дэлхийн банкнаас 100 сая ам.доллар зээлэв

Дэлхийн Банкны Захирлуудын зөвлөлөөс нийслэлд тогтвортой зам, тээврийн цогц тогтолцоо бий болгох, тү

2021-06-24

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Хүндэт академич боллоо

ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Тэргүүлэгчдийн 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны хурлаар Монгол

2021-06-24

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль