ОХУ-ын ерөнхийлөгч вакцины дөрөв дэх тунг хамартаа хийлгэжээ

2021-11-25 Дэлхийд 0

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гүйцэд туршигдаагүй байгаа коронавирусийн эсрэг шинэ төрлийн вакциныг хийлгэснээ өчигдөр засгийн газрын хуралдааны үеэр хэлжээ.

Уг вакцин нь тариур хэрэглэдэггүй, хамрын хөндийд шүрших замаар дархлаа тогтоодог юм байна.

Путин өнгөрсөн Ням гарагт вакцины гурав дахь буюу нэмэлт тунг тариулснаа телевизийн нэвтрүүлэгт орохдоо ярьж байв. Хэрвээ тэр шинэ төрлийн вакциныг хийлгэсэн нь үнэн бол энэ нь түүний дөрөв дэх тун болох юм.

Өнгөрсөн хавар тэр Sputnik V вакцины хос тунг тариулж байсан бол Ням гарагт уг вакцины ганц тунт хувилбар болох “Sputnik Light”-аар дархлаагаа сэргээсэн байна.

Спутник вакциныг бүтээсэн Гамалейн хүрээлэнгийн дэд захирал Денис Логунов хамарт шүршдэг вакциныг албан ёсоор туршиж эхлээгүй, зөвхөн хүрээлэнгийнхээ цөөн ажилтныг сайн дурын үндсэн дээр туршилтад хамруулсан тухай Ням гарагт ярьж байжээ. ОХУ-ын эрүүл мэндийн яам шинэ вакциныг 500 сайн дурынханд туршиж эхлэх зөвшөөрлийг өнгөрсөн сард өгч байв. Уг туршилт эхэлсэн эсэх нь тодорхойгүй байгаа.

Ням гарагт ярихдаа Путин шинэ төрлийн вакцины туршилтад оролцоход бэлэн байгаагаа илэрхийлж байсан юм.

Өнөөдрийн байдлаар ОХУ өөрийн үйлдвэрийн дөрвөн вакциныг хүн амынхаа дархлаажуулалтад ашиглаж байгаагаас Sputnik V, Sputnik Light вакцинуудыг түлхүү хэрэглэж байгаа.

Тус улсын 146 сая орчим хүн амын 40 хүрэхгүй хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байна. Сүүлийн нэг хоногийн дотор ОХУ даяар 33,558 хүн халдвар авч, 1,240 хүн нас барсныг албаныхан Лхагва гарагт зарлажээ.

Шинээр илрэх халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд буурах хандлага ажиглагдаж эхэлсэн ч эндэгдлийн тоо өндөр хэвээр байгаа нь санаа зовоож буйг тус улсын цар тахалтай тэмцэх төвийн тэргүүн Татьяна Голикова өчигдөр засгийн газрын хуралдааны үеэр мэдээлжээ.

Холбоотой мэдээ

Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ

Энэ долоо хоногийн Пүрэв гарагт Хятадын засгийн газар жолоочгүй такси үйлчилгээнд явуулах зөвшөөрлий

2021-11-27

Коронавирусийн шинэ хувилбарыг ДЭМБ аюултай ангилалд оруулж, “Омикрон” хэмээн нэрлэжээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн коронавирусийн шинэ хувилбарыг Дэлхийн Эрүүл Мэндийн Бай

2021-11-27

Коронавирусийн олон мутацтай, шинэ хувилбар илэрчээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын мэргэжилтнүүд коронавирусийн олон мутацтай, шинэ хувилбарыг илрү

2021-11-26

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...