2021 оны ОНЦЛОХ шуугиан, дуулиан

2021-12-30 Нийгэм 1

Цар тахал үргэлжилсэн бас нэгэн түүхэн оныг монголчууд үдэж, 2022 онтой золгох гэж буй энэ үед улиран өнгөрч байгаа 2021 онд тохиосон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

Вакцинжуулалтын үр дүнд коронавирусийн халдвар, цар тахалд цэг тавьж, хэвийн амьдралдаа эргээд орно гэсэн хүлээлт дүүрэн угтсан 2021 он шинэ мутацуудын улмаас 2020 оноос ч хүнд өнгөрч, энэхүү халдварын улмаас 1,970 хүн нас барав.

Халдварын тархалт Монголд төдийгүй дэлхийн улс орнуудын хувьд сорилт хэвээр 2022 оноо угтаж байгаа ба өмнө дэвшүүлж байсан таамаг төсөөлөл ирэх онд хэрхэн өөрчлөгдөж хувирах нь тодорхойгүй хэвээр байна.

Монгол Улс хоёр хөршөөсөө өндөр хамааралтай болохоо шатахууны нийлүүлэлт, хилийн нөхцөл байдлаар тод мэдэрсэн жил байлаа. Ялангуяа, гадаад худалдааны гол хаалга болох өмнөд хөршийн хил хэзээ нээгдэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байна. Хүнс, нарийн ногоо, эм, эмнэлгийн хэрэгслээс авхуулаад захиалсан бараа бүтээгдэхүүнээ авч чадахгүй зарим талаар хомсдолтой оноо үдэх нь.

2020.01.01

НИЙСЛЭЛЧҮҮД 2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ НИЙТЭЭРЭЭ 50 ХОНОГИЙГ ХАТУУ ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМД ӨНГӨРҮҮЛСЭН

Нийслэлчүүд 2021 оныг хөл хорионд угтав. 2020 оны арванхоёрдугаар 23-наас 14 хоногийн хатуу хөл хорио тогтоосон ч 2021 оны нэгдүгээр сарын 4-нд хугацааг нь сунгах Засгийн газрын шийдвэр гарсан юм. Үүний дараа нийслэлийн дүүргүүдэд хэсэгчилсэн хөл хорионууд тавигдсан.

Дараагийн хатуу хөл хорио хоёрдугаар сарын 11-23-нд үргэлжилсэн бол гуравдугаар сараас орон нутагт халдвар дэгдэж, 18 аймгийн 189 суманд хэсэгчилсэн урт, богино хугацааны хөл хорио тавихад хүрэв.

Нийслэл хотод дөрөвдүгээр сарын 10-наас эхэлсэн хатуу хөл хорио тавдугаар сарын 8-н хүртэл үргэлжилсэн нь сүүлийн хязгаарлалт байлаа. Энэ үеэр Засгийн газраас иргэн бүрд 300 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг “Оюу толгой” компаниас төлсөн татварын мөнгөнөөс олгосон юм.

Жилийн турш орон нутгийн иргэд харилцан адилгүй хугацаагаар хөл хорионд орсон бол нийслэлчүүд 2021 оны эхний хагаст нийтээрээ 50 хоногийг хатуу хөл хорионы дэглэмд өнгөрүүлжээ. Үүнээс гадна хэсэгчилсэн хөл хорионуудад мөн хамрагдсан байна. Гэвч хоёр болон гурав дахь хөл хорионы хугацааг мэргэжлийн байгууллагын санал болгосон хэмжээнд гүйцэд аваагүйгээс халдварын тархалтыг хумихад үр дүнгүй болж, дархлаажуулалтын үр дүнг сааруулсан гэж ХӨСҮТ, ЭМЯ дүгнэсэн юм.

Дараагийн сенцаци 2021.01.21

ДӨНГӨЖ ТӨРСӨН ЭМЭГТЭЙГ ТАВЧИК, ХАЛААДТАЙ НЬ…

Коронавирусийн халдвартай нь батлагдсан нимгэн хувцастай амаржаад удаагүй эх нялх үрээ тэврэн хүйтэн машинд сууж буйг харуулсан “Ийгл” телевизийн шууд дамжуулалт Монгол Улсын Засгийн газрыг огцруулах “шалтаг” болов. Цар тахалтай тэмцэх эрх баригчдын оновчгүй шийдвэр, хатуу хөл хориог эсэргүүцэн бухимдсан олон нийт маргааш нь төв талбайд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулснаар тухайн үеийн Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар үүрэг ажлаасаа чөлөөлөгдсөн юм.

Харин тун удахгүй эхлэх Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд чимээгүйхэн бэлдэж байсан тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үйл явдлыг овжноор ашиглан, хариуцлага хүлээх нэрийдлээр Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулав.

Уг явдлаас хойш зургаан хоногийн дараа Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилсон. Харин түүний танхимд хариуцлага хүлээн огцорсон өмнөх Засгийн газрын сайд нарын бараг тал нь улиран ажиллаж байгаа билээ.

2021.02.22

МОНГОЛ УЛС ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТАА ЭХЛҮҮЛЛЭЭ

Коронавируст цар тахлын улмаас жил орчмын хугацаанд тэвдэж байсан дэлхийн улс орнууд 2021 оны эхээр вакцинтай золгосон бол Монгол Улс хоёрдугаар сарын 22-нд БНЭУ-ын Засгийн газар буцалтгүй тусламжаар 150 мянган тун AstraZeneca компанийн “Covishield”, 23-нд БНХАУ-ын буцалтгүй тусламж болох Синофарм компанийн Verocell вакцины 300 мянган тунг хүлээн авсан юм.

Ингээд хоёрдугаар сарын 23-нд COVID-19 халдварын эсрэг дархлаажуулалтыг албан ёсоор эхлүүлснээс хойш ОХУ-аас Спутник V вакциныг захиалгаар авсан бол КОВАКС хөтөлбөрийн шугамаар болон Япон улсаас Pfizer вакцин буцалтгүй тусламжаар манай улсад өгч, дөрвөн сар орчмын хугацаанд зөвхөн насанд хүрсэн иргэдийг вакцины хоёр тунгаар дархлаажуулав.

Улмаар зургаадугаар сарын 16-наас 16-17 насны хүүхдүүд, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийг, зургаадугаар сарын 28-наас 12-15 насны хүүхдүүдийг Pfizer вакцинд хамруулснаар өнөөдрийн байдлаар хүн амын 69.6 хувь нь вакцины нэгдүгээр тунг, 66.4 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.

Гэвч коронавирусийн мутацлагдсан хувилбарууд гарч, хүмүүсийн дархлаа тогтцын хугацаанаас хамааран дархлаа сэргээх нэмэлт тун шаардлагатай болсон тул наймдугаар сарын дундуур халдварын голомтод ажиллаж буй хариу арга хэмжээний багийнханд дахин нэг тунг нэмэлтээр тарьж эхэлснээр дархлаа сэргээх тунд иргэдийг хамруулах ажил үргэлжилж буй.

Хэрэв 18-аас дээш насны иргэдийн 50 хувь нь нэмэлт тунд хамрагдвал Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг “Шар” түвшин болгон бууруулахаа мэдэгдсэн ба одоогоор энэ үзүүлэлт 45 хувьд хүрээд байна.

2021.06.11

ШИНЭ ТӨРИЙН ТЭРГҮҮН 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль хүч тэнцвэргүй, ялагч нь тодорхой болсон гэхэд хилсдэхгүй. МАН-аас У.Хүрэлсүх улаан гэрлээр, АН-аас С.Эрдэнэ хэл ам дагуулсаар, “Зөв хүн Электорат” эвслээс Д.Энхбат коронавирусийн тусгаарлалтаас нэр дэвшин өрсөлдсөнөөс У.Хүрэлсүх 829,128 хүний санал авч 67.9 хувиар үнэмлэхүй ялалт байгуулсан.

Энэ удаагийн сонгуульд МАН болон МАХН нэгдэн оролцсон бөгөөд тэдний яриа тохиролцоо одоо ч үргэлжилсээр байгаа. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиудаас түүхэн доод амжилт үзүүлсэн АН-ын дотоод хуваагдал үргэлжилсээр, хэн нь жинхэнэ ардчилагчид болохоо өнөөг хэр дэнсэлж чадалгүй “уралцсаар” буй.

2021.07.04

64 ЖИЛИЙН ДАРАА ОЛОН УЛСЫН ШИНЭ НИСЭХ БУУДАЛТАЙ БОЛОВ

2021.07.04 Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага/ЖАЙКА/-ын 65 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлийн төслөөр баригдсан Хөшигийн хөндийн нисэх буудлыг албан ёсоор нээв. Шинэ нисэх буудлын хүчин чадал Буянт-Ухаа дахь хуучин буудлаас 2.5 дахин их бөгөөд жилд 3 сая жуулчин хүлээн авах боломжтой. Мөн 3,600 метр урт нислэгийн зурвастай бөгөөд салхины чигээс хамааран баруун, зүүн аль ч талаасаа онгоц бууж болох гээд олон давуу талтай.

33,000 м/кв талбай бүхий нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил 2013 онд эхэлж, 2020 оны долдугаар сард дууссан хэдий ч коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан нээлтийн хугацаа хойшилсон ч Монгол Улс 64 жилийн дараа олон улсын шинэ нисэх буудалтай болсон юм.

2021.08.05

10 ТӨРӨЛД ОРОЛЦСОН АНХНЫ ОЛИМП

Япон улс Ази тивд анх удаа олимпын наадмыг хоёр удаа зохион байгуулж буй улсаар түүхэнд бичигдэв. Ялангуяа, цар тахлын хүнд нөхцөлд Зуны 32 дахь олимп “Токио-2020”-ыг зохион байгуулсан нь онцлог үйл явдал байв. Тус олимпод манай улсын 43 тамирчин анх удаа спортын 10 төрөлд оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн ба нэг мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан тамирчдаа угтан авсан юм.

Ширээний теннис, 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр монголчууд анх удаа олимпод оролцсон бөгөөд тамирчдын 60% нь эмэгтэйчүүд байсан нь мөн л манай улсын спортын түүхэнд онцлох үйл явдал байсан билээ.

Монгол Улсын жүдо бөхийн тамирчин Саиед Моллай, Ц.Цогтбаатар, М.Уранчимэг, чөлөөт бөхийн тамирчин Б.Болортуяа нарын медалийн амжилтыг залгаад Паралимпын наадамд манай тамирчид бахдам амжилт үзүүлж, хүндийн өргөлтийн төрөлд монгол хүн рекорд тогтоож, алтан медаль хүртсэн нь гавьяат тамирчин Э.Содномпилжээ байлаа.

2021.08.25

ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН КОЙНЫ “ХӨӨСРӨЛ”

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн 30 жилийн хугацаанд 4.5 их наяд төгрөгийн арилжаа хийсэн ба ТОП-20 индекс 2.5 дахин өссөн дээд амжилтуудаа онцолж байв. Тэгвэл криптовалютын зах зээл хүч түрэн орж ирж, 2021 онд ₮2 их наядын арилжаа хийгдэж, койны бүүм болов. Өнөөг хүртэл хуулийн ямар нэгэн зохицуулалтгүй байсан энэ зах зээлд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлдэг биржүүд олноор бий болж, иргэд ийм их хэмжээнд хөрөнгө оруулсан нь эрсдэлтэй тул Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг дөнгөж өнгөрсөн долоо хоногт УИХ-аар батлаад байна.

Хууль ирэх оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд дагаж гарах журмууд батлагдсанаас хойш дөрвөн сарын хугацаанд биржүүд холбогдох шаардлага ханган СЗХ-нд дахин бүртгүүлснээр арилжаа хийх эрх нь баталгаажих нь. Харин шаардлага хангаагүй койнуудыг хууль бус гэж үзэхээр болов.

2021.08.26

“АНДЛАЛЫН ӨРГӨӨ”-Г НУРААЖ, СУУРИН ДЭЭР НЬ ХОЁР САРЫН ДОТОР “ТЭНГЭРИЙН АНДЛАЛ” ЦОГЦОЛБОР БАРИВ

Төсвийн хөрөнгийг үр ашиггүй төлөвлөдгийн нэг тод жишээ нь “Андлалын өргөө” цогцолбор юм. Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэр Хөхүүрийн хөндийд баригдаж байсан 1.9 тэрбум төгрөгийн төсөвтэй “Андлалын өргөө” цогцолборыг оюуны өмчийн асуудлаас үүдэн наймдугаар сард нураав. Тус бүтээн байгуулалтын гүйцэтгэл анх хийсэн зураг төслийн хэмжээнд хүрээгүй хэмээн үзсэнээс гадна Ерөнхий сайдын хамаарал бүхий компани гүйцэтгэсэн зэрэг асуудлуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хөндсөний дараа энэхүү үйл явдал болсон юм. Харин хөшөөг нурааснаас хойш богино хугацаанд, суурин дээр нь урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболдын урласан “Тэнгэрийн андлал” цогцолборыг босгов.

Хөшөөтэй холбоотой төсвийн үргүй зардлын асуудал үүгээр намжсангүй. 32 тэрбум төгрөгөөр “Богд Зонхова” цогцолборыг Чингэлтэй дүүргийн Тасганы овоонд 2022 онд барихаар төлөвлөснийг төсөв хэлэлцэн баталдаг эрхмүүд, тэр дундаа тойргоос нь сонгогдсон гишүүд мэдээгүй асуудал иргэдийг бухимдуулсан юм. Үүний дараа Соёлын сайд уг цогцолборыг санхүүжүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн ба анх удаа хуулиар батлагдсан төсвийн үргүй зардлыг иргэд зогсоож чадсан нь энэ билээ.

2021.11.12

МОНГОЛ УЛСЫН 2.3 САЯ ИРГЭНИЙ МЭДЭЭЛЭЛ 700 АМ.ДОЛЛАР 

Хакеруудын сайтад Монгол Улсын 2.3 сая иргэний дэлгэрэнгүй мэдээллийг $700-аар зарахаар байрлуулсан дуулиан өнөөг хэр намжаагүй, буруутай этгээдийг хайж олох ажил одоо ч үргэлжилсээр байна. $700-ын үнэ бүхий мэдээлэлд 2.3 сая хүний нэр, овог, утасны дугаар, имэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар зэрэг багтсан болохыг танилцуулсан байв.

Уг явдал манай улсын кибер аюулгүй байдал ямар түвшинд байгааг бүрэн илэрхийлсэн. Тиймээс ч УИХ-аар мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэх таван хуулийг баталсан бөгөөд эдгээр хууль хууль ирэх оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

2021.11.22

АИ-92 ШАТАХУУНЫ ҮНЭЭ ЧӨЛӨӨЛӨВ

ОХУ-аас тодорхойгүй хугацаанд шатахуун нийлүүлэх боломжгүйгээ мэдэгдсэний дараа нийслэлчүүд шатахуун түгээх станцуудын гадна хэдэн цагаар дугаарлаж, бензиний хязгаарлалтад орж үзсэн жил байв.

Энэ явдлын дараа Монгол Улсын Засгийн иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92 шатахууны үнийг чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм. Төр шатахууны үнэд ийнхүү оролцохгүй болсноор дэлхийн зах зээл дээрх шатахууны үнийн хөдөлгөөнийг дагах буюу зах зээлийн жамаараа үнэ тогтох нөхцөл бүрдээд байна. Үнийн огцом өсөлт бий болгож, иргэдэд ачаалал үүсгэхгүйн тулд сүүлийн зургаан сарын үнийг дундчилдаг болж, сард хөдлөх үнийн дээд хязгаарыг 100 төгрөгөөр тогтоосноор зах зээлд шок үүсэхгүй гээд олон давуу тал болно. Өмнө нь төрөөс үнэд оролцож байснаас болж шатахуун импортлогч компаниуд 66.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа билээ.

Уг шийдвэрийн үр дүнд дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ буурахад монголчууд хямд үнээр АИ-92-оо авдаг болно гэсэн хүлээлттэй байна.

2021.12.13

МОНГОЛЧУУД ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ БОДИТООР ХҮРТЭНЭ

Дэлхийн гурав дахь том зэсийн орд болох Оюутолгой төслийн Монгол Улс дахь үр өгөөжийг нэмэгдүүлэх бодит боломжийг Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэг гүйцэлдүүлж чадав. Манай талаас гаргасан саналыг төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компани хүлээн авснаар Монгол Улсын Засгийн газрын эзэмшил дэх 34%-д ногдох $2.3 тэрбумын өр 100% тэглэгдсэнээс гадна далд уурхайн бүтээн байгуулалтад нэмж шаардагдах 1.2 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцахаар болов.

“Оюу толгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүд болон Засгийн газраас томилсон Ажлын хэсэгт голлон ажилласан ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо нарын чармайлт, удаан хугацаанд үргэлжилсэн хэлцлийн үр дүнд ийнхүү Монгол Улсад ирэх төслийн үр өгөөж наашлах түүхэн нөхцөл бүрдлээ.

 

Холбоотой мэдээ

Шинийн нэгний өглөө мөрөө гаргахын учир

МҮ-ний ШУА-ийн академич, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Тэрбиш: Цагаан сарын шинийн

2022-02-01

Нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны гэр бүлд гурван өрөө байр бэлэглэхээр болжээ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны ар гэрийнхэнд хотын захиргаанаа

2022-02-01

Хөгжлийн Банкнаас зээл авсан бүх ЗЭЭЛДЭГЧ

Монгол Улсын Хөгжлийн Банкны 25 найдваргүй зээлдэгчийн мэдээллийг өмнө танилцуулсан. Өнөөдөр тус бан

2022-02-01

Санал асуулга

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар орж ирэх эрсдэл өндөр байгаа энэ үед монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэх нь зөв үү? Таны санал...

Үр дүн

Loading ... Loading ...