Ж.Одонцэцэг: Сүнслэг бие нь муудсан хүний ажил амьдрал нь цаанаасаа бүтдэггүй

2021-02-19 Ярилцлага 5

Аливаа юмс бүхэн байгаль эхтэй хүйн холбоотой байдаг гэж ярилцдаг. Нэгэнтээ анагаах ухааны эцэг хэмээн алдаршсан Гиппократ “Байгаль эмчилж, эмч тусалдаг” гэж хэлсэн нь одоогийн цаг үед илүү үнэ цэнэтэй тусах үг буй за. Хүмүүний амьдралын оюун бодлыг байгалиас салгаж, тусгаарлаж болохгүй бөгөөд байгаль эх нь амьдралын булаг, биеийг эрүүлжүүлэгч орчин болоод оюун ухамсрыг нээн тэлэгч, гоо сайхны аугаа ертөнц ч гэдэг билээ.

Тэгвэл ихэнх тохиолдолд ч нээрээ уялдаа холбоотой байдгыг хэн бүхэн хэлэх биз ээ. Харин энэ талаар болоод үүнтэй нягт уялдаатай зөн билэгийн талаар Гүн төгс наран ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгтэй ярилцсан юм. Түүнийг үнэхээр зөн билигтэй эсэхийг та доорх ярилцлагаас мэдэж болно. Өмнөх ярилцлага дээр түүнтэй зөн билгийн талаар цухасхан ярилцсан бол энэ удаад илүү дэлгэрүүлж ярилцсанаа доор сийрүүллээ.

Юун түрүүнд зөн билэг гэх ойлголтыг тодорхойлбол?

Зөн билгийг хүмүүс чухалчилж авч үздэг болсон. Өөрийнхөө энергийг цэвэрлэх, аж амьдралаа дээшлүүлэх, ажил үйлсээ бүтээх гэх мэт шалтгаануудын улмаас зөн билэгч дээр очдог. Миний хувьд зөн билэг гэдэг нь аливаа хүний буруу гольдиролд орсон замыг зөв зүгт нь залахыг хэлж байгаа. Хамгийн энгийнээр тайлбарлаж байгаа хэрэг л дээ. Хэдий баян тансаг, амжилттай байсан ч бүх хүний амьдралд алдаа дутагдал гэж бий. Түүнийг нь засаж залруулах нь миний хувьд “зөн билиг” юм.

Та үнэхээр зөн билигтэй юу. Тийм бол үүнийгээ хэзээ олж мэдсэн бэ?

Намайг хотод сурдаг байхад аав минь нутагруугаа автобусаар явсан юм. Буцаад ирэхдээ автобусаа орхиод ирнэ хэмээн ярьж байсан ч яг хэзээ, яаж ирэхийг нь мэдэхгүй байсан юм. Нэг өдөр урд талын гэрт байдаг хөгшин дээрээ ортол надаас, “за юу хийж байна” гэж асуулаа, хариуд нь, “манай аав өнөөдөр онгоцоор ирэх гэж байгаа, хоол хийж тавьдаг юм уу /шаант, чөмөг чанаж буцалгаж байв/” гэж хэлснээ сайн санадаг юм. Гэртээ ороод хоол унд бэлдээд, гэр орноо янзлаад зогсож байхад аав минь гаднаас орж ирлээ. “Хүүе аав, та яаж ирээв?” гэхэд “Аав нь дөнгөж сая онгоцноос буулаа” гэдэг байгаа. Тухайн үед би зөнгөөрөө мэдэрснээ хэнд ч хэлээгүй. Хүмүүс ч мэдэлгүй өнгөрсөн. Өөрөө ч би маш нууцлагдмал явж ирж дээ.

Хүүхэд байхаасаа л их мэдрэмжтэй байсан. Зарим үед их хүчтэй гарч ирж мэдрэгддэг байсан ч тэр болгон хэлдэггүй, бүр хүнд тохиолдох гэж байгаа зүйлийг түрүүлээд мэдэрдэг ч ил гаргахгүй нуучихдаг байсан. Хүмүүс ч олж анзаараагүй дээ. Тэр үед гэрийнхэн маань ч анзаардаггүй байсан байх гэж боддог. Тэрнээс хойш өдий хүртэлх хугацаанд ч тэр их л нууцлагдмал явсан байна.

Одоо ч миний эргэн тойрны зарим хүмүүс намайг зөн билэгтэй гэж мэддэггүй.

Бусдыг мэдрээд эхлэхээр амьдралын буруу, зөвийг ялгаж сурдаг

Эцэг, эхийнх нь талаар асууж болох уу?

Миний эцэг, эх их сайхан хүмүүс байсан. Аав минь нас эцэслэх хүртлээ л бусдын төлөө өөрийгөө зориулсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Сүүлийн жилүүддээ сумдаа түргэний машины жолооч хийсэн. Насаараа л жолоо мушгисан. Шөнө дөл болж байхад явчихаад өглөө ирэхдээ цайны амсар зууж амжилгүй буцаад гараад явдаг уйгагүй үнэнч, шударга хүн. Их ч ажилсаг хүн байсан даа. Харин ээж минь орсон, гарсан бүхнийг хооллож, ундаалж байдаг амны билэгтэй хүн бий дээ.

Зөн билэгтэй байх нь таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

Өөрийн махан биеэрээ амьдралын утга учрыг таньж мэдэж, бусдын төлөө гэх сэтгэл минь илүү их ассан. Тиймдээ ч бусдын амьдрал болон өөрийн амьдралын утга учир, зөв бурууг илүү ихээр олж хардаг болсон. Хүн яавал бурууддаг, яавал зөв сайхан амьдардаг гэх мэт. Өнөөдрийг хүртэл олон хүний үзээгүй амьдралыг үзэж, өөрөө ч бас алдаж үзлээ. Амьдралын болох болохгүйг бие махбодоороо, сэтгэл зүрхээрээ давсан. Энэ нь намайг 10 гаруй жил судалгаа хийх замруу дагуулж, сүүлийн 4-5 жилийг зөвхөн хүний эрүүл мэнд, оюун бодол дээр төвлөрч ажиллахад зориулсан. Хүний бодол, шунал тачаалал хаанаас гарч ирдэг, юунаас болдог учгийг махан биеэрээ туулж бүрэн тайлж чадсан гэж хэлнэ.

Тэгвэл та өөрийгөө үнэхээр зөн билэгтэй гэж хэлж чадах уу?

Тэгнэ. Би өөрийгөө зөн билэгтэн гэж хэт дөвийлгөхгүй бас таны заслыг хийгээд өгье, хараал жатга арилгаж, баян тансаг болгоно гэж сурталчлахгүй. Гэхдээ эдгээр зүйлсийг хийдэг. Гол нь хамгийн энгийн аргаар ярьж хийж өгдөг нь хоорондын харилцлан яриа мэт ойлгогддог байх. Харин тэр яриан дотроо бүгдийг нь хэлж өгдөг юм шүү.

Танд үзүүлсэн хүмүүсийн амьдрал өөрчлөгдсөн болов уу?

Ирсэн хүмүүсийн ажил амьдрал, сэтгэл оюун өөрчлгдсөн байдаг. Тухайн хүн маань биеэ эмчлүүлэх аль эсвэл аж амьдралаа асуух гээд зориод ирэхэд бие эрхтэний эрүүл мэнд талаас нь ийм гэж хэлэхээсээ илүүтэй бусад эрхтэний үрэвсэл, өөрийн алдаа, амьдралд тохиолдсон саад тодгор, буруу замнал зэрэг бүх зүйлийг хамруулан зөвлөгөө хэлнэ дээ. Хамгийн гол утга учиг, алдаа онооныхоо гол зангилааг олж мэднэ гэдэг том зүйл шүү дээ.

Гол нь тухайн хүнийг “энэ ажлыг бүтээгээд өгөөч, тийм хэмжээний ашиг дагуулах юм аа” гээд ирэхэд нь тухайн мөнгө нь зөв зүйлд зарцуулагдах үгүйг нь харгалзаж үзээд туслах үгүйгээ шийднэ шүү дээ.

Буруу шалтгаан дор буруу зүйлд толгойгоо мунхруулаад явж байгаа тохиолдолд туслахаас татгалздаг. Хүлээж авах нэгэнд нь асуудлыг нь залруулж өгнө, тоохгүй бол илүү ганц үг ган хийхийг хүсдэггүй. Өөрийгөө шууд бодлоороо тусгаарладаг.

Үнэхээр зөв зүйлд зарцуулагдах мөнгөний ажлыг бүтэмжтэй болгоно, бүтээж ч байсан. Буруу зүйлдээ улайраад байгаа хүнд надад итгэхгүй байх шалтгааныг шууд л өгдөг.

Зөн билигтнүүдийг дотор нь олон ангилж үздэг. Та ямар төрөлд нь багтах вэ?

Би аль ч төрөлд өөрийгөө багтааж үзэхгүй. Үүнд цаг хугацаа хэрэгтэй. Цаг нь болохоор энэ тухай бүр дэлгэрэнгүй ярина. Бүгд л нэг зүйлийн өнцгүүд шүү дээ. Нэг талаараа би бүх төрөлд нь хамаарна ч гэж үзэж болох. Өөрт таарсан зөв юмаа л хийх ёстой гэж хэлмээр санагддаг. Хараал жатга хийдэг улсууд үнэндээ хүний оюун ухаанаар л тоглож байдаг. Аливаа хүн оюун ухамсраа баттай барьж чадах юм бол хэзээ ч тийм зүйлд өртөхгүй амьдарч чадна.

Таны зөн билэг нэг талаараа бусдын оюун ухааныг өөрчилж, тоглож байгаа хэрэг биш үү?

Аль хэдийн оюун ухаанаараа тоглуулсан хүмүүсийн оюун ухааныг зөв зүгт нь оруулж засаж байгаа л хэрэг. Миний гол зорилго л тэр.

Баян болоход хэт их шунасан, баян хүнтэй л суухыг хүсдэг. Нэр алдарт дурласан, зүгээр сууж байгаад алдартай болох сонирхолтой. Дарга нэр зүүчихлээрээ сэтгэл нь ханадаг нийгэмд л бид амьдарч байна. Эдгээр хүмүүсийн оюун санааг л зөв болгохыг хүсэж байгаа нь л миний зорилго. Зөв явахын цагт мөнгө, алдар нэр өөрөө дагаж байдаг.

Яагаад би үргэлж зөв гэж хэлээд байна вэ гэхээр, таниас урган гарах үр хүүхэд чинь нэр алдраас илүү чухал болохоор л тэр шүү. Эцсийн эцэст үр чинь үлдэх хорвоо болохоос эд хөрөнгө чинь үлдэхгүй. Эд хөрөнгө бол хувьсан өөрчлөгддөг жамтай юм шүү дээ. Зөвийн хэлхээ үүссэнээр бүр сүүлдээ байгаль дэлхийдээ хүрч хүн олон дэлхий дээр илүү удаан оршин тогтнох нөхцөл бүрдэх юм.

Хүн бүр өөрийн гэсэн зөн билэгтэй байдаг болов уу?

Тийм. Хүмүүс ярьдаг шүү дээ. “Ийм зүйл болно доо гээд бодож байсан чинь жинхэнээсээ болчихсон шдээ” гэдэг ч юм уу. Хүн бүрд төрөхөөс заяагдсан зөн билэг гэж байдаг. Түүнийгээ аж амьдралдаа зөвөөр ашиглаж байгаа хүмүүс байна. Буруугаар ч ашиглаж байгаа хүмүүс бий. Харин зөн билгийн арай дээгүүр түвшний өгөгдөлтэй хүмүүс зон олны төлөө буюу тэдний аж амьдралыг засаж, залруулж, зөв чигт чиглүүлэх гэж төрсөн байдаг болов уу.

Энгийн хүн далдын зүйлстэй холбогдох үед амар хялбар аргаар баяжих эсвэл дур тачаалд нь автуулах зэрэг нөлөөг үзүүлэх боломжтой

Зөн билигээ хөгжүүлэх боломжтой юу? Эсвэл цаанаасаа заяагдмал байдаг уу?

Тухайн хүн хөгжүүлье гэж бодвол тэр нь боломжтой. Гэхдээ зургаа дахь мэдрэхүйгээ сонсож сэрээхээс илүүтэй дотоод ертөнцийн дуу хоолойгоо сайн сонсож чаддаг болоосой. Далдын ертөнцөд бидний мэдэхгүй зүйлс маш их бий. Энгийн хүн далдын зүйлстэй холбогдох үед амар хялбар аргаар баяжих эсвэл дур тачаалд нь автуулах зэрэг нөлөөг үзүүлэх боломжтой. Тэгсээр байгаад уг хүний амьдралыг хөмөрсөн тогоо шиг эргүүлж орхидог. Юм болгон учигтай шүү дээ. Олон зангилаатай утасны гол зангилааг нь олж тайлахад ар араасаа цувран тайлагддагтай адил хүмүүний амьдрал ч гэсэн гол зангилаагаа олж тайлах юм бол амьдрал нь урт удаан, аз жаргалтай, амар амгалан, элбэг дэлбэг оршино.

Зориод ирсэн хүмүүсээ зөв замд нь нь оруулахыг чин сэтгэлээсээ хүсэж байдаг. Мөнгө төгрөг олох, ажил үйлс хийхэд хүртэл зөв замаар хийхийг нь зааж зөвлөдөг. Өнөөгийн нийгэм бол мөнгөний нийгэм. Таныг мундаг болохоор үнэгүй өгье гэх зүйл нэг ч үгүй, ганц талх авахад хүртэл мөнгө хэрэгтэй. Тиймээс хүн бүр баяжих хүсэлтэй болсон байна. Эрүүл байх, зөв амьдрахаас илүү хөрөнгөжих нь чухал болж.

Зөн билэгч дээр мөнгө олохын тулд очдог харин үзэж байгаа хүн нь ч тухайн хүнээсээ мөнгө салгах хүсэлтэй болсон гэж хэлж болох уу?

Нэг талаараа тэгж хэлж болно. Зөн билэгч нь тухайн хүнийг засаж, залруулж байгаа учраас мөнгө авах нь зөв. Үзүүлж байгаа хүн нь ч өөрийгөө сайн хянах хэрэгтэй. Бид нарт ердөө “эрт эсвэл орой” гэсэн цаг л бий. Өөрт олдсон энэ хугацаандаа амьдралын үнэнийг олж, учрыг тайлж амьдраасай гэж хүсэж байна.

Мөнгөтэй байх нь, амьдралаа дээшлүүлэх нь, сайхан газарт очиж, хүний эрхэнд орохгүй амьдрана гэдэг нь зөв л дөө. Өнөөдрийн нийгэм маань ийм шүү дээ. Гэхдээ нийгэм нь ийм гээд буруу зүйлрүү орох нь мэдээж буруу. Харин амруу орж байгаа хоолоо зөв гараар олж, өмсөж байгаа хувцсаа зөв аргаар олж өмсөх хэрэгтэй л гэж хэлж байгаа юм.

Хүн хялбар аргаар олсон мөнгөөрөө үнэтэй чамин зүйл хэрэглэж, ууж идлээ ч нүднийх нь цаана гуниг хурсан байдаг. Зарим баян тансаг харагддаг улсуудыг ямар зовлон туулж байгааг хараад мэдэхгүй. Өнөөдөр жаргалтай мэт байв ч хэдхэн хоногийн дараа асуудалд орчихсон, үр хүүхэд нь өвдөж шаналсан байхыг үгүйсгэх аргагүй. Зарим хүн хорвоог орхих үедээ хэт их өвдөлт мэдэрч тамлагдан зовж байна вэ. Амьдын шаналал, тарчлаан шүү дээ.

Хүн гэдэг алхам тутамдаа алхаж буй зам мөрөө зөв тийш нь чиглүүлж, түүнийг мөнхөд эрэлхийлж байх хэрэгтэй.

Ард иргэд мундаг гэж бодсон хүн дээрээ очихдоо баяжих арга зам, тансаг сайхан амьдралын гэрлийг хайж байдаг. Эцсийн эцэст баян тансаг явж болох ч, хэт баяжих хүсэл нь хүний эрүүл мэнд, үр хүүхэд, оюун ухааныг гажуудалд түлхэж байдаг юм шүү.

Зөн билэгтнүүд маань ч тухайн хүмүүсээс төлбөр мөнгө авахаа гол ажил болгохоос илүүтэй тухайн хүмүүсийг зөв амьдралын гольдиролд нь оруулах зорилгоо үл мартаасай гэж хүсэж байгаа юм.

Хараал жатга хийдэг хүмүүсийн тухай та юу гэж бодож байна?

Би хараал гэж нэрлэх дургүй. Жатга л гэж ярьдаг. Над дээр ирсэн хүмүүс “надад жатга хийсэн юм шиг байна. Та үзээд өгөөч” гэж их хэлдэг. Ирж асууж байгаа хүний сэтгэл зарим нь асчихсан, зарим нь бөхчихсөн байдаг. Үүнийг нь яагаад зөв замд нь оруулахгүй буруу үйл хийж байна даа, их л сонин юм даа гэж боддог. Гэхдээ хүмүүсийн хийдэг жатга хариулах үйлийг би маш энгийн аргаар хийж өгдөг. Тэр арга нь юу вэ гэвэл, тухайн хүний эрүүл мэндээр дамжуулж хийдэг.

Одоо цаг нь болсон гэж үзэж байгаа учраас энэ тухай ярьж байна

Тэгвэл хүний оюун ухаан хамгийн хүчтэй юм байна, тийм үү?

Оюун ухаан л хамгийн хүчтэй. Зарим хүмүүс өгөгдөлгүй мөртлөө зүгээр л хүний оюун ухамсраар тоглосон төдий өөрийгөө зөн билэгтэн гэж нэрлэж байна. Хэт их нөгөө ертөнц, шулам, чөтгөрийн талаар бурж, тэднээр оролдож байж өөрсдөө тэдэн шиг болчихвий гэж санаа зовдог. Амьд яваа насандаа буруу замаар будаа тээж газрын хөрсөнд орохын цагт үүрдийн тамд битгий унаасай л гэсэндээ ингэж хэлж байгаа юм. Үүнийг би анх удаа л дэлгэж ярьж байна. Одоо цаг нь болсон гэж үзэж байгаа учраас энэ тухай ярьж байна. Үүнээс цааш ярих зүйл ч их байна.

Хүн нүдэнд нь ил харагдаж байгаа эд материалд маш ихээр дурладаг. Хүүхэд хүртэл өдөр шөнөгүй хүүхэлдэй үзэж суугаа нь үүнийг харуулна. Түүнийгээ сэтгэл ханамж авч байна гэж ярьдаг. Нэг талдаа нийгэм нь өөрөө ийм зүйлд уриалж байна.

Одоо тархаад байгаа коронавирус нь бидэнд маш их зүйлийг ойлгуулж байгаа. Хатуу хөл хорио тогтоогоод цонхоор харахад гудамжаар нэг ч хүн явахгүй, яг л нөгөө хүмүүсийн шимтэн үзээд байдаг аймшгийн кинон дээр гардаг сүйрсэн хот нь бий болчихсон мэт санагддаг. Энэ нь хүмүүс өөрсдөө муу зүйлээ зөгнөөд байгаа нь юм шүү дээ. Хүний оюун ухаан, тархи нь ирээдүйг үргэлж зөгнөж байдаг.

Хэт их далдын зүйлд битгий ор. Байх савандаа байж сур. Хальж илүү зүйлийг сурмаар байвал зөв зүйлийг л сурах хэрэгтэй.

Та өөрийн эмчилгээг хэрхэн зургаа дахь мэдрэхүйтэйгээ хослуулдаг тухайгаа ярихгүй юу?

Бие нь өвдсөн хүн ороод ирэхэд биеийг нь үзэж өгнө. Яаж үздэг тухай их асуудаг. Би судас барьдаггүй, эмнэлэгт орохоор туяагаар хардгийн адил сүнслэг болон махан биеийнх үрэвслийг нь үзэж өгдөг. Тухайн хүний энерги дулаан, хүйтэн байгаа эсэх нь надад мэдэгддэг. Хүн болгоны дотоод ертөнц нь маш сайн хүн байдаг. Харин энэ сайхан хүнээ гадна талын махан бие нь зөв эсвэл буруу замруу явуулах уу гэдгийг залж өгдөг. Дотоод хүн нь хэр зөв замаар явж байна, сөрөг нөлөөнд орсон байна уу, үгүй юу гэдгийг нь үзэж өгдөг. Зарим хүний махан бие муудаж буй нь сүнслэг бие дээрээ түшиглэсэн байдаг. Юм болгонд учир бий. Сүнслэг бие нь муудсан хүний ажил амьдрал нь цаанаасаа бүтдэггүй. Үүн дээр нэгэн жишээ хэлэхэд, олон эмнэлгээр явж, үзэж хардаг хүнээр засал ном хийлгээд болсонгүй гээд нэг хүн орж ирсэн юм. Хэдий дотоод таван цул нь үрэвсэлтэй, мэр сэр асуудлууд байх ч үнэн мөн чанартаа дотно хүнээ алдсан уй гашууг туулж байсан юм. Түүнийг нь хэлэхэд тэр бүсгүй нөхрөө алдсан бэлэвсэн эмэгтэй байж таарсан. Тухайн хүний бие өвдөөд над дээр ирсэн ч гол асуудал нь сэтгэл зүрхэнд нь оршиж байсан хэрэг. Түүнийг нь шийдэж, дотоод сэтгэл, оюун бодлоосоо нөгөө хүнийхээ сүнсийг чөлөөлөх аргыг зааж өгч, нөгөө хүн маань эл аргаар бие сэтгэл нь хөнгөрч, засарч эхэлсэн.

Ингээд гол гогцоог нь гаргаж ирэх үед зарим хүмүүс уйлдаг. Өөрийн дотно нэгнээ алдах үед хүмүүс чөлөөлж явуулж чаддаггүй. Энэ нь явах ёстой хүнийх нь сүнсийг хоргоож үлдээдэг. Гол нь сэтгэлээсээ гаргаж тавиж явуулахгүй л бол хойноос нь ном уншуулаад ч нэмэргүй тохиолдол байна. Тэгж явуулахгүй гацаах нь таны өөрийн ажил үйлсэд маш муу нөлөөтэй шүү дээ. Сэтгэлээрээ холбогдсон улс салж хагацна гэдэг их хэцүү зүйл л дээ.

Ийм зүйлээс болж биеэ өвтгөж буйгаа ухаарахгүй эмнэлэг домчоор явж эсвэл засал ном хийлгээд дорвитой зүйлд хүрч чадахгүй гайхаж сууна. Зарим улсууд “сүнсийг нь явуулж өглөө” гэх мэтээр уй гашуу дээр нь тоглолт хийж харагддаг. Миний хувьд тухайн барьж үлдээгээд байгаа хүнийх нь сэтгэлийг чөлөөлж биеэр нь дамжуулж эмчилгээ хийдэг. Миний эмчилж байсан хүмүүс ганц хоёроор тогтохгүй.

Зарим хүмүүс надад итгэхгүй байх нь ч бий. Тэдгээр хүмүүс мөн чанараа олж харахгүй бол би итгүүлэх гээд ч хэрэг байхгүй шүү дээ. Намайг юм чадахгүй гэж бодох тусам нь бүр л тэгж бодог гээд итгүүлээд орхидог.

Тань дээр зөвхөн зөн билэгч гэдэг утгаар нь очиж үзүүлж болох уу?

Боломжтой. Гэхдээ бас болохгүй зүйл ч гэж байна. Юм болгон хоёр талтай. Би засал ном хийнэ, үзэж харна гэж сүржин нэршил өгч ярихаас зайлсхийдэг. Өнөөдөр би энэ зүйлийг энгийн арга замаар хөгжүүлж, хандаж ирсэн болохоос зөн билгээ олон зүйл дээр гаргаж түүгээрээ бусдад тусалж ирсэн. Хамгийн гол нь тухайн хүн маань чин сэтгэлээсээ надаас тусламж хүсэж, итгэж ирэх юм бол бүх зүйл боломжтой.

Би бусад үзэж хардаг лам хуварга, бөө нарыг үгүйсгээгүй юм шүү. Үнэхээр мундаг хүмүүс олон байдаг. Нэр зүүсэн төдий хүмүүс ч байна. Тэдгээр хүмүүст хандаж хэлэхэд зөв зүйлийг л эрэлхийлж, бусдад муу муухай зүйл битгий хийгээрэй.

Хүмүүсийг гэр бүлээр нь битгий сүйтгээрэй. Хүний оюун ухамсраар битгий наадаарай, зорьж очиж байгаа хүмүүс хүсэл тачаалдаа автаж хүнд муу зүйл битгий хийлгээрэй.

Тэгвэл үйлийн үр гэж байдаг байх?

Байна. Үйлээс шалтгаалж үйлээр бтэх ертөнцөд амьдарч байгаа гэдгээ ухаарах цаг болсон. Амтай болгон үйлийн үрийг ярих дуртай. Тэгвэл алхам тутамдаа үйлээ хурааж байдаг юм шүү. Үүнд сайн уу, муу юу гэдэг хоёр ялгаа л байгаа. Бусдад муу муухай зүйл хийхэд ёр нь тодорхой хугацааны дараа таны үр хүүхэд, бие махбод, ажил амьдралаар дамжин гарч ирдэг. Энэ чинь үйлийн үр. Хүний сэтгэл, оюун ухамсарт бүрэлдсэн бодол амаар эмх цэгцгүй гарах үгсүүд үйлийн үрийнхээ суурийг тавьж эхэлдэг. Иймд бодсон бодлоо тунгааж амаар гарах үгсээ зөв авиатайгаар эхлүүлэн тавьбал алхам тутамдаа амар амгалан байж, үйлийн үрийг тарихгүй.

Үйлийн үр ихтэй хүмүүст туслах гэж оролдсон ч оюун санаа, бие махбод нь өөрөө хүлээж авах ямар ч сонирхолгүй байдаг. Тэгвэл тэр хүнийг нөгөө ертөнцийн хаалга л хүлээж байдаг.

Өмнөх ярилцлагуудыг тань уншихад хүмүүс шинжлэх ухаан дээр тулгуурлаж ярихыг шаардсан байсан?

“Шинжлэх ухаан бол хоорондоо ямарч холбоогүй баримтуудын цуглуулга биш, хамтын оюуны бүтээл юм” гэж Н.Эйнштэн хэлсэн байдаг. Миний ярьсан юм бүхэнд шинжлэх ухаан бий. Шинжлэх ухаан тайлж тайлбарлаж амжаагүй зүйлсийг ч заримдаа ярьдаг.

Танд хандсанаар эрүүл мэндээс гадна, сэтгэл засал хийлгээд гарах боломжтой гэж ойлгож болох уу?

Над дээр ирсэн хүмүүс яг тийм үйлчилгээг хийлгээд гардаг. Орж ирсэн хүмүүстээ өөриймсөг хандаж надаас ахмад хүн байсан ч “миний хүүхэд” юм шиг харьцах сэтгэгдэл надад төрдөг. Заримдаа би их өндөр настай хүн босон мэт мэдрэгддэг /инээх/. Хүн болгоныг хүүхэд шигээ бодож харьцдаг.

Хүн бүрийн эдгэрэх явц ондоо байдаг шүү дээ. Ужиг өвчтэй улсууд нь илүү удаан эмчилгээг шаарддаг бол хөнгөн өвтэй хүмүүс маш хурдан эмчилгээ авдаг. Заримдаа маш хүнд өвчтэй хүмүүс орж ирээд “би 10 хоног эмчлүүлээд зүгээр болчих уу?” гэж асуудаг. Тийм сонин зүйл ярьж болохгүй. Жишээ нь, нэгэн эмчийн ярилцлагыг уншиж байхад бөөрний архаг үрэвсэлтэй хүн байлаа гэж бодоход доод тал нь 60 хоног эм ууж байж өвчнөө бага зэрэг намжааж эхэлдэг. Цаашлаад нэг жил, гурван жил бүр насаараа ч эмчилгээ хийлгэх шаардлагатай байж болно гэж хэлсэн байдаг. Тиймээс хүн өөрт байгаа өвчнөө аль шатандаа байна, ужиг уу, дөнгөж эхэлж байна уу гэдгээ сайн мэдэх ёстой.

Цаад ертөнцийн улсууд надаас “энэ ертөнцөөс амар амгалан явуулаад өгөөч” гэж их гуйдаг

Эмчилгээний явцад ажиглаад байхад сэтгэл заслын төлбөр гэж авалгүй өөриймсөг хандаж энгийн зөвлөгөө мэт хэлчихдэг болохоор үл ойшоох хандлага заримдаа илэрдэг. Ерөнхийдөө “бурангүй” буюу тал ойлголттой байх нь бий. Тус бүрд нь очиж мөнгө төлж авдаг эмнэлгийн болоод засал хийх үйлчилгээг нь сайхан сэтгэлийн үүднээс цогцоор нь хийж өгөхөөр үүнийг ийм л байдаг мэтээр үйл ойшоох тал их ажиглагддаг. Угтаа бол хувийн ч юм уу улсын эмнэлэгт очиход эрхтэн тус бүртээ өөр өөр үнэтэй үзүүлдэг шүү дээ, засал ч мөн ялгаагүй.

Нас барсан хүний хорогдсон сүнсийг биедээ шингээж гэр бүлийн гишүүдтэй нь уулзуулах үзэгдлийг та гүйцэтгэх боломжтой юу? Энэ үнэхээр боломжтой зүйл үү. Мөн үүнийг гүйцэтгэх үед тухайн зөн билэгчид ямар сөрөг нөлөөтэй вэ?

Яваагүй хүний сүнс хорогдож үлддэг нь үнэн. Явуулахгүй зуураад байгаа хүнийхээ эргэн тойронд эргэлдээд, дагаад явж байдаг. Наагуур нь засал ном хийлгээд аргацааж болох ч эцэст нь өвчин зовлон болж ирдэг. Хоргоосоор байж махан биеийнх нь насыг барж эхэлдэг тохиолдлууд байина. Үзэж хардаг хүмүүс өөрсдөө ч өвддөг үе бий. Тэгвэл тэдгээр сүнснүүдийг өөрийн биед оруулалгүйгээр хүсэл зорилгыг нь дамжуулж хэлдэг.

Цаад ертөнцийн улсууд энэ ертөнцөөс амар амгалан явахыг л хүсдэг. Амьд ахуй насандаа гомдол тээсэн, харамсаж явдаг зүйлээ тээгээд өөд болчхоор гомдоосон хүнээ авж явах гээд хажууд нь байгаад байдаг. Тухайн гомдлыг нь тайлах сэтгэлийн үгийг нь дамжуулж хэлэх тохиолдлууд байна.

Та хүний махан биеийн насыг дуусаж байгаа үгүйг мэдэрч чадах уу?

Чадна. Гэхдээ аль болох хэлэхгүй байхыг боддог. Үнэхээр мэдэхийг хүссэн хүнд нь хэлж болно. Хүн болгонд хэлээд байх ч шаардлагагүй.

Уншигч олондоо хандаж юу гэж хэлмээр байна?

Огторгуй ертөнц нь гэрэлтэж, сайн цагийн эхлэл үүдийг тольдон нээлээ. Ертөнцийн дээвэр дор байгаль эхийн ариун хэвлийд амьдарч буй амьтай бүхэн амар амгалан оршиж, зөвийг баримталж, байгаль эхдээ энгүй сэтгэлээр хандаарай. Далд ертөнцөөр бүү оролдооч. Миний хэлсэн үгнүүд заримд нь хатуудсан байж магадгүй гэхдээ үнэн юм шүү. Чин сэтгэлээр амьдралын төлөө зүтгэж байгаа хүмүүст сайн сайхан нь түгэх болтугай.

Миний дээрх болон өмнө өгсөн ярилцлагууд энгийн мэт байж болно. Гэхдээ энэ л бодит амьдрал. Энэ энгийн бөгөөд бодит амьдралаас дэндүү холджээ.

Б.Билигт

Холбоотой мэдээ

“Бидний өнөөдрийн нийгэмд адгуус амьтнаас ялгарах зүйлс улам цөөрсөөр байна”

"Гүн төгс нар" ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн болло

2021-05-28

Ж.ШИЖИР: Одоогоор манай системийг 100 хувь ашиглаж байгаа нэг ч сургууль алга байна

IT салбарт тасралтгүй түүчээлж амжилтаараа ялгарч байгаа “ТОМ АМЖИЛТ” ХХК-ийн ерөнхий захиралтай Амж

2021-05-07

“ODOSURY платформ сургалтын сан асар их, хамгийн хямд, ашиглахад ч хялбар”

Цар тахалтай байгаа онцгой нөхцөлд сургалтын систем онлайн хэлбэрт эрчимтэй шилжиж байна. Үүнтэй хол

2021-05-07

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль