Насанд хүрсэн хүн төгөлдөр хуур тоглож сурах 10 шалтгаан

2021-02-26 Зөвлөгөө 0

Дэлхийн хөгжмийн үйлдвэрлэлийн гол арга хэмжээ – NAMM худалдааны шоуны тайлангаас үзвэл хөгжим тоглож чаддаггүй томчуудын 82%-д нь сурах хүсэл байдаг гэнэ. Тэгэхлээр хүсэж, найдаж, бодож, эргэцүүлж, залбирч суухын оронд төгөлдөр хуур сурахад оройтох гэж байдаггүйг л ухамсарлах хэрэгтэй болж байна. Нас биед хүрсэн хойноо төгөлдөр хуур тоглож сурах нь ЯАГААД МУНДАГ хэрэг болж буйг тайлбарласан арван жинтэй шалтгааныг дор дурдлаа:


1-р шалтгаан – Багадаа төгөлдөр хуур сурах нь тэр бүр мундаг хэрэг болж чаддаггүй

Олон олон эцэг эх үр хүүхдээ төгөлдөр хуур (өөр бусад хөгжмийн зэмсэг) тоглуулж сургах гээд албадаж гардаг. Албадлагын эцэст ааштай балчирхан хүүхэд төгөлдөр хуурын ард ууртай нь аргагүй суугаа зураглал үүснэ. Урвайхаараа урвайчихсан, төгөлдөр хуурын сандлаас унжаатай хөлөө байдгаараа савчуулсан! Төгөлдөр хуурын хичээл амар эд биш, ялангуяа бага насны хүүхдэд залхам, дэндүү уйтгартай санагдаж болзошгүй.

Харин насанд хүрээд төгөлдөр хуурын хичээлийн үнэ цэнийг ойлгодог болсон цагт байдал тэс өөрчлөгдөнө. “4-14 жил хөгжмийн дасгал сургууль хийсэн хүн ярихуй, дуу авианы реакц, мэдрэх чадварын хувьд дасгал сургууль хийгээгүй хүнээс илт давуу байдаг”-ыг АНУ-ын Нортвестерн их сургуулийн мэдрэлийн ухааны эрдэмтэн Нина Краус тайлбарлав.

2-р шалтгаан – Том хүн төгөлдөр хуур сурах нь стрессийг багасгаж өгдөг

Нас биед хүрсэн хүмүүст бүгдэд нь стрессээ тайлах, багасгах бодит хэрэгцээ байгаа! Савтай эмээ шүүрч авахын оронд зүгээр л суугаад төгөлдөр хуур тоглож байна гээд төсөөл дөө! “Төгөлдөр хуур тоглох нь кортизолын (стрессийн реакцид чухал үүрэгтэй биологийн идэвхт даавар) хэмжээг багасгах хамгийн сайн арга хэрэгсэл” болж байгаа нь олон хүнд хийсэн судалгаагаар батлагдсан юм.

3-р шалтгаан – Том хүн төгөлдөр хуур сурах нь эрүүл мэндэд сайн

Стрессээ багасгаснаар склероз (тархины судасны хатуурал), зүрхний өвчин, чихрийн шижин зэрэг эмгэг өвчинд баригдах эрсдэл багасдаг. Хөгжим тоглох нь хүнийг аз жаргалтай болгодог. Тэгвэл жаргалтай хүний цусны эргэлт хурдасдаг. Цусны эргэлт хурдассанаар зүрх судасны өвчинд ээрүүлэх эрсдэл эрс багасна.

4-р шалтгаан – Та бидний тархи 18 хүрэхээрээ хөгжих нь зогсчихдог зүйл биш

Хүмүүсийн толгойд хадаастай нийтлэг ойлголтыг зөрж байгаад тайлбарлахад насанд хүрсэн хүн хөгжим тоглож сурах нь бага залуу үеийнхнээс харин ч хялбар байдаг тал бий. Жишээ нь томчуудын оюун ухаан абстракт концепц хүлээн авах чадвараар илүү. Энэхүү давуу талын ачаар хийсвэр концепцыг гарын хөдөлгөөнд хөрвүүлж буулгахад хялбар болдог байна..

5-р шалтгаан – Томчууд төгөлдөр хуур сурах нь үгсийн санг баяжуулдаг

Төгөлдөр хуур тоглож сурах нь тархин дахь үг яриа, хэлний төвүүдийг холбогч мэдрэлийн холбоосуудыг идэвхжүүлж өгнө. Хэлний дохио загварыг үг ярианд буулгах чадвар хөгжимчин хүнд яах аргагүй илүү байдаг юм. Шуугиантай орчинд яриа ялгаж сонсох чадвар ч хөгжимчин хүмүүст давуу хөгжсөн байдаг ажээ.

6-р шалтгаан – Төгөлдөр хуур сурах нь томчуудыг өөртөө итгэлтэй болгодог

Төгөлдөр хуур тоглож сурснаар нас бие гүйцсэн хүмүүст ажил үүргээ дуусгаж чадсан мэдрэмж төрүүлдэг. Энэ сайхан мэдрэмжийг төгөлдөр хуур шиг амархан төрүүлдэг өөр юм ховор.

7-р шалтгаан – Томчууд төгөлдөр хуур сурах нь ой тогтоолтыг сайжруулдаг

Иллинойсын Нортвестерн их сургуулийн судлаачид амьдралын дадал туршлага, дасгал сургуулийн явцад тархи дасан зохицож, хөгжих чадварыг тодорхойлдог нейро-уян хатан байдалд (neuroplasticity) хөгжмийн сургалтын үзүүлэх нөлөөг зориуд судалж үзсэн юм. Судалгааны эцэст эрдэмтэд бие махбодын дасгал хөдөлгөөн фитнест чухал үүрэгтэй адилаар хөгжмийн дасгал ч тархинд сонсголын фитнесс болж өгдөг хэмээн дүгнэсэн байна.

8-р шалтгаан – Төгөлдөр хуур тоглох нь үе мөчний ажиллагааг сайжруулдаг

Зүрх судасны өвчин эмгэгийн улмаас биеийн хүчний ажил хийх чадваргүй хүнд хүртэл хөдөлгөөн чухал. Учир нь нас явах тусам та бидний яс, үе мөчинд хөдөлгөөн үгүйлэгддэг. Ядаж өдөртөө ганц удаа төгөлдөр хуур тоглоод байвал гар, бугалганы хавангаас сэргийлэхэд тустай. Төгөлдөр хуур нь үе мөчний “бага ачаалалтай” дасгал болж өгнө. Үе мөч, булчингаа хөшөөчихгүй уян хатан байлгаж, хуян шар ус хурах болон дегенератив өвчнөөс сэргийлэх гэвэл төгөлдөр хуураар хичээллээрэй!

9-р шалтгаан – Төгөлдөр хуур тоглох нь сэтгэл хөдлөл, дааврын ялгаралд тустай

Нас ахиж амьдралын хэвшил өөрчлөгдөх хэрээр сэтгэлийн хөдөлгөөн, дааврын ялгарал ч хувирдаг. Ялангуяа цэвэршиж буй эмэгтэйчүүд төгөлдөр хуур тоглох нь зан аашийн өөрчлөлтөө хянах, HgH буюу хүний өсөлтийн дааврын ялгарлыг ихэсгэх, стресс тайлах, цовоо сэргэлэн болгох сайн нөлөөтэй. Хөгжмийн зэмсэг тоглох ур чадвар эзэмшсэнээр сэтгэл санаа тань өөдрөг, урам зориг дүүрэн болж ирнэ.

10-р шалтгаан – ЗУГААТАЙ ХӨГЖӨӨНТЭЙ учраас!

Хөгжим тоглож сурах нь хугацаа шаарддаг процесс боловч хүүхэд насанд тохиолддог дургүйцэн цааргалан учир шалтгаан томчуудын хувьд бараг байхгүй.

Хөгжим тоглож сурахыг хүүхдүүд гүйцэтгэх ёстой даалгавар гэж үзэх хандлагатай бол үнэ цэн, утга учрыг нь ойлгож буй томчуудын хувьд сурах процесс ердөө л баяр цэнгэл. Дээр нь, анд нөхдийнхөө өмнө, төгөлдөр хуурын ард авьяас чадвараа харуулах ямар сайхан гээ!

Төгөлдөр хуур сурах нь томчуудад урам хайрлаж онгод оруулдаг ажил. Сурахад өөрийн тань төсөөлж байгаагаас ч БАГА хүч хөдөлмөр орж магадгүй!

Гэрийнхнийхээ, найзуудынхаа өмнө төгөлдөр хуур тоглох хүслэндээ хөтлөгдөн хичээллэж эхэлснээс хойш суралцах процесс чухам сайхан, зугаа цэнгэлтэй санагдсаныг хожим нь олон хүн дурсан хэлдэг юм.

Холбоотой мэдээ

Хөхний сүү халдварт өвчнөөс сэргийлэхэд вакцинаас ч илүү ач холбогдолтой

Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн ээжүүд хүүхдээ хөхөөр хооллож болно гэдгийг АШУҮИС-ийн нөхөн ү

2021-04-09

Хөхүүл эхчүүд вакцин хийлгэх боломжтой

Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд вакцин хийлгэж болох эсэх талаар иргэдийн дунд асуулт байсаар байна

2021-04-08

Сошиал хуудсыг “зэвсэг”-ээ болгож ашиглах нь – Twitter

Ерөнхий тойм Мэдээлээ чухам хаанаас авдаг вэ гэсэн асуултад Twitter гэж хариулах хүн өдгөө тун ол

2021-04-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...