Х.Бадамсүрэнг 60тэрбумын хууль бус ажиллагаатай холбоотой эсэхийг АТГ-аар шалгуулахаар болжээ

2017-09-20 Нийтлэл 0

“Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн ээлжийн дарга Ш.Мөнхбаяр, баяжуулагч н.Уранчимэг нарын ажилчид өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг эрх мэдлээ хэтрүүлэн, ТУЗ-өөс батлаагүй орон тоог бий болгож, өндөр цалин хангамж өгөхөөс гадна бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ хийсээр байгааг онцолсон юм. Энэ асуудал эртнээс л яригдсан.

Х.Бадамсүрэн даргын албан тушаалд очсон даруйдаа л өөртөө тансаг хаус бэлтгэж, 24.5 сая төгрөгийн цалин авч тансагласан тухай хангалттай мэдээлэл цацагдаж байлаа. Бүр MELODIA брэндийн унтлагын өрөөний тансаг иж бүрдлийг 25.5 сая төгрөгөөр, нэмээд 15 саяын хувцасны шүүгээгээр хослуулан нойрсох тав тухаа хангасан нь зураг хөрөгтэйгөө дэлгэгдэж “булай” болж байсан нь хэвлэлийн шарласан хуудаснаа одоо ч дурайж байх юм.

Цаашлаад 22 саяын үнэтэй гал тогооны тавилга, дээр нь шарах шүүгээ, плитка, агаар шүүгч, холигчоо авхуулахад 2.8 сая зарцуулж, MELODIA брэндийн найман сандалтай ширээг 16 саяар авсан санхүүгийн баримт цацагдаж билээ. Энэ бүхэн зөвхөн эхлэл төдий. Зочны, гурван унтлагын өрөө, ажлын өрөөний тавилгыг дурдвал 180 сая төгрөгөөр зөвхөн “Эрдэнэт”-эд амьдрах гэрээ тохижуулсан нь олны нүд чихийг орой дээр нь гаргаж байлаа.
Бадмаа дарга шиг минутад 2,240 төгрөгийн цалин авахыг мөрөөдсөн хүмүүс нийгэмд бий болж, тэтгэврийн насны хүмүүс яаж яваад тэр том үйлдвэрийн дарга, даамлаар томилогдож байгаа талаар олон ч таамаг өрнөж билээ. Төрийн өмчийн хорооны даргад хуучин машинаа бэлэглэж, өөрөө 300 сая төгрөгийн “бандгар” жипээр гангарах болсон. Бадмаа даргын тансаглал дууссан болов уу хэмээн найдаж байв. Хэмнэлтээ өөрөөсөө эхлүүлнэ, үргүй зардлыг танана гэж хэвлэлд өгсөн амлалтаа биелүүлж эхэлжээ гэж бодож суусныг яана. Гэвч тийм биш байжээ.

Асуудал дахиад л дэгдэж эхэллээ. Эдгээр ажилтнуудын мэдээлж буйгаар нэг ч ажилчин нэмж авч болохгүй гэсэн шүүхийн шийдвэрийг үл тоон өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлэхээр улайрч эхэлжээ. Сонгуулийн өмнөхөн гаргасан шүүхийн шийдвэрээр бол хувийн хэвшлийн хууль ёсоор авсан 49 хувийг төр булааж авсан нь буруу гэх шүүхийн шийдвэр гаргасан аж. Үүнийг ч МАН-ынхан хүлээн зөвшөөрчихсөн гэнэ лээ. Тиймээс эцсийн шийдвэр гарах хүртэл энэ үйлдвэрт ямар нэг байдлаар хөдөлгөөн оруулж, ажилтан нэмж авахгүй байхыг тушаасан ч энэ шийдвэр хөрсөн дээрээ хэрэгжсэнгүй бололтой.

Мэргэжлийн бус зөвхөн намын тушаалаар томилсон эдгээр боловсон хүчний тухайд ажлын чадваргүй хэмээн Ш.Мөнхбаяр нар хэлж байсан юм. Зөвхөн нам даалгасан учраас ямар ч хамаагүй албан тушаалд томил хэмээн үүрэгдэж, Эрдэнэт үйлдвэр намын шахааны хүмүүсээр дүүрлээ хэмээн тэд онцоллоо. Мөн Ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэл эдэлж, ард түмний гэх тодотголтой Эрдэнэт үйлдвэрийн мөнгөөр долоон зөвлөх томилсон баримтыг ч мөн дэлгэв.

Өөрөөр хэлбэл, Төрийн өмчит гэх гуншинтай үйлдвэрийн дарга дотоод ажил, санхүү, хөгжлийн бодлого, техник технологи худалдаа, хангамж гээд нийт долоон зөвлөхөөр өөрийгөө тойруулсан байх юм. Эндээс ганцхан дүгнэлт гарч байгаа. Өнөөх алдарт 60 тэрбумын албан тушаал энэ үйлдвэрт нөлөөлөв үү гэх хардлага төрж байна. Үүнийг ч Ш.Мөнхбаяр нар хардаж байгаа учраас АТГ-т шалгуулах, улмаар 60 тэрбумын хууль бус ажиллагаа “Эрдэнэт” үйлдвэрт хэрэгжиж, байгаа эсэхийг шалгуулах хүсэлтээ Ерөнхийлөгчид хаяглажээ.

Ард түмний хувьцаа эзэмшдэг хэмээн улс төрийн шоу болгож байсан энэ үйлдвэрт үнэндээ Ардын намын хэдхэн хүн нөлөөгөө тогтоож байгааг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, Төрийн өмчит компанид энэ мэт нэг намын хүмүүсийн хязгааргүй эрх мэдэл ноёлж байгаа асуудлыг Төрийн тэргүүн анхаарч үзнэ хэмээн итгэж буйгаа тэд хэлж байлаа. Үнэхээр “Эрдэнэт” үйлдвэр ард түмний өмч мөн юм бол үүнийг өмчлөх хүнд нь өг. Эс бөгөөс төрийн өмчөөр дураар туйлж буй Х.Бадамсүрэн тэргүүтэнд хариуцлага ярих цаг нь болжээ.

Холбоотой мэдээ

Түүх: Эмэгтэйчүүдийн баяр анх цалингын тэгш бус байдлаас үүдэж үүссэн

Жил бүрийн 3 дугаар сарын 8-ныг “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” хэмээн дэлхий даяар тэмдэглэд

2021-03-08

Хүчтэйг нь хэн шүүж, хүчгүйг нь хэн хамгаалах вэ?

“Ноёд групп” ХХК-г 1996 онд үүсгэн байгуулж 25 жил бизнесийн салбарын халуун тогоонд чанагдсан Г.Буя

2021-03-03

Коронавирусын вакцины хоёр тун тарган хүмүүст хангалтгүй болох нь тогтоогджээ

Италийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вак

2021-03-02

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...