“Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг З.Энхболд өөрчилсөн”

2021-04-20 Улс төр 0

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж, хоёрдугаар дүгнэлт гаргасан.

Энэ дүгнэлтээр тус хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт болон 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж, мөн өдрөөс түдгэлзүүллээ. Харин хуулийн тавдугаар зүйлийн 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй хэмээн шийдвэрлэсэн талаар Үндсэн хуулийн Цэцээс мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзсэн юм.

Цэцийн уг дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр (2021.04.20) хэлэлцээд, Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зөв гэж байнгын хорооны гишүүдийн олонх үзлээ.

Байнгын хорооны гишүүд хэлэлцсэн асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ:

-Цэцийн дүгнэлтийг Байнгын хороогоор яагаад яаруу хэлэлцэж байна вэ. Ямар шалтгаан байна вэ. Монголын төрд МАНАН-гийн завхрал үргэлжлэх юм байна. 2016 оны сонгуулийн хуулийг яг энэ технологиор өөрчилсөн. Сая оны өмнө мөн өөрчлөөд, дараа нь Цэцэд нэг нөхрөөр гомдол гаргуулдаг юм, угаасаа. Тэгээд Цэц нь Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлт гаргадаг юм. Яг өнөөгийн үйл явц шиг  байнгын хороо, УИХ нь хүлээж аваад, Сонгуулийн хуулиа өөрчилдөг. Уг нь ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно гээд заачихсан шүү дээ. Хүч түрээд л дахиад өөрчлөх гэж байна. УИХ-ын тогтоолыг та нар хэрэгжүүлдэггүй юм уу?

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ЭНХБОЛД:

Цэцийн дүгнэлтийг хуулийн хугацаанд нь хэлэлцээд явж байна.

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА С.БЯМБАЦОГТ:

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах үеэр Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг 2025 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр өргөн барьсан. Хэлэлцүүлгийн явцад мөн ажлын хэсэг дээр ярьж ойлголцоод, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлахдаа үйлчлэх хугацааг нь ярилцсан. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд үйлчлэх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжүүлье гэдэг саналыг илэрхийлсэн. Уг саналыг нь олонх дэмжсэн. Тухайн үед одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжтой гэж ойлголцож байсан. Гэтэл хууль хэрэгжих явцад нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасныг Цэц хэлэлцээд, Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргасан байна лээ. Болсон процесс нь л энэ, өөр нуух юм байхгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ:

-Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж байна. Үндэслэлүүдтэй дүгнэлт. Анх Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын 62 гишүүн өргөн барихдаа 30 дугаар зүйлийн 2-т Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн заалт оруулсан. Ингэхдээ уг заалтын хэрэгжих хугацааг 2025 оны долдугаар сарын 1-нд мөрдөнө гэж заасан. Хэрэв уг хугацаагаар батлагдсан бол өнөөдөр ийм асуудал гарахгүй байх байсан. Уг заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулиас хасч, 2020 оны тавдугаар сарын 25-нд дагаж мөрдөнө гэж тусгасан. Цагаан дээр хараар бичсэн уг заалтыг хууль тогтоогч хугацааг өөрчилсөн нь ойлгомжтой учраас Цэцийн дүгнэлт зөв.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ:

-Бэлгийн дарамтад гурван хүний нэг нь өртөж байна. Хүн бүр бодно биз. Хэлэлцэж байгаа асуудлаар хэлэхэд, та нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг баталсан. ҮХЦ үнэхээр хууль зөрчсөн байгууллага болжээ. Сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулахгүй гэсэн хуулиа та нар зөрчих гэж байна уу. Хуулиа дээдлэхээ больсон. Сошилд та нарыг мангарууд гэдэг болсон. Өчигдөр баахан гишүүд нь гарч ирж мэдээлэл хийж байсан, Дээд шүүхэд нөлөөлөх гээд байгаа юм уу. Яасан их сандарч байна вэ. Чадамжгүй Засгийн газраа огцруул. 51 хүн халдвараар нас барлаа. Вакцин нь хаана байна вэ?

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД:

-Сонгуулийн хуулийг батлах үед тухайн үеийн Ерөнхийлөгчөөс саналыг нь авдаг жишигтэй. Н.Энхболд гишүүн Ерөнхийөгчийн сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалсан. Тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газраас хуульд саналыг нь авсан уу. Тодорхой хариулах хэрэгтэй. Ерөнхийлөгчтэй холбоотой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн заалтыг Ерөнхийлөгчийн сонгуульд тодорхой болгох юм байна гэсэн ойлголт бүх гишүүнд байсан. Одоо Цэц дээр асуудал үүсээд, олон нийтийг төөрөгдүүлж байгааг ойлгохгүй байна. Цэцийн харилцааг зохицуулахгүй бол болохгүй нь ээ. ҮХЦ бол Үндсэн хуулийн баталгаа. Өмнө нь хэзээ ч ийм юм гарч байгаагүй. Цогтоо гишүүн нь ҮХЦ-ээс гарахдаа энэ байгууллагыг нулимаад гарлаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ЭНХБОЛД:

-Анх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчтэй холбоотой заалтын хэрэгжих хугацааг 2025 он гэж байсныг 2020 он болгохыг гишүүдийн олонх дэмжсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн Тамгын газраас том бүрэлдэхүүн орж ажилласан. Хэд хэдэн удаа саналуудыг нь авч хуульд тусгасан. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгчөөр өмнө болон одоо ажиллаж байсан хүмүүс дахин сонгуульд өрсөлдөж болох эсэхийн тухай яригдаагүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу явна гэж бүгд ойлгосон.

Байнгын хорооны гишүүд Цэцийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжсэн тул УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авбал маш богино хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нөхцөл үүсэх юм. 

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга УИХ-аас 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталса

2021-05-06

“Х.Баттулгын хуйвалдаан АН-ыг өнөөдөр ийм байдалд хүргэсэн”

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй С.Эрдэнэ болон намын удирдлагууд нь цаг үеийн асуудла

2021-05-06

Г.Занданшатар: Ардчилсан намын дотоод зөрчлийг бид яаж шийдэх юм бэ?

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд О.Цогтгэрэл даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр

2021-05-06

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт