Эмнэлгийн бус орчинд ор дэлгэж эмчилгээ явуулсан туршлага, эрх зүйн зохицуулалт манайд байхгүй

2021-04-20 Нийгэм 0

Орон даяар хатуу хөл хорио тогтоосноос хойш өнөөдөр 10 хонож байхад халдвар авсан хүний тоо буурах биш, улам ихсэж байна. Халдварын тархалт ихсэхийн хэрээр эмнэлгүүдэд халдвар гарч, эмч мэргэжилтнүүд олноор халдварт өртөж эрүүл мэндийн салбар боловсон хүчний хомсдолд орлоо. Коронавирусийн халдварын тархалт эрчимтэй нэмэгдсээр буй энэ үед цаашид ямар бодлого барьж ажиллах талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох ийнхүү өгүүлэв. 

-Өнөөдрийн байдлаар манай улсын хэдэн эмнэлгийн, хэчнээн эмч мэргэжилтэн коронавирусийн халдварт өртөөд байна вэ?
-Коронавирусийн халдварын нөхцөл байдал эрүүл салбарынханд хүндээр тусаж байгаа нь үнэн. Эмнэлгүүдийн мэдээлэл долоо хоногт тутамд гардаг. Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр эмнэлгийн 397 ажилчин халдварт өртсөн байна. Энэ бол улсын хэмжээнд нийт халдварын 2.6 хувийг эзэлж байна. Коронавирусийн халдвар бүх нийтийн дунд тархсантай холбоотой эмнэлгийн ажилчдын хомсдол үүсэж байна.

Нэгдүгээрт, эмч мэргэжилтнүүд коронавирусийн халдварт өртсөнөөр эмнэлгийн ажилчдын дутагдал үүсэж байна. Хоёрдугаарт, Эмнэлэгт халдвартай иргэдэд тусламж үзүүлсэнтэй холбоотой ойрын хавьтал болж, гэрийн тусгаарлалтад орсон эмнэлгийн ажилчид орж байна. Гуравдугаарт, Хүнд, хүндэвтэр, нэн хүнд өвчтөний тоо нэмэгдсэнээр тусламж, үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийн хомсдолд орж байна. Хэрэв хөнгөн өвчтөн бол 30-40 хүнд тусламж үзүүлэх нэг баг 2-3-хан хүнд үйлчилж байх жишээтэй. Энэ бүхэн эрүүл мэндийн салбар боловсон хүчний дутагдалд орох шалтгаан болж байна.

Халдвар нийтийн дунд тархсан ийм үед эмнэлгүүд тасгуудаа хаах боломжгүй. Тасаг хаах нь өмнөх үеийн буюу халдварын тохиолдол цөөн байх үед авч байсан арга хэмжээ юм.

-Эмнэлгийн ажилтнууд халдвар авснаар ГССҮТ, ХСҮТ, Нэгдүгээр амаржих газарт хэд хэдэн тасгийг хаасан тухай мэдээлэл бидэнд ирсэн. Одоогоор тасгаа хаасан эмнэлэг хэд байна вэ?

-ЭМЯ-ны харьяа төрөлжсөн нарийн мэргэжлийн 14 эмнэлэгтээ судалгаа хийлээ. Коронавирусийн халдвар илрээгүй эмнэлэг байхгүй. Үйлчлүүлж буй хүмүүсийн дотор халдвартай иргэд байна. Халдвар нийтийн дунд тархсан ийм үед эмнэлгүүд тасгуудаа хаах боломжгүй. Тасаг хаах нь өмнөх үеийн буюу халдварын тохиолдол цөөн байх үед авч байсан арга хэмжээ юм. Ковидын халдвар голомтлон гарсан эмнэлэг одоогоор байхгүй.

Тохиолдлын тоо цөөн байх үед ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт халдвартай иргэдийг хүлээн авч эмчилж байсан. Одоо бол эмнэлгүүд үндсэн тусламж үйлчилгээгээ үзүүлэхийн зэрэгцээ халдвартай иргэн ирвэл хүлээн авах хэсгийг бэлдсэн. Жишээлбэл, Гэмтлийн нарийн мэргэжлийн мэс заслыг ГССҮТ-д хийхээс өөр аргагүй учир өвчтөн халдвар авсан байлаа ч эмнэлэгтээ хүлээн авч, тусламжаа үзүүлж байна.

Эмнэлгүүд иргэн бүрийг халдвартай байж магадгүй хэмээн үзэж, халдвар авахаас сэргийлэх, мөн зэрэгцэн үйлчлүүлж буй иргэдийг халдварт өртүүлэхгүй байхад анхаарч ажиллаж байгаа. Одоо бол дүүргүүдийн эмнэлгүүд халдвартай иргэдийг хэвтүүлэн эмчилж байна. Тархалт ихэссэнтэй холбоотой хувийн хэвшлийн эмнэлгүүд ч ковидтой иргэдэд тусламж үзүүлж байна. Эмнэлгийнхээ тодорхой хэсгийг ковидын чиглэлээр тусламж үзүүлэхээр бэлтгэж, халдвар хамгааллын дэглэм баримтлаад тусламж үзүүлж байна.


-Голомт тодорхойгүй халдвар авсан хүний тоо олноор нэмэгдэж байгаа энэ үед ЭМЯ цаашид ямар тактикаар ажиллах вэ. УОК-т энэ талаар ямар санал хүргүүлэхээр ажиллаж байгаа бол?

-Өмнөх үеийн стратеги бол халдвар авсан хүн бүрийг эмнэлэгт хэвтүүлж, хавьтлуудыг зочид буудалд тусгаарлан, тархалтыг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээ авч байв. Харин одоо тохиолдлын тоо ихэссэнтэй холбоотой эрүүл мэндийн салбарын нөөц бололцоо хүрэлцэхгүйд хүрлээ. Одоо илүү хохирол багатай даван дуулахад бүх хүчийг чиглүүлж байна. Хүндрэлээс сэргийлэх, нас баралтыг бууруулахад чиглэж ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр 397 эмч, эмнэлгийн мэргэжилтэн коронавирусийн халдварт өртсөн байна.

Халдвар нийтийн дунд тархсан энэ үед иргэд өөрсдөө сэрэмжтэй байж халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах хэрэгтэй. Халдварын шинж тэмдгийн талаарх мэдээллийг ЭМЯ-наас өдөр бүр хүргэж байгаа учир иргэд энэ талаар сайн ойлголттой болсон байх. Хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх, гараа угааж ариутгах, гадуур явахгүй байхад л халдвараас сэргийлэх боломжтой юм. Хувь хүний хариуцлага маш чухал боллоо. Хатуу хөл хорио тогтоосон энэ үед ч иргэд идэвхтэй хөдөлгөөнтэй хэвээрээ харагдаж байна.

-Хөл хорио тогтоосноос хойш 10 хонож байхад халдвар авч буй хүний тоо маш өндөр хэвээр байна. Хөл хорионы эффект хэзээ гарах вэ?
-Хөл хорио тавьсан эхний долоо хоногт халдвар авсан хүний тоо өндөр байсан. Тэр хүмүүс хөл  хорионоос өмнө халдвар авсан гэж үзэж байгаа. Хөл хорионы үр дүн энэ долоо хоногийн сүүлчээр харагдах ёстой.

Одоогийн байдлаар эмнэлэгт 3000 гаруй, гэрийн тусгаарлалтад 4600 хүн эмчлүүлж байна. Энэ хүмүүсийн ойрын хавьтал 14600 хүн байна. Одоо халдвар авсан болон хавьтал болсон хүн бүрийг тусгаарлах, хэвтүүлэн эмчлэх бололцоогүй болсон. Дэлхий дахинд ч халдвар авсан нийт хүмүүсийн 80 орчим хувийг гэрээр эмчилж байна. 10 орчим сая хүн амтай Токио хот гэхэд ковидтой өвчтөнүүдэд зориулж 4000 ор дэлгэсэн. Манай улс 3000 гаруй ор дэлгэн хүмүүсээ хэвтүүлэн эмчилж байна.

ХОЁР ДАХЬ ECMO АППАРАТЫГ ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ ХУВААРИЛСАН

-Буянт-Ухаа спорт цогцолбор, Бөхийн өргөөнд нөөц ор дэлгэж байгаа нь эмнэлгийн тусламж үзүүлэх, халдвар хамгааллын шаардлага хангаж чадах уу?
-Буянт-Ухаа спорт цогцолбор, Бөхийн өргөөнд дэлгэсэн нөөц орон дээр өвчтөн хэвтүүлж, эмнэлгийн тусламж үзүүлэхийн өмнө Мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлт гаргах ёстой юм. Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гараагүй тохиолдолд зориулалтын бус орчинд ор дэлгэж, халдвартай иргэдэд эмчилгээ хийх боломжгүй.

Олон хүнд нэг дор эмчилгээ хийхэд зориулалтын тусгай орчин шаардагдана. Зөвхөн эмчилгээ төдийгүй жорлон, ариун цэврийн байгууламж, хоол ундны хангамж, өвчтөн хүндэрвэл авах хэмжээ гэх мэтээр стандартын шаардлагууд тавигдана. Эмнэлэг гэдэг нарийн зохион байгуулалт бүхий институц байдаг. Хүн хүндэрвэл ямар арга хэмжээ авах талаар эмч нарын зөвлөлөөр хуралдахаас гадна Эмчилгээ эрхэлсэн орлогч гэсэн албан тушаалтан ажиллах тогтолцоог бүрдүүлснээр тусламж үйлчилгээ тасралтгүй явагддаг. Гэтэл эмнэлэг эмнэлгээс хэдэн эмч томилж, зориулалтын бус орчинд тусламж үзүүлээд асуудал тулгарвал ямар зохион байгуулалт хийх вэ? гэдэг нь тодорхойгүй байна. Эмнэлгийн бус орчинд ор дэлгэж, эмчилгээ хийж байсан туршлага, эрх зүйн зохицуулалт манай улсад байхгүй. Заавал аль нэг эмнэлэг, хуулийн этгээдээр дамжиж байж хэрэгжих ёстой.

-Улс орнуудад халдварын тархалт тогтворжиж байхад Монголд тархалт огцом нэмэгдэж байна. Нөхцөл байдал бүр дордохоос өмнө олон улсын байгууллагаас тусламж хүсэх боломж байдаг уу?

-Халдварын тархалт ихсэх, буурах нь иргэдээс шууд хамаарах асуудал юм. Одоогоор олон улсын байгууллагад хандах талаар ЭМЯ-наас ямар нэг санал санаачилга гаргаагүй. Хөл хорионы үеэр иргэд хариуцлагатай байж, энэ хооронд илрүүлэлтийг эрчимжүүлж, тархалтыг барих бололцоо бий. Мөн зэрэгцээд вакцинжуулалтыг эрчимжүүлж байна. Вакцин хийгээд эхлэхэд халдварт өртөх хүний тоо буурах, халдвар авсан ч хүндрэхгүй байх бололцоотой. Халдварыг бууруулахад иргэд, төр засгийн хамтын ажиллагаа маш чухал юм. Иргэд зөвхөн шаардах биш, иргэний үүргээ биелүүлэх, өөрийгөө болон гэр бүлээ халдвараас хамгаалах үүргээ ухамсарлаж хариуцлагаа нэмэгдүүлмээр байна. Одоо бид иргэдтэйгээ хамтарч ажиллахаас өөр гарцгүй болсон.

Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гараагүй тохиолдолд зориулалтын бус орчинд ор дэлгэж, халдвартай иргэдэд эмчилгээ хийх боломжгүй.

-Уушги орлуулах ECMO аппарат УНТЭ-т ганц байсан бол хоёрыг нэмж авч байгаа гэсэн?

-Хоёр дахь ECMO аппаратыг Цэргийн төв эмнэлэгт очсон. Энэ долоо хоногт эмч, мэргэжилтнүүдээ сургаж, ажиллах баг бэлтгэгдэнэ. Дөрөвдүгээр сарын сүүлчээр Гуравдугаар төв эмнэлэгт нэг ECMO аппарат ирэх юм.

Халдварын тархалт огцом нэмэгдсэн нь ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй холбоотой. Хуурамч сөрөг гэсэн шинжилгээний хариуг их хэмжээгээр гаргаж, хот хөдөөгүй тарааснаас болж өнөөдрийн байдалд хүрлээ гэсэн шүүмжлэл маш их байна. Үнэхээр үүнээс болсон уу?

-Хууль хяналтын байгууллагынхан энэ асуудлаар хяналт шалгалт хийгээд дүгнэлтээ гаргах байх. ЭМЯ болон миний хувьд ХӨСҮТ-ийн эмч нар хуурамч шинжилгээний хариу гаргасан гэдэгт итгэхгүй байна. Энэ хамт олон цар тахал гарснаас хойш жил гаруйн хугацаанд хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа. Гэтэл эмч, мэргэжилтнүүдийн урмыг хугалсан ийм яриа гарч байгаад харамсаж байна. Ямар нэг хууль бус зүйл гарсан байлаа ч хэдхэн хүний буруутай ажиллагаанд дөрөөлж, 800-гаад хүн ажилладаг бүхэл бүтэн хамт олныг тэр чигт нь харлуулж болохгүй. Галын шугаманд цаг наргүй ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдээ бид бодмоор байгаа юм. Манай улсын эрүүл мэндийн салбарынхан асар их ядарч байгаа. Хязгаарлагдмал нөөцтэй гэдгээ иргэд ойлгохгүй байна.

-Халдвар анх гарснаас хойш 1.4 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд  боловсон хүчний хангамжийг нэмэгдүүлэх асуудлаа яагаад шийдэж чадаагүй хэрэг вэ? 
-Хүн төрөлхтөн шинэ төрлийн коронавирусийн халдвартай 1.4 жилийн өмнө л тулгарсан. Энэ хугацаанд ЭМЯ-наас бодлогоор яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн чиглэлээр резидент эмч нарыг сургаж байгаа хэдий ч тэд маань дөнгөж нэгдүгээр дамжаандаа сурч байна.

2-3 жил сурч байж төгсөх ёстой юм. Гэсэн хэдий ч энэ чиглэлээр сурч байгаа резидент эмч нарыг хүний нөөцийн судалгаанд оруулаад явж байна. Эмнэлгийн нарийн мэргэжилтнүүд нэг жилийн дотор бэлтгэгдэх боломжгүй байдаг.

-Цар тахлын энэ үед эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээний хэвийн ажиллагааг алдуулахгүй байх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
-Эмнэлгүүдийн үндсэн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Хөл хориотой холбоотойгоор амбулаториор үзүүлэх болон хэвтэн эмчлүүлэх хүний тоо буурсан.

Холбоотой мэдээ

МСНЭ-ээс сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд дахин саад учруулахгүй байхыг шаардав

Төв талбайд болж буй үйл сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн биед цагдаагийн алба хаагчид халдаж буй би

2021-05-06

Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэл

2021-05-06

Манай Улсын иргэн бүрд өдөрт 3 ширхэг янжуур тамхи ногдож байна

2018 оны судалгаагаар манай улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь буюу нийт хүн амын 27 хув

2021-05-06

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт