Ж.Одонцэцэг: Хийсэн үйл болгон амьдралын алхам тутмыг тань хэлж өгч байдаг

2021-04-24 Ярилцлага 0

Гүн төгс нар ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн өвөг дээдсээ хэрхэн дээдлэх болоод яагаад дээдлэх ёстой талаар хүүрнэсэн ярилцлагын үргэлжлэлийг энэ удаад хүргэж байна. Мөн үүн дээр нэмээд энэ удаагийн ярилцлагадаа газар шорооны тухай, мөн ковидын үеийн үнэтэй зөвлөгөөг өгсөнийг доороос уншина уу.

Өвөг дээдэс ба түүний ач холбогдол

Монголчууд бид өөрсдийгөө Бөртэ чоно гуа Маралын удам тэнгэр заяат хүмүүс гэж ярьдаг. Дэлхийд хосгүй, сэтгэхүйн чадамж өндөртэй, хувь заяатай улсууд гэдэг. Гэтэл сүүлийн үед ийм бодолтой хүмүүс цөөрөх болсон. Энэ талаар та юу гэж боддог вэ?

Цэнхэр нүдэн болох замбуу тивээ шүтэн дээдэлсэн оюуны дээд агуу өвөг дээдсийн үргэлжлэл учир оюунлаг тэнгэрлэг ард түмэн шүү дээ. Гэхдээ оюунлаг гэж хий хоосон яриж, цээжээ дэлдэхдээ биш шүү. Бид дээд, доод гэхгүй оюуны хомсдолд орсон байна.

Амьдрал дээр хэрэгжихгүй онол, сургаал ярьсан хүмүүс их олширсон. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн сургаал, онолуудын нэрийг барьж, өөрийгөө халхавчлах маягаар том, том ярьсан улсууд л харагдах болж.

Мэдээж бидэнд дээд үеэс уламжлагдан ирсэн тэр сургаал, ном бууж ирэлгүй л яах билээ. Биднийг үргэлж харж, хамгаалж байгаа шүү дээ. Ер нь хорвоо ертөнц дээр хүний харах боломжгүй болоод мэдэхгүй зүйлс олон байдаг. Бидний оршин тогтнож байгаа газарт параллель ертөнцөд ямар оршихуй зэрэгцэн оршиж байгааг таахын аргагүй. Үүнийг бүрэн ухаж ойлгоогүй байж хэт их онол ярьж өнгөц хэсгийг “сэвээд” байх юм бол бид асар хурдан уналтад орно.

Таны дурдсан завсрын ертөнцөд оршиж буй зүйлсийг бид харах боломжтой юу?

Миний ярьж буй завсрын ертөнц бол зөвхөн манайд ч гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрд оршдог. Хүний махан бие дотор сүнслэг бие нь оршиж байдаг. Буруу үйл хэрэг хийж, нүгэл үйлдсэн, бусдыг хуурч мэхэлсэн, хүсэл тачаалдаа автсан үед сүнсэн бие нь махан биеэ голдог. Бүр голоод гараад явах ч үе бий. Тийм хүнийг бид “сүнс нь хазайсан” гэж нэрлээд байгаа юм шүү дээ.

Сүнс нь хазайсан хүний хийсэн муу үйл хэрэг эргээд толгой дээр нь буух өдөр заавал ирдэг. Өөрийг нь биш юм аа гэхэд үр хүүхэд, хажууд байгаа хань ижлээр нь тоглож мэдэх. Ингээд ажил үйлс нь бүтэхгүй, хазгай гишгэж эхэлсэн хүмүүс түүнийгээ аргалуулах гээд үзэж хардаг хүн дээр очиж засал ном хийлгэдэг.

Бид ан амьдтыг адгуус хэмээн хэмээн “чичилдэг” мөртлөө өөрсдөө буруу зүйлд улангасан дайран түүнээс ч долоон дор болж байгаагаа ухаарч мэддэггүй. Мэдээж сайн хүмүүс олон байгаа, саар нь ч олон бий. Махан бие халхалдаг эд хогшилд толгойгоо мэдүүлж, бие дотроо харин атаа жөтөөнд идэгдэж эхэлсэн. Дээр, доодын ялгаагүй бүгд оюуны доройтолд орсон байна. Тэрхүү махан биеийн ашиг хонжооны төлөө улангасан дайрч юу ч хийхээс буцахгүй болчихсон. Нөгөө талаасаа бид хүн л болсон хойно хоол унд, хувцас хунартаа анхааралгүй л яах билээ. Хамгийн гол нь түүнийгээ тааруулж хэрэглэх нь л чухал, эрүүл хоол идэж, зөв хувцсаа өмсөх хэрэгтэй. Хүнээс илүү өнгөтэй өөдтэйг идсэн ч таны ходоод илүү ажиллаж, өвчлөлд өртөх нь их байдаг.

Өнөөдрийн нийгэмд баян хүн, ядуу хүн хоёрын ходоод яг адилхан шүү дээ. Ходоодны эд эсээ цуцтал идэж, уудаг. Түүнийгээ эм, тангаар дарах гэж оролддог ч угаас суурь нь буруу учраас түрхэн зуурт аргалаад өнгөрөх ч эцсийн эцэст өвчин зовлонтой нүүр тулгардаг.

Бид нар ууж буй эм тандаа ч анхаарлаа хандуулах цаг болсон. Сайн гэсэн эм, тан болгоныг нэг дор хэрэглэх нь тийм ч тааламжтай зүйл биш шүү. Нэг эрхтэнээ бодож байгаа бол бусдыг нь ч бас давхар бодож хэрэглэх хэрэгтэй. Аливаа юм бүхэнд дэс дараалалтай байдаг шиг нэг эрхтэнд ууж байгаа эмээ бусад эрхтэндээ ч нөлөөлөх эсэхийг давхар бодолцож, зөв дэс дараалалтай уух хэрэгтэй байна.

Хүн бүр дээр очоод ингэ, тэг гээд байх боломжгүй шүү дээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Хүн өөрөө л хичээх нь хамгийн чухал байх.

Мэдээж хэрэг. Буруу яваа хүнийг засна гэдэг хамгийн хэцүү зүйл. Бид архичин хүмүүсийг буруу зүйл хийж байна хэмээн хуруугаа чичдэг. Гэтэл буруу хооллодог хүн тэдэнтэй яг адил, тэднээс бүр доор ч байна. Буруу хооллолт гэдэг “донтолт” шүү дээ.

Хоолны дэглэмээ өөрчилнө гэдэг асар хэцүү. Үүнийг зөвхөн Монгол улсаар хязгаарлаж бодож болохгүй, дэлхий даяараа л буруу зүгт хазайж байгаа нь үнэн.

Хоёулаа эргээд өвөг дээдсийн сэдэврүүгээ ороё. Ер нь өвөг дээдэс гэдэг ойлголтыг дан ганц монголчуудаар төсөөлөөд яриад байж болохгүй байх, тийм үү?

Дэлхийн зарим хэсэгт өөрсдийн өвөг дээдсийнхээ сургааль, үзэл баримтлал, ёс жудгийг хүндлэн дээдэлсэн улс гүрний өнгө цаанаасаа өөдрөг байдаг. Та бүхэн дэлхийн өндөр хөгжилтэй болон буурай орнуудын ялгааг нүдээрээ харж байгаа. Тэгвэл яагаад тэдгээр улсууд хөгжил сайтай, сайн сайхан явж байна вэ? Үүний цаана байгалийн жам ёсны шалгаруулалт явагдаж байгаа хэрэг.

Бидний дээр орших өвөг дээдэс болон түүний дээр орших мөнх хөх тэнгэр үүнийг шийдэж байдаг. Та алтан орон дээр унтаж, мөнгөн халбагаар хоол иддэг байлаа ч айхтар байгалийн гамшиг болох үед бүгд л шороон дор орно. Гэрт нуусан алт эрдэнэс нь ч хамгаалж дөнгөхгүй.

Нэг амьдрах хорвоод гоё сайхан зүйлд дурлаж, амьдарсан шиг амьдрах хүсэл хэн бүхэнд байлгүй яахав. Гол нь шуналдаа автаж буруу замаар будаа тээж олсон эд хогшил л эргээд хэцүүхэн үр дагаврыг дагуулдаг гэдгийг хэлээд байгаа юм. Нөгөө талаасаа бие махбодийн хүсэл тачаалд автсан махан биетүүд их болжээ.

Хий хоосон цээжээ дэлдэж, уншсан хэдэн номын үгээрээ оюунлаг хүний дүр эсгэхээ болих хэрэгтэй. Номон дээр байгаа үгс хүний сэтгэлийн гүнээс гардаг учир уншиж байх нь зөв дадал мөнөөс мөн. Би ч гэсэн ном унших дуртай. Харин гол утга санааг нь ухаж ойлгон, хэрэгтэйг нь амьдралдаа хүлээж авч хэрэгжүүлдэг хүн л ховордоод байна. Зүгээр л ном дээр байгаа хэдэн үгийг хольж цээжлээд их эрдэм, боловсролтой хүн болж харагдах хүсэлтэй хүмүүс олширсон.

Ам нь урагшаа гүйгээд л, харин бие нь хойшоо ухраад байдаг…

Оюунлаг бус болж байгаа ард түмнийг нийтээр нь гэгээрүүлж, сэдэлжүүлэх боломж байгаа болов уу?

Байлгүй яахав. Хүнийг адгууснаас ялгах гол шинж нь оюун ухаан. Угаас өгөгдөл нь оюун ухаантай байхаар бүтээгдсэн улс болохоор боломжтой шүү дээ.

Амьдралд бүдчиж яваа, сэтгэлийн зовлон зүдгүүрээ дааж чадалгүй багахан хазайсан хүмүүс олон бий. Гадна талаасаа нэг их гойд онцгойрч харагдахгүй учраас улсууд нэг их ач холбогдол өгөхгүй нөгөө их мэдэгч царайлсан хүмүүсээ л тойрч гүйгээд байдаг. Гудамжны хэмээн нэрлэгсдийн амнаас ч алт шиг үгс гардаг юм шүү. Дарга гэхээрээ л их мундаг, энерги сайтай, сайн хүн байдаг гэсэн үг биш. Хүнийг ялгаж биш ойлгож харьцаж байх нь зөв амьдралын эрхэм дүрэм юм. Тиймээс бид алхам тутамдаа бие, биеийнхээ үгийг ойлгож сонсох цаг нь болсон.

Тэр дундаа ахмад настнуудынхаа хэлж буй эрдэнэ мэт үгэнд чих зөөлөнтэй байх нь л бидэнд дутагдаад байгаа юм.

Эмээ, өвөө ярьж л байдаг юм гэсэн хандлага их ажиглагдах болсон?

Эмээ өвөө нарынхаа амьдралын зөв хэвшил болсон сургааль үгийг үг гэж хүлээж авахаа больсон. Техник, технологид хэт автаж, шинэ үеийн залуу үед ахмадын үг хэрэггүй гэх хандлагыг суулгаад эхлэх л юм бол сүйрэх замдаа орж байгаа нь тэр.

Буруу замаар будаа тээсээр байх юм бол нэг л өдөр хамраараа газар цөмөртөл уруудах болно.

Хөл хорионы нөхцөл байдалтай байгаа энэ үеийг та юу гэж харж байна?

Маш буруу гэж харж байгаа. Ялангуяа дээгүүр суудалтай улсууд ард түмнээ яагаад боддоггүй улс вэ? Гаргасан шийдвэр нь буруудах эсвэл жоохон хазайгаад ирчихвэл ард түмэндээ нааж, хонь мал шиг хашиж байна. Хатуухан хэлж байгаа ч энэ бол яалтач үгүй үнэн. Тэд эд хөрөнгө, албан тушаалд шунасан ажилдаа ард түмнийг золиос болгож байна.

Өдгөө амьтад ичээнээсээ гарч байгаль эх сэргэж байна. Тиймээс энэ нөхцөл байдалд хөл хориж байгаа маань маш буруу бөгөөд харин эсрэгээрээ хориог тавих шаардлагатай. Учир нь манай улс чинь махан идэштэй хүмүүс шүү дээ. Махыг ил задгай ч юмуу дулаан газар тавихад юу болох билээ. Үүнтэй адил өвлөөс хойш идсэн махан идэшээ бид одоо л задалж, бие, оюун ухаан, байгаль эхийн хэмтэй хоршуулан хөдөлгөж, сэргээх хэрэгтэй болж байна.

Учир нь манайд суурь, ужиг өвчтэй хүмүүс маш олон бий. Тэр дундаа зүрх судас, мөн бусад эрхтнүүдийн хувьд ч адил. Хүний биеийг аалзны тор шиг хирсэн мэдрэлийн судал, цусны судасны дотроор нь гүйж буй цусан хангамжаа анхаарах нь чухал.

Яагаад үүнийг ингэж хэлж байна гэхээр, манайх бол эрс тэс уур амьсгалтай, харин гадны дийлэнх улсууд дулаан уур амьсгалтай байдаг шүү дээ. Тиймээс манайхны идэж байгаа хүнс нь уур амьсгалтайгаа таараад дархлааг маш сайнаар дэмждэг. Харин дулаан уур амьсгалтай орнууд хөнгөн чанартай хоол хүнсийг түлхүү хэрэглэдэг учраас дархлаа нь сулхан байдаг. Гэхдээ бид хэдий дархлаа сайн өгдөг хүнс хэрэглэж байгаа ч үүнийгээ яг энэ цаг үед задалж өгөх хэрэгтэй байгаа байхгүй юу. Тийм учраас л гэртээ хөл хоригдоод байх бус дэглэм сахиураа сайн бариад болж өгвөл идэвхтэй хөдөлгөөнд оролцож байх хэрэгтэй байна. Мөн дээрээс нь оюуны дархлаагаа ч дэмжиж, сайн байлгах хэрэгтэй.

Мөн бид биеийн дархлаагаас гадна оюуны дархлаагаар маш их унасан байна. Учир нь өдөр бүр ковидын цаг үеийн байдлын мэдээгээр хэдэн хүн нас барлаа гэх мэдээлэл сонсож, халдвар авсан гэх асар олон тоог харсаар хямрах, айдас түгшүүрт автаж байна. Ингэж аль аль дархлаагаа унагааснаар бусад ужиг өвчтэй хүмүүсийн өвчин сэдэрч энэ цаашлаад нөгөө ковидын тоог улам нэмэгдэхэд хүргээд байгаа юм шүү. Бид битүү орчинд байхаасаа илүү агаар салхи, байгаль эхийнхээ хэмт хөдөлгөөнд байх учиртай.

Яг одоогийн үүсээд буй нөхцөл байдал бол цөхөрсөн иргэдийн аврал эрсэн дуу нийгэмд хадаж байна шүү дээ. Эрүүл мэнд, эдийн засаг гэх аль аль талаасаа.

Гэхдээ дан ганц дээд албан тушаалтан гэлтгүй, тэдний сонгосон ард түмэн өөрсдөө оюуны доройтолд орсонтой холбоотой байх боломжтой юу?

Мэдээж, гэхдээ би хүн бүрийг оюуны доройтолд орсон гэж хэлж байгаа юм биш шүү. Оюуны чадамж сайтай хүмүүс ч зөндөө бий. Гэхдээ дийлэнх хувь нь доройтолд орсон гэдэг нь үнэн. Надаас дээд болон миний үед эцэг эхийнхээ үгнээс гардаггүй, хаа нэг жавтий хүртдэг байлаа. Тэгээд муудсан ч зүйл байхгүй байна. Гэхдээ заавал жавтий хүртээ гэж хэлж байгаа юм биш шүү.

Мэдээж цаг үеийн байдлаа дагаад хүүхдээ хүмүүжүүлэх арга барил ч өөрчлөгдсөн. Манай өвөг дээдэс хүүхдээ хонь, хургаа нийлүүлчихээд ирэхэд нь очоод хэд шалбуурдчихаад л ирдэг байсан. Харин одоо цагт тийм үйлдэл гаргах юм бол нөгөө хүүхэд нь хэдэн өдөр гэртээ очих ч үгүй бараг л өс хонзон санадаг болсон гээд хэлчихэд хэтийдэхгүй байх.

Миний хэлээд байгаа гол санаа нь жавтий хүртээх эсвэл дээд үеийнхний хүүхэд хүмүүжүүлэх аргыг шууд хуулбарлах бус одоогийн цаг үедээ тохирсон зөв арга барилаар л хүүхдээ хүмүүжүүлэх хэрэгтэйг хэлээд байгаа юм. Одоогийн хүүхдүүдийн оюун ухааны хөгжил асар хурдацтай явагдаж байна.

Хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг зодож айлгахын нэр бус үгээр ухааруулах урлаг юм.

Хүүхдэд ганц хоёр хатуу үг унагаж толгой тархийг нь сэргээж байх хэрэгтэй. Эцэг эх нар гол нь хатуу, зөөлнийхөө хэмжээг тааруулж сурах юм шүү дээ.

Хүүхдэд гар хүрэх нь зөв үү?

Хүүхдийг үнэхээр аргагүй үед зөв газарт нь олж хаа нэг цохиход муу муухай юм нь арилж байдаг. Гэтэл хүмүүс үүнийг буруугаар ойлгож хүчирхийлэл болтол нь зодож, аймшигтай сэтгэл эмтрэм зүйлс их хийж байна. Хүүхдийг хаана нь, юугаар, хэзээ цохих вэ гэдэг их учир утгатай зүйл бий. Загинах үедээ жинтэй хэдэн үг хэлэхээс гадна тухайн зүйлийн буруу, зөвийг хослуулж ойлгуулж өгөх хэрэгтэй.

Энгийн жишээ татахад хоол идэхэд хүртэл ширээ алагласан их хоол идэхийн оронд өөрийн биед таарсан эрүүл хоол идэх нь л чухал байдаг. Тэгэхэд түүнийг нь харж өссөн хүүхдийн хүмүүжил зөв тийш нь залагдаад ирж байгаа нь тэр.

Өнөөгийн орчин цагийн хүмүүжлийн арга барил ч энэ маягаар л явагдана. Ой хүрэв үү үгүй юу, үнэтэй эд хогшлоор бялхуулж, хэлд оров уу үгүй юу үнэтэй гар утас бариулж өсгөх юм бол буруу замдаа орох эхлэл нь л тавигдаж байгаа юм. Тухайн хүүхдийн сэтгэхүй эд хогшлоос хараат болж, шунахай зан сууж эхэлнэ шүү дээ.

Үүн дээр л бид өвөг дээдсээсээ суралцаж амьдрах нь хамгийн чухал шүү. Адаглаад шөлтэй хоол идэж, эрүүл хүнс хэрэглэж дадсан хүүхдийн бие организм ч зөв хэмнэлтэй, цус нь шингэн байна. Өдөр болгон амттан шимтийн дээдийг хүүхдэдээ барьж гүйх гол биш шүү.

Өнөө маргаашаар аргацааж өнгөрөөсөн амьдрал хүүхдийг үгүй хийдэг. Харин алсыг харж өнөөдөр л дэг жаягтай байлгах нь хамгийн зөв хүмүүжил юм.

2. Газар шороо

Бид хэдий сүсэг бишрэлээрээ газар шороо уул усаа хүндэлж хайрладаг хэдий ч ач холбогдлыг нь бүрэн сайн ухаж ойлгоогүй байдаг юм шиг санагддаг. Уг нь манай улсын гол нөөц газар доорх үнэт баялагтаа оршиж байх шиг. Энэ талаар та дэлгэрэнгүй ярихгүй юу?

Өвөг дээдэс минь бидний амьдралын ухаанд 3 үндсэн тулгыг хэлж томьёолсон байдаг.

1. Дээд баян бол ухаанаар баяр
2. Дунд баян бол хүүхдээр баян
3. Доод баян бол эдээр баян … гэсэн агуу сургаалиа бидэнд хайрласан байдаг.

Тэгвэл энэ сургааль өдгөө цаг дээр эсрэгээрээ болсон. Хэт ихээр баяжих хөрөнгөжих сэтгэлгээ нь тэргүүн эгнээнд тавигдан, нөгөө хоёр нь доод түвшинд очиж байна. Тэгвэл бид гуравдахь буюу эдээр баянгаа нэгдүгээрт тависнаар хүний хүнлэг чанар алдагдах аюултайг өвөг дээдэс минь үе үедээ сануулан ертөнцөөс хальсан. Гэхдээ хальсан ч биднийг харж байгаа шүү. Баяжих гэдэг нэр дээшлэх тусам байгаль эхээ сүйрүүлнэ гэдгийг өвөг дээдэс минь мэдэж ч байсан, сануулж ч байсан.

Бид дөнгөж төрсөн үрийнхээ зулай дээр гараа хүртэл чанга тавьдаггүйтэй адил хөл доорх газар эхийнхээ зулайд гараа дэндүү чангаар хүргэж, сүйрүүлж байна. Харин өнөөдөр гайхамшигт газар эхийн минь хөрс зулай халзрах ёсгүй.

Газар эх, уул усаа бүрэн бүтнээр нь байлгах биш ухан түнхэж, сэндийчиж, онгичин, өөр хоорондоо булаацалдсан мунхаг оюуны дайн болж байна. Газар доорх баялгаа ухаж төнхсөөр байтал байгаль эх минь туйлдаж дууслаа.

Ж.Гүррагчаа гуай Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт оролцох үедээ, эх дэлхийгээ бодитоор дээрээс харсанаа буулгаж хэлэхдээ хаврын цэнхэр яргуйтай зүйрлэн, үзэсгэлэн гоог нь магтаж байсан. Ийм үзэсгэлэнтэй хэрнээ дэндүү жижиг, тиймээс бид эх дэлхийгээ хайрлах хэрэгтэй шүү гэдгийг сануулж хэлж байсан юм. Үүнийг хэлж буй шалтгаан нь Гүррагчаа гуайн тэр нэвтрүүлэг, яриаг нь хүн болгон сонсоосой гэж хүссэндээ хэллээ.

Бид энэ дэлхийгээ яасан их туйлдуулж оршдог улс вэ? Тэр дундаа Монголчууд бид өвөг дээдсийнхээ өвлүүлж үлдээсэн газар нутгийг яасан их хөндөж байна вэ? Түүнээс болж бид өдөр бүрээр уруудан доройтож байна. Хийсэн буруу үйлийнхээ хариуд хариуцлагаа үүрч чаддаггүй бид амьдрал бэлэглэдэг газар эхийнхээ ариун хэвлийг яагаад ингэж сэндийлдэг юм бэ.

Өнөөдөр өөрийн толгойг лантуугаар цохь гэхэд чадах хүн нэг үгүй мөртлөө байгаль дэлхийн зулайг болохоор дур зоргоороо ухаж, “цохиж” байна. Бид ингээд дуусдаг юмаа гэхэд үр минь үлдэх хорвоод ядаж амьсгалах агаартай нь үлдээх юмсан. Бид байгалийн нөөц баялгийг дураараа ашиглаж, ухахыг нь ухаж, тайрахыг нь тайрахдаа өөрсдийгөө дээр нь эзэгнэн суусан мэтээр боддог.

Гэтэл ганцхан байгалийн гамшигт үзэгдэл гарах үед хүмүүс хэчнээн олноороо амь үрэгддэг билээ. Жинхэнэ мөн чанартаа бид байгалийн өмнө хүчин мөхөс гэдгийг л харуулаад байгаа хэрэг. Шунал тачаалдаа автсан хүмүүн бид байгаль дэлхийтэйгээ арцалдахаас гадна өөр хоорондоо ч тасралтгүй дайтаж байдаг. Ингэх бүрд бидний сүйрэл улам ойртсоор байгаа гэдгийг ухаарахгүй л явна. Төр барьж байгаа улсууд нь үргэлж хойч үеийн тухай ярих боловч хэлсэн үг нь цаасан дээр л хэрэгждэг.

Бидний үйлдэл хэрээс хэтрэхийн цагт, байгаль дэлхий өөрийгөө цэвэрлэж, алдсан бүхнээ эргүүлэн авах үе ирэх болно. Энэ нь одоо ч бидэнд аажим ажимаар тохиолдсоор байгаа гэдгийг хатуу хэлмээр бас сануулмаар байна.

Ухаж гаргасан алтыг чинь буцаагаад шороонд нь хийхдээ тантай хамт хийж мэднэ.

Алт олборлож буй зарим хүмүүс байгаль эхээ аргадаж алтаа авдаг гэлцдэг. Энэ талаар та юу гэж боддог вэ?

Улсууд ном уншуулдаг ч юм уу, өргөл барьц өгч газар шороогоо аргаддаг. Зөв санаагаар амьдралын төлөө байгаль эхээсээ баялгийг нь гуйж авдаг хүмүүс ч бий. Тэр нөхцөлд байгаль эх тэдэнд хишиг хүртээж зөв зүйлд ашиглах боломжоор нь хангадаг.

Харин нөгөө бүлэг хүмүүс нь хэт шуналдаа автаад өөрт оногдсон хэмжээнээсээ хэтрүүлэн авч “ховдоглодог”. Ёс болгож аргадсан дүр үзүүлээд жил дамнаж газар шороог нь ухаж байхад байгаль эх зөрүүлээд таныг тонгорох цаг хаяанд ирсэн байна.

Аймшгийн кинон дээрээс бидний үздэг зүйлс амьдрал дээр ч гэсэн биелэх боломжтой. Хийсэн атга санаагаа хэнд ч хэлэлгүй хав дарсан ч дэлгээд тавих далдын хүч, эрх мэдэлтэй нэгэн байж л байдаг. Компьютер дээрээ нууцалж хадгалсан мэдээллийг чинь олон түмэнд гаргаад ирдэггүй юм гэхэд үр дүнг нь амьдралд чинь мэдрүүлээд өгөх л болно.

Хийсэн үйл болгон амьдралын алхам тутмыг тань хэлж өгч байдаг.

Гаднаа асар сайн хүний дүрээр нийтэд гарч ирсэн хүмүүсийг өнгийгөөд нэг харахад цаана нь шунал тачаалал нуугдаж байдаг болж. Муу муухай, бохир зүйлдээ шумбаж амьдарч байна. “Үхэр” Монголчууд гэж ярьдаг. Бие, биенийгээ хэмлэж амьдардаг, адгууснаас дор атга санаатай хүнийг түүнээс ч дор гэж боддог.

Хүний хураасан нүглийн үр дүн хойд насанд нь ч үргэлжлэх боломжтой. Таны дор үзэж, дарлаж явсан хүн дараа төрөлдөө танаас хавь илүү хүн болчихсон байхыг ч үгүйсгэх аргагүй. Хойд насандаа юу ч мэдэхгүй гэж хэт өрөөсгөл бодож бас болохгүй. Тиймээс алхам тутамдаа буюу яг одооноос болохгүй гэж бодож байгаа буруу, муу зүйл бүхнээ зогсоогоорой, татгалзаарай. Таны амьдралын алхам, цаг үе тутамд хийсэн үйл бүхэн чинь гарч ирдэг юм шүү.

3. Зөвлөгөө

Цар тахалын тоо өдөр ирэх тусам нэмэгдээд буй өнөө үед, та өөрийн уншигдадаа зориулж үүнтэй холбоотой зөвлөгөө өгөхгүй юу?

Баярлалаа. Бүгд гэртээ цагийг өнгөрөөж байгаа энэ үед зарим хүмүүс хоол ундаа зөв тааруулж идэж, дархлаагаа дэмжиж байгаа бол хооллолтын хэмнэл нь алдагдсан хүмүүс ч бас байна.

Ямар ч хоолны хэмнэлтэй байсан эмийн анхдагч “ШИРГЭЭСЭН УС”-ыг өдөр бүр ууж хэвших хэрэгтэй байна. Ингэж уухдаа 3 аяга усыг нэг аяга болтол нь ширгээгээд өлөн дээрээ ууж байгаарай.

Усан хаван, зүрхний ачаалал ихтэй хүн бол усаа өдрийн турш шимж уух хэрэгтэй. Ширгээсэн ус нь хүний элэг, бөөр, нойр булчирхай, цусны ханыг цэвэрлэх хүчтэй юм.

Царван, жамц давстай усаар хоолойгоо байнга зайлж байгаарай.

Хүмүүс удаан хугацаагаар суугаа буюу хэвтрийн байдалтай байхад, эсвэл аль нэг байдлаар булчингийн ажиллагааг хязгаарлахад амьсгал, зүрх судас зэрэг чухал эрхтнүүдийн хэмт ажиллагаа сулардаг юм байна. Иймээс хүмүүсийн амьдрах хүчийг дээшлүүлэх арга болох хөдөлгөөний идэвхтэй байдлыг зөвөөр зохион байгуулах асуудал маш чухал зүйл боолоод байна.

Францын эмч Тиссо хэлэхдээ, “Хөдөлгөөн бол үйлчилгээгээрээ бараг бүх төрлийн эмийг орлож чадаж байхад ертөнцийн бүх эмийн бодис нийлээд ч хөдөлгөөний үйлчилгээг орлож чадахгүй” гэсэн байдаг.

Иймд хэм намжуу дасгал хөдөлгөөн голдуу хийж, биеэ хөдөлгөөнтэй байлгах нь чухал шүү дээ. Харин манайхан сүүлийн үед энэ тал дээр маш мундаг болоод байгаа нь ажиглагддаг.

Хоолны талаар зөвлөхөд, таван цулдаа үрэвсэл ихтэй байгаа үед мах багатай шингэн шөлийг оочилж уух нь хүний биед эм болж шим тэжээлээ нөхөж авдаг.

Аргаль, хомоол гэртээ сайн уугуулж байгаарай. Ил гараа дүрэлзүүлэн утаа үнэрлэж суух нь шинжлэх ухааны бүрэн үндэстэй үйл хийдэг байсан монголчууд шиг өглөө, оройгүй галаа асаан өөрсдийн биений хортой био орон зайг ариусгаж байсан улс гүрэн манайхаас өөр байхгүй байх аа. Тэгвэл аргал, хомоолныхоо ач тусыг ойлгон мэдэрч, түүгээрээ гэр орноос гадна өөрийгөө ариусгаж өгөөрэй. Хомоол, аргальд 500 гаруй эмийн ургамал оршиж байдаг гайхалтай зүйл юм шүү. Тиймээс энийг гэртээ, албан газартаа ч тэр байнга уугуулж муу, хортой био энергээ цэвэрлэж байгаарай.

Ер нь манай улсад коронавирус гарахаас өмнөх жилүүдэд олон хүн эмнэлгийн орон дээр өөд болдог байсан. 10, 20, 30 хүрсэн хүүхдээ аварч чадалгүй гашуудаж суусан олон ээж нар байдаг. Иймэрхүү эмгэнэлт үйл хэрэг үеэс үед байсаар л ирсэн.

Коронавирусын нэр барьж, өөрсөддөө ашигтайгаар ашиглаж байгаа дээд албан тушаалтнууд одоо болих хэрэгтэй. Ард иргэд туйлдаж байна шүү дээ. Ажил хөдөлмөр эрхэлж, дөрвөн мөчөө хөдөлгөмөөр байна. Хэдэн хүний гарын тоглоом болж амьдарч чадахгүй нь. Энэ бүх утга учиргүй шийдвэр, үйлдлүүдийг “оюуны тэнэглэл” гэхээс өөр юу гэхэв.

Хонийг хүртэл хотонд нь удаан хориод эхлэхээр хашаагаа зад татаж, газраа сэндийлж эхэлдэг юм.

Ард түмэндээ хайртай л гэх юм. Ингэж улс удирдахгүй ээ. Тийм л их ард түмнээ бодож байна, хайртай, дархлаагаа дэмж гээд байгаа юм бол адаглаад мах болон сүү, цагаан идээнийхээ үнийг зөв зохистой хэмжээнд нь барь. Олсон хэдэн төгрөгийг нь түүж аваад л. Үнэндээ маш их бухимдал сүүлийн үед ард иргэдээс гардаг боллоо. Харин миний хувьд ч гэсэн үнэн зөвийн туйл өнөөдөр дууссан мэт санагдаж, энэхүү ярилцлагаараа дамжуулж хэлмээр санагдсан юм шүү. Ярианыхаа эцэст хэлэхэд бага ярьж, бодит хэрэгтэй зүйлийг хөрсөн дээрээ буулгаач ээ л гэж захимаар байна.

Холбоотой мэдээ

Ж.ШИЖИР: Одоогоор манай системийг 100 хувь ашиглаж байгаа нэг ч сургууль алга байна

IT салбарт тасралтгүй түүчээлж амжилтаараа ялгарч байгаа “ТОМ АМЖИЛТ” ХХК-ийн ерөнхий захиралтай Амж

2021-05-07

“ODOSURY платформ сургалтын сан асар их, хамгийн хямд, ашиглахад ч хялбар”

Цар тахалтай байгаа онцгой нөхцөлд сургалтын систем онлайн хэлбэрт эрчимтэй шилжиж байна. Үүнтэй хол

2021-05-07

“Асарч хамгаалж чадахгүй бол ядаж хүүхдийнх нь мөнгийг хүүхдэдээ өгчих”

Сар бүр олгодог хүүхдийн 100 мянган төгрөг, Засгийн газрын дэмжлэг болох 300 мянган төгрөгийн ал

2021-04-30

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль