Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэж хэн бэ?

2017-09-26 Нийтлэл 0

МАН-ын IX бага хурал Тусгаар тогтнолын ордонд өчигдөр болж өндөрлөлөө. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх болон намын дотоод асуудлыг хэлэлцсэн юм. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нар өрсөлдөж, санал хураалтаар У.Хүрэлсүх 188, Ө.Энхтүвшин 101, Н.Энхболд 5 санал тус тус авчээ.

Санал хураалтад 294 гишүүн оролцож гишүүдийн 63.9 хувийн саналаар У.Хүрэлсүх Монгол улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшихээр боллоо. Ингээд У.Хүрэлсүхийн тухай 24 баримтыг хүргэж байна.

Баримт 1. Ухнаагийн Хүрэлсүх нь 1968 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн ч Хэнтий аймгаас гаралтай.

Баримт 2. Ам бүл 4, эхнэр 2 охины хамт амьдардаг.

Баримт 3. 1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг, 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төр судлаач мэргэжлээр, Өнөөгийн улс төрийн өрсөлдөгчид нь түүнийг офицер хэмээн цоллодог нь эндээс эхтэй.

Баримт 4. Тэрбээр хурандаа цолтой. 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Улс төрийн шинжлэх ухааны магистр цолтой.

Баримт 5. Тэрээр 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч хийж ажлын гаргаагаа эхэлж байсан.

Баримт 6. 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан, 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын Бүлгийн ажлын албанд зөвлөх, МАХН-ын Залуучууд хөгжил төвийн ерөнхий захирал, Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч, УИХ дахь МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд, 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд зэрэг ажлуудыг хийж байсан.

Баримт 7. Ерэн хэдэн онд сөрөг хүчнийхнийхээ эсрэг өлсгөлөн зарлаж, тухайн үеийн залуучууд дотроосоо онцгойрон олны анхааралд орж ирсэн. Энэ үеэс эхлэн эсрэг өлсгөлөн, эсрэг жагсаал гэх мэт үзэл сурталжсан тэмцлийн гол дүр болсон гэхэд хилсдэхгүй.

Баримт 8. У.Хүрэлсүх 2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Түүнийг хамгийн хатуу гартай генсек байсан гэж ярьдаг.

Баримт 9. Анх МАН-ын генсек болж байхад нь сэтгүүлч Б.Ганчимэг “Хувь хүнийхээ хувьд У.Хүрэлсүх бусдад өс санамтгай, шүд зуумтгай, жавар сэнгэнүүлсэн хүйтэн хүн биш. Лав ханилж яваад хутгалдаг Түгжил зангүй мужик. Бас хулгахгүй, хулчийхгүй, ер нь л яаж ч мэдэх нөхөр дөө” хэмээн тодорхойлж байжээ.

Баримт 10. Тэрээр нарийн бичгийн даргын ажлаа хүлээж аваад хамгийн эхэнд хийх ажил долдугаар сарын нэгний үймээнд шатаж үгүй болсон намын барилгыг дахин босгох том ажил гэж мэдэгдэж байсан. Энэ ажлаа ч сайн хийж, нам нь шинэ Тусгаар тогтнолын ордонтой болсон.

Баримт 11. Тэрбээр Хэнтий аймгаас хоёр удаа УИХ-д сонгогдсон юм.

Баримт 12. Түүнийг 2002 онд Хөдөлмөрийн хүдэт медаль, 2007 онд Алтан гадас одон, 2009 онд Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн одонгоор шагнасан.

Баримт 13. Түүхт жанжин Д.Сүхбаатарын удам угсааг залгамжлан яваа хамаатнууд нь Сүхбаатар аймаг болон нийслэлд аж төрж байна. У.Хүрэлсүхийг “Цагаан дээлт” Дамдины эхнэр Хандын төрөл гэх яриа бий.

Баримт 14. “Алдарт” “Хадгаламж банк”-ны хэрэгт холбогдож байсныг нь улс төрийн өрсөлдөгчид нь байн байн сөхдөг гэмтэй. “Хадгаламж банк”-наас 15 сая доллараар казино тоглоод шүүхээс 5 жилийн хорих ял сонсож байсан юм. Харин тэрээр дээрх хэргийнхээ тухай “Хадгаламж банкны хэрэгт би ямар ч холбогдол байхгүй. Тэр мөнгөнөөс нь авч идэж уусан, тэр нь батлагдвал цаазаар авахуулахад ч гомдохгүй. Харин намайг худал гүтгэж үүнд хутгах гэсэн сонирхол байхыг үгүйсгэхгүй” гэжээ.

Баримт 15. Нам нь МАН гэж нэрээ өөрлөгдсөнөөр сонгуульд ялалт байгуулж чадахгүй бол хариуцлагыг нь өөрөө хүлээнэ гэж амлаж байв. Үүндээ ч хүрч 2012 оны сонгуулийн дараа “эр хүний шийр зааж” ажлаа өгсөн.

Баримт 16. Түүнд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай адил цээж нүцгэн, буу бариад зогсож буй гэрэл зураг байдаг. Мөн морь унасан, нохой эрхлүүлж буй зургууд нь ч тун адилхан “поз”-тй байдаг. Тиймээс түүнийг В.Путины стилийн хүн гэдэг.

Баримт 17. Бэлтгэл хурандаа У.Хүрэлсүх хэвтээ байдлаас 150 кг шахдаг гэнэ.

Баримт 18. У.Хүрэлсүхийг харин бусад УИХ-ын гишүүд шиг үнэтэй машин тэргээр хөөцөлддөггүй гэдэг юм билээ.

Баримт 19. Түүнийг УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очирыг өрөөндөө дуудаж байгаад цохисон гэж гишүүд хоорондоо ярьдаг.

Баримт 20. Харин УИХ-ын чуулганы үеэр Ц.Баярсайхан гишүүнийг салаавч гаргасных нь төлөө Төрийн ордонд сэтгүүлчдийн өмнө шанаа “өгсөн”.

Баримт 21. Тэрбээр энэ үйлдэлдээ “Би цэргийн алба хаасан эр хүн. Доромжлолыг тэвчсэнгүй ээ. Өнөөдрийн үйл явдлын төлөө би та бүхнээс уучлал гуйж байна. Тэвчээрт хязгаар бий” гэж тайлбарласан юм.

Баримт 22. У.Хүрэлсүхтэй таардаггүй төрийн түшээдүүд их олон бий. Ц.Шинэбаяр, Ц.Даваасүрэн, Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва, Г. Баярсайхан гээд цөөнгүй бий.

Баримт 23. Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярын тухай “Энэ нөхрийг дахин төрийн хариуцлагатай өндөр албан тушаалд томилж болохгүй гэж ард түмэнд хэлмээр байна. Ямар ч худалч хүн юм. Худалч хүн чинь хулгайч л байдаг даа. Би Монголын төрийг хоёр Ерөнхийлөгчтэй гэж боддог хүн шүү. Нэгдүгээр Ерөнхийлөгч нь Энхбаярын эхнэр Цолмон гэдэг хүн байна. Энэ нөхрийн амьдралын философи гэж юу байдгийг би хэлье. Энэ хүн бусдыг хооронд нь зөрчилдүүлж тэр зөрчил, тэр хэрүүл дундаас үсэрч байгаа очоор нь хооллож амьдардаг хүн” хэмээжээ.

Баримт 24. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нар өрсөлдөж, гишүүдийн 63.9 хувийн саналаар У.Хүрэлсүх Монгол улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшихээр боллоо.

Холбоотой мэдээ

Вакцин хийлгэсэн шөнө бүтэн нойртой хонож чадаагүй…

Дэлхий даяар өдөр бүр тав хүртэл сая хүнийг вакцинд хамруулж байгаа. Гэсэн хэдий ч хүмүүсийн вакцины

2021-02-26

Хүүхэд таны үргэлжлэл “биш”

Чанартай боловсрол эзэмшсэн мөртлөө амжилтад хүрч чадаагүй хэдэн мянган хүмүүсийн жишгээр хүүхдээ хи

2021-02-25

Орчин цагийн “Эхнэрийн урхи” гэгдэх Penthouse цувралын тухай сонирхолтой баримтууд

Солонгос улсын кино урлаг дэлхийд хүч түрэн гарч ирж дэлхийд танигдаж байна. Ялангуяа хөл хорионы үе

2021-02-25

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...